Манай улсын эрчим хүчний хэрэглээ өдөр ирэх бүр нэмэгдсээр байгаа. Гэтэл нийслэл анх байгуулагдахдаа 600-700 мянган хүн ам суурьших төлөвлөгөөтэй байсан бол өнөөдөр эрчим хүчний хэрэглээг хангаж чадахгүйд хүрээд байна. Түүнчлэн уул уурхайн салбарын хөгжилтэй уялдан говийн бүсэд эрчим хүчний хэрэглээ өсч буй тул өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих шаардлагатай хэмээн эл салбарыг үзэж буй. Хэдийгээр эрчим хүчний шинэ эх үүсвэр болох ТЭЦ- V-ийг барих тухай ярьж байгаа ч маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг дээр гэдэгчлэн цахилгаан дамжуулах, дэд станцууд түүний тоног төхөөрөмжийг шинэчлэх нь чухал юм. Тиймээс өчигдөр цахилгаан дамжуулах сүлжээний тоноглолуудын орчин үеийн инженерийн шийдэл, загвар хийц онцлогуудын талаар үйлдвэрлэгч компаниудын дуу хоолойг сонсох зорилгоор “Цахилгаан дамжуулах сүлжээ-Инноваци” нэртэй олон улсын онол практикийн бага хурал зохион байгууллаа. Хуралд ОХУ, Англи, Энэтхэг, Япон, БНХАУ –ын төлөөлөл оролцож цахилгаан дамжуулах дэвшилтэт бүтээгдэхүүнээ танилцуулав. Тухайлбал, ОХУ-ын хувьд цахилгаан дамжуулах шугамын тулгуур, утас, трансформатор, шугамын дамжуулах чадварыг нэмэгдүүлэх төхөөрөмжөө танилцуулсан юм.
Манай улсын хувьд “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК нь Монгол Улсын нийт газар нутгийн 70 гаруй хувийг цахилгаан дамжуулах эрчим хүчээр хангадаг бөгөөд 1967 онд байгуулагдаж байсан юм.
Тус компанийн гүйцэтгэх захирал Э.Түвшинчулуунаас зарим зүйлийг тодрууллаа.
-”Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн үйл ажиллагаа хэрхэн явж байна вэ?
-Манай компани өнөөдөр 220, 110 кВ-ын өндөр хүчдэлийн 4000 гаруй километр цахилгаан дамжуулах агаарын шугам, 59 дэд станцын ашиглалт засвар үйлчилгээг хариуцан ажиллаж байна. Хүн амын 80 гаруй хувийг төвлөрсөн эрчим хүчээр хангаж байна.
-Манай цахилгаан дамжуулах тоног төхөөрөмжүүд нэлээд хуучирсан гэв үү?
-Дамжуулах төхөөрөмжүүдийн хувьд 50-60 жил ашиглаж байгаа. Бүгдийг нь нэг дор солих боломжгүйгээс эхнээс нь үе шаттайгаар сольж байна. Харин солих явц л жаахан удаан байгаа л даа.
-Өнөөдөр бид дэлхийн жишигт хүрсэн цахилгаан дамжуулах тоног төхөөрөмж хэрэглэж чадаж байна уу. Ийм төрлийн бүтээгдэхүүн өртөг өндөртэй гэдэг?
-Дамжуулах сүлжээний тоног төхөөрөмжүүд харьцангуй өндөр үнэтэй байдаг. Гэхдээ үнэ өртөгт баригдаж аль хямдыг нь сонгоогүй. Одоо шинэчилж байгаа тоног төхөөрөмжүүдийн хувьд дэлхий нийтээр хэрэглэж буй Швед, ОХУ-ын тоног төхөөрөмж л дөө. Ер нь, манай эрчим хүчний салбар дэлхий нийттэй хөл зэрэгцүүлэн алхаж байгаа.
-Манайд цахилгаан дамжуулах тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг компаниуд хэр олон байдаг юм бэ?
-Эрчим хүч тэр дундаа цахилгааны тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг гадаадын нэр хүндтэй компаниуд өнөөдөр цуглаад өөрсдийнхөө шинэ дэвшилтэт бүтээгдэхүүний талаар санал солилцож байна. Зургаан улсын 17 компани ирсэн. Ер нь, эрчим хүчний салбарт техник технологийн дэвшил хурдацтай хөгжиж байна. Энэ нь, үндэсний компаниуддаа сурталчлах, таниулах зорилготой юм. Манайхаас “Энержи интернэшнл”, “New progress” групп хамтран зохион байгуулж байна.