Үндэсний их баяр наадам эхлэхэд цөөхөн хоног үлдээд байна. Монголчууд баярын гурав хоногтоо наадмаа тэмдэглэдэг ч сонин хачныг нь бүтэн жилийн турш ярьдаг уламжлалтай ард түмэн. Тиймээс ч Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо өчигдөр Төрийн ордонд хуралдаж, наадмын бэлтгэл ажлын явцтай танилцлаа. Хурлын үеэр наадмын бэлтгэл ид өрнөж, жигдэрч буй энэ үед Хүй долоон худаг, морь барианы газар руу зорчдог гол зам болох 22-ын товчоо чиглэлийн замын өргөтгөл удаашралтай явж байгаад Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга М.Энхболд нэлээд шүүмжлэлтэй хандлаа. Ингээд 10.6 км автозам болоод шинээр баригдаж буй гүүрийг ирэх сарын 7 гэхэд дуусгасан байхыг үүрэг болгов. Ингэхдээ энэ хугацаанд зам засварын ажлыг чанартай гүйцэтгэж амжихгүй бол холбогдох хүмүүст Засгийн газрын нэрийн өмнөөс хариуцлага тооцно гэдгийг ч хатуу анхааруулсан байна.