“Автобензин, дизелийн түлш, хүнсний зарим бараа, нийтийн тээврийн үнийг тогтворжуулах хөтөлбөр”-ийн биелэлттэй танилцлаа. Эрдэс баялаг, эрчим хүчний сайд болон Газрын тосны газрын удирдлагуудын мэдээлснээр ОХУ-аас ачигдсан АИ-80, АИ-92 бензин ойрын өдрүүдэд ирэх юм байна. Ингэснээр ойрын хоёр сард шатахууны нийлүүлэлт хангалттай болж, үнэ ханш нь ч тогтвортой байх нь.
Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаанд автобензин, дизелийн түлшний үнийн өсөлтийн шалтгааныг тогтоон, цаашид үнийг шатлалтайгаар буюу 100 хүртэл төгрөгөөр бууруулахаар зорьсон. Үүний дүнд дунджаар 1761,6 төгрөг болж нэмэгдсэн үнийг 1593,3 төгрөг буюу 168 төгрөгөөр бууруулжээ. Цаг үеийн шаардлагаар автобензин, дизель түлшний нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах үүднээс энэ оны төсвийн хөрөнгө оруулалтад тусгасан 60.0 мянган тоннын багтаамжтай автобензин, дизель түлшний агуулах барих хөрөнгө оруулалтыг концессын жагсаалтад оруулж, сонгон шалгаруулалтаар эрх авсан компаниудаар гүйцэтгүүлж эхэлжээ.