Билгийн

Доллар (USD)

2573.0

Улаанбаатар

+14°C
Э.Бат-Үүл: МАН-ынхан хоёр нүүр гаргамааргүй байна

Б.ШИРНЭН

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Баттулга Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгатай холбогдуулан сонгуулийн тойрогт өөрчлөлт оруулж өгөхийг УИХ-ын дарга З.Энхболдоос хүссэн билээ. Ингэхдээ, 2016 оны УИХ-ын сонгуулийн тойрог байгуулж, мандатын тоог тогтоохдоо тойргоос сонгогдох 48 мандатын 44 хувь буюу 21-ийг нийслэлд хуваарилах ёстой гэж үзсэн юм. Улаанбаатар хотын захиргааны зүгээс нийслэлд хүн амын 44 хувь буюу 1.314.500 хүн оршин сууж байгаа тул Улаанбаатар хотоос сонгогдох УИХ-ын гишүүдийн тоог тэр хэрээр өсгөх ёстой гэж үзэж буй юм. Энэ асуудлыг УИХ дахь АН-ын бүлэг дэмжиж байгаа бол өчигдөр Нийслэлийн захирагч, Улаанбаатар хотын дарга Э.Бат-Үүл дээрх асуудлаар байр сууриа илэрхийллээ.  

-Орон нутгийн сонгуу­лийн мандатыг цөөлж, Улаанбаатар хотынхыг нэмэгдүүлэх ёстой гэж байна. Энэ асуудлыг дэмжиж байгаа юу?
-Юуны өмнө, хотын мандатын тоог буюу УИХ-ын сонгуулийн нийслэлийн тойргийн тоог нэмэгдүүлэх саналыг Нийслэлийн ИТХ-ын дарга Баттулга УИХ-д уламжилсан. Одоо байгаа 14 тойргийг долоогоор нэмэгдүүлж 21 мандаттай байх ёстой гэж үзсэн. Гэхдээ энэ зүгээр л тойргийн тоо ярьж байгаа асуудал биш. Цаана нь ардчиллын төлөөллийн чухал зарчим яригдаж байгаа юм. Жишээ нь, 2008 онд 800 мянга орчим хүнтэй байсан Улаанбаатар хот өнөөдөр 1.3 сая хүн амтай болж, 500 гаруй мянгаар өссөн байна. Гэтэл төлөөллийн мандат нь 2008 оны жишгээрээ л байгаад байдаг. Нийслэлийн 500 гаруй мянган иргэдийн төлөөлөл байхгүй болчихсон буюу хөдөө, орон нутгаас хотод шилжин ирсэн иргэдийг дагаад төлөөлөл нь ирэхгүй байна гэж хэлж болох юм. Тэгэхээр тухайн парламент ард иргэдийнхээ төлөөлөл байх зарчмыг хангаж чадахгүй байна. Нийслэлд бүр алдагдчихсан гэж хэлж болно. Мөн орон нутагт асуудал үүсч байгаа. Тухайлбал, УИХ-ын гишүүд тойргоо өмчилж авах хандлагатай болсон. Тойргийн хүн ам цөөрөх тусам хяналтад ороход амар болно. Үүнийг дагаад өөрийнхөө төлөө санал өгүүлэхэд ч амар болно биз дээ. Жаахан хэтрүү­лэг­тэй хэлэхэд, энэ байдал хэвээр үлдвэл, бараг л ангийнхныгаа төлөөлсөн УИХ-ын гишүүнтэй болно. Гишүүдийнхээ хариуцлагыг ярьж, төлөөллөө өөрчилдөг үзэгдэл нийслэлд түлхүү бий. Орон нутгийнхан бол нөгөө л хүнээ сонгоод гаргачихаж байгаа юм. Тойргоо өмчлөх гэдэг одоо бараг нууц биш болсон.

-УИХ дахь МАН-ын бүлэг (өнөөдөр) сонгуулийн тойрог, мандатын тоог тогтоохдоо хүн амын тоо, нутаг дэвсгэр, засаг захир­гааны нэгжийг харгалзаж үзнэ гэж Үндсэн хууль болон Сонгуулийн хуульд заасан гэж мэдэгдлээ.  Өөрөөр хэлбэл, зөвхөн хүн амын тоог харгалзан тойрог, мандатын тоог тогтоох нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл гэж байна.
-МАН хотын мандатыг нэмэгдүүлэхийг эсэргүүцэж байгаа нь гайхал төрүүлж байна. Юу гэвэл, МАН-аас хотын даргаар ажиллаж байсан М.Энхболд, Г.Мөнх­баяр, Ц.Батбаяр гээд аль ч үеийн дарга нар “Манай нийслэлийн мандатыг нэмэгдүүлж өгөөч, иргэдийг бүрэн төлөөлж чадахгүй байна” гэж байсан. Гэтэл одоо гэнэтхэн “үгүй” гээд суучихаж байгаа нь ойлгогдохгүй байна л даа. Ийм хоёр нүүртэй баймааргүй байна. Ардчиллын гол зарчим болсон төлөөллийг хадгалах л гэж байгаа бол нийслэлийн мандатын тоог нэмэх шаардлагатай.

-Зөвхөн хүн амын тоог харгалзан мандат хуваарилах нь Үндсэн хууль зөрчөөгүй гэж хэлж байна гэж ойлгож болох уу?
-Одоо байгаа хэлбэр нь Үндсэн хуультай зөрчилдөөд байгаа. Өөрөөр хэлбэл, мандат нь тэгш бус хуваагдсан. Хүн амынх нь бараг 50 хувь оршин сууж байгаа Улаанбаатар хотоос сонгогдсон гишүүд 20 хувийн л төлөөлөл байгаа юм. 2008 оноос хойш 50 биш 500 биш хагас сая хүн нэмэгдсэн байна шүү дээ, хотод.  

-Үндсэн хуулийн өөрч­лөл­­тийн төсөлд УИХ-ын гишүүдийн тоог нэмэг­дүүлэх талаар тусгаж байсан. Магадгүй, тэдгээр өөрчлөлтийг хийсний дараа нийслэлийн мандатын тоог нэмэгдүүлэх тухай ярих нь зөв байгаагүй юу. Яагаад ийм тулгамдуу ярьж байгаа юм бэ?
-48 мандатын 44 хувь буюу 21-ийг нийслэлд хуваарилах учиртай гэдгийг өнгөрсөн долоо хоногт л УИХ-д уламжилсан, үнэн. Гэхдээ бид ч бас оны өмнө Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, мандатын тоог нэмэгдүүлэх нь гэж харж байсан. Нэгэнт  л мандатын тоо нэмэгдэх гэж байгаа тул түүн дотор нь нийслэлийнх ч нэмэгдээд нөхцөл байдал өөрчлөгдөх байх гэх хүлээлт байлаа. Гэтэл тийм зүйл болсонгүй. Сонгуулийн хууль хүртэл бараг хуучнаараа батлагдсан.

-Хэдийгээр орон нутгийн аль, аль тойргийн мандат хасагдах нь хараахан тодорхой болоогүй ч Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Өмнөговь, Говь-Алтай, Увс, Ховд, Баян-Өлгий, Завхан зэрэг аймгийн мандат хасагдах магадлалтай гэж байна. Улстөржүүлж харах юм бол эдгээр аймагт сөрөг хүчин илүү рейтингтэй байсан гэж болох юм.
-Ямар ч асуудлыг аль ч өнцгөөс нь тайлбарлаж болно. Ямар судалгааг иш үндэс болгож байгааг мэдэхгүй байна. Манай намын хийсэн судалгаагаар бол АН орон нутагт хүчтэй, дэмжлэг ихтэй орон нутаг ч бий. Намайг ингээд хэлэхээр худлаа ярьсан гэх байх. Гэхдээ бид аймгуудын 60 хувьд дэмжлэгтэй хэвээрээ л байгаа. Гэхдээ энэ бол гол асуудал биш. Төлөөллөө зөв хийгээчээ л гэж байгаа шүү дээ. Бараг хагас сая хүн ямар ч төлөөлөлгүй байна.

-Улаанбаатар хотоос сонгогдох гишүүдийн тоо нэмэгдсэнээр хотын асуудал шийдэгдэх үү. Өөрөөр хэлбэл, бүтээн байгуулалт урагшлах уу?
-Улаанбаатар хотод нийт үйлдвэрлэлийн  60 гаруй хувь нь, хүн амын 50 орчим хувь нь, ДНБ-ий 64 хувь нь байдаг. Гэхдээ хамгийн хүнд асуудалд орсон нь Улаанбаатар хот өөрөө. Агаарын бохирдол, нягтаршал, түгжрэл зэрэг... Энэ бүхнийг яагаад бүрэн шийдэж чадахгүй байна гэхээр хотын иргэдийн төлөөлөл хангагдаж чадахгүй байгаа юм.  2008 оны сонгуулиас хойш нэмэгдсэн 500 мянга гаруй иргэн хаягдсан байдлаар шийдвэр гарч байгаа болохоор асуудал бүрэн цэгцрэхгүй байна. Гэтэл орон нутагт дээгүүр нь 10 хүрэхгүй машин явдаг газарт асар өндөр үнээр автозам тавьсан жишээ бий.  Эсэргээрээ энд зам тавих шаардлага бүр өндөр байгаа биз дээ. Энэ бол төлөөлөл алдагдсаны гай.

-Жагсаалтаар УИХ-ын бүрэл­­дэхүүнд багтсан ги­­шүүд, хот руу чиг­лэ­сэн ажил түлхүү хийдэггүй юм уу?
-Жагсаалтаар орж ирсэн гишүүд хотыг төлөөлсөн зүйл ерөөсөө байгаагүй. 14 төлөөлөгч Улаанбаатар хотыг төлөөлөхөд 76 гишүүний 20 хүрэхгүй хувь. Харин жагсаалтаар орж ирсэн гишүүд сонгогч биш намаа л төлөөлсөн хүмүүс.

-500  мянган хүнийг долоон гишүүн төлөөлөх нь хангалттай юу?
-Хангалтгүй. 76 гишүүний 35 орчим нь хотынх байж нийслэлийн бүх иргэнийг төлөөлөх юм. Гэхдээ одоогийн нөхцөлд долоогоос илүүг гэвэл УИХ-ын босго давж чадахгүй.

0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих
Хамгийн их уншсан