Хан-Уул дүүрэгт байрлах “Анун” төвийн агуулахад өчигдөр өглөө гал гарсан юм. Тус төвийн харуул Нийслэлийн шуурхай мэдээллийн төвд 06:45 цагт гал гарсан тухай дуудлага өгснөөр 014 дүгээр ангийн гал сөнөөгчид очжээ. Тэднийг очих үед гал нэлээд тархаж, хоёр давхрын цонхноор гал дүрэлзэж байсан гэнэ. Битүү утаатай агуулах нь дээврээсээ нурж эхлээд байсан тул гал унтраахаар зургаан ангийн 160 гал сөнөөгчийг нэмж дайчилсан гэдгийг онцгой байдлын удирдлагууд хэлсэн юм. Тэд 07:50 цагийн үед галыг унтраасан ч 12:00 цагийн үед 48 метр өргөн, 58 метр урт дээврийн хавтангууд мебель тавилгын дээрээс нурснаар гал дахин авалцжээ.
Нийслэлийн онцгой байдлын газрын дэд дарга Ч.Намсрайжав “Бид ковш болон инженерийн машиныг агуулахад оруулж, унасан хавтангуудыг татах гэтэл даацын баганын төмөр, бетон, арматур нь ил харагдаж байсан. Хэрэв доргивол эдгээр нь гал сөнөөгчдийн дээрээс нурах аюултай байсан учраас “Шуурхай бүлэг 105”-ын аврах отрядын аврагч нарыг ирүүлж, арга хэмжээ авч байна. Галын шинжээчид нөхцөл байдалтай танилцаж байна. Тус компанийн камерийн бичлэгүүдийг шүүж байгаа. Шинжээчдийн эхний дүгнэлтээр агуулахад ажиллаж байсан хүмүүс шөнө 02:30 цагт тэндээс гарсан гэсэн. Тэднийг явсны дараа гал гарч эхэлсэн гэж таамаглаж байна. Биднийг очиход дээврийн том хучилтын хавтан, бетонууд нурж байсан нь гал удаан хугацаагаар ассаныг илтгэж байгаа юм. Нөгөө талаар байгууллагын ажилтан камераа хянаж, ажлаа хийж байсан бол байдал ингэж хүндрэхгүй. Хохирлын хэмжээг шинжээчид тогтооно” хэмээн ярьсан.
“Анун” компани нь тавилгын бараа материалтай болохоор шахмал үртэс, модон буйдан зэрэг нь амархан шатаж, галыг улам дэврүүлсэн гэнэ. Мөн будаг шингэлэгч бодис, сүрчиг зэрэг бараа химийн урвалд орж гал сөнөөгчдийн нүүр, нүдийг нь хорсгох хүндрэл гарсныг ч гал сөнөөгчид хэлж байв. Хоёр гал сөнөөгч угаартаж Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүргэгджээ. Гэхдээ тэдний бие сайн байгааг дарга нар нь хэлсэн.
Шатсан агуулахтай ойролцоо шатахуун түгээх хоёр ч станц байрладаг нь иргэдийг түгшээж байв. Онцгой байдлынхан шуурхай ажилласны үр дүнд галын тархалтыг намжаасан. “Анун” төвийн агуулахыг гурван компани түрээсэлдэг байж. Гэхдээ тэдний бараа, материалыг шатахаас нь өмнө агуулахаас зөөсөн гэнэ. Тус компани даатгалтай тул хохирлын мөнгөн дүнгийн тодорхой хэсгийг авах юм байна.
Гал командынхан өглөө гарсан галыг 20:00 цагийн үед бүрэн унтраажээ.