Төв аймгийн Алтанбулаг, Аргалант, Баянхангай сумдын зааг нутагт Улаанбаатараас баруун тийш 80 километрт оршдог. Баруун өмнөөс зүүн хойшоо чиглэлтэй сунаж тогтсон, дунджаар 1500-1700 метр өндөр. Хамгийн өндөр цэг нь 1842 метр өндөр Хөшөөт уул, хамгийн нам цэг нь 1190 метр өндөр Тариатын булаг. Хэнтийн нурууны баруун өмнөд салбар уул юм. Баян, Эхэн-Ус, Алтганат, Мойлт, Уртын ам, Шувуун ам зэрэг газруудаар 10 гаруй цэнгэг уст горхитой. Уулын орой, ар шилээр үзэсгэлэнт хусан ойтой бөгөөд ойн нийт талбай 2080 га газар хамарна. 450 шахам төрлийн ургамалтай.
Халиун буга, гөрөөс, зэрлэг гахай болон төрөл бүрийн мэрэгч амьтантай, 126 зүйл шувуутай. Хустайн нурууны бүс нутагт Луноба, Хустайн нуруу гэсэн хоёр бааз бий. Хустайн бааз нь өвөл зунгүй ажилладаг бөгөөд тэнд тахь нутагшуулах төсөл хэрхэн хэрэгжиж байгаа талаар баримтат бичлэг үзүүлж, Хустайн бүс нутгийн талаар мэдээлэл бүхий үзэсгэлэнгийн танхим ажиллуулдаг. Луноба бааз нь Молцог элсний захад байрладаг учраас ардын уламжлалт эмчилгээний арга бүхий сувиллын үйл ажиллагаа явуулдаг. Хустайн нурууны энэ бүс нутагт 1992 оноос Монгол Голландын хамтарсан тахь нутагшуулах төслийг хэрэгжүүлсэн. Энэ төслийн хүрээнд 900 хавтгай дөрвөлжин километр нутгийг 1993 оноос улсын хамгаалалтанд авсан. Анх 1992 онд 15 тахийг Оросоор дамжуулан авчирсан ба түүнээс хойш 3 жил тутам 18-20 тахь нэмж нийт 84 тахь авчирсан нь өсөж үржсээр эдүгээ 300 орчим тоо толгойд хүрчээ.