Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бид сар бүр 21 мянгыг авсаар 805 тэрбумыг идчихэж

Сүүлийн тэмээний ачаа хүнд гэж “Хүний хөгжил сан“-гийн 23 мянган төгрөг маань орох ёстой хугацаанаасаа жаахан хоцорч орлоо. Хоёр, гурав хоног саатахад чиний картанд орж уу, хэзээ орох юм бол оо гээд л нэг, нэгнээсээ хариулт нэхэцгээнэ. 

Эмээгийн минь сүсэглэдгээр төрийн буян болох “Хүний хөгжил сан”-гийн мөнгө ч ингээд дуусгавар боллоо.  Бүтэн жилийн хугацаанд сарын хагасаар л банкинд оочерлох гэж ард иргэд хүлээх зүйлгүй болов.
21 мянган төгрөгийг тэртэй, тэргүй хөгшин залуугүй аваад сар бүр сурчихсан юм чинь үгүйлэх л байх даа.

Ээж, дүүгийн 21 мянган төгрөгтэй нийлүүлээд сар бүр цахилгаан, хогны мөнгөө төлчихнө. Эмэгтэй дүү сар бүр утасны төлбөрөө аргалчихна. Миний хувьд ажил ихтэй болохоор сар бүр очиж амжихгүй дөрөв, таван сараар нь бөөндөж аваад лизиндээ хааяахан нэмэрлэчихнэ. Ер нь,  21-дээ дугаарлаж байгаа хүмүүсийг харахад юунд хэрэглэх нь анзаарагддаг. Даавуун тор барьчихсан өвөө, эмээ бол тэртэй тэргүй талх, боов, 2-3 кг мах, гурил, будаагаа тааруулж аваад харихаар зэхчихсэн яваа нь тэр гэлтэй. Хүүхдээ тэвэрчихсэн яваа ээжүүдийн хэрэгцээнд бол яагаад ч 21 мянган төгрөг хүрэлцэхгүй ч нэмэртэй л байх. Оюутан, залуус, ажилтай нэгний хувьд хэд хоногтоо халаасны мөнгө төдий болж чадсан. “Өчигдөр миний 21 мянгаар уусан биз дээ. Өнөөдөр чинийхээр уух ёстой. Маргааш, нөгөөдөр уух мөнгийг дахиад сэтгэнэ шүү” гээд банкны үүдэнд хэрэлдэж зогсох халамцуу нөхдүүдтэй бол ярих ч юм биш. Зөвхөн ийм зохицуулалтаар архинд зарцуулдаг хүмүүс 15-наас хойш овоо хэдэн хоног шоудаж, ар гэрийнхнийгээ зовооно.

Хөдөө орон нутаг айл саахалт, ах дүүгээрээ төсөл бичээд мөнгөө нийлүүлэн жижиг, дунд үйлдвэр байгуулсан олон жишээ байсныг сайшаах нь зүйтэй. Ерөнхийдөө, намын амлалтаас болж хэрэгжсэн энэ мөнгө ихэнх айл өрхийн хоногийн хоолыг залгуулсан гэж хэлж болно. 21 мянган төгрөгөө нийлүүлээд сарын өл залгуулдаг айл өрх өнөөдөр захаасаа авахуулаад үй олноороо. 365 хоног бэлэнчилсэн тэд ирэх сараас хойш яажшуухан амьдрах бол гэж бодохоор бас хэцүү юмаа даа.

Өвлийн хахир хүйтэн 21 мянган төгрөгт дугаарлаж зогсох тэр хар мянган хүнийг харчихаад “Төр засаг ингэж ард иргэдийг хүчээр ийм дорой байдалтай байлгах гэж дээ. Бэлэн мөнгө өгдөггүй байсан бол амьд хүн аргатай гэж болгож л таараа. Хэргээр ийм халамжийн бодлогоор бөмбөгдөж хүнийг арчаагүй бэлэнчлэх сэтгэлгээтэй болгож байна” гэж боддог байлаа. Хүмүүсийн хувьд зүгээр ч нэг дугаарлаад зогсохгүй улайран дайрна. Банкны хаалга, ширээ сандал эвдэж, цонх хагалсан гээд тохиолдол олон ч удаа гарч, арай л теллерүүдийг нь зодчихоогүй байх. Бүр аргаа бараад зарим арилжааны банк нь үүнээс болж 21 мянган төгрөг олгохоос татгалзаж, Засгийн газар уг асуудалд анхаарал хандуулсан удаатай.
Гэтэл үнэн хэрэгтээ ард түмэн өнөөдөр 21 мянган төгрөгөөр  амьжиргаагаа залгуулах хэмжээнд хүртлээ ядуурсан гэдгийг харуулж байгаа тод жишээ энэ гэлтэй. Төр засгийн зүгээс ядуурлын хэмжээ буурсан гээд л алга нижигнүүлээд байдаг. Гэтэл гадаадын судалгааны байгууллагууд нэмэгдсэнийг нь гайхаж зарлаад л. Монголчууд бид 805 тэрбум төгрөгийг жилийн дотор сар бүр 21 мянган төгрөгөөр хуваагаад авчихлаа. 40 тэрбумаар аймаг бүрт орчин үеийн 20 эмнэлэг барих эмнэлэг, 10 тэрбумаар 80 ширхэг сургууль эсвэл Монгол Улсын хэрэгцээг бүрэн хангах нефть боловсруулах үйлдвэр барих боломжтой гээд л анх өгч эхлэх үеэс нь шүүмжилцгээсэн. Юутай ч бид сараас сарын хооронд янз бүрийн хэрэгцээндээ зарцуулаад л ямар нэгэн байдлаар 805 тэрбумыг үрэн таран хийгээд дуусгачихаж. Надад лав 21 мянган төгрөгөөр авлаа гэх ганц ч зүйл өөрт үлдсэнгүй дээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан