Жил жилийн Цагаан сар, Ардын хувьсгалын ойн баяр наадмын өмнө авто машины үнэ огцом өсдөг нь ёс мэт болсон гэхэд хилсдэхгүй. Манайхан хөл дүүжлэх юмтай болж баяр наадам амралтын өдрүүдийг ашиглан хотын утаа униараас гарч, эрүүл агаарт “тансаглах”-ыг хүсэх болж. Хүний дор орохгүй гэсэндээ унаагүй нэг нь хурааж, цуглуулснаараа эсвэл хэдэн төгрөг зээлж аваад л “Да хүрээ” зах тийш “таваргаж” гарна даа. Цагаан сараар дөрвөн дугуйтад хэдэн халтар хүүхдээ суулгаж аваад ойрд уулзаагүй ах дүүстээ тэрүүхэндээ баярхаад гарахыг хүсэхгүй хэн байх билээ. Тиймдээ ч эл баяруудын өмнө автомашины эрэлт нэмэгдэж, үнэ нь ч тэнгэрт хаддаг. Энэ жилийн наадам ч хаяанд ирэв. Наадмын “синдром” энд тэндгүй эхэлж байгаа сургаар автомашины үнэ ханш хэр өсч байгаа юм бол гэх бодолд хөтлөгдсөөр “Да хүрээ” захыг зорив. Тавдугаар сарын статистик мэдээлэлд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ оны эхнээс даруй 9.2 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Ийм байхад автомашины үнэ өсөх бус харин ч буурсан хэмээн ченжүүдийг хэлэхэд мэл гайхаж цэл хөхрөв гэгч л болоодхов. Уг нь, өдийд л үнэ нь тэнгэрт хадаж байдагсан.
Долоон саятай бол “Sonata-6” авна
Захын үүдээр оронгуут л БНСУ-аас оруулж ирсэн “Sonata-6” маркийн автомашиныг нэлээд хэдээр нь эгнүүлсэн залуу машинаа арчингаа “Ямар машин сонирхож явна” гэсээр угтав. Зарж байгаа машин нь ямар үнэтэй, үнэ ханш нь сүүлийн үед хэр өөрчлөгдсөн талаар асуухад “Солонгос машины тухайд үнэ нэмэгдсэн зүйл огт байхгүй ээ. Машин муу зарагдаж байна. Ах энэ хийн түлшээр явдаг “Sonata-6”-гаа зургаан сая 900 мянгад оруулж ирсэн. Зарагдахгүй болохоор нь арга ядаад долоон саяд өгчих санаатай зогсч байна. Зах дээр зогссоны төлбөрт өдөрт 2500 төгрөг өгнө, өөрөө үдийн хоол цайгаа авч иднэ гэхчлэн гаргасан зардлаа тооцвол ямар ч ашиггүй өгөх гээд байна гэсэн үг” хэмээв. Түүний зарж буй машины дунд хийн түлш болон бензин хөдөлгүүртэй гэсэн хоёр төрлийн “Sonata-6” байсны газаар ажилладаг нь долоон сая, харин бензин нь 12 сая төгрөгийн үнэтэй байв.
Байгаль экологид хор хөнөөлгүй гэх хийн түлшээр явдаг машин нийслэлд ус агаар мэт хэрэгтэй ч борлуулалт нь муу байгааг тэрээр хэлсэн. Үүний учрыг лавлавал “Монголчууд нүүдэлчин удамтай болоод ч тэр үү байнга хотод байдаг хүн хүртэл автомашин авах болохоороо хөдөө явах чадварыг нь хардаг. Гэтэл аймаг орон нутагт хийн түлш түгээгүүр байдаггүй нь ийм хөдөлгүүртэй машины борлуулалтад нөлөөлж байгаа байх” гэсэн юм. Түүнчлэн саяхан Дархан-Уул аймагт газаар явдаг машин дэлбэрсэн нь хашир монголчуудыг гэдийлгэсэн байхыг ч үгүйсгэсэнгүй.
Монголчуудын хэрэглээ суудлын тэрэгнээс бага оврын жийп рүү ахив
Машин үзэж яваад “Ямар машин авах вэ. Надад 60 гаруй машин байна шүү” гэх залуутай таарав. Тэрээр Японоос оруулж ирсэн бага оврын жийп голдуу зардаг аж. Нэгэнт л машины үнэ нэмэгдсэн гэсэн төсөөлөлтэй очсон болохоор нэг ч болтугай хүнээс үнэ нэмэгдсэн тухай үг унагачих санаатай шууд л “Машиныхаа үнийг хэдээс хэд болгоод нэмчихэв ээ” гээд асууж орхив. Өнөөх залуу инээд алдсанаа “Үнээ нэмээгүй ээ, харин ч бууруулсан. Гаалийн татвар нэмэгдэх сургаар оны өмнөхөн машины үнэ бараг нэг, хоёр саяар нэмэгдсэн. Одоо татвар нэмэгдсэн хэрнээ ханш өөрчлөгдөөгүй. Оны өмнөхөөс хамаагүй буурчихаад байгаа шүү дээ. Би “Honda-CRV”, “Nissan Xtrail” маркийн машинуудаа өмнө нь 16 сая гаргаад өгч байсан бол одоо тэрэг гэхээсээ бага оврын жийп нь арай илүү гүйлгээтэй болсон юм шиг санагдаад байгаа юм. Хүмүүс 10 саяар суудлын тэрэг авснаас таван саяыг нэмээд жийп уная л гэж боддог болсон байна” гэв.
Үнэндээ орж ирээд Монголд яваагүй суудлын тэрэгний дундаж үнэ 10 сая байх аж. Ялангуяа, “Toyota”-гийн “Carina”, “Corolla”, “Prius” зэрэг машины үнэ 10 саяас доош бол одохгүй. Гэхдээ “Toyota prius” маркийн автомашины арай эрт үйлдвэрлэгдсэн 11 загварынх нь бол 7.5 саяд олдох юм билээ. Харин сүүлийн үеийн 20 загварынх нь 12 саяар зарагдаж байв. Ийм маркийн машин оны өмнө 14 сая хүрсэн удаатай ч одоо хямдраад байгаа нь энэ гэнэ.
Үнийн сенсааци ченжүүдэд ашигтай
Машин авах гэж сонирхож байгаа бололтой 30 шүргэж яваа хэдэн залуутай таван хором яриа өрнүүлж өнөөх л үнэ ханшаа тандсан юм. Тэдний нэг нь “Би машин авах гэж нэлээд хэд хоног үүгээр эргэлдэж байж нэг машин сонгосон л доо. Өнгөрсөн жил машины үнэ яг ямар байсныг мэдэхгүй болохоор нэмэгдсэн эсэхийг нь хэлж чадахгүй нь. Миний барагцаалж таамаглаж байснаас машины үнэ нэлээд өндөр санагдлаа. Ялангуяа, “Тоyota”-гийнх. Миний сонгосон машиныг зарж байгаа залуу “Наадам болох гээд машины үнэ өсч байгаа шүү. Хоёр хоногтоо ченжүүд сэм 200 орчим мянган төгрөгөөр ахиулсан. Өнгөрсөн долоо хоногт чи машинаа таван зуун мянгаар хямд авах байсан бол ирэх долоо хоног гэхэд 500 мянгыг илүү төлөх болно шүү” гэж анхааруулж байна билээ. Тэгэхээр машины үнэ өсч байгаа гэсэн үг” хэмээв. Ийм нэг сонин сэжүүр сонссон тул хэд хэдэн машины үнийг асууж, ханш өмнө нь ямар байсныг улайран лавлав. Бүгд л “Огт нэмэгдээгүй, харин ч буурсан” гэх маягийн хариу өгч дээрхийг үгүйсгэсэн юм. Машин авах гэж тээнэгэлзэх нэгэнд удахгүй үнээ нэмнэ шүү хэмээн шавдуулж байгаад өгчих нь ченжүүдэд хэрэгтэй юм хойно доо. Мөн баяр ёслол тохиолдуулан машины үнэ нэмэгдэх нь гээд нэг цуураад авбал хэтдээ машин авна хэмээн төлөвлөсөн нэгэн нь яаран гүйж ирээд худалдаад авдаг. Энэ мэтээр борлуулалт нь сайжирдаг талтай. Тиймээс машин авахаар явсан дээрх залуусын тархийг ченжүүд багахан угаагаад амжиж гэдэг нь эргэлзээгүй болж таарав.
Хуучин машин үнэгүйджээ
Машины захаар явахдаа анзаарсан өөр нэг зүйл нь хуучин машин. Гаалийн татварын тухай хууль мөрдөгдөж эхлэхээс өмнө орж ирсэн машины үнэ маш хямд байх аж. Монголд нэг жил явсан, дөнгөж орж ирсэн машины үнэ хоорондоо тэнгэр газар шиг зөрүүтэй юм билээ. “Toyota-Estima” маркийн гэр бүлийн зориулалтын зургаан хүний суудалтай машин 11-13 сая төгрөг байхад Монголд нэг жил явсан нь долоон сая төгрөгөөр зарагдаж байна билээ. Монголд явсан жил, үйлдвэрлэсэн оноосоо хамааран Солонгос, Япон суудлын тэрэгний үнэ өөр өөр байх бөгөөд хамгийн үнэтэйдээ таван сая төгрөг гэж байсан юм. Энэ нь Монголд явсан л бол муу, нэгэнт авч байгаагийнх орж ирсэн тэрэг авна гэх сэтгэлгээ манайхны тархинд ужгирсны илрэл биз. Юутай ч, хуучин нь үнэгүйдэж, шинэхэн машины үнэ тогтвортой байгаа аж. “Да хүрээ” захад одоохондоо наадмын “синдром” эхлээгүй байна.