Зуны дэлгэр өдрүүд эхэлж, нийслэлд хаа сайгүй тохижилт бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна. Энэ дагуу Сүхбаатар дүүрэгт хамгийн том тохижилтын ажил эхэлсэн. Энэ онд тус дүүрэгт хаана, ямар тохижилтын ажил хийх талаар тус дүүргийн Үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсийн дарга Б.Батдэлгэрээс тодрууллаа.
-Энэ онд танай дүүрэгт хаана, ямар тохижилтын ажил хийхээр төлөвлөсөн байгаа вэ?
-Бид дүүргийнхээ томоохон гудамж талбайг үе шаттай тохижуулаад явъя, ингэхдээ чанартай материал ашиглахыг зорьсон. Ингэснээр нэг ажлаа хоёр хийхээ болих юм. Өөрөөр хэлбэл, эдэлгээ урттай бүтээгдэхүүнээр тохижилтын ажлаа гүйцэтгэж байна. Дэлхийн томоохон хотууд гудамж талбайгаа байгалийн чулуугаар тохижуулсан байдаг юм билээ. Иймээс бид энэ туршлагыг нэвтрүүлж, байгалийн чулууг ашиглаж байгаа. Энэ онд хийх томоохон тохижилтын ажил гэвэл Залуучуудын өргөн чөлөөний гудамж, Драмын өмнөх талбай, СТӨ-ний тал талын Амарын гудамжийг янзална.
-Тохижилтын ажлын явц хэр байна вэ?
-Залуучуудын өргөн чөлөөний гудамжийг тохижуулаад дууссан. Одоо Драмын өмнөх талбайг тохижуулж байна. Ерөнхийдөө ажлын гүйцэтгэл нь 60-70 хувьтай явж байна.
-Энэ жил сургууль, цэцэрлэгийн орчинг тохижуулахад анхаарна гэж байсан. Энэ тухайд…?
-Сургууль, цэцэрлэгийн орчин цэвэр сайхан тохижилттой байх ёстой. Сургуулийнх нь гаднах талбайд хүүхдүүдийн сонирхдог төрөл бүрийн тоглоом суурилуулж өгвөл хичээлээ тараад интернэт тоглоомын газар руу яваад байхгүй. Энэ жил 10 гаруй сургууль, цэцэрлэгийн орчинг дээрх маягаар тохижуулах юм. Түүнчлэн орон сууцны болон гэр хороолол нийлсэн 30 гаруй газарт бичил тохижилт хийхээр төлөвлөсөн. Мөн сагсан бөмбөгийн талбай, ахмадууд зориулсан амрах төв байгуулна.
-Манайх усан оргилуур, зохиомол чийглэг орчин их хэрэгтэй юм шиг санагддаг. Энэ жил хаана ямар усан оргилуур байгуулах вэ?
-Драмын өмнөх талбайд хоёр усан толио байгуулна. Мөн бусад газарт зохиомол чийглэг орчин бүрдүүлэхээр ажиллаж байна.
-Энэ жилийн тохижилтын ажилд нийслэлээс хэдэн төгрөг төсөвлөсөн бэ. Төсөвлөсөн мөнгө нь хүрэлцэж байна уу?
-Хороолол доторх зам талбай болон нийтийн эзэмшлийн зам талбайг тохижуулахад нийслэлээс хоёр тэрбум төгрөг төсөвлөж өгсөн. Зарим газрын тохижилтын ажлыг дүүрэг болон улсын төсвөөс хөрөнгө гарган хийх юм.
Хоёрдугаар ээлжийн ажлын тендер зарлагдсан
-“Сэлбэ голын урсацыг нэмэгдүүлэх орчныг тохижуулах төсөл”-ийн ажил хэрхэн хийгдэж байна вэ?
-Өнгөрсөн оны наймдугаар сараас ажил нь эхлээд, эхний шатны ажил дуусч байна. Энэ ажил Их тойруугийн гүүрнээс Голден Вилл хотхоны гүүр хүртэлх 340 метр зайд үргэлжлэх юм. Ажлын гүйцэтгэл нь 90 гаруй хувьтай явж байна. Харин дараагийн ээлжийн ажил Голден Виллын гүүрнээс Арслантай гүүр хүртэлх үргэлжлэх бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарлагдсан. Ер нь, энэ төсөл маань 2011-2013 он хүртэл үргэлжлэх төсөл шүү дээ.
-Иргэд Сэлбэ голын урсацыг сайжруулах нэрээр хүний нүдэнд ил харагдах хэсгийг л засч тохижуулаад, бусад хэсгийг нь тоохгүй байна гэж шүүмжлэх боллоо. Голын эхийг хамгаалах талаар юу хийж байгаа вэ?
-Сэлбэ голын ай савыг хамгаална гэдэг бодлогын чанартай асуудал. Энэ гол Хэнтий нурууны ай саваас эх авч орж ирдэг. Гантай жил нь тасарчихдаг. Өөрөөр хэлбэл, Сэлбэ голын ус доошоо шургачихсан, байхгүй болсон гэсэн үг. Тиймээс голын эхийг зайлшгүй хамгаалалтад авах хэрэгтэй байгаа. Тухайлбал, нэмж газар олгохгүй байх, мод сөөгийг нь хамгаалахад нийслэл төдийгүй УИХ-ын төвшинд яригдах асуудал. Дүүргийн зүгээс голын дунд хэсгийг хамгаалахаар хэд хэдэн чиглэлээр ажил хийж байна. Сэлбэ голын 20 га газрыг ЗДТГ-ын нэр дээр авч, мод үржүүлгийн чиглэлээр ажиллана.
-Голын дунд болон доод хэсгийн далан руу иргэд хогоо хаядаг, машинаа угаадаг дүр зураг харагддаг. Үүн дээр танайх хэрхэн хяналт тавьдаг юм бэ?
-Энэ асуудал байнга яригдаж байгаа учраас ямар арга хэмжээ авах талаар судалгаа хийж байна. Эхээсээ хогтой орж ирж буй усыг шүүх шүүлтүүрийг 13, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт барихаар төлөвлөж байгаа. Дараагийн нэг асуудал Сэлбэ голын дагуу далан дагуулаад, авто зам тавиад гэрэлтүүлэг, камер тавихаар судалгааны ажил хийж байна. Сэлбэ голыг зөвхөн дүүргийн хэдхэн хүн ажиллаад тохилог болгоно гэдэг хүнд асуудал. Нийслэлд амьдардаг хүн бүр Сэлбэ голоо хайрлан хамгаалах ухамсартай байх хэрэгтэй.