Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ой мод маань хулгайчийн гараар сүйдэж, түймэрт хуйхлагдсаар дуусах нь

Манай улсын ойн сангийн нийт хэмжээ 18849 га талбай. Үүний 17610 га-г нь байгалийн ой, сөөг, таримал ой эзэлдэг байна. Ойн сангийн талбайн 75,1 хувийг шилмүүст болон навчит, 24,9 хувийг заган ой эзэлдэг. Энэхүү ойн сан бүхий газар нутаг түймэрт шатах, хөнөөлт шавьжид нэрвэгдэх, ашигт малтмалын олборлолтод өртөх, хууль бус мод бэлтгэлээс шалтгаалж сүйдсээр. Ингэж ойн эзлэх талбай хорогдож, 1950 оныхоос хоёр дахин багассан гэсэн судалгааг албаныхан гаргажээ. 

Сүүлийн гурван жилийн байдлаар 570 удаа ой, хээрийн түймэр гарч, 7.9 мянган га талбай шатсан байна. Улсын хэмжээнд жил бүр ой нөхөн сэргээх хэмжээнээс дөрөв дахин их мод бэлтгэж, модны хангамжийн 50 гаруй хувийг хууль бусаар нийлүүлж байгаа гэнэ. Энэ нь хууль бусаар мод бэлтгэх, тээвэрлэх худалдах гэмт хэрэг далд, нарийн зохион байгуулалтад орж, хууль хяналтынхан үр дүнтэй ажиллаж чадахгүй буйг нь харуулж байгаа юм. Өөрөөр хэлбэл, эх орны маань газар нутгийн багахан хувийг эзэлдэг ой мод маань хулгайчдын гараар сүйдэж, түймэрт хуйхлагдсаар дуусах нь.
 
Хулгайчид ойн санд тэрбум төгрөгийн хохирол учруулжээ

Хууль бусаар мод бэлтгэгчид улсад сохор зоосны ч татвар төл­дөг­гүй. Засгийн газраас жилд зах зээлд зарагдаж буй модноос зо­хих төлбөрийг авч чадвал улсын тө­сөвт 5.4 сая ам.доллар төвлөрөх бо­ломж­той гэсэн судалгааг ч хол­бог­дох албаныхан гаргасан байх юм. Уг нь, энэ хэмжээний мөнгийг төсөв­төө төвлөрүүлж, эргээд ой нөхөн сэргээхэд зарцуулбал дээр­сэн. Гэвч манайд тийм бодлого, санаа­чилга үгүйлэгдэж байна гэлтэй. 

Хууль бусаар мод бэлтгэхийн тулд зохион байгуулалттай гэмт хэргийн сүлжээ бий болсон нь ч аль хэдийнэ олонд ил болсон. Тэд зөвхөн хууль бусаар мод бэлт­гээд зогсохгүй, өөр хэд хэ­дэн гэмт хэргийг цэцэглүүлж бай­на. Тухайлбал, хууль бусаар мод бэлтгэхийн тулд холбогдох ал­бан тушаалтанд авлига өг­нө. Тэр нь албан тушаалаа урвуу­лах, хэтрүүлэн ашиглах. Зөв­шөө­рөлгүйгээр зүсмэл мод үйлд­вэрлэж, боловсруулна. Хулгай, танхай, хууль бус тээвэр хийх гэх мэт гэмт хэрэг гарахад нөлөөлж буй гэнэ.

Хууль хяналтынхан өнгөрсөн онд хууль бусаар мод бэлтгэсэн 3000 орчим зөрчил илрүүлжээ. Үүнээс болж ойн санд нэг тэрбум төгрөгийн экологи эдийн засгийн хохирол учруулсан аж. Хууль хяналтынхан зарим иргэний хууль зөрчсөн үйлдлийг илрүүлсэн ч ихэвчлэн торгох, захиргааны арга хэмжээ авах, тэнсэн харгалзах ял ногдуулжээ. Өөрөөр хэлбэл, хууль зөрчигчдөд хорих ял оногдуулж, хашраадаггүй боло­хоор хууль бусаар мод бэлтгэх явдал үргэлжилсээр байгааг хууль хяналтынханд хандаж хэлье.

Мод бэлтгэх эрх дур мэдэн олгосоор...

Сүүлийн жилүүдэд улсын хэм­жээнд хууль бусаар мод бэлт­гэж буйтай тэмцэхээр хууль хяналтын болон мэргэжлийн байгууллагууд хамтран ажиллаж байгаа. Ингэснээр ойн санд уч­руулж буй хохирол багассан ч, хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг буурахгүй байна. Энэ нь эрх бүхий албан тушаалтнууд оролцсон байдагтай холбоотой гэнэ.  
Энэ оны эхний улиралд МХЕГ-аас Булган, Сэлэнгэ, Төв, Хэн­тий зэрэг аймгийн ойн сан­гаас мод бэлтгэдэг аж ахуйн нэг­жүү­дэд шалгалт хийжээ. Шалгал­таар улсын төсвийн хөрөнгөөр гүйцэт­гэсэн ойн менежментийн тө­лөв­лөгөөг ашигладаггүй, гэр­чил­­гээнд заасан чиглэлийн дагуу үйл ажиллагаа явуулдаггүй, су­мын ИТХ-аас тухайн жилийн мод бэлтгэлийн хуваарийг бат­лах­даа мод бэлтгэлийн эрх олго­сон, арчилгаа цэвэрлэгээний огт­ло­л­тыг иргэдэд дур мэдэж олго­сон зэрэг зөрчил илэрсэн байна. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Хү­дэр, Мандал сумын ИТХ-ын тэр­гүү­лэгчдийн тогтоолоор үндсэн ашиг­лалтын үйл ажиллагаа явуу­лах эрхгүй “Мортир” компанид 700 шоо.метр, “Хайрхан буянт” компанид 600 шоо.метр мод огтлох эрх олгосон нь илэрчээ. Мөн Төв аймгийн Мөнгөнморьт сумын ойн ангиас аж ахуйн нэгж, иргэдэд 2011 онд олгосон ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэх, тээвэрлэх эрхийн бичгийн сери, дугаараар тулгалт хийж, орон нутгийн төсвийн орлогын дансанд төвлөрүүлсэн төлбөрийн орлогын тооцоог бодож үзэхэд, аж ахуйн нэгжтэй холбоотой 14.5 сая төгрөгийг төсөвт төвлөрүүлээгүй байсан гэнэ. Ингэж хууль бусаар мод бэлтгэх нь улс орны эдийн засаг, байгаль орчинд, ялангуяа байгалийн аясаар нөхөн сэргэх, тэлж ургах чадвар харьцангуй дорой ойн нөөцөд аюул учруулж байна.

 Хууль бусаар мод бэлтгэхэд юу нөлөөлж байна вэ

Мэдээж, энэ асуулт хамгийн түрүүнд хариу нэхнэ. Хууль бусаар мод бэлтгэхэд хэд хэдэн зүйл нөлөөлж байгааг албаныхан хэлж байна. Тухайлбал, газар хувьчлал, нийслэл рүү чиглэсэн их нүүдэл, барилгын салбарын өсөлт, иргэдийн амьдралын төвшин зэргийг дурдаж болно. Нийслэлд газрын хувьчлалтай холбоотойгоор хувийн хэрэг­цээнд зүсмэл модны хэрэглээ эрс нэмэгджээ. Түүнчлэн Улаанбаатар хотыг чиглэсэн их нүүдэл модны хэрэглээг улам нэмэгдүүлж, иргэд шинээр хашаа, хатгах, байшин барих, түлээний хэрэгцээгээ хан­гаж байгаа. Барилгын сал­бар эрчимтэй өргөжиж буй энэ үед үйлдвэрийн зориулалтаар зүс­сэн модыг хамгийн ихээр хэрэглэх болжээ. Орон нутагт ажилгүйдэл, ядуурал их байгаа учир хамгийн түрүүнд ашиг хонжоо олохоор байгалийн нөөц баялаг ялангуяа, ой модонд зөвшөөрөлгүй халдаж байна. 
 
Он гарсаар иргэд 129 удаа түймэр тавьжээ

Цагдаагийн байгуул­лагын­хан энэ оны эхний таван са­рын байдлаар ой, хээрийн түй­мэртэй холбоотой хэрэг, зөр­чил 134 удаа бүртгэжээ. Үү­нээс тав нь нийслэлд, 129 нь орон нутагт бүртгэгдсэн бай­на. Эдгээр хэрэг, зөрчлийг цагдаа­гийнхан шалгаж, 45 түймрийн эзэн холбогдогчийг тогтоосон бол 72-т нь эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах санал­тай прокурорт шилжүүлсэн гэнэ. Эзэн холбогдогчийг нь тогтоо­сон түймрийн хэргийн 12-т нь эрүү­гийн хэрэг үүсгэн шалгаж байна.  
Түймрийн улмаас ой, хээ­рийн 117.641.0 га талбай ша­таж, дөрвөн тэрбум 150.1 сая төгрөгийн экологийн хохи­рол учирсныг холбогдох байгуул­ла­гынхан тогтоожээ. Түймэр гар­сан шалтгааныг судлахад, дээрх 134 удаа гарсан түйм­рийн тав нь ОХУ-аас хил давж орж ирсэн бол 129 нь хүний санам­сар болгоомжгүй болон хэн нэгний буруутай үйлдлээс бол­сон гэнэ. Ингэж иргэд ямар нэг байдлаар гал алдаж, түй­мэр тавьснаар байгаль орчин, ой мод сүйдээд зогсохгүй, эр­дэ­нэт хүний амь ч үрэгдэхэд хүрсэн удаа олон. Хамгийн сүүлд л гэхэд, “Багын найзууд” компа­нийн ажилтан татсан тамхи­ныхаа цогийг унтраалгүй ор­хис­ноос Дорнод аймгийн Баян­дун сумын нутагт түймэр асч, унтраахаар ажил­лаж байсан гал сөнөөгч, ав­рагч дөрвөн сайхан залуу амиа алдаж, нэгнийх нь бие их хэмжээгээр түлэгдэн эмчлүүлж буй.

Эцэст нь: Манай орны нутаг дэвсгэрт ойн эзлэх хувь жил ирэх тусам буурсаар байгаа. 1991 онд нийт нутаг дэвсгэрийн 12,5 хувийг ой эзэлж байсан бол 1998 онд 8,1 хувь болж буурсан. Харин өнөөдөр 7,2 хувийг л ойн бүрхэвч гэж тооцдог ч энэ хувиас хамаагүй доогуур үзүүлэлттэй байгаа гэж судлаачид дүгнэж буй. Тиймээс цаашид энэ багахан хэмжээний ойгоо бид л хайрлаж хамгаалахгүй бол “урт гартнууд” сүйтгэж, түймэрт хуйхлагдан модоо барьсан Монгол болох вий дээ.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан