Засгийн газрыни хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын Халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Ч.Эрдэнэбулгантай ярилцлаа.
-Ирэх сараас халамжийн тухай шинэ хууль мөрдөгдөхтэй холбогдуулан ХХҮГ бэлтгэл ажлаа хангаж байгаа байх?
-2012 оны долдугаар сарын 1-нээс Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлнэ. Энэ хууль хавтгайруулан олгож байгаа халамжийн тогтолцооноос ангижрах үзэл баримтлалын үндсэн дээр зорилтот бүлэгт чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх юм. Өөрөөр хэлбэл, нийгмийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай иргэддээ халамжийн үйлчилгээг хүргэж байхаар болсон гэсэн үг.
Тухайлбал, ирэх сарын 1-нээс ядуу өрхийн тэтгэмж шинээр бий болгож байгаа. Энэ тэтгэмжийг авах ядуу өрхийн амьжиргааг олон улсын аргачлалын дагуу тухайн иргэний орлогыг орлуулан тооцох зарчмаар тогтооно. Өрхүүдийн амьжиргааг тогтоосны дараа Засгийн газар нэг шугам татна л даа. Төдөөс доош оноотой өрхөд тэтгэмж олгоё гэсэн шийдээ гаргана гэсэн үг. Одоогийн байдлаар ядуу өрхийн тэтгэмжийг иргэнд бус өрхөд нь олгохоор төсвийн төсөлд тусгаад явж байгаа.
-Өрхүүдийн амьжиргааг тогтоох ажил эхэлсэн биз дээ?
-Судалгаа хийж байна. Одоогоор гурав дахь шатны судалгаа дуусах шатандаа явж байна. Үндсэндээ зургадугаар сарын 25 гэхэд өрхүүдийн амьжиргааг тогтоосон байх ёстой. Үүний дараа 100-аад мянган өрхийн 600 мянган иргэн ядуу өрхийн тэтгэмж олгохоор тооцож, үүнд шаардагдах 41.2 тэрбум төгрөгийг төсөвт суулгасан байгаа.
-Нэг ядуу өрхөд хэдэн төгрөг олгох юм бэ?
-Тооцож гаргаагүй байгаа. Төсвийн төсөл дээр яваа, батлагдаж гарсан юм байхгүй учраас одоохондоо тодорхой биш байна.
-Бусад төрлийн халамжинд ямар өөрчлөлт гарч байгаа вэ?
-Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хууль, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгааллын тухай хууль ерөнхийдөө хэвээрээ байгаа. Ганц нэг заалт дээр нэмж орсон өөрчлөлт бий л дээ. Тухайлбал, хугацааг багасгах, үйлчилгээг хооронд нь нэгтгэх гэхчлэн. Нэр төрлийг нь цөөлсөн гэсэн үг.
-Шинэчлэгдсэн хуулиар эхчүүдэд олгох тэтгэмж нэмэгдсэн. Энэ тухайд?
-Олон хүүхэдтэй эхийг урамшуулах тухай заалт хуульд байдаг. Ямар хэмжээтэй тэтгэмж тусламж олгохыг Засгийн газар шийдвэрлэнэ гээд заачихсан байгаа. Сүүлд гарсан Засгийн газрын тогтоолоор эхчүүдэд олгох тэтгэмжийг нэлээд хэмжээгээр нэмэгдүүлсэн. Төсвийн тодотголд оруулж шийдвэрлүүлсний дараа энэ мөнгийг олгож эхэлнэ.
-Долдугаар сарын 1-нээс олгож эхлэхгүй гэсэн үг үү?
-Долдугаар сардаа олгохгүй. Төсвийн тодотголыг хэзээ хэлэлцэж шийднэ, тэр цагт олгож эхэлнэ. Эхчүүдэд олгох тэтгэмжид 7.4 тэрбум төгрөг шаардлагатай байгаа. Өөрөөр хэлбэл 2012 оны төсвийн тухай хуулинд энэ 7.4 тэрбум төгрөг суугаагүй гэсэн үг.
-Эхчүүдэд ямар ямар төрлийн тэтгэмж олгох вэ?
-Засгийн газраас баталсан тогтоолоор ихэр хүүхэд, гурван ихэр хүүхдийн тэтгэмжийг нэмсэн.
-Гурван хүүхэдтэй бол сар бүр цалин авна, дөрвөн хүүхэдтэй бол хөнгөлөлттэй орон сууцаар хангагдах юм байна гэсэн яриа гараад байгаа. Ийм заалт дээрх тогтоолд тусгагдаагүй юм уу?
-Тийм ээ. Байхгүй.
-Таваас дээш сартай жирэмсэн эхчүүдэд сар бүр олгодог 26 мянга 40 мянга болж буй. Энэ мөнгө ирэх сараас ахиад ч нэмэгдэнэ гэх юм?
-Жирэмсэн эхчүүдэд олгох тэтгэмжийн хэмжээ хэвээрээ байгаа.