Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бид эх дэлхийгээ аврах сүүлчийн үеийхэн

Л.БАТБААТАР

Энэ оны арванхоёрдугаар сарын 12-ны өдөр Парис хотноо 195 орны төр, засгийн тэргүүн хуралдаж эх дэлхийгээ хамгаалахад чиглэсэн түүхэн баримт бичгийг санал нэгтэй баталсан.

“Парисын гэрээ” хэмээн түүхэнд бичигдэх энэхүү гэрээний үндсэн зорилго нь дэлхийн дулаарлын дундаж өсөлтийг хоёр хэмээс доогуур байлгах, улмаар 1.5 хэм болгоход дэлхий нийтийн хүчин чармайлтыг хамтатгахад чиглэсэн. Парисын 21 дүгээр бага хурлын үр дүн, ач холбогдлыг олон нийтэд таниулах зорилгоор Монгол Улс дахь НҮБ-ын Суурин төлөөлөгчийн газраас  мэдээлэл хийлээ. Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын Суурин төлөөлөгч Сү Ньюнт У, НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Роберто Бэнэс, НҮБ-ын Хүн амын сангийн Суурин төлөөлөгч хатагтай Наоми Китахара, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгчийн орлогч Томас Эрикссон нар оролцов.

НҮБ-ын Суурин зохицуулагч бөгөөд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч хатагтай Биата Транкман “Бүх дэлхийгээрээ хүлэмжийн хийг багасгах, уур амьсгалын эсрэг хамтдаа тэмцэх шийдлийг түүхэндээ анх удаа гаргалаа” гэж онцолсон.

Мөн тэрээр “Улс орнууд ойрын хугацаанд хүлэмжийн хийн ялгаруулалтын өсөлтийг зогсоох, улмаар цаашид бууруулах чиглэлээр анхаарал тавьж ажиллах болно. Дараа нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох улс орнуудын чадавхийг бэхжүүлнэ. Уур амьсгалын өөрчлөлт нь байгалийн гамшиг үзэгдлүүдийн давтамж, цар хүрээг нэмэгдүүлдэг бөгөөд сүүлийн 20 жилд дэлхийн эдийн засагт хоёр их наяд ам.долларын хохирол учруулсан. Үүнээс гадна олон мянган хүний аминд хүрч, олон сая хүнийг өөр газар шилжин суурьшихад хүргэж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр Монгол Улсад  цөлжилт, зуд, түймэр, үер зэрэг байгалийн гамшгийн давтамж ихэслээ. Ингэснээр, Улаанбаатар хот руу чиглэсэн хүн амын шилжилт хөдөлгөөн нэмэгдэх болно. Монгол орны хувьд  сүүлийн 70 жилд агаарын хэм дунджаар 2.7 хэм өссөн нь  дэлхийн дундаж хоёр хэмээс илүү байна. Байгалийн өөрчлөлтийн сөрөг нөлөөнд малчид болон тариаланчид хамгийн ихээр өртдөг” гэв.

Дэлхийн дулаарал нь хүний үйл ажиллагаатай шууд холбоотой. Үүнтэй тэмцэх үндсэн арга нь хүлэмжийн хийг бууруулах. Өөрөөр хэлбэл, түүхий нүүрс, байгалийн хийн хэрэглээг багасгана гэсэн үг. Түүхий нүүрсний хэрэглээ өндөртэй  манай орны хувьд сэргээгдэх эрчим хүчийг түлхүү хэрэглэх, шинэлэг хэлбэрийн байгальд ээлтэй үйлдвэр технологийг хөгжүүлэх шаардлагатай байгаа. Үүнд, төр засаг, хувь хүн, бизнес эрхлэгчид, иргэний нийгэм зэрэг бүхий л талын оролцоо чухал.

Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд байгаль орчин, тогтвортой хөгжлийн асуудлыг боловсруулж тусгасан явдлыг НҮБ сайшаан хүлээн авч байна. Мөн Монгол Улсад ядуурлын бууруулах, байгаль орчноо хамгаалах, тогтвортой хөгжлийг эрчимжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэдгээ НҮБ-ын Суурин төлөөлөгч илэрхийллээ.  Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг  шийдвэрлэхгүйгээр ядуурлын бууруулах боломжгүй. Бид бол гариг дэлхийгээ аварч чадах хамгийн сүүлчийн үеийн­хэн байж магадгүй” гэж тэрээр хэлсэн юм.

“Монголд хэрэгжүүлэх дөрвөн сая ам.долларын хөтөлбөрийг баталсан”

Ингээд НҮБ-ын Суурин зохицуулагч хатагтай Биата Транкман сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Хүлэмжийн хийн ял­гар­­­лыг бууруулах талаар НҮБ, Монгол Улстай хэрхэн хамт­­ран ажиллаж  байна вэ?
-НҮБ Парисын гэрээг удирдаж батлуулсан. Монгол Улсад  нэг хүнд ногдох хүлэмжийн хийн ялгаруулалт өвлийн улиралд маш өндөр. Түүнчлэн, Монгол оронд нүүрс элбэг бөгөөд хямд байдаг. Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ цаашид улам өсөх хандлагатай байна. Хөгжиж байгаа улс орон бүрт ийм сорилт тулгардаг. Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх хэрэгтэй. Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний их нөөцтэй. Нүүрсний үнэ хямд нь сэргээгдэх эрчим хүчээр Монгол Улсын бүрэн хангахад гол саад болдог. Ой мод бол нүүрстөрөгчийг агаар мандалд тархахаас өмнө өөртөө шингээдэг.

Монгол Улс хүлэмжийн хийн ялгарлыг 14 хувиар бууруулж, сэргээгдэх эрчим хүч­ний үйлдвэрлэлийг 30 хувиар нэмэгдүүлэх үүр­гийг Парисын гэрээгээр хүлээсэн. Монгол Улсын энэ зорилтыг хэрэгжүүлэхэд НҮБ дэмжиж ажиллана. Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахын тулд,  хэд хэдэн үйл ажиллагааг хослуулах хэрэгтэй. Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг эрс нэмэгдүүлэх хэрэгтэй. Үүнд, салхины, нарны, усны зэрэг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр багтана. Түүнчлэн хувийн хэвшлийг сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлд хөрөнгө оруулахад урам­шуулдаг механизмыг бий болгох нь чухал. Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр НҮБ-ээс Монгол Улсад олон удаа зөвлөмж гаргаж өгсөн. Сэргээгдэх эрчим хүчийг хямд өртөгтэй, үр ашигтай үйлдвэрлэх талаар бид ажиллаж байгаа. Эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх, аль болох бага эрчим хүчээр хэрэглээгээ хангах нь чухал ач холбогдолтой. Жишээлбэл, байшингийн дулаалгын үр ашгийг нэмэгдүүлэх арга зам бий. Нүүрстөрөгчийн хийг шингээхийн тулд ой модыг хамгаалах хэрэгтэй болдог.  НҮБ-аас Монгол Улсад хэрэгжүүлэхээр “Ойгүйжилтээс үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах” дөрвөн сая ам.долларын хөтөлбөрийг өнгөрсөн жил  баталсан.

-НҮБ-аас уур амьсгалын өөрчлөлттэй дасан зохицох чиглэлд хэрхэн дэмжлэг үзүүлж ажиллах вэ?
-Уур амьсгалын чиглэлээр маш олон оронд тусламж, дэмжлэг  үзүүлдэг. Уур амьсга­лын өөрчлөлттэй тэмцэх үйл ажиллагааны хөтөлбөр боловс­руулж баталлаа. Хөтөлбөрт уур амьсгалын өөрч­лөлттэй тэмцэх үйл ажил­лагаанд оруулах хувь нэмрээ улс орнууд тодорхойлдог. Хүмүүсийн уур амьсгалын өөрчлөлтийн үр дагаварт  дасан зохицох чадавхийг хөгжүүлэх нь чухал. Ялангуяа малч­дад энэ чиглэлээр  сургалт зохион байгуулах  шаардлагатай. Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилтод дээр дурдсан үйл ажиллагааг тусгах чиглэлээр ажиллах болно. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн газраас  Монголд ихээхэн дэмжлэг үзүүлдэг. Уур  амьсгалын өөрчлөлттэй тэмцэх санхүүжилтийг Монголд  олгох чиглэлээр ажиллаж байна. Парисын гэрээний гол зорилгыг  уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, улмаар дасан зохицох явдал гэж тодорхойлсон.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан