Б.ШИРНЭН
Түүхийн ихэнх цаг үед монголын улс төрийн томоохон хүчин байж, ноён нуруутай гэгдэж байсан МАН-ынхан өнгөрсөн долоо хоногт гудамж, талбайд жагсаж, утаа маань тарив. Хар машин шатаах, гэр барьж суулт зарлах гээд урьд хожид байгаагүйгээр уугуул намынхан намба алдаж, гудамж гороолох болсон нь тус намынханы улс төрийн байдал эвгүйтэж байгааг илтгэх.
Уг нь МАН-ынхан эсэргүүцэл, жагсаал хийхдээ хүртэл зөөлөн буйдан сонгож, барагтай бол цагаан хоолой барьж байсан удаагүй. Гэвч, Сонгуулийн хууль, Үндсэн хууль, Улс төрийн намуудын тухай хууль гээд олон хуулийн төслийг эсэргүүцэж, Төрийн ордонд тогтож сууж чадсангүй, гудамд гарлаа. Үүнээс нь болж, өнгөрсөн долоо хоногт хэлэлцэх ёстой байсан 10 гаруй хуулийн төсөл гацаж, хугацаа алдав. Энэ долоо хоногт ч дээрх хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх нь эргэлзээтэй. Учир нь, МАН-ынхан Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж, хүссэнээр нь хийхгүй бол төрийн ажлыг төө ч ахиулахгүй тухай тус намын генсек нэмж мэдэгдэв. Ингэснээр сөрөг хүчингүй, МАН-д итгэж УИХ-д илгээсэн иргэдийн санал ирэх өдрүүдэд ч үнэгүйдэх бололтой. Ямартай ч, МАН-ынхан АН-аас дутахааргүй гудамж талбайд жагсаж, цуглаж чадна гэдгээ эдгээр өдрүүдэд батлан харууллаа.
Бага хурлаараа сонгуулийн бэлтгэлээ базаав
Төрийн ажлыг тэр чигт нь орхисон МАН-ынхан өнгөрсөн бямба гарагт намынхаа байран дээр III бага хурлаа хийв. Намын дарга М.Энхболд нь сүүлийн 25 жилд алдаа оноо их байсан ч АН-ын эрх барьсан сүүлийн гурван жил гаруй шиг улс төр, эдийн засгийг тартагт нь тултал доройтуулж байсангүй гэдгийг улс төрийн илтгэлийнхээ эхэнд онцолж байна. Ингэхдээ тэрээр эдийн засаг доройтсон, өр ширэндээ баригдсан гэдгийг “Чингис”, “Самурай” зэрэг бондоор жишээлэн ярьж байна. МАН үндсэндээ бондын зарцуулалтыг сүүлийн үед түлхүү ярьж, үрэлгэн зардал их байгаа тухай шүүмжлэх болсон. Гэвч, энэ мөнгөний эх үүсвэрээс хамгийн их хүртсэн нь МАН-ынхан өөрсдөө болж таарсан. Үүнээс гадна, эдийн засгийн өндөр өсөлттэй, баялагийн үнэ өндөр байх үед МАН-ын буюу С.Баяр, Сү.Батболдын Засгийн газар үр шимийг нь гаргаж чадаагүй жишээ бий. Оюутолгойгоос гэхэд л 250 сая ам.долларын урьдчилгаа төлбөр авч, иргэдэд тараагаад аманд ч үгүй, хамарт ч үгүй болсон. Үүний дараа Сү.Батболдын Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” компаниар дамжуулан Хятадын төрийн өмчит “Чалко” компанитай нүүрс нийлүүлэх гэрээ байгуулж урьдчилгаа төлбөр болох 350 сая ам.долларыг хүүтэй зээлж, дахин тараахаар болсон нь өнөөг хэр төлөөгүй хэвээр байна.
Мөн 2006-2012 оны хугацаанд Монгол Улс 1855 км авто зам тавьж байсан. Харин 2013-2014 оны хооронд буюу ганцхан жилийн дотор 2656 км авто зам тавьсан нь сүүлийн долоон жил өрнөөгүй бүтээн байгуулалт байв. Мөн Эрчим хүчний салбарт 139.6 сая ам.доллар зарцуулахаар болсны 35 сая ам.доллараар нь III цахилгаан станцад өргөтгөл хийсэн нь сүүлийн 30 жил байгаагүй бүтээн байгуулалт байсан гэдэг нь саяхан дэлгэгдсэн үзэсгэлэнд онцлон яригдаж байв. Ингэснээр эдийн засаг идэвхгүй үед бид эрчим хүчээ дотооддоо хангах бүрэн боломжтой болсон юм. Сэргээгдэх эрчим хүч, шинэ эрчим хүчний эх үүсвэр зэргээр одоо ч Чингис бонд үр ашгаа өгсөөр байгаа. Харин барилгын салбарт 1998-2013 онд 25 мянга 366 хүн жилийн 1-20 хувийн хүүтэй орон сууцны зээлд хамрагджээ. Тэгвэл Чингис бондоос барилгын салбарыг дэмжих зорилгоор 1.6 их наяд төгрөг оруулснаар 2013 оны зургадугаар сараас хойш найман хувийн хүүтэй орон сууцны зээлд 60 гаруй мянган айл хамрагдаж, 200 мянга орчим хүн орон сууцанд амьдарч байгаа юм. Гэтэл УИХ-ын З.Энхболдын хэлснээр МАН-ын хуульч ҮХЦ-д маргаан үүсгэснээр өнөөдөр найман хувийн хүүтэй орон сууцын зээл цаашид олгогдох уу гэх асуудал үүсчээ. Гэвч, МАН-ынхан Сонгуулийн хуулийг батлахгүй бол хууль батлах үндсэн үүргээ хэрэгжүүлэхгүй гээд гэр бариад суучихлаа.
Мөн намын дарга М.Энхболд нь 2015 оныг “... 2016 оны УИХ-ын болон орон нутгийн хурлын сонгуулийн бэлтгэлийг хамтын хүчээр бүрэн хангаж ажиллах жил” болгон зарласан гэдгээ ил тодоор бага хурлын үеэрээ хэлж байна. Чухамдаа, энэ улсын эдийн засаг, улс төрийн хямралыг даван туулах, шийдвэр гаргах зорилготой гэж байсан “Бид хамтдаа” чуулган нь ирэх оны сонгуулийн бэлтгэлийг хангах, улс төрийн компанит ажил байсан гэж хэллээ. Улс орны өмнө тулгамдаж байгаа олон асуудал байгаа ч жилийн өмнөөс сонгуульд санаа зовж эхэлсэн нь үнэн чанартаа энэ байж. Үүнээс гадна МАН-ын Сонгуулийн мөрийн хөтөлбөрийн төслийг урьдчилсан байдлаар боловсруулан хэлэлцэж байгаа бөгөөд сонгуулийн санхүүжилт, зохион байгуулалт, сурталчилгааны ерөнхий схем, арга зүйг тодорхойлох, орон нутгийн салбар ажлын хэсгийг байгуулах ажлууд хийгдэж байгаа гэнэ. Харин улс төрийн сонгуультай холбоотой хууль эрх зүйн орчин нэг мөр болоогүй байгаа нь сонгуулийн бэлтгэл ажилд зарим талаар нөлөөлж байгаа гэж тус намын даргын улс төрийн илтгэлд мөн дурдагдав. Тиймээс Сонгуулийн тухай хуулийг баталчихвал, сонгуулийн ажилдаа ханцуй шамлан орох гээд байгаа аж.
Ямартай ч МАН-ын дарга М.Энхболд илтгэлийнхээ төгсгөлд найман асуудлаар чиглэл өгсөн нь бүгд УИХ-ын болоод бусад сонгуулийн талаар байв. Жишээ нь, “Сонгуульд нэр дэвшигчийн имиджийг бүрдүүлэх, намын бодлого, хөтөлбөрийг олон түмэнд ойлгуулан сурталчлах асуудлаар үзэл суртлын давшилт хийж, ухуулга сурталчилгааны ажлын орчин цагийн шинэлэг арга хэлбэрийг оновчтой ашиглах шаардлага тавигдаж байна” гэдгийг гишүүддээ уламжилж байсан юм. Уугуул намынхан ингээд сонгуулийн шоугаа эхлүүллээ.