2000 оны зун Сара өөрийнхөө зохион бүтээсэн бүсэлхийгээр нарийн харагдуулдаг трикогоо патентжуулахын тулд түүнд итгэж хамтран ажиллах хуульч хайгаад гүйж явав. Гэвч хуульчид түүний яриаг сонсоод шал дэмий зүйл хэмээн хүлээж авч буцаана. Нэг хуульч далд нуусан камертаа Атлантаас ирсэн бүсгүй түүнийг хэрхэн хачин санаандаа итгүүлэх гэж оролдож, айлгаж байгааг бичиж авч байлаа. Гэвч Сара энэ бүхэнд бууж өгөхийг хүссэнгүй. Тэрээр хуульчийн тусламж авалгүй өөрөө бүхий л баримт бичгээ бүрдүүлэн Оюуны өмчийн газарт хандан “Энэ бол Сара Блейклигийн бүтээл” гэсэн патентын өргөдөл гаргалаа. Өнөөдөр түүний “Spanx” брэнд дэлхийн 40 оронд 11500 дэлгүүрт зарагдаж байна. 2012 оны “Forbes” түүнийг өөрийнхөө хөрөнгийг зөвхөн өөрийн хүчээр буй болгосон хамгийн залуу эмэгтэй тэрбумтнаар тодруулсан юм. Мөн дэлхийн нөлөө бүхий 100 эмэгтэйн нэгээр өнөөдөр Сараг нэрлэдэг.
Флоридагийн Клиэруотер хэмээх жижигхэн хотод 1971 онд төрсөн Сара энгийн хуульч, зураачийн охин юм. Сургуулиа төгсөөд тэрээр аавынхаа мэргэжлийг өвлөн хуульч болно хэмээн хэд хэдэн удаа шалгалт өгсөн боловч тэнцээгүй аж. Тиймээс Диснейлэндэд мэндлэгчээр хэсэг ажиллаж үзэв. Гурван сарын дараа “Danka” компанид гар утасны дуудлага хүлээн авах болоод факс хүргэх туслахын ажилд оржээ. 27 нас хүртлээ тэрээр өөрийгөө 1 тэрбумын хөрөнгийн эзэн болно гэж төсөөлөө ч үгүй бөгөөд утасны дуудлага хүлээн авах, факс илгээх ажилд зүтгэж байв. Мэдээж тэрээр нарийн бичиг, туслах ч гэлээ залуу бүсгүй учраас аль болох сайхан харагдахыг хичээж байлаа.
17 настай байхдаа нэгэн үдэшлэгт явах гээд нарийхан өмднийхөө дотуур өндөр суудалтай трико өмссөн боловч, шаахайгаа өмсөхөд их эвгүй байсан учраас трикогоо тайрч, дээд талын хэсгийг нь өмссөн нь санаанаас нь гардаггүй байв. Харамсалтай нь бүх л оройн турш трико нь тайрсан хэсгээрээ дээш шамлагдан бөөгнөрч, эвгүй оргиж явсан аж. Сара “Яахаараа эмэгтэй дотуур хувцсыг санаснаараа засч болохооргүй хийчихдэг байна хэмээн бодоод эцэст нь эрэгтэй хүн л хийж байгаа учраас хэмээх хариулт өөртөө олжээ.
Мэдээж “Victoria s Seсret”-ийн дотуур хувцас хийгээд богино банзлыг эрчүүд хийж чадна. Тэд гоёмсог байдлыг түлхүү анзаараад тав тухыг орхигдуулчихдаг гэдгийг Сара тун сайн мэдэж байв. Тиймээс зах зээлийн судалгаа хийж үзээд хачин дүгнэлт гаргав. Нэгдүгээрт, эрчүүд хийсэн трикогоо амьд хүн дээр биш энгийн нэг модель дээр туршиж үздэг. Үр дүнг нь тэд чив чимээгүй байдлаар хүлээж авдаг. Хоёрдугаарт, хэнбугайн нь ч мэргэжил, ажиллаж буй салбараасаа шалтгаалж бүсгүйчүүдийн өмсч буй трико өөр өөр мэдрэмж төрүүлж болох талаар судлаагүй байсан гэнэ. Гуравдугаарт, бүсгүйчүүд өндөр намаас үл хамааран бүсэлхийний тойргоосоо шалтгаалан дотуур хувцас өмсөхийн тулд багагүй зардал гаргаж байгааг төдийлэн загварын салбарынхан анзаарч хардаггүй байж.
Ийм дүгнэлтэд хүрсэн “Danka” компанийн ажилтан Сара бүсэлхийн тойрогт аль болох тааламжтай байх трикогоо зохион бүтээж, патент аван энэ салбартаа монополь болохыг хүсэв. Эхлээд тэрээр суналттай утас, нэхээсний тусламжтайгаар бүсэлхийнээс мултраад байдаг “дэггүй” трикогоо засах аргыг олов. Дараа нь үүнийг нь үйлдвэрлэж чадах үйлдвэр хайн бэдрэв. Чадахгүй, болохгүй, үгүй гэсэн хариулт авсаар байсан ч ажлаасаа чөлөө аваад өөрийн биеэр үйлдвэрүүдээр явж үзэхээр шийджээ. Ингээд Өмнөд Каролинийн нэгэн үйлдвэрт очиж үзсэн ч татгалзсан хариу аваад гарчээ. Явсаар Highland Mills хэмээн үйлдвэрийн эзэнтэй уулзаж, өөрийн саналаа уламжилсан гэнэ. Үйлдвэрийн эзэн “за” гэж толгой дохиогүй ч бодож үзье гэсэн хариу хэлжээ. Тэрээр гэртээ очоод охиддоо Сарагийн санааг санамсаргүй байдлаар ярьтал охид нь “Та л үүнийг үйлдвэрлэ. Наадах чинь ёстой сайхан санаа байна” хэмээн аавдаа тулган шаардсан гэнэ. Үнэндээ Сарад хуримтлал гэж 5000 ам.доллар л байлаа. Гэвч тэрээр үйлдвэрийн эзэнд хүссэн зүйлийг нь үйлдвэрлэж чадвал гүйлгээтэй бараа байж чадна гэх итгэл төрүүлж чадав. Шинэхэн трико нь бүсэлхийг аятайхан харагдуулах бөгөөд бөөгнөрч хунираад байхгүй уян, өндөр суудалтай байхаар хийгдэв.
За одоо яаралтай патент авах шаардлагатай гэдгийг Сара маш сайхан мэдэж байсан учраас хуульчдад хандлаа. Түүний төслийг хүлээж авсан хуульч нь 3000 ам.долларын урьдчилгаа шаардахад Сара өөрөө энэ бүхнийг хийж чадах юм шиг санагдаж бүхий л бичиг баримтаа өөрөө бүрдүүлэв. Тэрээр хөрөнгө оруулагч олох, зээл авахын тулд ямар ч алдаа гаргах ёсгүй байлаа. Ингээд хуульч биш өөрийнхөө хүчээр патент авахад 700 доллар зарцуулав. Мөн 300 долларыг “Spanx” хэмээн нэр авах, бараандаа энэ шошгыг зүүхэд зарцуулав. Харин 150 ам.долларыг компанийнхаа нэрийг авч өөрийн гэсэн компанитай болоход зориуллаа.
Эхний бараа бэлэн болсон бөгөөд 2000 онд “Spanx” дэлгүүрийн лангуунд гарах боломжийн төлөө өрсөлдөх шаардлагатай болов. Америкийн хамгийн том сүлжээ дэлгүүр болох “Neiman Marcus” худалдааны менежерт бараагаа танилцуулах 10 минут авахын тулд Сара “Danka”- гаас халагдах эрсдлийг ч мартав. Танилцуулгын үеэр тэрээр дэлгүүрийг төлөөлж буй бүсгүйг угаалгын өрөө рүү ороход нь өөрийн барааг өмсч үзэхийг санал болгож, ятгаж дөнгөв. Ингээд гэрээгээ үзэглэж, эхний бараагаа тус дэлгүүрийн долоон сүлжээний лангуунд гаргаж дөнгөв.
Сара дунд сургуулийнхаа найзаас худалдааны төвөөр орохдоо дотуур хувцасны тасгийн худалдагчаас чанга дуугаар “Spanx” асууж, түүнээс худалдаж авахыг хүсч байгаагаа, биед хэрхэн тохиромжтой байдаг талаар ярихыг хүссэн байна. Тэр өөрөө ч дэлгүүрийн кассны ойролцоо зогсоод бараагаа танилцуулж эхлэв.
Мөн Опрагийн шоу руу өөрийнхөө барааны дээжээс илгээсээр. Гэтэл Опра Сарагийн трико нь дотуур хувцасны салбарт хийсэн нэгээхэн хувьсгал болжээ хэмээн өөрийн нэвтрүүлгээр зарлав. Үнэхээр үлгэр шиг сонсогдож байна уу. Тийм ээ, яг л үлгэр шиг.
Маргааш нь Опра өөрийн сурвалжлах багийн 10 гаруй хүнийг Сара руу илгээв. Хэдэн арван ажилтантай, томоохон компанийн оффист очино гэсэн төсөөлөлтэй байсан сурвалжлах баг Сарагийн гал тогооны өрөөнд зочлов. Хоёр найзынхаа хамт тэрээр гэртээ ажиллаж байсан учраас зураг авалтын багийнхан хоёр өрөө байрыг нь оффис болгон хувиргахаас ажлаа эхэлсэн гэдэг.
Ийнхүү Опрагийн нэвтрүүлгийн дараа Neiman сүлжээ дэлгүүрийн араас Bloomingdale, Saks, Bergdorf Coodman зэрэг дэлгүүр захиалга өгөв. Мөн өөрийн интернэт дэлгүүрийг нээсэн юм. 2003 онд Брэнсоны “Rebel Billionaire” хэмээх шоунд Сараг урив. Энэхүү шоунд оролцож буй 16 бизнес эрхлэгч бие бялдар, оюун ухаан, ёс суртахууны хэд хэдэн сорилтонд орж ялагч тодордог. Сара ялагч болоогүй. Гэхдээ 5,5 сая үзэгчид өөрийн “Spanx” компанийг танилцуулж, ноён Ричардтай нөхөрлөв. Брэнсон, Опра хоёр Сарагийн хувьд гол хөдөлгүүр бас багш нь, сурталчилгаа нь болов. Английн маркетингийн дүрмийн дагуу тэрээр бараагаа өөрөө сурталчлах нь зөв юм гэсэн баримтлал гаргалаа. Учир нь хэний ч мөрөөдөөд хүрэхэд бэрх моделиудын гоёмсог царай зүс, бие бялдар түүнд байхгүй. Гэхдээ илүү бодит харагдах нь эмэгтэйчүүдэд таалагдана гэсэн итгэлтэй байлаа. Тэрээр маш их аялж, маш олон хүлээн авалтанд оролцох болов. Бүүр хүмүүнлэгийн хандивын уулзалт дээр ч тэр өөрийнхөө барааг сурталчилж байлаа.
Сара Опратай шийдэмгий, зарчимч нийтэч чанараараа тун ижилхэн байсан юм. Тэр өөрийнхөө ойр орчмын хүмүүсийн чадварыг үнэлж чаддаг. Ээж нь зураач учраас барааны шошгыг нь хийж, эмээ нь туршигч шүүмжлэгчээр ажиллаж байв. Ажлын ямар ч туршлага байхгүй бас өндөр боловсролгүй найз бүсгүйгээ тэрээр бүтээгдэхүүний хөгжүүлэлт хариуцсан захирлаар ажиллуулав. Мөн өөр нэг найзыгаа ажлын туршлагаас илүү түүнтэй хамт бүтээгдэхүүнийх нь талаар хэдэн цагаар үргэлжилсэн яриа өрнүүлж чаддагийг нь үнэлж сурталчилгааны менежерээр томилов. “Spanx”-ийн ерөнхий захирлаар тэрээр Coca-Cola компанийн топ менежерээр ажиллаж байсан Лори Энн Голдманыг сонгов. Лори Энн ч Сарагийн саналыг удаан бодолгүй зөвшөөрсөн байдаг. 2005 онд Сара Опрад талархсан сэтгэлээ илэрхийлэн түүний сайн үйлсийн санд 1 сая ам.доллар хандивласан байдаг.
“Заавал урамшуулж байх ёстой хөдөлмөр бизнест маш чухал. Миний компанийн хувьд Эшли Китон, Дэвид Василевски нар бол ийм хүмүүс. Эшли компани байгуулагдсан цагаас эхлэн барааны сав боодлын дизайн болон сурталчилгааны материал дээр ажиллаж байгаа. Манай компанийн удирдлагад байгаа ганц эр хүн бол Дэвид. Тэрээр үйл ажиллагаа хариуцсан захирлын албыг гайхамшигтай гүйцэтгэгч” хэмээн Сара үнэлдэг.
Ийнхүү хэдэн жилийн эцэс төгсгөлгүй PR ажиллагаа, уйгагүй хөдөлмөрийн дүнд Сара Блэйкли Америкийн шинэ үеийн үлгэр дууриал болж чадсан юм. Тэрээр мөнгөний талаар “ мөнгө олох хөгжилтэй ч бусадтай хуваалцах, үрэх нь бүүр хөгжилтэй” гэж хариулсан байдаг. Сара манай сайт бол нэг талаар томчуудын орох дуртай ертөнц болдог юм шүү хэмээн хошигнодог гэнэ. Энэ бүсгүй илүү нээлттэй байж чаддаг учраас мянга мянган хэрэглэгчийг магадгүй өөртөө татдаг ч байж болох. Сарагийн амжилтын стратеги тун амархан. “Өөрийнхөө бизнесийн тухай хашгирч болох бүхий л чадлаараа хашгир” гэдэг л зарчим. Бусад фирмийн бүтээгдэхүүний боодол дээр үзэсгэлэнт модель бүсгүй байдаг бол түүний модель нь хөгжилтэй шаргал үст Санни. Өнөөдөр тэрээр зөвхөн трико үйлдвэрлэгч биш. Усны хувцас, хөхөвч, богино өмд, корсет, спортын хувцас, оймс мөн эрчүүдэд зориулан майк ч хийж байгаа. Тэрээр энэ 15 жилийн хугацаанд өөрийн үндсэн зарчмаа төдийлэн өөрчилсөнгүй. Мөн өөрийн компанийн активыг ч бусадтай хуваалцахыг хүссэнгүй. “Spanx” компанийн орлого 2001 онд жилд 400 мянган ам.доллар байсан бол 2011 онд 250 сая ам.долларт хүрсэн юм. Өнөөдөр түүний шууд удирдлагад 125 хүн ажиллаж байгаагийн 16 нь эрэгтэй. Бразиль, Франц, Өмнөд Европ, Орос, хятад, Энэтхэгт өөрийн гүрнээ өргөтгөж байгаа. 2012 онд Уолл Стриттын хөрөнгө оруулалтын банкнаас “Spanx”-ыг 1 тэрбумын хөрөнгөтэй хэмээн үнэлсэн бөгөөд энэ нь 100 хувь Сарагийнх гэдгээр нь тодотгосон байдаг. Заримдаа Сара санаатайгаар тэрбумтан биш түүний хөрш мэт дүр төрх бүрдүүлэх нь бий. Жишээ нь, тэр чухал уулзалт бүртээ хуучин улаан цүнхээ барьж явдаг. Учир нь түүнд аз авчирдаг гэдэгт итгэдэг. Гэхдээ 5000 ам.долларын хуримтлалтай жирийн бүсгүйн бүтээн босгосон энэхүү компани цаашид ингэж гэрлийн хурдаар явж чадах уу гэдэгт шинжээчид эргэлзэж байна. Америкийн судалгааны нэгэн компани Сара Опрагийн хүчээр таван жилийн дотор зөвхөн өөрийнхөө зах зээл дээр орлогоо зуу дахин өсгөж чадсан. Харамсалтай нь, 2011 оноос тус компанийн бүтээгдэхүүний борлуулалт уруудах тал руугаа ороод буй. Америкийн зах зээл дээрх орлогоо жилд арай ядан 7 хувьтай өсгөж байхад Канад дахь орлого нь 47 хувиар буурсан байна. Хэрвээ цаашдаа зах зээлээ хамгаалахыг хүсч байвал өөрийнхөө сая сая хэрэглэгчийн хэрэглээнд хувьсгал хийх хэрэгтэй. Мэдээж тус компанийн бүтээгдэхүүнийг хэрэглэдэг бүсгүйчүүдийн 90 хувь нь тэдний бие галбирыг илүү сайхан харагдуулдаг гэж хэлдэг ч өдөр бүр өмсдөггүй гэдгээ тодотгодог. Гэвч Сара өнөөгийн бүсгүйчүүдийн хувьд жинхэнэ “үнсгэлжин” хэвээр байна