Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Өнөр бүл”-д инээд цангинасан нэг өдөр

Н.ГАНЦЭЦЭГ

Хүүхэд, гэр бүл хөгжлийн “Өнөр бүл” төв нь манай улсын хамгийн том гэр бүл. Тус төвд бүтэн болон хагас өнчин хүүхдүүд сурч, амьдрахын зэрэгцээ сэтгэцийн өвчтэй, хорих ангид хүмүүжиж байгаа болоод хөдөлмөрийн чадвараа 70 хүртэлх хувиар алдсан, хуулиар эрхээ хязгаарлуулсан иргэдийн харж хандах хүнгүй хоцорсон 2-18 насны хүүхдүүд ирдэг аж. Өнөөдрийн байдлаар 210 гаруй хүүхэд  сурч, хүмүүжиж байгаа  юм. Бүтэн болон хагас өнчин хүүхдүүдийг эс тооцвол төвийн хүүхдүүдийн 30 гаруй хувь нь гэр бүлийн хүчирхийллийн улмаас ирсэн гэдэг.

Тиймээс гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох, иргэдэд энэ талын мэдлэг олгох зорилготой “Бүтэн хайрыг гэр бүлдээ” зорилтот аян тус төвд үргэлжилж  байгаа юм. Аянг санаачлагч Улаанбаатар хотын цагдаагийн газрын гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тасгийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад Э.Баярбаясгалан “Хүүхэд бол бидний тусгал. Тиймээс бүтэн хайрыг амсаж чадаагүй ч, мэдрүүлье гэсэн үүднээс өнөөдрийн арга хэмжээг зохион байгуулж байна” хэмээн өдөрлөгийн үеэр хэлсэн. Үнэхээр л бүтэн хайрыг эцэг,  эхээсээ амсаж чадаагүй тэдэнд нэг өдөр ч болов бүтэн хайрыг мэдрүүлэх нь бидний ирээдүйдээ оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт юм. Энэ өдөр хүүхдүүдийн үсийг засч, “Талх чихэр”, “АПУ” зэрэг компани бүтээгдхүүнийхээ дээжээс бэлэглэж, тэднийг баярлуулсан юм.
 “Өнөр бүл” төвийн үлээвэр хөгжмийн хамтлаг зочиддоо зориулж уран бүтээлээ хүргэв. Батлан хамгаалах их сургуулийн үлээвэр хөгжмийн багш, сонсогчид үлээвэр хөгжмийн дугуйлан тус төвд хичээллүүлж эхэлснээр олон хамтлаг байгуулагджээ. Урлаг, спортоор хүүхдүүдээ хүмүүжүүлэхийг багш нар хичээдэг учраас “Өнөр бүл”-ээр овоглосон 10 гаруй хамтлаг бий болжээ.  Саяхан л гэхэд “Өнөр бүл”-ээр овоглосон язгуур урлагийн “Манан” хамтлаг “Авъяаслаг Монголчууд” шоуны шилдэг 32-т үлдэж, хагас финалийн шалгаруулалтад амжилттай оролцжээ. “Тус шоунд оролцсноор хүүхдүүдийн өөртөө итгэх итгэл нэмэгдэж, авъяас чадвараа хөгжүүлж, хөдөлмөрлөж чадвал ирээдүйд ямар их боломж хүлээж буйг мэдэрсэн” хэмээн нийгмийн ажилтан хэлэв. Түүнчлэн “Манай төвд ирж байгаа хүүхдүүдийн ихэнхи нь ээж, аавыгаа үзэн ядсан байдаг. Энэ  тал дээр манай багш,  ажилчид анхаарч, олон төрлийн ухуулга сургалт, зөвлөгөө явуулсны дүнд хүүхдүүд эцэг, эхийнхээ энэ орчлонд төрүүлсэн ачийг бага ч болов ойгож эхэлдэг” хэмээн захирал Б.Бурмаа хэлсэн юм. Өнөөдрийн байдлаар 1000 гаруй хүүхэд ажил, амьдралын гараагаа эндээс эхлэн өрх тусгаарлажээ.
 “Бүтэн хайрыг гэр бүлдээ” зорилтот аян гэр бүлийн хүчирхийлэл бол гэмт хэрэг гэдэг ойлголтыг олон нийтэд  өгөхөд чиглэгдэж буй. Аавынхаа гарт ээжийгээ амиа алдахыг харсан гэр бүлийн хүчирхийллийн гэрч, золиос болсон хүүхэд ч энд бий. Ийм амьдрал туулсан, туулах хүүхэд дахин бүү гараасай. Ямартаа ч, янз бүрийн шалтгаанаар “Өнөр бүл” гэх нэгэн дээвэр дор, нэгдэн цугласан үрс нэг өдрийг инээж, хөөрч өнгөрүүллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан