Зам засварын ажлын талаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Авто замын газрын дарга Н.Энхтөртэй ярилцлаа.
-Өнөөдрийн байдлаар урсгал засвар болон шинээр барих замын ажлын явц ямар байна вэ?
-Авто замын урсгал засвар арчлалт болон шинээр барих замын ажилд энэ жил нийт 500 гаруй тэрбум төгрөг улсын төсвөөс төсөвлөсөн. Үүнээс 10 орчим тэрбум нь замын засварт зарцуулагдах юм. Одоогоор урсгал засвар арчлалтын ажил эхэлсэн. Манай мэргэжилтнүүд газар дээр нь очиж, заавар зөвлөгөө өгч, хийх ажлаа тогтоон график төлөвлөгөөнийхөө дагуу засварын ажил ид дундаа явж байна.
-Шинээр барих замын тухайд...?
-Ажил нь эхэлсэн. Өнгөрсөн онуудад гадаадын зээл, тусламж болон улсын төсвийн хөрөнгөөр эхлүүлсэн олон ажил бий. Өмнө нь эхлүүлсэн 1000 орчим километр замын ажил үндсэндээ үргэлжлээд явж байна. Энэ жил шинээр эхлүүлэх зам, гүүрний ажил нэлээд хэд байгаа. Одоогоор Сайншанд-Хамрын хийд чиглэлийн 42 километр, Төвхөн хийд чиглэлийн аялал жуулчлалын 90, Партизан, Батсүмбэр хүрэх 17, Борнуур-Жаргалант чиглэлийн есөн километр замын ажил эхлээд байна. Мөн энэ жил Хөгжлийн банкны хөрөнгөөр 1500 гаруй километр урт 10 гаруй замын ажил хийх ёстой. Тус банкны санхүүжилтээр тавих зам түрүүчээсээ эхэлсэн. Ирэх долоо хоногт Мөрөн-Улаанбаатарын 79 километр, Баруун урт-Улаанбаатарын 132, Архангай аймгийн Солонготын даваанаас Тосонцэнгэл хүртэлх 127 километр, Улиастайгаас Улаанбаатар чиглэсэн 67 километр зам эхлэхээр бэлтгэлээ хангаад явж байна.
-Гадаадын зээл тусламжаар тавих зам олон байгаа гэсэн?
-Азийн хөгжлийн банкны зээл, тусламжийн хөрөнгөөр баригдах Ховдын Манханаас Бага улаан даваа чиглэлийн 103 километр, Увсын Улаангомоос нааш чиглэсэн 97 километр замын ажил ирэх долоо хоногт эхэлнэ.
-Төлөвлөгөөнд орсон ч ямар нэг шалтгаанаар хойшилсон замын ажил бий юү?
-Улсын төсвийн хөрөнгөөр барих замаас долоо, найм нь хойшилсон. Тендерт оролцсон компаниуд нь шаардлага хангаагүйгээс буцсан. Мөн зарласан тендер нь дүгнэгдэх шатандаа яваа, компаниуд оролцоогүй, зураг төсөвт нь өөрчлөлт орох шаардлага гарсан гэх мэт шалтгаанаар хойшилсон юм.
-Тухайлбал?
-Төв аймгаас Налайх чиглэлийн 25 километр замын тендерийг хоёр дахь удаагаа зарлаад дүгнэгдэх шатандаа явж байгаа. Эхний тендерт орсон компаниуд нь шаардлага хангаагүйгээс амжилтгүй болж, дахиад зарласан юм л даа. Тэрхийн цагаан нуурын 100 километр замын тендер мөн л зарлагдаж дүгнэх шатандаа яваа. Одоогоор гүйцэтгэгч нь тодроогүй гэсэн үг. Налайх Агуйтын хөтөл, Тэрэлжийн 30 километр замын тендер, Өвөрхангай чиглэлийн 40 километр замд шинэчлэл хийхээр дахин тендер зарласан явж байгаа. Мөн Хөгжлийн банкны санхүүжилтээр барих 10 гаруй замаас ажил нь эхлээгүй хэд хэд бий. Гэхдээ тендер нь зарлагдаад материал нь шалгагдах, гэрээ байгуулах шатандаа яваа. Удахгүй эдгээр замын ажил эхлэх байх.
-Улсын чанартай замуудад хийх урсгал засвар арчлалтын ажил хэдэн хувьтай явж байна вэ?
-График төлөвлөгөөнийхөө дагуу явж байгаа. Ажлын явцыг нь хувилж гаргахад хэцүү л дээ. Учир нь, графикийн дагуу зэрэг эхэлдэггүй болохоор. Яахав графикийн дагуу хийсэн ажлыг тооцвол 90 хувьтай гэж ойлгож болно.
-Шинээр тавих замын ажилд хүндрэл бэрхшээл гарч байх юм уу?
-Бэрхшээл байна. Зураг төсөл хийгдээд хоёр, гурван жил болсны дараа тавигдсан холбоо шилэн кабелийн шугамууд яг одоо замын трасс дээр таараад байна. Тэр шугамыг зайлуулах эсвэл замын чиглэлээ өөрчлөх шаардлагатай болно. Аль нэгийг нь сонгоно гэхээр төсөв мөнгө хэрэгтэй болно гээд тоочвол бэрхшээл нэлээд бий. Мөн зураг төсөл гаргадаг байгууллагууд хайхрамжгүй ажиллаж байгаагаас замын ажил яг хийгдэж эхлэхээр түүх дурсгалын хөшөө чулуу, хэрэгсүүр таарах байдал ч гарч байна. Дахиад л хөрөнгө мөнгийг нь шийдэж, дахин судалгаа, малталт хийх болдог. Гэхдээ бид ийм асуудлуудыг тухайн үед нь хөрөнгө мөнгө гаргаж шийдвэрлээд явж байна. Гол нь, олонхи хүндрэл бэрхшээл нь зургийн байгууллагын ажилтай холбоотой байдаг. Тиймээс зургийн байгууллагууд судалгааны шатны ажлаа сайжруулахгүй бол болохгүй нь. Хэрэв ямар нэг шугам тавих гэж байгаа бол тухайн байгууллага замын байгууллагын зураг төсөлтэй танилцаж, хаагуур зам тавих талаархи мэдээллийг авч байх хэрэгтэй шүү дээ. Өөрөөр хэлбэл, байгууллагуудын хоорондын уялдаа холбоо алга. Түүнчлэн нэг, хоёр жилийн өмнө тооцож, баталсан төсөвт өртөгтэй замын тендер удаашрах байдал ч гарч байна. Инфляц , юмны үнэ хурдтай өсч байгаатай холбоотой л доо.