Хууль санаачлагчдад хэлэх үг байна. Юу вэ гэхээр, сүүлийн жилд торгууль гэдэг систем үйлчлэхээ байж. Наад захын жишээ гэхэд, саяхан манай байрны оршин суугчид ажлаа хийхгүй байна хэмээн СӨХ-ны даргыг барьж идэх нь ээ. Гэтэл дарга ”Та нар хогоо уутлаад хаячихгүй, ургуулж буй модыг хугалаад байхаар ямар урам байх юм. Нийтийн эзэмшлийн талбайг заваарууллаа, эд хогшил эвдэллээ торгоно гэхээр “солиор” гээд торгууль төлдөггүй шүү дээ” хэмээх нь тэр.
Үнэндээ ч торгуулийн систем ганц СӨХ гэлтгүй төрийн байгууллагад тулгарч буй бэрхшээл. Магадгүй, цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй гэдэгчлэн цаг үеэ дагадаг юм уу торгууль хүртэл үйлчлэх хугацаатай байхын зэрэгцээ хүчингүй болдог, бүр үйлчлэхээ ч байжээ. Тэр дундаа Монголд… Дээхнэ үед торгосон шиг торгож, хууль журмыг хатуу чанд мөрдүүлдэг байсан хэмээн ахмадууд ярих бол өнөө цагт айлгаж, ичээх төдий л болсон хэрэг л дээ. Хэчнээн хууль дүрэм яриад ч, ар талтай, нөмөр нөөлөг ихтэй компаниуд гомдолтой хэмээн зарга үүсгэн хугацаа хожиж хоёр тийш салах жишээтэй. Тухайлбал, олны анхаарлыг татсан шатахуун импортлогч компаниудын торгуулийг дурдаж болно. Валютын ханшийн өсөлт нөлөөлсөн хэмээн шатахууныхаа үнийг үгсэн хуйвалдаж нэмсэн гэж ШӨХТГ-ынхан 17 тэрбум 264 сая төгрөгийн торгууль ногдуулсан. Гэвч гомдолтой хэмээн хоёр сар гаруй явсаар эцэст нь торгууль тавьсан нөхдүүд нь хүчингүй болгов. Албан бус мэдээллээр зарим нефть импортлогч компанийн ард улс төрийн нөлөө бүхий хүн байсан учраас дарамт үзүүлэн хүчингүй болгосон хэмээн ярих юм билээ.
Олны яриа ортой гэдэг байх аа. Ийнхүү халаастай нь ярих гэсэн албаныхны хүсэл талаар болж, хуулийг гууль болгосон нөхрийн толгойг илээд өнгөрсөн нь олны гайхшралыг төрүүлсэн. Энэ мэт жишээг дурдвал олон.
Та нар ч андахгүй дээ. Монголд ядууст хууль хатуурхаж, мөнгөтэй нэгнийх нь толгойг илдэг гэж. Ямар сайндаа төрийн байгууллагууд хуулиа хэрэгжүүлэх гэж зүтгэдэг ч хэн нэгэн даргын компани эсвэл улс төрийн нөлөө бүхий хүний ах, эгч, дүүгийнх гээд хэн нэгнээр яриулаад эхлэхээр хоолтойгоо үлдэхийн тулд яалт ч үгүй хүчин мөхөстдөг гэгддэг. Нөгөөтэйгүүр, торгуулийн хэмжээ хэтэрхий бага.
Тиймээс зарим нэг аж ахуйн нэгжийн захирлын хөх инээдийг нь хүргэж, торгууль тавьсан холбогдох албаныханыг даапаалсан тохиолдол ч бий гэсэн. Зарим нэг хуулийн торгуулийн хэмжээг аваад үзье.
Тухайлбал, зам засвар эхэлсэн энэ үед авто машины зогсоол, дулааны шугам тавих нэрээр зассан замыг нь эвдэх тохиолдол цөөнгүй гардаг. Гэвч дураараа аашлагчдыг торгох мөнгөний хэмжээ тун бага. Авто замын тухай хуульд зааснаар зам эвдэж, гэмтээсэн гэм буруутай иргэнийг 5-30 мянга, аж ахуйн нэгж, байгууллагыг 100-150 мянган төгрөгөөр торгодог. Харин замаа эвдүүлсэн Авто замын газрынхан эл торгуулийн хэмжээнээс ч их мөнгөөр засдаг.
Түүнчлэн Авто тээврийн тухай хуулиар хууль тогтоомж биелүүлээгүй бол албан тушаалтныг 30-60 мянга, иргэнийг 5-30 мянга, аж ахуйн нэгж, байгууллагыг 100-250 мянган төгрөгөөр торгох жишээтэй.
Харин Валютын зохицуулалтын тухай хууль тогтоомж зөрчин эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол иргэн 5-50 мянга, байгууллага, аж ахуйн нэгжийг 50-250 мянган төгрөгөөр торгох жишээтэй. Харин Гаалийн тухай хуулиар гаалийн мэдүүлэгт бараагаа бичээгүй эсвэл худал бичих, гаалийн хяналтаас гадуур, хилийн боомтгүй газраар нэвтрүүлэх, гаалийн шалгалтаас нуун далдлах, барааны нэр төрөл, хэлбэр дүрс, баглаа боодлыг өөрчлөх, гаалийн бичиг баримт засварлах, хуурамчаар үйлдэх зэрэг хууль бусаар нэвтрүүлсэн бол иргэнийг 10-30 мянга, аж ахуйн нэгж, байгууллагыг 100-150 мянган төгрөгөөр торгоно гэжээ.
Энэ мэт иргэдийн амьжиргааны төвшинг харгалзан тогтоосон торгуулийн хэмжээ нь өнөөдөр хэтэрхий багаас айлгахаа ч байж. Түүгээр ч барахгүй салбар бүрийн торгуулийн хэмжээ адилхан гэж жигтэйхэн. Хууль зөрчсөн иргэн дунджаар 5-50 мянга, аж ахуй нэгж 50-250 мянган төгрөг байх жишээтэй. Хэрвээ учруулсан хохирол нь их бол дээд тал нь сая төгрөгийн торгууль ногдуулдаг байна. Гэтэл эл торгуулийн хэмжээ нь чадалтай нэгний хармааны мөнгө бол аж ахуй нэгжийн хувьд нэг өдрийн орлогынх нь тал хувь ч байж мэднэ. Энэ талаар ч ШӨХТГ-ын асан дарга Д. Мандах “Манай байгууллагыг хууль зөрчигчдийг өөгшүүллээ гэж шүүмжилдэг.
Гэтэл үнэн хэрэгтээ манай торгуулийн хэмжээ тун бага. Өнөөх торгуулийн хэмжээ нь хууль зөрчсөн аж ахуй нэгж, байгууллагуудын захирлын хувьд хөх инээд нь хүрмээр мөнгө байдаг. Хэчнээн бид торголоо ч, өдрийн орлогынх нь хэдхэн хувийг эзлэх мөнгө байдгаас тэдэнд цочроо өгдөггүй, дахиад л хуулиа зөрчдөг. Энэ дан ганц манайд ч биш бусад газарт ч гэсэн тохиолдож буй бэрхшээл байх аа” хэмээн ярьсан удаатай.
Үнэхээр ч төрийн байгууллагууд торгуулийн хэмжээний талаар гомдоллож байсан. Өнөөгийн амьжиргааны төвшинтэйгээ уялдуулан гаргасан торгуулийн систем өдрөөс өдөрт хөгжин, дэвжиж буй компаниудын захирлын хувьд инээд хүрмээр зоос байдаг биз. Уг нь, Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулж буй компаниуд холбогдох хууль тогтоомжийг мөрдөнө. Зөрчсөн тохиолдолд хуулийн дагуу арга хэмжээ авна, цаашлаад торгоно хэмээдэг.
Гэвч төрийн төмөр нүүрийг харуулах учиртай хууль нь гууль болж, торгууль нь ч хууль зөрчигчдийн толгойг илдэг болжээ. Улсыг улс шиг дайтай авч явж, хуулийг хууль шиг мөрдүүлэхийн тулд торгуулийн хэмжээгээ өөрчлөх цаг болжээ.