Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Т.НАРАН: Төвийн эрчим хүчний систем удахгүй хувийн компаниас хараат болно

Дулааны цахилгаан станцуудад эрчим хүчний нүүрс нийлүүлж буй “Багануур”, “Шивээ-Овоо”, “Адуунчулуун” зэрэг уурхай алдагдалтай ажиллаж байгаа талаар олон жил ярьсан. Cүүлийн үед төрийн өмчит эдгээр уурхай нүүрсний үнээ нэмэх гэж байгаа талаар мэдээлэл гарч эхэллээ. Ингээд энэ талаар “Монгол нүүрс ассоциаци”-ийн захирал Т.Нарангаас тодрууллаа.
 
-“Багануур”, “Шивээ-Овоо” зэрэг төрийн өмчит компаниуд нүүрсний үнээ нэмэхээр болсон гэсэн үү?
-Өнгөрсөн оны долдугаар сарын 1-нд нүүрсний үнээ нэмнэ гэчихээд өнөө хүртэл сураггүй байна. Эрчим хүчний үнэ нэмэгдсэн атлаа нүүрснийхээ үнийг хүчээр бариад байж болохгүй. Эрчим хүчний хороонд уурхайнууд тооцоогоо хийгээд өгчихсөн л байгаа. Нэмэх, нэмэхгүй талаар одоо хариулт өгөх боломжгүй.

-Нүүрсний үнийг хэд болговол уурхайн удирдлагуудын амнаас алдагдал гэсэн үг гарахгүй байх вэ?
-ДЦС-ууд ”Багануур”-аас нэг тонныг нь 20 мянга, “Шивээ-Овоо”-гоос 15 мянган төгрөгөөр авдаг. Тэгэхээр нэг кг нүүрс 20 төгрөг гэсэн үг. Гэр хорооллын айлууд жижигхэн шуудай нүүрсийг 2000 төгрөгөөр худалдаж авдаг. Шуудай ч гэж дээ таван кг орчим нүүрс. Хэрвээ “Багануур”, “Шивээ-Овоо”-гийн нүүрсийг торлоод зарвал нэг кг нь 20 төгрөг юм чинь 100 төгрөг болно. Гэтэл иргэдийн 2000 төгрөгөөр худалдаж авдаг нэг шуудай нүүрсийг цахилгаан станцууд дээрх уурхайнуудаас 100 төгрөгөөр авдаг байхгүй юу. Ингэж үнэлэхээр алдагдалтай ажиллахаас өөр яах юм.

-Уурхайнуудын нэг тонн нүүрс олборлож буй өртөг хэд юм бэ?
-“Багануур”-аар жишээ татахад, нэг тонн нүүрс олборлож буй зардал нь 23 мянган төгрөг. “Шивээ-Овоо”-гийнх 20 мянган төгрөг. “Шивээ-Овоо”-гийн эзэмшилд үлдсэн жаахан талбайг компанид нь бус “Эрдэнэс МГЛ”-д өгчихсөн. Тэгэхээр “Шивээ-Овоо” өөрийн гэсэн юмгүй оператор компани болчихсон.  “Эрдэнэс МГЛ” төрийн компани мөртлөө “Шивээ-Овоо”-гоос ордоо ашиглуулсныхаа төлбөр авдаг гэж авдаг.

-Ингэж орд ашиглуулсны түрээсийн төлбөр гэж хэдийг авдаг юм бол?
-Сар болгон 15 сая төгрөг авдаг. Энэ бол маш том аюул. Дээрх төрийн өмчит компаниудын ирээдүйн дүр зураг энэ. Цахилгаан станцууд төрийн өмчит юм чинь хувийн компаниудаас удахгүй нүүрсээ авч эхлэх болно. Улс орноо дулаан, цахилгаантай болгохын тулд хувийн компаниудаас түрээслэх юм уу, эсвэл өндөр үнээр худалдаж авах цаг ирнэ. Хувийн компаниуд хэзээ ч одоогийн төрийн өмчит уурхайнууд шиг алдагдалтай үнээр наймаа хийхгүй. Дэлхийн зах зээлийн үнээр л өгнө, авбал ав гэх тэр цагт яах юм бэ. Тэр үед эрчим хүчний үнэ юу болох  вэ. Дулаан, цахилгааны үнэ өнөөдөр ийм эрсдэлтэй нөхцөлд тулчихсан.

-Төрийн мөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газар болох “Багануур”, “Шивээ-Овоо”, “Адуунчулуун” зэрэг нүүрсний уурхай ихэнх талбайгаа хувийн компанид алдчихсан. Аргаа бараад ҮАБЗ-өөс өнгөрсөн өвөл амь гуйсан хэдий ч таг. Гэтэл өнөөдөр ийм аюул хаяанд ирчихсэн байгааг хэн ч тоодоггүй?
-Олон жилийн турш УИХ, Засгийн газар, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч, ҮАБЗ гээд хандаж болох бүх газарт баримт нотолгоотой нь хэлж ярьсан. “Шивээ-Овоо”-гийн өмнөх захирал Шагдаржав, “Багануур”-ын захирал Дамбапэлжээ байх үеэс хойш сүүлийн хоёр, гурван ч Засгийн газар дамжуулан ярилаа. Асуудлыг хөндсөн даруйд жаахан сүржигнээд тэгээд л таг. Аливаа юмыг дуугүй байлгах арга бол авлига өгөх. Тийм учраас би авлига аваад байгаа учраас аль ч Засгийн газар, УИХ шийдэхгүй байна гэж боддог. Тухайн үеийн МАХН-ын өндөр албан тушаалтай нөхдүүд дээрх уурхайн газар нутагт тулгаад шууд л хүчээр газар авсан. Ардчилсан намын нөхдүүд ч бас бий. Одоо тэр хүмүүсийн нэр дээр байхгүй, лицензээ зарчихсан. Монгол компаниудын нэр яваад байгаа хэдий ч, цаад эзэд нь хятад, солонгос ч юм бил үү хэн ч мэдэхгүй шүү дээ. Монгол Улсын дулаан, цахилгаантай байх нөөц ийм л байдалтай болчихсон.

-Цаашид яавал дээр вэ. Энэ байдлаас гарах гарц нь  юу вэ?
-Хэрвээ “Багануур”, “Шивээ-Овоо” төрийн мэд­лийнх биш хувийн компани байсан бол энэ асуудал ингэж намжихгүй шүү дээ. Шүүхдээд, заргалдаад яах бол. Монгол Улсад өнөөдөр төрийн өмч бол хэнийх ч юм биш байдгийн жишээ энэ.  Ард түмний юмыг төр мэдэх ёстой гээд лоозонддог мөртлөө эргээд хөсөр хаяхаар яах юм бэ. Гэтэл “Саусгоби Сэндс”-ийн лиценз шилжлээ гээд л галав юүлэх гэж байгаа юм шиг дээр, дооргүй сүржигнэцгээсэн. Төрийн өмчит уурхайнуудын асуудлын хажууд зүгээр л хүүхдийн тоглоом.

-Жилээс жилд эрчим хүч, дулааны хэрэглээ нэмэгдсээр байхад нөхцөл байдал иймдээ тулчихсан. Гэтэл нэмээд “ДЦС-V” барина л гээд байгаа?
-V цахилгаан станц барина л гэдэг. Би олон жил сайд дарга нараас “Та нар тавдугаар цахилгаан станц барьдаг юм байж. Тэр чинь өөрөө шууд тог гаргахгүй. Юугаар ажиллуулах юм бэ. Ус хийх гээд байгаа юм уу” гэж асуусан. Гэтэл “Багануур”, ”Шивээ-Овоо”-гийн нүүрсээр хангана гэж хариулаад байгаа. Жилд дөрвөн сая нүүрс хэрэглэх юм гэсэн. ТЭЗҮ нь гарсан, одоо барина гээд л рекламдаад л... Гэтэл хувийн компаниуд хамаг юмаа алдчихсан “Багануур”, “Шивээ-Овоо” нүүрсээр яаж хангах вэ дээ. Хувийн компаниудаас нь худалдаж авах юм байгаа биз. Төвийн эрчим хүчний систем, дулаан үйлдвэрлэл удахгүй хувийн хэдэн компанийн мэдэлд орно.

-Цаг хугацааны хувьд тун удахгүй....?
-Тийм. Өндөр албан тушаал бүхий улс төрийн дээд хүрээнд ажилладаг нөхдүүд төрийн өмчит уурхайнуудыг дампууруулах зорилготой юм байна гэж бодох болсон. Дараа нь “Төрийн өмчит компаниуд дампуурчихлаа. Одоо хувийн компаниудаас нүүрсээ авч эхэлнэ. Өндөр үнээр авах учраас эрчим хүч, дулааны үнэ нэмэгдэхээс өөр аргагүй” гээд л ичих ч үгүй хэлнэ дээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан