Нуурын талбай нь 3350 хавтгай дөрвөлжин километр бөгөөд далайн төвшнөөс дээш 759 метрт оршдог. Урт нь 84 километр, өргөн нь 79 километр, гүн нь 10-20 метр гүехэн нуур юм. Увс аймгийн зүүн хойд хагаст орших, Монгол орны хамгийн том талбайтай, гадагшаа урсгалгүй, давстай, тогтмол нуур юм. Далайн давснаас тав дахин их давстай нуур хэмээдэг. Тэс, Нарийн, Хархираа, Түргэн, Сагил, Боршоо, Хөндлөн зэрэг 38 гол горхи цутгана. Алтайн сугас, эрээн жараа зэрэг загастай. Нуурын хөвөөнд зэгс, дэрс, бут, сөөг, өлөн, шагшуурга, бургас улиас зэрэг ургамал ургана. Ханхөхийн нуруу нь Их нууруудын хотгор уруу түрэн орж, Увс болон Хяргас нууруудын хотгорыг зааглана.
Төв Азийн говь цөлийн тархалтын хойд хил болж, цөлийн гандуу хуурай орчинтой зэрэгцэн оршиж экологийн өвөрмөц орчныг бүрдүүлдэг. Увс нуур, Түргэний уулс, Цагаан шувуут, Торхилог Тэсийн голын адаг, Алтан элс гэсэн экологийн орчин нь байгалийн хувьд ялгаатай боловч бие биенээсэээ төдийлөн алслагдаагүй газар нутгийг хэсэгчлэн хамгаалж Увс нуурын ай савын дархан цаазат газрыг байгуулж 1993 онд УИХ-ын 83 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтанд авсан. Говь, цөлөрхөг хээр, хээр тал, ойт хээр, уул нуруу, мөнх цас, мөсөн гол зэрэг дэлхийн байгалийн бүс, бүслүүрийн бүхий л шинж төрхийг өөртөө агуулсан Увс нуурын ай сав нь эргэн тойрон усаар хүрээлэгдсэн байдаг. Увс нуур нь Монголын хамгийн том давст нуур бөгөөд усны төвшин нь далайн төвшнөөс дээш 759 метр өргөгдсөн, Их нууруудын хотгорын хамгийн нам дор газар юм.
Увс нуур, түүний цутгал голуудын ай сав, дагуу хар мод, хуш, улиас, зэгс, чацаргана, чихэр өвс, үхэр манжин зэрэг олон зүйлийн ургамал ургана. Бор гөрөөс, гахай, буга нутагшсаны гадна олон төрлийн жигүүртэн шувууд, загас жараахай байдаг. 245 зүйл шувууд энэ бүс нутагт бүртгэгдсэн бөгөөд нэн ховорт тооцогдох халбаган хошуут, цасч дэглий, ямаан сүүлт, итэлгэн цахлай, ухаа шумбуур, усны цагаан сүүлт бүргэд зэрэг ус намгийн шувууд бий.
Алтан элс нь Увс нуурын хотгорын зүүн хэсэгт орших Бөөрөг Дэл элсний зүүн хэсгийг хамарна. 177 500 га талбайтай. Элсэн дороос эх аван урсдаг цэнгэг уст гол горхи, булаг шанд, баян бүрдүүд, элсний нүүлт зэрэг нь гадны нөлөөнд автагдаагүй унаган байгалийг нь хадгалан үлдэх зорилгоор улсын тусгай хамгаалалтанд авсан. Алтан элсний гарал үүсэл нь нэг талаас нуурын гаралтай дөрөвдөгч галавын хурдас, баруун хойт зүгээс байнга үлээх салхиар хуримтлагдсантай, нөгөө талаас суурь чулуулгийн өгөршилтэй холбоотой. Энд сөөгөнцөр, дэгнүүлт үетэн, алаг өвс бүхий элсний бүлгэмдэл голлоно. Элсний хаяа дагуу хэсэг нарс, шинэс, чацаргана ургана. Суусар, туулай, тарвага, мануул, атигдаахай байхаас гадна улирлын байдлаас хамаарч усны шувууд ирж зусна.