Манай улсын иргэд БНХАУ-ын Эрээн хот руу олноор зорчдог. Тиймээс ЗТБХБЯ-наас Улаанбаатар-Эрээний чиглэлд нислэг үйлдэнэ хэмээн мэдээлж байсан. Энэ чиглэлд хэзээнээс нислэг үйлдэж эхлэхийг тус яамны Зам тээврийн бодлогын газрын дарга Д.Наранпүрэвээс тодруулахад, “Юуны түрүүнд БНХАУ-ын талаас Эрээн хотын нисэх буудлыг олон улсынх болгож зарлах ёстой. Тус улсын хил, гаалийн хяналтаас Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас гурван үсгийн код авч олон улсын нислэгийн мэдээллийн сүлжээгээр кодыг нь зарлана. Дараа нь Монгол, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт тэр цэгийг нэмсний дараа нислэг үйлдэх боломжтой болно. Одоогоор Эрээний чиглэлд нислэг үйлдвэл Хятадын цэргийн баазын дээгүүр өнгөрөх учраас гаднын нислэгт зөвшөөрөл өгөхгүй байгаа юм билээ. Өөрсдийнх нь Тянжин-Эрээн чиглэлийн нислэгүүд өнгөрдөг. Энэ сарын 18-нд БНХАУ-ын Иргэний нисэхийн төлөөлөгчид Улаанбаатарт ирнэ. Тэр үеэр уулзахдаа Эрээний нисэх буудлыг олон улсынх болгох, Монголын авиа компаниудын хүсэлтийг тэдэнд дамжуулах юм. БНХАУ-ын Засгийн газар үүнийг зөвшөөрвөл нислэг үйлдэхэд ядах юмгүй” хэмээн ярьжээ.