Татварын Ерөнхий газрын Татвар хураалтын хэлтсийн дарга С.Туулаас “Эрдэнэс Таван толгойн” хувьцааг аж ахуйн нэгжүүдэд худалдахтай холбоотой цөөн асуултад хариу авлаа.
-Хэдэн аж ахуйн нэгж хувьцаа авах хүсэлтээ ирүүлээд байна вэ?
-Улсын бүртгэлийн Ерөнхий газарт 55 мянган аж ахуйн нэгжийн жагсаалт бүртгэлтэй байдаг. Үүнээс УИХ-ын 39 дүгээр тогтоолд заасанчлан 2010 оны зургадугаар сарын 30-наас өмнө байгуулагдаж, татвараа төлсөн 41 мянга 390 аж ахуйн нэгж байна. Өнөөдрийн байдлаар 500 гаруй аж ахуйн нэгж байгууллага “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн нийт 16.5 сая ширхэг хувьцаа худалдан авах захиалгаа өгөөд байна. Олонхи нь хувьцааныхаа төлбөр мөнгийг дансанд оруулж байгаа.
-Аж ахуйн нэгжүүдийн хүсэлтийг авах үеэр гарч байгаа асуудал юу байна вэ?
-Хүсэлт авч эхлээд 14 хоног болж байна. Энэ хугацаанд 2010 оны зургадугаар сарын 30-наас өмнө байгуулагдсан хэрнээ түүнээс хойш татвараа төлсөн байгууллага бидэнд маш их хандлаа. Энэ асуудлыг Сангийн яам болон Засгийн газарт тавьснаар өчигдрийн /уржигдар/ хуралдаанаар журам баталж гаргалаа. Уг журамд юу гэж тусгасан бэ гэхээр, 2010 оны зургадугаар сарын 30-наас өмнө байгуулагдсан байх ёстой гэдгийг хатуу баримтална. Харин татвар төлөлтийн хугацааг нээлттэй үлдээж, түүнээс хойш хэзээ ч төлсөн байж болохоор шийдвэрлэсэн. Хувьцаа авах гээд ирж байгаа байгууллагууд алдаа гаргахгүйн тулд харьяа татварынхаа албанд хандах хэрэгтэй. Ямар дансанд төлбөрийн даалгавраа яаж бичих талаар тайлбарласан жижиг танилцуулга тарааж байгаа.
-Хувьцааны үнэ төлөхөд ойлгомжгүй зүйл байгаа хэрэг үү?
-Ойлгомжгүй зүйл байхгүй ч төлбөрөө бичихдээ алдах асуудал их байна. Тухайлбал, төлбөр хүлээн авагч гэдэг хэсэгт Үнэт цаасны төлбөр тооцооны төвлөрсөн хадгаламжийн төв гэж бичихийн оронд Монголбанк гээд биччихдэг. Үүнээс болоод төлбөр нь дансанд орж ирэхгүй саатах явдал гарч байна. Үнэт цаасны төлбөр тооцооны төвлөрсөн хадгаламжийн төв нь Монголбанкинд байрладаг болохоор хүмүүс андуурдаг юм шиг байна.
-Аж ахуйн нэгжүүдийн хүсэлтийг хэзээ авч дуусах вэ?
-Засгийн газраас баталсан журамд эцсийн хугацааг 2012 оны долдугаар сарын 1 гэж заасан. Өөрөөр хэлбэл, тухайн аж ахуйн нэгж 10 мянган ширхэг хувьцаа авахаар хүсэлтээ тавьсан бол нэг бүрийг нь 933 төгрөгөөр тооцоод мөнгөө долдугаар сарын 1-нээс өмнө бүрэн төлсөн байх ёстой. Тэгж байж хувьцаа авах эрх нь үүснэ.
-Мөнгөө төлөнгүүтээ хувьцаагаа авах юм уу?
-Хувьцаа гараагүй байгаа. Гэхдээ нөгөө байгууллага маань хувьцаа авсан гэдгээ ямар нэг байдлаар мэдэх хэрэгтэй л дээ. Тэгэхээр тухайн байгууллага брокер диллерийн пүүст дансаа нээлгэнэ. Дараа нь хувьцааны үнээ төлөөд буцаж брокер диллерийн пүүстээ очиж үнэт цаасны төлбөр тооцооны хуулгаа авч болно. Энэ хуулга чиний төлсөн мөнгө дансанд орж хувьцаа болсныг бататгана.