Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт зогсоолоос хөдөллөө. Энэ онд багтааж тус уурхайн хөрөнгө оруулалтын эхний хэсэг орж ирнэ, ирэх жилийн хоёрдугаар улирлаас ажил нь эрчимжинэ хэмээн Оюу толгойг хариуцан ажилладаг албаны хүмүүс мэдэгдлээ.
Иймд өчигдөр уг бүтээн байгуулалтын үеэр ямар ямар ажил, үйлчилгээ авах тухайгаа танилцууллаа. Үүнд Монгол, БНХАУ, Канад, Австрали, АНУ-ын компаниудын төлөөлөл 1000 гаруй хүн хуран цугларч бизнесийн ямар ямар боломж байгаатай танилцав. Энэ үеэр “Оюу толгой” компанийн удирдлагууд далд уурхайн ханган нийлүүлэлт нь олон улсын стандартад нийцсэн ямар ч компани оролцох боломжтой. Өөрөөр хэлбэл чанартай бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж, нийлүүлж чадаж л байвал Оюу толгойн бүтээн байгуулалтад оролцох хаалга нээлттэй хэмээн мэдэгдэв. Далд уурхайн бүтээн байгуулалтаар 230 км хонгилыг 1.5 км гүнээс дээш гарах босоо таван амтай байна. Өөрөөр хэлбэл Улаанбаатараас Дархан орохтой тэнцэх урт хонгил барих юм. Одоогоор хоёр босоо ам, 16 км хонгил бариад байгаа аж. Газар доорхи энэ байгууламжид шатахуун түгээх станц хоёр, бутлуур хоёр, хорогдох байр, цементийн үйлдвэр, ус зайлуулах шугам, зэрэг обектууд барих юм. “Оюу толгой” компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх ерөнхий захирал Эндрью Вүдлэй “Далд уурхайн бүтээн байгуулалтад хэдий хэмжээний ханган нийлүүлэлт авах нарийн тоо хэлэх боломжгүй. Гэхдээ маш олон төрлийн бизнесийн боломж үүсч байгаа. Тухайлбал, барилга бүтээн байгуулалтаас өгсүүлээд төрөл бүрийн мэргэжлийн үйлчилгээ, материалын хангамж авна.
Бид Монголын компаниудтай хамтарч ажиллахад онцгой анхаарна. Хамгийн гол нь далд уурхайн бэлтгэл, бүтээн байгуулалт, үйлдвэрлэлийн үе шатанд аюулгүй ажиллагааны шаардлагыг нэн тэргүүнд хангах ёстой.
Хамтран ажиллах компаниудад ийм л шаардлага тавина. Одоо Оюу толгойн ил уурхайг ашиглаж баяжуулах үйлдвэр ажиллаж буй. Гэтэл үүнтэй зэрэгцээд барилга, бүтээн байгуулалтын ажил өрнөнө. Тэгэхээр энэ ажлуудыг аюулгүй хэрхэн зөв уялдуулах талаар анхаарч байна. Бид өнөөдөр өнгөрснийг харах бус асуудлаа шийдээд ажил урагшилж байгаа нь чухал” гэж ярилаа.
Б.Бямбасайхан: 4.2 тэрбум ам.долларын санхүүжилт ойрын үед авна
Төрийн өмчит “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал.
-Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт манай эдийн засагт ямар нөлөө үзүүлнэ хэмээн та дүгнэж байна вэ?
-Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтад оролцох хүсэлтэй компаниуд өнөөдөр хуран цуглаад байна. Манай үндэсний компаниудад ирэх зургаан жилд маш олон бизнесийн боломж гарч ирнэ. Энэ тухай танилцуулгыг хийж байгаа юм. Оюу толгой бол монгол компани. 21-р зуунд Монголын эдийн засгийн хамгийн том суурь болж өгч байгаа. Иймд манай улсын эдийн засгийн өрсөлдөх чадварт гол үүрэг гүйцэтгэх учиртай.
Өөрөөр хэлбэл, Оюу толгой компаниас үүдэлтэй нэг ам.доллар бүр хоёр ам.доллар дагуулдаг тооцоо бий. Ийм учраас 2010 онд Оюу толгойн бүтээн байгуулалт эхлэснээс хойш манай эдийн засаг гурав дахин томорсон. Мөн дотооддоо их хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулсан. Иймд манай үндэсний компаниудын бизнесийн өрсөлдөх чадвар сайжирсан гэж үздэг.
-Хэдэн компаниас ямар ямар төрлийн бүтээгдэхүүний ханган нийлүүлэлт авах төлөв байна вэ?
-Ирэх тав, зургаан жилд зургаан тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт Оюу толгойд орж ирнэ. Бүтээн байгуулалт эхлэхэд 3000 ажлын байр шинээр нэмэгдэх юм. Тэгээд далд уурхайн бүтээн байгуулалтын ханган нийлүүлэлтийн 80 орчим хувийг Монголын компаниудаас авах тооцоо бий.
-Тэгэхээр Оюу толгойд одоо хэдий хэмжээний хөрөнгө оруулалт орж ирэх вэ?
-Далд уурхайн бүтээн байгуулалт өнгөрсөн долдугаар сараас эхэлсэн. Санхүүжилтийн төлөвлөгөөний дагуу ажил өрнөж байна.
Одоо хамгийн гол зорилго нь энэ бүтээн байгуулалтыг санхүүжүүлэхийн тулд олон улсын банкуудаас 4.2 тэрбум ам.доллар ойрын хугацаанд авахаар хэлэлцэж байгаа. Энэ нь дэлхийд хамгийн том санхүүжилтийн багц болж буй юм. Уг санхүүжилт ойрын үед бүтнэ гэсэн хүлээлт бий. Ингэснээр гүний уурхайн бүтээн байгуулалт мөнгөөр тасрахгүй үргэлжилнэ. Монгол Улсын Засгийн газар төлөвлөгөөний дагуу шаардлагатай бүх ажлаа хийж байна. Иймд ойрын ирээдүйд ямар нэг асуудал үүсэхгүй гэдэг итгэл байгаа. Гүний уурхайн санхүүжилт Монголын банкуудаар дамжин орж ирнэ.
-Энэ санхүүжилт нь хэдий хугацаанд, жилийн хэдэн хувийн хүүтэй зээл авах вэ?
-Олон улсын банкуудаас зээл авч буй гол зорилго нь “Оюу толгой” компанийн өөрийн санхүүжилтийн өртөгийг багасгах явдал. Энэ нь хувь нийлүүлэгч талуудад ашигтай. Энэ зээл олон банкнаас ирнэ. Банк бүрээс авч буй зээлийн хугацаа өөр өөр.
Бүх зээлийн хүүгийн нийлбэр өртөг өнөөдрийн санхүүжилтийнхээс бага. Өнөөдөр хувь нийлүүлэгчийн санхүүжилтийн зээлийн хүү лейбор +6.5 хувь байгаа.
-Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт манай уул уурхайн ханган нийлүүлэгч компаниудад ямар ямар шинэ боломж нээж өгч байна вэ?
-Гүний уурхайн блокчлон олборлох технологийг дэлхийд ховор ашигладаг. Энэ технологийг монгол компаниуд ашиглах боломж нээгдэнэ. Өөрөөр хэлбэл, зургаан жилийн дараа дэлхийн аль нэг улс оронд энэ технологийг ашиглах болоход монгол компаниуд түүнд оролцох боломжтой болж байгаа юм.
Б.Цэрэнчимэд: Монгол компаниудтай хамтран ажиллах бодлого баримталдаг
“Оюу толгой” компанийн хангамжийн ажилтан.
-Уурхайн үйлчилгээнд ямар ямар ханган нийлүүлэлт авах вэ?
-Хог хаягдал зайлуулах систем, агуулахын үйл ажиллагаа, харуул хамгаалалт, уурхайн талбарын байр, хоол, аяллын үйлчилгээ хэрэгтэй байгаа. Далд уурхайд байгаль орчны үнэлгээ, амьд амьтны гарц зөрлөг, 35 кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугам гэсэн чиглэлийн үйлчилгээ авахаар сонирхож байна.
Бид ханган нийлүүлэлт хийж чадах аж ахуйн нэгжүүдтэй уулзаж буй юм. Тэгээд Оюу толгойд ханган нийлүүлэлт хэрхэн хийх боломжийг танилцуулж байна. Өнөөдөр Оюу толгойд ханган нийлүүлэлт авах бүх чиглэлийг танилцуулж ямар ямар үйлчилгээ байж болох мэдээлэл өглөө.
-Тэгэхээр манай үндэсний компаниуд ямар төрлийн үйлчилгээ үзүүлэх сонирхол, чадвартай байна вэ?
-Би зөвхөн уурхайн үйлчилгээнд авах ханган нийлүүлэлтийг танилцууллаа. Үүнийг их сонирхож байна. Ялангуяа хог хаягдал зайлуулах системийн үйлчилгээг сонирхож байна.
Мөн байр, хоол, аялалын үйлчилгээ манай дотоодын компаниудын сонирхлыг татлаа. Бас байгаль орчны үнэлгээний зөвлөгөө өгдөг компаниуд их ирсэн.
-Монгол компаниуд ханган нийлүүлэлтийн стандарт хангадаггүй гэсэн яриа бий. Энэ талаар тодруулж өгнө үү?
-“Оюу толгой” компанийн ханган нийлүүлэгчдийн дийлэнх нь Монгол компаниуд. Аль болох Монгол компаниудтай хамтран ажиллах бодлого баримталдаг. Тэгээд тэдэнд дутагдаж буй аюулгүй ажиллагааны сургалт зөвлөгөөг хамтран ажиллах явцдаа өгч байна.
Б.Гантөмөр: Эрчим хүч мөн 35 кВт-ын шугам барих ажилд бүртгүүллээ
“Топологи” компанийн захирал.
-Танай компани урд нь Оюу толгойтой хамтран ажиллаж байв уу?
-Бид ханган нийлүүлэгчээр хамтран ажиллаж байсан.
-Ямар чиглэлээр хамтран ажиллаж байв?
-Мэдээллийн технологийн үйлчилгээ үзүүлсэн. Тэгээд IT-ийн чиглэлийн тоног төхөөрөмж нийлүүлж байсан юм. Бас эрчим хүчний цахилгаан дамжуулах шугам барьж 35 кВт-ын дэд станц суурилуулах ажил хийж байлаа. Одоо далд уурхайд эрчим хүчний 35 кВт-ын шугам барих ажилд бүртгүүлсэн. Бас урд нь нийлүүлж байсан мэдээлэл технологийн тоног төхөөрөмж нийлүүлэх ажлаа сонирхоод явж байна.
-Оюу толгойтой хамтарч ажиллахад ямар шаардлага тавьдаг вэ. Ямар бэрхшээл байдаг юм бол?
-Олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн авахыг шаарддаг. Үйлчилгээнд ч мөн адил дэлхийн стандартад нийцсэн үйл ажиллагаа явуулахыг хүсдэг юм. Бид энэ бүгдэд суралцаж байна.
-Танай компани өөр ямар ямар газруудтай хамтран ажиллаж байсан бэ?
-Дотоодын томоохон бүтээн байгуулалтын төслүүдтэй хамтран ажилладаг. Тухайлбал, Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр байна. Мөн нийслэлээс зарласан тендер, төсөвт ажлууд хийж ирсэн.