Монголын их говийн тайлагдаагүй нууцуудын нэг бол үлгэр домог мэт өнөөг хүртэл яригдаж ирсэн “олгой хорхой” хэмээх 1 метр урт өт шиг хорхой юм. Өнөөг хүртэл олгой хорхойг амьдаар нь барьсан, дүрсжүүлэн фото зураг авсан явдал гараагүй байгаад гол нууц нь оршдог. Гэвч үзсэн харсан, үнэхээр байдаг гэх явган яриа ба үлгэр домог мэт дамжиж ирснээс өөр мэдээлэл байдаггүй. Яг ийм амьтан байдаг хэмээн нарийн тодорхойлж баталж чадах шинжлэх ухааны нотолгоо судалгаа байхгүй хэдий ч Монголын төдийгүй дэлхийн “Улаан ном”-д оруулан бүртгэжээ. Уг амьтан шинжлэх ухаанд албан ёсоор бүртгэгдсэн 6500 зүйлийн хэвлээр явагчдын нэгэн гишүүн аж.
Говийн ард түмний дунд олгой хорхойны тухай домог яриа их байдаг. Зарим нутагт “том гэдэст хорхой” ч гэдэг. Энэ хорхой Монголын говь цөлд байдаг тухай мэдээлэл 1900-гаад оны эхээр Америкт анх гарчээ. Америкийн байгалийн түүхийн музейн судлаач Рой Чепмен Эндрюс Хятадын нутаг, Монголын говиор судалгаа хийж явахдаа үлэг гүрвэлийн чулуужсан өндөг, яснаас гадна олгой хорхойны талаар сонссон явдал байжээ. Тэрбээр энэ хорхойны тухай “Эртний хүний мөрөөр” номондоо бичиж үлдээжээ. “Нутгийн иргэдийн яриагаар Монголын говь нь олгой хорхой гэсэн аймшигт амьтантай. Уг хорхойтой тааралдвал амьд үлдэнэ гэж төсөөлөхийн хэрэггүй. Гэрийн буурийн чинээ тойрогт хороо цацдаг бөгөөд эргэн тойронд нь байх амьд биет хормын төдий ухаан балартан унаж, төд удалгүй амьсгал хураадаг. Энэ хорхойтой таарсан гэх нутгийн иргэдтэй уулзахад хорхойг холоос ажиглахад толгой, сүүлийг нь ялгахын аргагүй гэнэ. Харин амаа ангайн уурсан босч ирэхэд биеийнх нь талыг толгой нь эзэлснийг харж болдог аж. Энэ үед бушуухан зугтаахгүй бол хор нь хормын төдийд ойр орчимд тархана хэмээн ярьдаг” гэж бичжээ.
Таван хорын уурхай болсон арваалж, цагаан тэмээ, дигваранз, могой, олгой хорхой гэх мэт нь байгалиас заяасан зэвсэгтэнгүүд юм. Тэр дунд хамгийн аюултай нь энэ хорхой бөгөөд газрын хөрсөн доогуур гүрвэлзэн явдаг, бүдүүн, нүд ам, хөл гар нь мэдэгдэхгүй ажээ. Нутгийн малчдаас энэ амьтны талаар асуухад бүгд жийрхэн, олигтой үг дуугарахгүй бөгөөд “муу ёрын амьтан, нэрийг нь хэлэхэд хүрээд ирдэг” хэмээгээд нулимдаг гэнэ. Үүнээс үзэхэд говийхны хувьд олгой хорхой гэгч нь аймшигт араатан” ажээ. Олгой хорхойг сонирхон судалсан хүн ганцхан Рой Чепмен Эндрюс байсангүй. Түүний араас Чех, Болгар, Польш, Орос, Франц, Америк, ЗХУ-ын эрдэмтэн судлаачид ирж говиор хэрэн хэсч, уг амьтны талаарх үүх түүхийг хайж, судлахыг хичээсэн боловч тэр амьтанд хамаагүй ойртох аргагүй учраас тэдгээр судалгаанууд бүгд амжилтгүй болсон юм. Хамгийн сүүлд Өвөрмонголын “Одон” телевизийнхэн говиор явж олгой хорхойг эрэн сурвалжилсан сурагтай.
Нутгийн иргэдийн үлгэр домог мэт ярьдаг хийсвэр зүйл гэж үл ойшоож болох ч шинжлэх ухаан, техник технологи өндөр хөгжсөн барууныхан яагаад энэ хорхойг “Монголын говийн аймшигт өт”, “Үхлийн аюулт хорхой” хэмээн тодотгон судалж, эрж хайх болов. Улмаар кино хүртэл бүтээж, олгой хорхойны тухай олон сонирхолтой ном, зохиол, адал явдалт өгүүллэгүүд хэвлэжээ.
Энэ амьтанг яах аргагүй Монголын говиос өөр газар байхгүй хэмээн ярьдаг. Олгой хорхойг газрын хөрс хөдөлгөн явахаар ойр орчинд нь явж байсан малчдаас эхлээд социализмын үед Монголд байсан орос цэргүүд сонирхож очоод учир битүүлгээр хоолой нь боогдон нас барсан тохиолдол олон бий. Хорхой уурлахаараа өөрөөсөө нов ногоон шавар шиг юм цацан дэлбэрч үхдэг бөгөөд дэлбэрсэн тухайн газарт нь нэлээд том тогоо үүссэн байдаг. Эсвэл ямар ч ул мөр үлдээхгүй ор тас алга болдог байна. Харин оронд нь түүнд ойртохыг хүссэн хүн ба амьтан “үхдэл” болон үлдсэн байдаг нь баримт болдог.
Нутгийн иргэдийн ам дамжсан яриа, эрдэмтэн судлаачдын бичиглэн үлдээсэн ном бүтээлээс анзаарвал уг хорхой нь 0.6-1.5 метрийн урттай, өргөнөөрөө домбоны чинээ. Үржилд орох үедээ ил гардаг бөгөөд хэрвээ энэ үед нь түүнтэй тулгарвал маш аюултай. Жирийн үед цайвар өнгөтэй, уурласан үедээ час улаан өнгөтэй болоод амнаасаа олон сая дусал хорыг цацардаг. Хор нь цианы хүчил шиг гэнэ. Цианы хүчлээр хордсон үед амьсгаа бачуурч, хоолой боогдон татаж унан толгой нь эргээд зүрх нь зогсдог гэнэ. Фашистууд дайны үед олон мянган хүнийг ийм хороор утан хороосон баримтууд бий. Олгой хорхойн дээр гишгэсэн тэмээний арьс мах нь унаж яс нь л гозойгоод үхдэг тухай говь нутгийнхан хуучилдаг.
Говийнхны дунд олгой хорхойны хорыг олон давхар эсгийгээр сааруулдаг тухай дом байдаг аж. Зарим нутагт гурван давхар эсгий олбогон дээр сууж, гурван давхар гудас, ширдгэн дээр унтдаг нь олгой хорхойн хорноос зайлсхийсэн арга гэж тайлбарладаг юм байна.
Мөн Монголын говьд “Тэмээн сүүл” гэж нэрлэгддэг гаднах байдал нь олгой хорхойтой төстэй могой байдаг. Энэ могой нь говийн бүс нутгаар тэр дундаа Өмнөговь аймгийн Борзон, Галбын говь мөн Алтайн цаад говиор элбэг үзэгддэг. Аварга могойны бүлэгт багтдаг ч 70-80см урттай. Энэ могой бага судлагдсан, ховор гэдгээрээ “Улаан ном”-д бүртгэгджээ. Зарим судлаачид Тэмээн сүүл могойг хэтрүүлэн фантастик, домгийн байдлаар ярих нь Олгой хорхой гэх нь бий. Олгой хорхой нь бие даасан амьтан, могойноос чадал тэнхээ, хороороо хэдэн арав дахин илүү хүчтэй гэж үздэг судлаачид, итгэгчид олон байдаг.
Монгол улсын Ерөнхий сайд асан Жалханз хутагт Ц.Дамдинбазар Америкийн судлаач Рой Чепмен Эндрюст “Олгой хорхой нь хоёр метр урттай, цусаар дүүргэсэн олгой шиг хэлбэртэй, толгой, сүүлийг нь ялгах аргагүй. Хор нь гэнэтийн үхэлд хүргэдэг, маш хортой бодис ялгаруулдаг, говийн зэлүүд газарт амьдардаг” гэж ярьсныг нь номондоо тэмдэглэн үлдээжээ.
1930-аад онд Монголд ажиллаж байсан ЗХУ-ын эрдэмтэн судлаач А.Д.Симуков аян замын тэмдэглэлдээ “Олгой хорхой гэдэг нь Заг, Сүүжийн говьд байдаг ердийн амьтан. Түүний тухай хүмүүс их ярьдаг, мөн их айдаг. Энэ амьтан нь голдуу борооны дараа, газар нойтон байх үед газрын гадарга дээр гарч ирдэг. Гэрт голдуу хувин савны доор, чийгтэй газар гарч ирсэн байх ба хоргой цагаан өнгөтэй” гэжээ.
Мөн тухайн цаг үед Өмнөговь, Баянхонгорын зааг нутагт геологи хайгуулын хэдэн хүн ажиллаж байхдаа олгойтой цус мэт үзэгдээгүй муухай амьтантай таарч айж сандран түүн рүү бензин цацаж шүдэнз зурсанд хүчтэй дэлбэрэлт болж олон хүн нас барсан гэсэн яриа байдаг.
Бас Зөвлөлтийн эрдэмтэн Иван Ефремов Зүүнгарын говьд олгой хорхойтой учрахаар барахгүй экспедицийнх нь хоёр судлаачийг уг амьтан хөнөөсөн тухай өгүүлэл бичсэн нь энэ нууцлаг амьтны тухай бүдэг боловч баримт болон үлдсэн юм. Түүний тэмдэглэлээс дурдахад: “... Ямар хачин юм бэ, яг хиам шиг юм тэнд хэвтэж байна гэж жолооч маань миний чихэнд шивнэлээ. Тэр амьтан хөл, ам, нүд юу ч алга, метр хэрийн урттай, яг хиам шиг харагдаж байв. Үзүүрүүд нь мохоо болоод толгой сүүл нь ялгагдахгүй байсан. Элсэн дээр атиралдан хэвтсэн тэр бүдүүн могой шиг амьтан хоёулаа байсан юм билээ. Очиж барьж авъя гээд манай Гриша дуу алдан кабинаас үсрэн буухад радиочин “битгий буудаарай, амьдаар нь барья” гэж хашгиран түүний араас гүйсэн. Энэ үед хажууд явсан монгол өвгөн миний гараас зуурч их айсан харцаар “битгий, орхи тэнд үхэл байна, тэднийг буцааж дууд” хэмээн гуйлаа. Би ч Гриша, Миша хоёрыг “буцаад ир ээ” гэж дуудсан боловч сонссон эсэх нь бүү мэд нөгөөх үл мэдэгдэх амьтан руу гүйсээр байлаа. Гэтэл гэнэт хоёр хорхой цагириглан, тэрхэн зуур өнгө нь бор байснаа даруй бараантаж нил хөх өнгөтэй болох нь тэр. Миша эхлээд огт дуу гаргалгүй элсэн дээр ойчоод тэр чигтээ хөдөлгөөнгүй болсон. Хоромхон хугацааны дараа Гриша мөн адил газарт ойчсон. Би гар буугаа барьсаар араас нь гүйн очтол нөгөө хоёр аймшгийн хорхойнууд аль хэдийнэ алга болсон байсан. Харин манай хоёр боомилж үхсэн мэт хөхөрчихсөн байсан юм даа...”
Үнэн худал нь мэдэгдэхгүй энэхүү амьтан Монголын говийн ер бусын сонин гайхалтайг илтгэн, говийн бас нэг ид шид болон өнөөг хүртэл яригдсаар байдаг. Харин олон улсын эрдэмтэдийн бүтээсэн баримтат кино, нэвтрүүлэг зэрэг нь яах аргагүй монголд бичлэг нь хийгдэж, монгол малчдын яриагаар нотлохыг оролдсон байдаг билээ.
Эмхэтгэсэн: Ч.Буянбадрах http://www.touristinfocenter.mn