XIX-XX зууны хамгийн суут хүмүүсийн нэг болох Никола Тесла нь /1856-1943/ нь Серб гаралтай Америкийн эрдэмтэн бөгөөд 8 хэлээр ярьж, аливаа зүйлийг фото зураг хэлбэрээр цээжлэн тогтоодог, шинэ санаа, гэнэтийн нээлтээ нүдний өмнө гялбах цагаан гэрлийн тусламжтайгаар маш нарийн нэг бүрчилсэн байдлаар зурагчлан харж хүлээж авдаг байсан байна. Тэрбээр хоногт 2 цаг унтаж, бусад үед тасралтгүй ажилладаг байв. Амьдралдаа нэг ч удаа гэрлэж байгаагүй түүнийг ойр дотны хүмүүс нь сэтгэл татам инээмсэглэлтэй, зөөлөн, дулаан хүн байсан хэдий ч заримдаа дургүй зүйлээ тэвчиж чаддаггүй, хурц шүүмжлэлтэй хүн байсан гэж дурссан байдаг.
Никола Тесла нь зохион бүтээгч, цахилгааны инженер, механикийн инженер, физикч, ирээдүйг зөгнөгч хүн байлаа. Тэрбээр 300 гаруй патентын эрхтэй бүтээл бүтээж, цахилгааны салбарт Томас Эдисонтой хамтран ажиллаж, олон чухал нээлтийг хийсэн. Түүнийг бусад эрдэмтдээс ялгаруулах хамгийн гол зүйл бол нээлт хийх өвөрмөц арга барил, хувийн итгэл үнэмшил, хатуу дэг жаягтай амьдралын хэв маяг байсан юм. Өмнөх нийтлэл болох Теслагийн давтамжаар дамжуулан бид та бүхэнд 12 ДНХ буюу дотоодын мөн чанараа нээх аргачлалыг хүргэж байсан. Энэ удаад та бүхэнд 116 жилийн туршид нууцлагдсан Никола Теслагийн ярилцлагыг хүргэх замаар түүний дотоод ертөнцөд нэвтрэх боломжийг нээж байна.
Сэтгүүлч: Ноён Тесла та хүн төрөлхтний сансар судлалын явцад нэр алдрын оргилд хүрсэн хүн. Та өөрийнхөө талаар танилцуулаач.
Тесла: Баярлалаа Ноён Смит. Би таны асуултанд үнэн зөв хариулт өгөхийг хичээе.
Сэтгүүлч: Таныг уул ус нь хүн ардтайгаа ижил гайхагдсан Хорватын Лика гэдэг нутгаас гаралтай. Таны төрсөн нутгийг ууланд ургадаг цэцгийн нэрээр нэрлэж, таны төрсөн гэр ой мод, сүмийн дэргэд байдаг байсан гэлцэх юм.
Тесла: Тийм ээ. Би Серби гарал, Хорват нутгаараа бахархдаг.
Сэтгүүлч: Ирээдүйг зөгнөгчид 20-с 21-р зуун Никола Теслагаар дамжуулагдан шилжлээ гэж байна. Тэд Соронзон орон болон Индукцийн хөдөлгүүрийн эринд зориулж сүлд дуугаа өргөж байна. Үүгээр зогсохгүй Физик, Химийн салбарт хийсэн нээлт тань дэлхийд давамгайлна. Аж үйлдвэрийн салбарт та дээд гэгээнтэн, өглөгийн эзэн мэтээр хүндлэгдэж байна. Никола Теслагийн лабораторит анх атомыг хугалсан байна. Газар хөдлөлтийн хэлбэлзлийг бий болгох зэвсэг ч байна. Сансрын хар туяаг нээсэн байна. Эфирээс гарган авсан эрчмээр таван махбодыг эзэмшиж чадсан учраас ирээдүйн таван үеийн хойч маань сүмдээ таныг шүтэх болно гэж байна.
Тесла: Тиймээ, эдгээр зүйлс бол миний хийсэн хамгийн чухал нээлтүүдийн нэг хэсэг. Гэсэн хэдий ч би хийж чадах хамгийн агуу зүйлээ бүтээгээгүй учраас өөртөө сэтгэл дундуур байдаг.
Сэтгүүлч: Тэр нь юу вэ, ноён Тесла?
Тесла: Би бүхий л дэлхийг гийгүүлэхийг хүссэн. Хоёр дахь нарыг бий болгож чадахуйц их цахилгаан эрчим хүч бий. Санчирын бүслүүр шиг Гэрлээр Дэлхийг тойрон бүрхэх боломж байна. Хүн төрөлхтөн энэ гайхамшигтай агуу нээлтэд бэлэн биш байна. Колорадо мужийн газрыг би цахилгаан эрчим хүчээр дэвтээсэн. Бид мөн сэтгэл зүйн эерэг энерги болон бусад энергийг ч түгээн дэлгэрүүлж болно. Эдгээр нь Бах эсвэл Моцартын хөгжимд, эсхүл агуу сайхан яруу найргуудад бий. Дэлхийн гүнд баяр баясгалан, энх тайван, агуу их хайрын энерги оршиж байдаг. Үүний илрэл нь дэлхийн гадарга дээр ургаж буй ургамал мод, цэцэг, хүмүүс бидний хоол хүнсэндээ хэрэглэж буй ногоо жимс юм. Би энэхүү энергийн хүн төрөлхтөнд нөлөөллийг судлахад олон жилийг зарцуулсан. Сарнай цэцгийн гоо үзэмж, тансаг үнэрийг эм болгож, нарны гэрлийг хүнс тэжээл болгох боломж бий. Амьдрал хязгааргүй олон хэлбэрт оршдог бөгөөд эдгээр оршлын хэлбэрүүдийг материас нээж илрүүлэх нь эрдэмтэн судлаачдын үүрэг билээ. Үүнд 3 үндсэн хүчин зүйл нөлөөлдөг. Би хийж буй зүйлсээрээ дамжуулан үүнийг л эрж хайдаг. Би тэдгээрийг олж чадахгүй ч, хэзээ ч бууж өгөхгүй.
Сэтгүүлч: Тэдгээр гурван зүйлс нь юу вэ?
Тесла: Эхний асуудал бол хоол хүнс. Огторгуйн болон дэлхийн ямар энергиэр өлсгөлөнд нэрвэгдсэн олон түмнийг хооллох вэ? Уг энергиэр түмний цангааг тайлж, хүмүүсийн сэтгэлд баяр баясгалан цалгиснаар, хүн өөрийгөө Бурхан гэдгээ мэдрэх боломжтой юу? Хоёр дахь асуудал нь хүний амьдралд тохиох нүгэл зовлонг таслан зогсоох. Эдгээрийн зарим сансрын гүнээс ирсэн тахал байх нь бий. Мөн энэ зуунд Дэлхийгээс Сансар луу ч өвчин тархаж байна. Гурав дахь зүйл бол ертөнцөд хангалттай Гэрэл байдаг уу гэдэг асуулт юм. Сансрын болон математикийн бүх хууль үйлчилдэггүй, юуг ч өөрчлөх боломжгүй нэгэн одыг би олж нээсэн. Тэр од манай галактикт бий. Түүний гэрэл нэг ширхэг алимны хэмжээст багтахуйц нягт атал манай нарны аймгаас илүү хүнд жинтэй. Шашин, гүн ухаанд хүмүүнийг Христ, Будда, Зороастер болохуйц хүчтэй гэдэг. Миний батлахыг хүсдэг зүйл бол санаанд багтамгүй, бараг хүрч боломгүй зүйл юм даа. Ертөнцөд орших зорилго бол хүн бүр Христ, Будда, Зороастер байх явдал юм.
Дэлхийн татах хүч нисэхэд саад болдог. Миний зорилго бол онгоц гэх мэт нисэх төхөөрөмжүүдийг бүтээх бус харин хүмүүст ухамсрын жигүүрийг нь сэргээх явдал юм. Цаашлаад, би агаарт буй энергийг сэрээхийг хүсч байна. Тэнд хамгийн гол энергийн эх үүсвэр байна. Оргүй хоосон зай гэдэг нь сэрээгүй материйн илэрхийлэл юм.
Энэ гариг дээр бүү хэл, энэ Ертөнцөд хоосон орон зай гэж байхгүй. Астрономичдын яриад байдаг сансрын хар нүхнүүд нь энерги, амьдралын хамгийн хүчтэй эх үүсвэрүүд юм.
Сэтгүүлч: “Валдорф-Астория” зочид буудлын таны байрлах 33-р давхрын өрөөний цонхоор өглөө бүр шувууд ирдэг талаар тайлбарлаач.
Тесла: Хүмүүс шувуудыг ойлгож мэдрэх хэрэгтэй. Учир нь хүн төрөлхтөн хэзээ нэгэн цагт яг л шувууд шиг жинхэнэ, нүдэнд харагдахуйц далавчтай байсан юм!
Сэтгүүлч: Та Смилжанд байх үеэсээ л нисэхийг оролддог байсан шүү дээ!
Тесла: Би дээвэр дээрээс нисэх гээд унасан. Хүүхдийн тооцоолол буруу байж болно. Харин залуу насны жигүүрт амьдралын бүх зүйлс багтдаг буюу залуу насанд таны амьдрал таны гарт байдгийг санаж яваарай!
Сэтгүүлч: Та гэрлэж байсан уу? Таны хувийн амьдрал, хайр дурлалын асуудал их нууцлаг байдаг. Фото зургуудаас харахад та сайхан залуу байсан байна.
Тесла: Тиймээ. Би гэрлэж байгаагүй. Асар их хайрлах эсвэл огт хайрлахгүй байх гэсэн хоёр зам байдаг. Төвд нь хүн төрөлхтнийг сэргэн мандуулах хүч үйлчилдэг. Зарим хүмүүс эмэгтэй хүнээс энэрэл хайрыг мэдэрч, дотоод сэтгэлээ хүчирхэгжүүлдэг. Харин зарим хүмүүс ганцаараа байснаараа энэ бүхнийг мэдэрдэг. Би хоёр дахь замыг сонгосон.
Сэтгүүлч: Таныг харьцангуйн онолыг буруушаадаг гэж үздэг. Та материйг энергигүй гэж үздэг. Гэтэл бүх зүйл энергитэй байх ёстой биш үү? Энэ талаар та юу гэж бодож байна?
Тесла: Хамгийн түрүүнд энерги байсан, дараа нь матери бий болсон.
Сэтгүүлч: Ноён Тесла, та өөрөөсөө бус харин эцгээсээ төрсөн гэж хэлж байгаатай ижил юм.
Тесла: Яг зөв! Ертөнцийн үүслийн талаар юу гэх вэ? Матер бол анхдагч буюу мөнхийн Гэрлээс бий болсон юм. Уг гэрэл маш хурц цацарч, одод гаригсыг, цаашлаад хүнийг тэгээд Ертөнц, дэлхий дээрх бусад бүхий л зүйлсийг бий болгосон. Матер бол Гэрлийн хязгааргүй олон хэлбэрийн илэрхийлэл. Энерги гэрлээс ч урт настай. Ертөнцийн үүслийн талаар дөрвөн хууль байдаг. Эхнийх нь хүний тархи хүлээн авч ойлгохооргүй, математик хэмжиж чадахгүй тэрхүү ээдрээтэй эх үүсвэр. Үүнд бүх Ертөнц багтдаг.
Хоёр дахь хууль бол тайлбарлах боломжгүй зүйлээс үүссэн гэрлийн жинхэнэ мөн чанар буюу харанхуйн тархац юм. Харанхуй нь аажимдаа Гэрэл болон хувирдаг. Гурав дахь хууль бол Гэрлээс Гэрлийн матер зайлшгүй бий болох хэрэгцээ шаардлага. Дөрөв дэх хууль бол эхлэл үгүй, төгсгөл гэж үгүй. Эхний гурван хууль ямагт үйлчилж байдаг ба Ертөнц мөнхөд оршдог.
Сэтгүүлч: Та Харьцангуйн онолыг бүтээсэн хүний эсрэг (Альберт Эйнштейнийг хэлж байна) мэдээллийг төрсөн өдрийнхөө найран дээр түгээж байдаг...
Тесла: Сансар ертөнц хязгааргүй гэдгийг санах хэрэгтэй. Харин хүний оюун санаа хязгаарлагдмал учраас хязгааргүй болон мөнхийн гэдэг зүйлсийг хүлээж ойлгож авах чадваргүй байгаа юм. Харьцангуйн онолыг бүтээгч өөрийн онолоо бүрэн дүүрэн ухаарсан бол бие махбодийн хувьд биш юмаа гэхэд оюун санааны хувьд мөнхийн хутгийг олох байлаа.
Би бол гэрлийн нэг хэсэг. Гэрэл нь өөрөө аялгуу юм. Гэрэл зургаан мэдрэхүйг минь дүүргэдэг. Би гэрлийг харж, сонсож, мэдэрч, үнэрлэж, хүрч, бодож төсөөлөх чадвартай. Бодож төсөөлөх мэдрэмж бол зургаа дахь мэдрэхүй юм. Гэрлийн хэсгүүд нь бичмэл нотууд. Цахилгаан тэр чигтээ хөгжмийн сонат буюу бүрэн хэмжээний хөгжмийн зохиол болох боломжтой. Олон мянган бөмбөлгөн цахилгаан концерт болох боломжтой. Энэ концертод зориулж би Бөмбөлгөн Цахилгаан бүтээсэн нь Гималайн мөсөн оргилуудад ч сонсогдохуйц.
Пифагор гэх мэт математикчид гэрэл ба хөгжмийн ноотны холбоосыг олж тогтоож чадахгүй. Тэгшигтгэл, тоонууд бол гэрэл, аялгууны илэрхийлэл. Хэрэв Эйнштэйн тэрхүү аялгууг сонссон бол харьцангуй онолыг бүтээхгүй байсан. Эдгээр аялгуу нь хүний оюун санаанд амьдралын утга учрыг ойлгуулж, Ертөнц төгс зохицолд оршиж, бүх зүйл шалтгаан, үр дагаврын шүтэн барилдлаганд оршдог болохыг харуулдаг. Хөгжим аялгуу бол огторгуйн диваажингийн мөнхийн эргэлт юм.
Хамгийн жижиг одод хүртэл тэнгэрийн симфонийн нэг хэсэг болж, өөрийн найраглалыг туурвидаг. Хүний зүрхний цохилт Дэлхийн симфонийн нэгэн хэсэг. Ньютон ертөнцийн нууц геометрийн бүтэц, тэнгэрлэг оршихуйнуудын хэлбэлзэлд байдгийг ухаарсан. Тэрээр Ертөнц дэлхийд туйлын нэгдэл, шүтэн барилдлагын хууль оршин байдгийг мэдсэн. Огторгүй ертөнц хэмжээ хязгаартай байвал эмх замбараагүй байдал бий болдог. Эмх замбараагүй ноотноос хөгжим үүсдэггүй. Эйнштейн бол уур хилэн, дуу хөгжим хосолсон цаг хугацааны элч төлөөлөгч юм.
Сэтгүүлч: Ноён Тесла, та тэр аялгууг сонсож чаддаг уу?
Тесла: Би үргэлж сонсдог. Миний дотоодын чих (сүнслэг сонсох мэдрэмж) минь тэнгэр мэт хязгааргүй уудам. Харин биед орших чихээ би радио долгионы тусламжтайгаар хөгжүүлсэн. Харьцангуйн Онолын хуулийн дагуу хоёр паралель шулуун хязгааргүй үргэлжилсээр хэзээ нэгэн цагт огтолцдог. Үүнээс харахад Эйнштэйны муруй нь муруй биш шулуун болж таардаг. Нэгэнт бий болсон аялгуу мөнхөд оршдог. Аялгуу хүний физик махбодийн хувьд устаж үгүй болно. Гэвч Ертөнцийн аниргүйд мөнхөд сонсогдох бөгөөд үүнд л хүний дотоод агуу хүч оршиж байгаа юм.
Би Эйнштэйны эсрэг ямар ч санаа агуулаагүй. Тэр сайн хүн бөгөөд олон сайн зүйлийг бүтээсэн. Түүний зарим бүтээл аялгууны нэгэн хэсэг болж дуурсагдана. Би түүнд бичих захидалдаа эфирэн давхрага оршдог бөгөөд үүний бүрэлдэхүүн хэсгүүд Ертөнцийг төгс зүй зохиролд байлгаж, амьдралыг мөнхөд оршуулж байдаг талаар дурдах болно.
Сэтгүүлч: Сахиусан тэнгэрүүд яагаад Дэлхий дээр бууж ирдэг тухай та надад хэлж өгөөч?
Тесла: Надад 10 чухал хүчин зүйл бий. Бүгдийг сонор сэрэмжтэй бичиж аваарай.
Сэтгүүлч: Би таны бүх үгсийг бичиж авах болноо, ноён Тесла.
Тесла: Нэг дэх шаардлага бол үүрэг зорилгоо мөн ажлаа дуусгах ёстойгоо өндөр хэмжээнд ухамсарлах. Энэ нь бага залуу насанд мэдрэгддэг. Нэрэлхээд яах вэ. Би 12 настай байхдаа Ниагара хүрхрээн дээр очно гэдгээ итгэлтэйгээр мэддэг байсан. Хүүхэд байхдаа ирээдүйд хийх нээлтүүдээ бүгдийг нь биш ч гэсэн ихэнхийг нь нээх болно гэдгээ мэдэж байсан юм. Харин хоёр дахь дасан зохицох нөхцөл нь шийдмэг, тууштай байх.
Сэтгүүлч: Гурав дахь нөхцөл нь юу вэ, ноён Тесла?
Тесла: Сүнслэг, амин эрчмийг өөрийн ажил хөдөлмөрт шингээх. Улмаар хүний бүхий л хэрэгцээ, шаардлагаас чөлөөлөгдөх. Би юуг ч алдаагүй харин илүү ихийг олж авсан. Тиймээс би ямагт жаргалтай байсан. Одоо бичээрэй. Тесла их аз жаргалтай хүн байсан гэж. Дөрөв дэх шаардлага нь ажилдаа физик нөхцөл байдлаа тохируулах.
Сэтгүүлч: Тэр нь юу гэсэн үг вэ, ноён Тесла?
Тесла: Ажилдаа зориулж биеэ арчлах хэрэгтэй. Бие бол төгс төгөлдөр машин. Би өөрийн биеийн бодисын солилцоо, хэрэгцээ шаардлагыг мэддэг. Миний хувьд ихэнх хүмүүсийн иддэг хоол хүнс маш хор хөнөөлтэй, аюултай байдаг. Заримдаа дэлхийн тогооч нар бүгд миний эсрэг нэгдсэн мэт санагддаг юм... Миний гарт хүрээд үз дээ.
Сэтгүүлч: Хүйтэн байна.
Тесла: Тиймээ. Цусны урсгалыг тохируулж болохоос гадна биеийн маш олон процессыг удирдаж болдог юм. Залуу минь та яагаад айв?
Сэтгүүлч: Марк Твейн танаас сэдэвлэн нууцлаг нэгэн буюу Сатаны /чөтгөр/ талаар бичсэн гэж ярьж байсан.
Тесла: Люсифер гэдэг үг нь илүү аятайхан биш үү. Ноён Твейн хошигнолд дуртай. Хүүхэд байхдаа би түүний номыг уншаад өвчнөөс ангижирч байсан юм. Тэгээд энэ талаар түүнтэй уулзаад хэлэхэд тэр уйлж байсан. Бид улмаар найзууд болж тэр лаброторид маань зочлох болсон. Түүний хүссэнээр нэг удаа хэлбэлзлийн тусламжтай баяр хөөрлийн мэдрэмж төрүүлэх нэгэн машиныг түүнд үзүүлсэн. Энэ бол миний зугаа гаргах зорилгоор хийдэг байсан бүтээлийн маань нэг байсан юм. Ноён Твейнд би энэ хэлбэлзэлд удаан байж болохгүй гэж анхааруулсан ч тэр сонсолгүй удсан. Тэгээд өмдөө бариад пуужин шиг тэр өрөөнд хий алдсан.
Үнэхээр инээдтэй байсан, гэхдээ миний хувьд энэ ноцтой үр дүн байсан. Бие махбодын бодисын солилцоог зохицуулахад хоол хүнснээс гадна зүүд маш чухал. Нүсэр хөдөлмөр шаардсан их ажлын дараа би ганцхан цаг унтаад л бүрэн сэргэдэг. Би унтах сэрэх цагаа өөрөө хянаж, нойроо удирддаг болсон. Хийж буй зүйлийнхээ учрыг олохгүй байх үедээ өөрийгөө зүүдэндээ энэ талаар бодох даалгавар өгч, тэгээд зүүдэндээ шийдлээ олж чаддаг болсон.
Тав дахь нөхцөл бол санах ойгоо тохируулах. Ихэнх хүмүүсийн хувьд тархи бол амьдралын туршид бүрдүүлсэн мэдлэгийн сан юм. Миний тархи санах үйлдлээс гадна тухайн цаг мөчид хэрэгтэй зүйлийг олж чаддаг чадвартай. Энэ бүхэн бидний эргэн тойронд байдаг. Үүнийг хэрэглэх хэрэгтэй. Бидний харж, сонсож, уншиж, сурсан бүх зүйлс гэрлийн хэсэг болж биднийг дагаж байдаг. Миний хувьд эдгээр хэсгүүд дуулгавартай, их үнэнч байдаг. Би Германд сурч байхдаа өөрийн дуртай Гётегийн Фауст зохиолыг уншаад л цээжилчихсэн байх жишээтэй. Би толгойдоо олон жилийн туршид нээлтээ хадгалж байснаа сүүлд тэднийгээ бий болгож бүтээсэн.
Сэтгүүлч: Та төсөөлөн бодох ур чадварын ач тусыг их дурддаг.
Тесла: Би бүх нээлтийнхээ өмнөөс өөрийн төсөөлөн бодох чадвартаа талархал илэрхийлэх хэрэгтэй байх. Ирээдүйн амьдралд минь тохиолдох зүйлс болон хийх нээлт, шинэ бүтээлүүд маань нүдэнд минь маш тод томруун, дэлгэрэнгүй харагддаг юм. Бага байхдаа энэ юу юм бол гэж их айдаг байснаа сүүлд нь энэ хүчээ онцгой авьяас билэг болгон ашиглаж эхэлсэн. Үүнийг хөгжүүлж, маш хянамгай хамгаалж ирсэн. Бас ихэнх нээлт, шинэ бүтээлүүдээ төсөөллөөрөө засварлаж, эцсийн хувилбарыг гаргаж чаддаг. Энэхүү чадварын тусламжтайгаар би математикийн хүнд тэгшигтгэлийг боддог. Хэрэв би Түвдэд байсан бол Хамба лам болох байсан биз.
Би маш сайн хараа, сонсголтой. Зоригтойхон хэлбэл бусад хүмүүсээс илүү. Би аянгын чимээг 250 орчим километрийн цаанаас сонсож чаддаг, бусад хүмүүсийн харж чаддаггүй өнгийг тэнгэрээс олж харж чаддаг юм. Энэ авьяас чадвар хүүхэд байхаас минь авахуулаад надад байсаар ирсэн. Сүүлд би үүнийг ухамсарлан хөгжүүлсэн.
Сэтгүүлч: Та хүүхэд байхдаа хэд хэдэн удаа хүндээр өвчилж байсан. Энэ үнэхээр өвчин байсан уу, эсвэл таны хэлсэн дасан зохицоход шаардлагатай нөхцлүүд юм уу?
Тесла: Тиймээ. Энэ нь голдуу амин эрчим дутагдсанаас үүдэлтэй. Мөн бие сэтгэлд хуримтлагдсан хорт зүйлсээс ангижрах ариуслын явц байсан. Хүн бүрт цаг хугацааны явцад ийм зүйлс зайлшгүй тохиодог. Ихэнх өвчний эх үүсвэр сэтгэлд оршдог.Тийм ч учраас ихэнх өвчнийг сэтгэл буюу хүний сүнс эдгээх чадвартай. Ликагийн бүс нутагт дэгдсэн холер өвчнөөр би оюутан байхдаа өвчилсөн юм. Миний амьдралын утга учир болсон технологийн чиглэлээр суралцахыг аав минь эцэст нь зөвшөөрсний эцэст би эдгэж чадсан.
Хуурмаг төсөөлөл бол Дэлхийн гурван хэмжээстээс чанагш бодлоо давуулж гаргах чадвар юм. Надад энэ чадвар бүхий л амьдралын туршид байсаар ирсэн. Бидний эргэн тойрон болж буй бүх үзэгдлийг би урьдчилан хүлээж авдаг. Бага байхдаа голын эргээр авга ахтайгаа зугаалж яваад би: “Голын уснаас загас гарч ирэхэд би түүн рүү чулуу шидээд тэр зүсэгдэнэ” гэж хэлээд бүх зүйл хэлснээр минь болсон юм. Маш их айж мэгдсэн ах маань “Баде ретро Сатанс” /Чөтгөр лүүгээ тонил/ гээд орилж билээ. Тэр Латин хэлтэй, боловсролтой хүн байсан...
Мөн би Парист байхдаа ээжийгээ нас барж буйг харсан. Тэнгэрт гэрэл аялгуугаар дүүрч, гайхамшигт оршихуйнууд хөвөлдөн байсан юм. Тэдгээрийн нэг нь ижийтэй минь төстэй байсан бөгөөд над руу хязгааргүй их хайр дүүрэн харцаар харж байсан юм. Энэ бүхэн дууссаны дараа ээж минь нас барсан болохыг би мэдсэн юм.
Сэтгүүлч: Ноён Тесла долоо дахь хүчин зүйл юу вэ?
Тесла: Бодлын болон амин эрчим бидний хүссэн зүйл болон хувирч, улмаар бүх мэдрэмжүүдээ хянаж сурах мэдлэг юм. Энэтхэгүүд үүнийг Кундалини гэдэг. Үүнийг олон жилийн туршид сурдаг. Зарим хүнд төрөлхөөс заяагдсан байх нь бий. Надад ихэнх нь төрөхөөс заяагдсан. Эдгээр энерги нь энэ Ертөнцөд хамгийн түгээмэл байдаг сексийн энергитэй хамгийн ойролцоо байдаг. Эмэгтэй хүн энэхүү энерги буюу сүнслэг хүчин чадлыг булаан авдаг хамгийн хүчирхэг хүчин зүйл юм. Би үүнийг байнга мэддэг, дохио санамж ч ирдэг байсан. Би өөрийгөө ухаалаг, сүнслэг машин болгон хувиргасан.
Сэтгүүлч: Ес дэх хүчин зүйл юу вэ, ноён Тесла?
Тесла: Бүх зүйлсийг тухайн өдөр, цаг мөчид амжуулж хийх хэрэгтэй. Хэрэв боломжтой бол өөрийнхөө хэн болох, яагаад Дэлхий дээр ирсэн учир шалтгаанаа мартаж болохгүй. Ер бусын авьяастай хүмүүс өвчин зовлон, хувийн асуудалд баригдаж, эсвэл нийгмийн үл ойлголцол, мунхаг байдал, гүтгэлэг гүжирдэлт, ёс бус байдалд дарлагдаж байна. Дэлхий маш олон сахиулсан тэнгэр уналтанд оржээ.
Сэтгүүлч: Арав дахь хүчин зүйл юу вэ?
Тесла: Энэ бол чухал. Ноён Тесла тоглодог байсан гэж бичээрэй. Тэр бүхий л амьдралынхаа туршид тоглолт хийж, түүгээрээ баясдаг байсан гээрэй.
Сэтгүүлч: Ноён Тесла! Энэ таны ажил бүтээлтэй холбоотой юу? Энэ тоглоом тань?
Тесла: Тиймээ, эрхэм залуу минь. Би цахилгаанаар тоглох үнэхээр дуртай. Грекийн гал хулгайлсан домгийг сонсох бүртээ жихүүцдэг байлаа. Зевст хангалттай аянга цахилгаан байгаагүй гэж үү, нэг дөлийн төлөө бэртсэн гэж үү? Үүнд нэг л үл ойлголцол байна. Цахилгаан бол хамгийн гайхамшигтай байж болох тоглоом юм. Никола Тесла үүнийг олж нээсэн анхны хүн байсан гэж бичээрэй...
Сэтгүүлч: Ноён Тесла, та сахиусан тэнгэрүүдийн талаар, мөн тэдний Дэлхий дээр дасан зохицох талаар ярьж байна.
Тесла: Би юу? Энэ чинь ижилхэн. Тэр өөрийгөө Индри, Зевс, Пероны хойд төрөл нь байсан гэж хэлсэн гээд бичиж бас болно. Эдгээр бурхдын нэг нь үдшийн хар хослолтой, бүрх малгай, цагаан бээлий өмсөөд Нью Йоркийн элитууд рүү аянга буулгах гээд бэлдэж байна гээд төсөөл дөө.
Сэтгүүлч: Уншигчид маань манай сонины хошин аяст дуртай шүү. Гэхдээ таны хүн төрөлхтний төлөө хийсэн нээлтүүд тань зүгээр тоглоом байсан мэтээр илэрхийлж байгаа нь гайхал төрүүлээд байна. Үүнд олон хүн дургүйцлээ илэрхийлэх байх.
Тесла: Эрхэм ноён Смит, асуудал юунд байна вэ гэвэл хүмүүс хэт чухал, ноцтой. Хэрэв тийм биш байсан бол хүмүүс илүү аз жаргалтай амьдарч урт наслахсан. Хятадын мэргэн үгэнд ноцтой хурц байх нь амьдрал богиносгодог гэдэг. Уншигчид чинь юуг чухалчилж байна түүн рүү буцья.
Сэтгүүлч: Тэд таны философийн талаар сонсохдоо баяртай байна.
Тесла: Амьдрал бол бүрэн цогц байх ёстой хөгжмийн хэмнэл юм. Би түүнийг мэдэрч, түүнийг найруулж, удирддаг. Энэ бүхэн надад байгаа мэдлэгийг өгсөн, үүнд би талархдаг. Амьд байгаа бүхэн хоорондоо гүн бөгөөд гайхамшигтай холбоотой. Хүн болон одод, нэг эст амьтан болон нар, тоомшгүй олон дэлхийн эргэлт болон хүний зүрх гээд. Энэ холбоос тасралтгүй мөнхөд үргэлжилнэ. Эдгээр нь хоорондоо нийцэлтэй байх төдийгүй шинэ өөр харилцааг бий болоход саад болдоггүй. Мэдлэг бол сансар огторгуйгаас ирдэг. Бидний дотоод төсөөлөл хамгийн төгс. Бидэнд хоёр нүд байдаг. Нэг нь энэ дэлхийн /биеийн/ нөгөө нь сүнслэг. Үүнийгээ нэг болго гэж зөвлөдөг. Ертөнц бол амьд, яг л өөрийн бүтээлүүд шигээ сэтгэж боддог.
Чулуу бол ургамал, араатан, хүнтэй ижил амьд оршихуй. Хэрэв хүн хэт жижиг асуудалд төвлөрч, жижгэрээгүй бол од руу хараад түүний өгөх мессеж, хэлийг ойлгох байсан. Тэнгэрт гэрэлтэх оддын мессеж, хэлийг хэрэв бид хэт өөр дээрээ төвлөрч, жижиг хэмжээнд байгаагүйсэн бол ойлгох байсан. Хүний нүд, чих, амьсгал нь орчлонгийн чих, нүд, амьсгалтай нэгэн хэмнэлд цохилох байсан.
Сэтгүүлч: Таны эдгээр үгс тань Буддизм эсвэл Даоизмын шашны сургаалтай ижил сонсогдож байна.
Тесла: Тэр зөв! Энэ чинь юу гэсэн үг вэ гэвэл хүн бүхэнд байсаар ирсэн ерөнхий мэдлэг буюу нэг үнэн байна гэсэн үг. Миний өөрийн мэдрэмж, туршлагаар орчлон ертөнц цаглашгүй дээд нэг энерги, нэг бүтэцтэй бөгөөд амьдралын хязгааргүй олон төрх, хувьсалтай. Хамгийн гайхамшигтай нь нэг л нууцыг тайлж чадвал бусад зүйлсийн сэжим олддог. Энэ тийм нууц бидний эргэн тойронд байгаа хэдий ч хүмүүст үүнийг сонсохгүй, харахгүй байна. Бид тэдэнтэй дотоод сэтгэлийн хүчээр холбогдвол тэдгээр нь өөрсдөө бидэнд нууцаа тайлдаг. Маш олон алим байдаг боловч зөвхөн нэг алим л Ньютон дээр унасан. Түүний асуусан алим түүний өмнө унасан юм.
Сэтгүүлч: Энэ ярилцлагын хамгийн эхэнд сонирхож байсан асуултыг тавья. Таны хувьд цахилгаан эрчим хүч гэж юу вэ, ноён Тесла?
Тесла: Бүх зүйл цахилгаан эрчим хүч. Бүх зүйлийн эхлэл бол гэрэл. Гэрлээс матер, орчлон ертөнц, гариг дэлхий гээд амьдралын бүх хэлбэрүүд бий болсон. Гэрлийн жинхэнэ мөн чанар нь Харанхуй. Гагцхүү бид үүнийг харж чаддаггүй. Үүнд гэрлийн, дулааны, цөмйин, хардиацийн, химийн, механик болон танигдаагүй гээд бүх энерги багтдаг. Үүнд дэлхийг тойрогт нь эргүүлэх хүч багтдаг. Энэ бол жинхэнэ Архимедийн хөшүүрэг юм.
Сэтгүүлч: Ноён Тесла та цахилгаан эрчим хүчний хувьд хэт туйлширсан санагдлаа.
Тесла: Би бол цахилгаан эрчим. Хүсвэл би хүний хэлбэрт орсон цахилгаан эрчим. Та ч мөн цахилгаан эрчим шүү дээ, ноён Смит. Гэвч та үүнийг ухаараагүй байна.
Сэтгүүлч: Энэ таны биеийн мянган вольтын гүйдэл гүйлгэх чадварыг хэлж байна уу?
Тесла: Тарьсан ургамал нь эзнийгээ хөнөөнө гээд төсөөлөөд үздээ. Ингэвэл их солиотой биз. Хүний бие болон тархи маш их хэмжээний энергийг агуулдаг. Надад цахилгаан энергийн дийлэнх хэсэг нь байдаг. Хүн бүрт байдаг ялгаатай энерги нь хүний “Би”-г тодорхойлж байгаа юм. Тархины функц болон үхэл зэрэг бүгд гэрэлд шилждэг. Залуудаа миний нүд хар байсан бол одоо цэнхэр болсон. Цаг хугацаа өнгөрч улирахын хирээр тархи илүү хүчтэй болж улам гэгээлэг өнгө рүү хувирдаг. Цагаан бол диваажингийн өнгө юм. Нэг өглөө миний цонхоор цагаан тагтаа бууж ирсэн юм. Тэрээр тун удахгүй нас барах гэж байсан юм. Учир нь нүднийх нь гэрэл маш хурц байсан. Ямар ч амьтны, хүний нүдний гэрэл тийм хурц байсныг би олж үзээгүй.
Сэтгүүлч: Таны лабораторид хамт ажилладаг хүмүүс таныг уурласан үедээ, эсвэл эрсдэл ойрхон байгаа үед биеэс тань гэрэл, цахилгаан харагддаг гэж ярих юм.
Тесла: Энэ бол сэтгэцээс ялгарч буй анхааруулах дохио. Гэрэл үргэлж миний талд байсан. Соронзон орны эргэлдэх талбай болон индукцийн моторыг яаж нээснийг минь та мэдэж байна уу? Энэ нээлт намайг 26 насанд минь нэр алдрын оргил өөд чиглүүлсэн юм. Будапешт зуны нэгэн орой би Сигетижем гэдэг нэртэй найзтайгаа нар жаргахыг хараад сууж байлаа. Мянга мянган галын дөл мянган мянган гэрэлтэгч өнгө гялбалзаж би Фауст зохиолыг гэнэт санаад түүнээс цээжээрээ дотроо уншиж эхэлтэл манан шиг дүрсээр хуйларч буй соронзон талбай, индукцийн мотор нүдэнд минь үзэгдсэн. Би энэ бүхнийг нарнаас олж харсан юм!
Сэтгүүлч: Гадаа цахилгаан цахих үеэр таныг өрөөгөө түгжээд өөртэйгээ ярьдаг гэж зочид буудлын ажилтан хэлж байсан.
Тесла: Би аянга, цахилгаантай ярилцдаг.
Сэтгүүлч: Та тэд нартай ямар хэлээр ярилцдаг вэ, ноён Тесла?
Тесла: Ихэнхдээ өөрийн унаган хэлээрээ. Серб хэлэнд, тэр дундаа шүлэгнүүдэд нь аянга, цахилгаантай ярилцахад тохиромжтой, үг, аялгуу байдаг.
Сэтгүүлч: Та үүнийг орчуулж өгвөл манай уншигчид их талархах байх.
Тесла: Дуу чимээ зөвхөн аянга цахилгаанд оршдоггүй. Харин өнгө гэрэлд бас байдаг. Өнгө дуу чимээтэй. Бүхий л хэлний үгс нь аялгуу болон өнгийг үүсгэдэг. Аянга цахилгаан бүр ялгаатай, өөрийн гэсэн нэртэй байдаг. Миний амьдралд ойр дотно аянга цахилгааныг, эсвэл өөрийн биширдэг нэгнийг бий нэрээр нь дууддаг. Тэнгэрийн гэрэл, аянга цахилгаан дунд миний ээж, эгч, ах Даниел, Сербийн шүлэгч Иван Иванович Змаж болон бусад түүхэн хүмүүс амьдардаг юм.
Сэтгүүлч: Тэгвэл таны хувьд шүлэг яруу найраг, шинжлэх ухаан хоёр ижил юм уу?
Тесла: Энэ чинь нэг хүний хоёр нүд. Вилльям Блэйк Ертөнцийг хийсвэр, төсөөллөөс бий болсон бөгөөд дэлхий дээр хамгийн сүүлчийн хүн байх хүртэл орших болно гэдгийг ойлгосон. Энэ бол гэрлийн энергитэй төстэй бүтээлч энерги юм.
Сэтгүүлч: Тэгвэл таны хувьд төсөөлөл нь жинхэнэ амьдралаас илүү бодитой гэсэн үг үү?
Тесла: Энэ нь амьдралыг төрүүлдэг эх нь. Би өөрийн сэтгэл хөдлөл, зүүд, төсөөллөө удирдаж сурсан. Би урам зоригоо үргэлж бадрааж, баяр талархалтай амьдардаг. Би бүх амьдралынхаа туршид баяр баяслаар дүүрэн байсан. Энэ л миний аз жаргалын эх үүсвэр. Хүний амьдралаар болон 5 төрөлдөө хийх нүсэр их хөдөлмөрийг би үүний л тусламжтайгаар хийж гүйцээсэн юм. Ажиллахад хамгийн тохиромжтой цаг бол шөнийн цаг. Яагаад гэвэл энэ үед оддын гэрэл хамгийн хурц, би тэдэнд их ойрхон байдаг.
Сэтгүүлч: Та түрүүн хэлэхдээ бусад бүх зүйлсийн адил намайг Гэрлээс бүтсэн гэж хэлсэн. Надад сайхан санагдаж байгаа ч үнэндээ би үүнийг ойлгохгүй байна.
Тесла: Та заавал үүнийг ойлгох хэрэггүй ээ, ноён Смит. Итгэхэд л хангалттай. Бүх зүйл Гэрэл. Түүний нэг цацрагт нь улс үндэстний хувь заяа, амьдрал бүх зүйл багтдаг. Яг л нарыг харж буйтай ижил улс үндэстэн бүхэн өөрийн агуу гэрлээс бүтдэг. Та санаж аваарай. Үхэл гэж огт байдаггүй. Тэд буцаад гэрэл рүү хувирч шилжээд түүндээ оршдог. Гэрэл өөрийн анхны хэлбэрээ хадгалдаг нь жинхэнэ үнэн юм.
Сэтгүүлч: Энэ чинь сэхээрэл /гэгээрэл/ байна!
Тесла: Би үүнийг харин анхны энергидээ эргэн шилжих гэж нэрлэнэ. Христ болон зарим нэг хүмүүс энэ нууцыг мэддэг байсан юм. Би хүний энергийг хэрхэн хадгалж болох вэ гэдгийг судалдаг. Хүний гэрэл заримдаа Диваажингийн гэрэлтэй төстэй байдаг. Би үүнийг өөрийнхөө төлөө бус харин хүн төрөлхтний төлөө хийж байна. Миний нээлтүүд хүн төрөлхтний амьдралыг хялбаршуулж улмаар ёс суртахуун, сүнслэг оюунлаг байдалтайгаа холбогдоход нь тус болно гэдэгт итгэдэг.
Сэтгүүлч: Цаг хугацаа устаж болно гэж та үздэг үү?
Тесла: Яг ч тийм биш. Яагаад гэвэл энергийн анхдагч хууль бол үүний хувиран өөрчлөгдөх шинж чанар юм. Энэ нь яг л Даогийн үүлний хувиралтай харьцуулсантай ижил мөнхийн хувиралд оршдог. Хүн дэлхийн амьдралаа туулсны дараа ухамсраа хадгалдаг. Ертөнцийн аль ч хэсэгт амьдралын энерги оршдог. Тэдгээрийн нэг нь мөнх оршнол буюу энэ л оршнол хүнийг хүлээж байдаг.
Ертөнц бол сүнслэг /оюунлаг/ юм. Бид замынхаа хагасыг л туулаад байна. Ертөнц биднээс илүү ёс суртахуунтай, ухаалаг юм. Яагаад гэвэл бид Ертөнцийн мөн чанарыг таниагүй, үүнтэй хэрхэн зохицож амьдрахыг мэддэггүй. Үнэндээ би шинжлэх ухааны эрдэмтэн судлаач биш. Шинжлэх ухаан бол миний тасралтгүй эрж хайдаг асуултуудын хариуг олох хамгийн тохиромжтой арга зам юм.
Сэтгүүлч: Матери гэж юу вэ?
Тесла: Таны нүд яасан их гэрэлтэж байна вэ! Би юу мэдэхийг хүссэн бэ гэвэл нар гэрэлтэж дуусаад юу болдог вэ? Одод энэ дэлхий дээр эсвэл өөр дэлхий дээр тоос болж унана, эсвэл амьд бүхний бодолд уусч дахин гэрэл, сансрын салхи болон төрдөг. Үүнийг ойлгох нь Ертөнцийн бүтцийг ойлгоход зайлшгүй чухал.
Сэтгүүлч: Ноён Тесла, энэ бүхэн зайлшгүй чухлаас гадна дэлхийн оршин тогтноход ч чухал гэж та ойлгожээ!
Тесла: Хүн төрөлхтөн хүч чадалтай болох үед хамгийн дээд зорилго нь оддын зүг чигэлж, тэдгээрийг судалж, мэдэхэд чиглэх болно. Энэ бол хүний амьдралын зорилго бөгөөд үүнийг мэдсэнээр хүн төрөлхтөн аврагдах юм. Одонд хүрэх цаг ирнэ.
Сэтгүүлч: Тэр үед юу болох бол?
Тесла: Бүтээгч инээд алдаад "оддыг хөөж гүйцээд, барьж авсан цагт л газарт унах болно" гэж хэлэх байсан.
Сэтгүүлч: Энэ бүхэн сансар огторгуйн зовлон буюу таны зохиолдоо байнга дурддаг ойлголттой зөрчилдөхгүй юу? Сансар огторгуйн зовлон гэж юу вэ?
Тесла: Бид Дэлхий төрсөн учраас мэдэхгүй байна. Хүмүүсийн дийлэнх нь үүнийг мэддэггүй. Өвчин зовлон, хорон санаа, дайн дажин гээд бүх зүйл хүний амьдралыг маш аймшигтай утга учиргүй нөхцөл байдалд аваачиж байна. Энэ өвчнийг бүрэн эдгээх боломжгүй, гэхдээ ойлгож ухамсарлавал нөхцөл байдал илүү дээрдэнэ. Хамгийн ойр дотны хүмүүсийн маань нэг нь өвдөж гэмтэхэд би тэр өвдөлтийг бас мэдэрдэг. Үүний учир гэвэл бидний бие ижил материалаар бүтээгдсэн бөгөөд сүнсүүд маань салшгүй хүчээр холбогдсон байдаг. Заримдаа бид гэнэт ихээр гуниж гутардаг нь энэ гаригийн хаа нэгтээ хүүхэд эсвэл энэрэнгүй нэгэн хүн нас баржээ гэсэн үг.
Ертөнц тэр чигтээ тодорхой үеүдэд өөрөөсөө, биднээс болж өвддөг. Одод устаж үгүй болох, солирууд бий болох нь төсөөлснөөс ч илүүгээр бидэнд нөлөөлж байдаг. Тэгвэл дэлхий дээр оршдог амьтай бүхний хоорондын холбоос бүр хүчтэй байдаг. Бидний мэдрэмж, бодлоос шалтгаалж цэцэгс улам сайхан үнэртэж эсвэл ялзарч үхэх ч боломжтой. Бид өөрсдийгөө эдгээхийн тулд эдгээр үнэнийг мэдэх ёстой. Анагаах хүч нь бидний зүрх сэтгэлд оршихын зэрэгцээ Ертөнц гэж нэрлээд байгаа бусад амьд оршлын сэтгэлд ч бас оршдог.
Эх үүсвэр: https://www.linkedin.com/pulse/nikola-tesla-interview-hidden-116-years-jean-michel-letennier
https://en.wikipedia.org/wiki/Nikola_Tesla
Англи хэлнээс орчуулсан: Өлзийбилэг
Хянан нийтэлсэн: Хандсүрэн
http://keytosecret.blogspot.com/2015/07/100.html