Хотын агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд JEA-800f загварын дуобусууд нийтийн тээврийн үйлчилгээнд гарлаа. Агаарын чанарын мэргэжлийн албатай хамтран хийсэн судалгаагаар хотын төв орчмын агаарт байгаа азотын давхар ислийн 78.5 хувь, нүүрсхүчлийн дутуу ислийн 14-30 хувийг авто тээврийн хэрэгслийн түлшний шаталтын утаанаас гарч байгааг тогтоосон. Харин Монгол инженерүүдийн бүтээсэн дуобус нь эрчим хүчинд хэмнэлттэй, дуу чимээ бага, байгальд ямар нэг хаягдал бохирдол гаргадгүйгээрээ давуу талтай гэнэ. Өнөөдөр хоёр ширхэг дуобусыг угсарч үйлчилгээнд гаргасан бол “Цахилгаан тээвэр” компани гэрээ ёсоороо ирэх сарын 1 гэхэд долоон ширхэгийг нэмж нийлүүлэх гэнэ. Улаанбаатар хот нийтдээ 50 ширхэг дуобустай болох зорилт тавиад байгаа.