Өсөлт болгон сайн үр дүн авчирдаггүй гэдгийг манай эдийн засгийн өнөөгийн байдал харуулж буй. Нийт экспортын 90 гаруй хувийг ашигт малтмал бүрдүүлдэг болсон. Иймээс манай эдийн засгийн бие лагшинг уул уурхайн салбар тодорхойлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, дэлхийн зах зээлд ашигт малтмалын үнэ ямар байна, түүнээс нь монголчуудын амьдрал шалтгаална. Үүнийг онолын хувьд мөчлөг дагасан эдийн засаг гэж байгаа билээ. Эрдэс баялгийн үнэ өндөр буй сүүлийн хоёр жилд улсын төсөв огцом нэмэгдэв. Ингээд нь иргэн бүрт сар болгон бэлэн мөнгө тараах, улсын төсвийн хөрөнгө оруулалт өсөхөд нөлөөлсөн аж. Энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалт сүүлийн хоёр жилийнхээс гурав дахин их мөнгө зарцуулах тооцоо гарсан байдаг. Жишээлбэл, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тус бүр нь таван тэрбум төгрөгөөс дээш хөрөнгө оруулалттай 137 төсөл хэрэгжүүлэх учиртай. Нийт мөнгөн дүн нь 905 тэрбум 700 гаруй сая төгрөг болох ажээ. Дээрх төслийн 32.4 хувь нийслэлд, үлдсэн нь Хөвсгөл, Увс, Завхан, Ховд, Баян-Өлгий, Баянхонгор, Архангай, Төв, Хэнтий, Дорнод, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Өвөрхангай аймагт хэрэгжих нь. Хөрөнгө оруулалтын 36.3 хувийг нь зам, гүүр барих, тээвэрт зарцуулна. Харин боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн салбарт 21.3, эрчим хүчинд 16.3, барилга хот байгуулалтад 5.3, шуудан, харилцаа холбоо технологид гурав, аялал жуулчлалд 1.9 хувийг тус тус зарцуулахаар төлөвлөсөн байна.
Дээрх жишээнээс бага хөрөнгө оруулалтай төслийн мөнгөн дүн мөн нэмэгдэх учиртай. Иймд энэ жилийн төсвийн хөрөнгө оруулалтын хуулиар тогтоосон дээд хязгаараас хэтэрчээ. УИХ төсвийн ерөнхийлөн захирагчдын төсвийн хязгаарыг Төсвийн хүрээний мэдэгдэл, Төсвийн төсөөллийн тухай хуулиар өнгөрсөн онд тогтоож өгч. Энэ хязгаар нь 1.104.225.0 сая төгрөг аж. Тэгээд төсвийн ерөнхийлөн захирагч нарт дээрх хэмжээнд багтааж, төсвөө боловсруулахыг даалгажээ. Гэвч энэ онд тэр тогтоож өгсөн дээд хязгаар нь 503.342.8 сая төгрөгөөр нэмэгдэж батлагдсан байна.
Олон улсын жишигт томоохон төсөл, төлөвлөлт хийхдээ тухайн салбарын суурь судалгааг үндэслэх, холбогдох байгууллагуудаас санал авах, ямар хэрэгцээ шаардлага байгааг нь тодорхойлох, зарцуулах хөрөнгийг нь урьдчилан тооцож судлах нийгэмд үзүүлэх үр ашгийг харгалзан үздэг. Харин манайд үүнээс эсрэг байгааг аудитын судалгаа харуулж байна. Тухайлбал, улсын төсвийн аудитын судалгаанд оролцогчдын 90 хувь нь хөрөнгө оруулалтын төслийн төлөвлөлт хийхдээ салбарын мэдээллийг ашигладаг гэж. Харин дөрөв орчим хувь нь ямар нэг судалгаа шинжилгээнд тулгууралдаггүй хэмээн хариулсан байна. Мөн таван төсөл тутмын нэг нь мэргэжлийн болон төрийн бус байгууллага, иргэдийн саналыг тусгаж чаддаггүй дүн гарчээ. Уг судалгаанаас үзэхэд, манай улс хөрөнгө оруулалтын төслийн үр нөлөө ач холбогдлыг нарийвчлан тооцдоггүй аж. Жишээ нь, судалгаанд оролцогчдын талаас илүү хувь нь улсын хэмжээнд хэрэгжүүлж буй төслийн үр нөлөөг тооцоогүй байна. Бас нийгэм, хэрэглэгч, иргэдэд ямар ашигтайг ч тодорхойлоогүй дүгнэлт гарчээ. Төсвийн хөрөнгө оруулалтын байдал ийнхүү үр дүнгээ тооцдоггүйгээс хэрэгжих үндэслэл муутай үр ашиггүй төсөл төлөвлөгдсөөр байгаа нь тодорхой. Энэ жил батлагдсан таван тэрбум төгрөгөөс дээш 137 төслийн 13-ынх нь ТЭЗҮ-ийг гаргаагүй байна. Үүнээс гадна газрын зөвшөөрөлгүй, геологи болон геодезийн дүгнэлтгүй, боловсруулсан зураггүй, зураг төсөлдөө экспертиз хийлгээгүй төсөл ч олон ажээ. Манай эдийн засаг өсөх хэрээр зарлага дагаад өсч буй. Энэ нь эрдэс баялгийн үнэ өндөр байх тусам хөрөнгийн буруу хуваарилалт хийж, тэр хэрээр эрсдэл дагуулж байгааг харуулдаг. Иймд олон улсын банк санхүүгийн шинжээч, эдийн засагчид “Монгол Улсын төсвийн бодлого, төлөвлөлт, төсөвлөлтийн шинэчлэл хийх шаардлагатай” хэмээн зөвлөсөөр байгаа юм.