Сэтгүүлч гэсэн диплом гардсаныхаа дараахан эцэг эхдээ хаягдсан эсвэл харгалзах, харах хүнгүй өнчирсөн хүүхдийн клиник сувиллаас сурвалжлага хийхээр очиж билээ. Гэвч үүдээр нь ороод л сувиллын эрхлэгчид хөөгдсөн. Чиний сурвалжлагын дараа л манай хашаагаар дүүрэн хүүхдээ авчраад хаячихна. Та нар хэчнээн бичээд ямар нэмэр болох биш дээ. Хүүхдүүдийнхээ ачааллыг дийлэхээ болилоо гэж ирээд л үглэх эмэгтэйд уур хүрч л суусан.Гэвч сүүлд нь эгчийг ойлгосон л доо.
Төрөөс хуваарилсан хэдэн төгрөг нь хаанаа ч хүрэхгүй байсан ч хэдэн хүүхдээ ядаж өлсгөж, дааруулчихгүй хэмээн хичээх багш ажилчдад талархахаас өөр яалтай. Тэртээ 12 жилийн өмнө нийгэм маань үнэхээр хэцүүхэн байсан. Хүүхдээ хаях эцэг эхчүүд ч олон. Улс ч тэдэнд дорвитойхон хөрөнгө зарцуулах чадалгүй байсныг хүн бүр мэднэ. Гэтэл өнөөдөр ч энэ байдал дээрдсэнгүй. Хүүхдийн төлөө газрын судалгаагаар өнчин гэсэн тодотголтой хүүхэд 50 гаруй мянга байдгаас 45 мянга нь хагас, 5400 нь бүтэн өнчин гэнэ.
Хүүхэд асрамжийн 41 газарт 1200 гаруй хүүхэд амьдардаг гэсэн тоо бий. Тэдний 60 хувь нь эцэг эхтэй гэхээр 500 гаруй нь бүтэн өнчин хүүхэд байдаг аж.Тэрхүү 60 гаруй хувийн дийлэнх нь архинд донтогсдын хүүхдүүд. Харин үлдсэн нь буюу 4900-гаад өнчин хүүхэд хаана хэнийд хэрхэн амьдарч байна вэ.
2000 оноос хойш гадаад дотоодын 200 гаруй иргэн хүүхэд үрчилж авсан гэсэн баримт байдаг тухай уншиж байсан. Тэгэхээр 200 нь ямар ч байсан хэн нэгний гэрт элэг бүтэн амьдарч буй гэж найдах хэрэгтэй болж. Сүүлийн жилүүдэд гадаадын буяны тусламжийн байгууллагууд эсвэл хувь хүний дэмжлэгтэй хүүхэд асрах төвүүд байгуулагдаж, өнчин хагас өнчин хүүхдүүдийг асарч, хүмүүжүүлдэг болж. Харамсалтай нь сайны хажуугаар саар гэж тэдний талаархи сайн муу мэдээ ч дуулдах. Харин энэ үед нөгөө олон хүүхдийн хэмээн томоос том хаяг зүүдэг газрууд хаагуур нь юу хийгээд, юу сэдээд явдаг нь тодорхойгүй.
Бүтэн өнчин, асран хамгаалах хүнгүй гээд хүүхэд 18 нас хүртлээ хүүхэд асран хүмүүжүүлэх газарт амьдардаг ч насанд хүрсэн л бол хаа нэг тийшээ явах л хэрэгтэй болдог. Уг нь, тэд их сургуульд суралцах эрхтэй. Гэвч амьдрах мөнгө олохын тулд ажиллах ёстой болно. Тэдэнд сонголт хийх эрх бараг үгүй.
Өнөөдрийн байдлаар Цагдан хорих 461 дүгээр ангид 21 хүүхэд хүмүүжиж байгаа. Ихэнх нь дээрмийн хэрэгт холбогдсон байдаг. Хүүхдүүдийн холбогдсон гэмт хэргийн гол шалтгаан нь ар гэрийн тогтворгүй байдал, өнчин, ядуу амьдрал. Өнөөдрийн байдлаар цаасан дээрх тоогоор 11600 хүүхэд өөртөө ахадсан хөдөлмөр эрхэлдэг. Тэд юуны төлөө яагаад ийм зүтгэв. Амьдрахын тулд гэж цагаатгаж болох ч хүний орчлонд хүн биеийг олж төрснийхөө сайн сайхныг мэдрэхээсээ өмнө ийн амьдралд нухлагдаж, шантарч байна.
Тэгвэл энэ бүхнийг хэрхэн өөрчилж болох вэ. Гарц байхгүй гэж үү. Хэн үүнийг цэгцлэх ёстой, хэн шийдвэр гаргах хэрэгтэй вэ. Бид өнөөдөр сонголт хийх зурвас дээр зогсч байна. Энэ үедээ л нийгэмд байгаа “проблем”-ыг маань хэн шийдэж чадах вэ гэж өөрөөсөө асууя. Ард түмний төлөө ажиллах амлалт өгөөд байгаа намуудын мөрийн хөтөлбөрийг ахиад нэг сайн шүүрдье. АН-ын “МОНГОЛ ХҮН” мөрийн хөтөлбөрийг сөхлөө. Нийгмийн халамжийн талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээ дунд 16 нас хүртэлх өнчин, хагас өнчин хүүхдийн эдийн засгийн баталгааг төрөөс хариуцна гэж тод хараар бичжээ. Хүн бүрт 21 мянган төгрөг хүртээх төрийн их халамжийн дэргэд хамгийн бодит заалт бол энэ 50 мянган хүүхдийн ирээдүйг зөв залж чадах шийдвэр.