Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа
Орон нутгийн эрүүл мэндийн төвүүдэд бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
Биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа
УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ
Тамирчид шалгаруулж авна
АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
“Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна
“Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлэг болно
Б.Болд: Кино урлаг туйлбаргүй хүнийг шигшээд хаячихдаг жамтай
Аль ч салбарын “арын алба”-ныхан тэр бүр дурсагдаадбайдаггүй ч ундарсан их ажилд дарагдаж явдаг. Тиймээс Монголын кино урлагт 40 гаруй жил ажил, амьдралаа зориулж яваа “Монгол кино нэгтгэл”-ийн ерөнхий зураач Б.Болдтой ярилцлаа. Тэрээр “Суварган цэнхэр уулс”, “Бушхүүгийн үлгэр”, “Говийн зэрэглээ”, ”Нарны унага” зэрэг арав гаруй уран бүтээлд ерөнхий зураачаар ажилласан билээ. Ажлын өрөөндөө зургаа зурсаар намайг угтсан юм.
-Та юу зурж сууна вэ?
-Америкийн консулд бэлэглэх түүний хөрөг зургийг зурж дууслаа. Гадаадын хүн болохоор сонин содон байх болов уу гээд монгол хувцастай зурчихлаа. Өөрт нь таалагддаг байгаа гэж санаа зовниж л сууна. Мөн хүүгийн минь хуримын 20 жилийн ой болж байгаа юм. “Аав, та л зурж өг” гээд шалаад байхаар нь гэр бүлийнхэнтэй нь зурж байна. Хүүдээ зурж өгөхгүй бол болохгүй шүү дээ.
-“Гайхамшигт дэлгэц” төсөл үргэлжилж байгаа. Хуучны кинонуудыг тэр хэвээр хэсэгчлэн бүтээж байгаа болохоор зургийн ажил хамгийн хүнд нь байгаа болов уу?
-Хүнд байлгүй яахав. Тэртээ 1960-1980-аад оны кинонууд болохоор зураг авах газраас өгсүүлээд хувцас хунар, машин техник, дүр гээд бүх зүйл адил байх ёстой. Тэр бүхнийг гаргана гэдэг хүнд ажил. Хуучны зураг авчихаар газар нийслэлд бараг үлдээгүй болохоор бүгдийг нь кино павилондоо л бүтээж байна даа. Дараагийн цуврал “Монгол хүү”, “Морьтой ч болоосой”, “Аман хуур”, “Энэ хүүхнүүд үү” зэрэг киноны хэсгээс хийгдэхээр зураг авалт нь эхэлчихсэн,
тайз, дикрацийн ажил хийгдээд зав муухан л байна. Нийт 25 цуврал гаргахаар төлөвлөн ажиллаж байгаа юм билээ.
-Та кино урлагтай хэдийнээс холбогдов?
-Намайг 1963-1969 онд ЗХУ-д суралцаж байхад “Мосфильм” кинокомпаниас хүмүүс ирж, кинонд тоглобол 10 рубль өгнө гэхээр нь саваагүйтэж, гоё ганган гэсэн хамаг л юмаа хамж өмсөөд, гоё кинонд тоглох юм бодон анх кино зурганд орж байлаа. Тэгсэн тариачны навсархай хувцас, муу хар эсгий гутал өмс гээд шидчихэж билээ. Тэгээд хоёр, гурван киноны масовкт оролцож тоглосон доо. Хэдий тоглосон дүр маань шалихгүй, өмссөн хувцас таалагдахгүй байсан ч тэндээс би цоо шинэ ертөнц өөртөө олж нээсэн. Ингэж л кинотой танилцаж байлаа. Цаас хайчлан цас оруулж, байшинд ил гал түлж байгаа зэрэг нь үнэхээр сонин содон санагдаж, тэр үеэс кинонд дурлаж, шимтэх болсон. Сургуулиа төгсч ирээд удаагүй байхад Монгол кино үйлдвэрт хослол зургийн цех нээгдэж, өөрийнхөө хүслээр орсон. Манай зураглаач Л.Шаравдорж, инженер Төмөр нар тэр цехийг байгуулж байсан юм билээ. Хослол зургийн аргаар 100 морийг 1000 ч болгож болдог. Одоогийнхоор хэлбэл компьютер график юм уу даа.
-Та “Алтан үе”-ийнхэнтэй ажиллаж байсан. Одоо ч хамтдаа байна. Хамт ажиллаж байсан нөхдөө дурсвал?
-Азаар би их сайхан хүмүүстэй нөхөрлөж ирсэн. Хослол зургийн цехийн хамт олон маань цөөхүүлээ ч байж. Төрийн соёрхолт, кино зураглаач Л.Шаравдорж гуайг би багшаа гэж хүндэлж явдаг. Кино зураглаач төдийгүй зохион бүтээгч, инженер гэж хэлэхэд хилсдэхгүй элдэвтэй хүн байсан. Манай хослол зургийн оператор Зэсэнжав гарын ур дүйтэй, хийж чадахгүй зүйлгүй мундаг нэгэн бий. Мөн Пүрэвдорж их нямбай, Балданпүрэв маань жүжигчин хэдий ч дархан хүний дайтай гайхалтай сайхан гарын уртай. Ийм сайхан хүмүүсээс суралцаж өдий зэрэгтэй явна. Монгол кино үйлдвэрийн хослол зургийн цехийг хүмүүс “шилж сонгогдсон шилмэл хүмүүстэй” гэж ярьцгаадаг. Бидний хийж чаддаггүй зүйл ч байхгүй шахуу байж. Угтаа тэдний маань гавьяа шүү дээ. Ийм л сайхан хамт олон дунд ажиллаж байлаа. Мөн О.Мягмар гуай бол яах аргагүй миний багш. Энгийн сайхан яриа хөөрөөтэй, энгүүн хүн байж дээ. Кино зурганд өөрөө их зааварчилж оролцоно. Одоо бодоход өөрийн мэдлэг, чадвар, амьдралаас олж авсан ухаанаа өвлүүлэх гэж их л хичээдэг байж гэж боддог юм.
-Таны ажилласан анхны уран бүтээл юу байв?
-1975 онд, Ж.Лхагваагийн зохиол “Анхны хайрын дууль” киноны хувцасны зураачаар ажиллах боломжийг найруулагч Б.Сумхүү гуай надад олгож, тэгж л анхны кинондоо оролцсон. Сумхүү гуай намайг шууд ч сонгочихоогүй. Надаас шалгалт гэх юмуу, сорилт гэх юмуу авч байсан юм. Хөдөө зурганд гарахдаа хоёр авдар дүүрэн хувцасны өмнө намайг зогсоогоод,“30-аад оны үеийн цэргийн дарга, хүрээ хүүхэн гэх зэрэг хэд хэдэн хувцас хэрэглэлийг жүжигчиддээ тохируулаад өмсгөчих” гэж билээ. Би ч харж байгаад л хувцаслачихлаа. Ахиад хоёр, гурван хүн хувцаслаад үзүүллээ. Сумхүү найруулагч харчихаад “Болж байна” гээд л хамт ажилласан даа. Сумхүү гуай их сайхан хүн байж билээ. Орос хэлтэй, зураач хүн болоод ч тэрүү юм юманд эвлэг. Надад ”Чи тааруу 20 ном уншихын оронд, нэг сайхан ном унш. Тааралдсан болгоноо унших хэрэггүй, хэрэгтэй гэж үзснээ уншиж байгаарай” гэж хэлж байсан. Одоо хэр нь би гарт тааралдснаа уншихгүй шүү.
-Анхны кинондоо урамшиж, туршлага хуримтлуулсан биз?
-Тэгэлгүй яахав. Манай тал, дайсны тал гэх төсөөлөлтэй байсан хүн чинь дотор нь ороод ажиллаад ирэхээр өөрийн эрхгүй мэргэжилдээ
дурладаг юм билээ. Дараа нь 1978 онд, найруулагч Д.Жигжид дуудаад “Хүний төлөө” хэмээх уран сайхны кинонд хувцасны зураачаар ажиллах санал тавьснаар хоёр дахь уран бүтээлдээ орсон доо. Том хүн гэдэг том л байдаг юм билээ. Мухарын аманд зураг авч байхад хүү минь гэнэт өвдөөд хагалгаанд орох болсон тухай мэдээ надад хотоос ирсэн юм. Тэр үед амьдралын туршлага багатай, сандарчихсан, залуу аав намайг Жийгээ найруулагч “Зүгээр, хүү чинь зүгээр болно, чи ирээд ажлаа үргэлжлүүлж хийж болно” гээд кино үйлдвэрээс машин дуудуулаад, духан дээр минь үнсээд явуулж билээ. Жигжид гуай ийм л сайхан хүн. Ажил, амьдралаа салгаж мэддэг. Хошин яриатай, олноор хүрээлүүлсэн, их зүйл дуулж мэдсэн, амьдралын асар их ухаантай хүн байсан даа.
-Шинэхэн зураачийг мундагууд хэр хүлээж авсан бол?
-Сайхан хүлээж авсан. Мэргэжлийн кино зураач биш болохоор мэдрэмж, сэтгэлээрээ ажиллаж байлаа. Намайг тоож кино багтаа ажиллуулж байсан найруулагч нартаа одоо хүртэл талархаж явдаг. Ялангуяа найруулагч Б.Балжинням, Р.Доржпалам нарыгаа дурсахгүй байхын аргагүй. Анх Балжаа бид хоёр “Халгай”, дараа нь “Говийн зэрэглээ” кинонд хамтран ажилласан. Балжаа бид хоёрын гар, санаа нийлнэ гэж жигтэйхэн. Уг нь Доржпалам гуай манай уран сайхны удирдагч, Балжинням чинь олон кино найруулсан мундаг найруулагч атал шинэхэн зураач намайг их тоож миний үгийг сонсч, харилцан ярилцдаг байсан.
-Та кино урлагт хөл тавих гэж буй мөн ажиллаж буй залуустаа юу гэж захимаар санагддаг вэ?
-Кино урлагийг зүйрлэвэл унь, багана, тоонотой сайхан айл. Хөлөө олоод зөв явж чадвал хэнийг ч гадуурхалгүй буян хишгээ хайрлаж чаддаг. Харин туйлбаргүй хүнийг шигшээд хаячихдаг жамтай. Зүтгээд л яваад байх хэрэгтэй.
-Хальсны кино үетэй хамт хосолмол зургийн арга техник орхигдсон гэж хэлж болно. Одоо бол компьютер графикаар хийж байна шүү дээ. Компьютерээр хийсэн киноны зураг танд хэр санагддаг вэ?
-Цаг цагаараа л байх юм. Одооныхоо л цаг үед тохирсон эд байлгүй. Гэвч бидний хувьд компьютер график гарч иртэл киноныхоо ажлыг таслалгүй, бүхий л нөөц, бололцоогоороо ажиллаж ирсэн.
-Хамгийн их ажиллагаа шаардсан бүтээл юу байсан бэ?
-Г.Жигжидсүрэн найруулагчийн “Суварган цэнхэр уулс” киног бүх л хилийн ангид очиж, үзэж байж кино зургаа авсан. Зурагт хэрэгтэй эд зүйл, өөрийн хамаг юмаа аваад л их ч явсан даа.
-Хүмүүс таныг зураачаар тань мэдэхээс кинонд дүр бүтээж байсныг тань тэр бүр мэдэхүй санагддаг?
-Өвгөн Жийгээ найруулагчийн “Хүний төлөө” кинонд хүүтэйгээ хамт ганц, хоёр хэсэгт оролцон тоглож байсан. Жигжид найруулагч сонжсон нүдээр харж байгаад л “тогло” гээд тоглуулчихсан даа. “Говийн зэрэглээ” кинонд зохиолоо бичих гээд бид хэд Тэрэлж рүү очиход Жигжид найруулагч “Өнөр бүл” киноныхоо зургийг авч байсан юм. Тэгээд “Өнөр бүл” кинонд бас л Жигжид, Доржпалам гуай нарын шахалтаар Цэрмааг эргүүлж машиндаа суулгах гээд чадалгүй, хөгшин авгай суучихаар нь уурлаж “машин шатаалаа” гэж зандардаг жолоочийн дүрд тоглосон доо.
-Манай кино түүхэнд хослол зургийн аргыг хамгийн их ашигласан бүтээлээс дурдвал?
-1979 онд бүтээгдсэн, “Бушхүүгийн үлгэр” кинонд хослол зургийн аргыг хамгийн их ашигласан. Манай ахмад зураач Цогзол кино зохиолоо өөрөө бичиж, би ерөнхий зураачаар хамт ажилласан. Наран ээжийн хэсгийг хээр талд, толинд тусгаж, Лусын хааны хэсгийг наана нь аквариум тавьж байгаад зургийг нь авсан. Ер нь энэ кинонд хослол зургийн олон арга хэрэглэсэн.
-Тэгвэл хамгийн том байгууламж ямар кинонд хийж байв?
-Х.Дамдин найруулагчийн “Мартагдашгүй намар” киноны намар оройн тариан талбай дахь комбайнтай зургийг шөнө авах шаардлагатай байсан. Гэвч манайд тэр том талбайг гэрэлтүүлэх станц байгаагүй учраас хослол зургаар хийхээр болж, ХААИС-д комбайн хийж, наанацаана харагдах зургуудаа бүгдийг нь зурсан. Тэгж л бүхэл бүтэн тариан талбайг комбайнитай нь хамт хийсэн. Комбайны наана найгаж харагдах учиртай тариа томдоод болдоггүй. Тэгэхээр нь чонын арьсыг сайтар сэгсийлгэж байгаад тарианы оронд ашигласан. Хүмүүс ялгахгүй байсныг бодоход сайн болсон байх. Мөн “Ацаг шүдний зөрүү” киноны хятад гудамжны зарим хэсгийг нь зурж, үлдсэн хэсгийг нь барьж байгуулсан. Кино гарсны дараа кинон дахь байгууламжийг “хаана байдаг вэ” гэж их асууж билээ. Энэ бол хослол зургийн гайхамшиг, бидний ажлын үр дүн юм.
-Таны хүүхдүүдээс мэргэжлийг тань өвлөсөн нь бий юу?
-Ууган хүү маань зураач. Одоо арьс ширэн урлал хийж, зургаа зурж л байгаа. Ач зээ нар маань зурах гэнэ. Надтай бийр булаацалдах хүн ч бий.
Гэхдээ хүүхдүүдээ зураач болгоё гэж боддоггүй юм. Тамтай ажил шүү дээ.
-Зураач, тэр дундаа кино зураачийн зовлон, жаргал юунд байдаг вэ?
-Зураач хүн өнгөө буруу тавьчихбал дараад зурчихаж болно. Харин кино зураачид алдах эрх байхгүй. Учир нь нэг л дүрс, хэмжээ, өнгө будаг алдвал бүх хүний хөдөлмөр талаар болно. Кино урлаг хамтын хөдөлмөр. Кино эхлээд дуустал шаналдаг даа.
-Таны оролцсон хамгийн удаан үргэлжилсэн кино гэвэл?
-“Талын зам 505” гээд кино одоог хүртэл хийж чадахгүй байна. Бүх кино зургийг нь гаргачихсан. Гэвч киног бүтээх мөнгө санхүүгийн асуудлаас болоод 5-6 жил шороо тоосонд дарагдаад хэвтэж байна. Уг нь манай улсад төмөр зам тавьж байх үеийг харуулсан түүхэн кино. Найруулагчаар нь Ж.Солонго ажиллаж байсан. Даанч улс төр болоод санхүүгийн шалтгаанаас болоод хийгдэж чадахгүй байна. Төмөр замыг хэн тавьсан бэ? гэсэн судалгааг оюутан, сурагчдын дунд явуулахад Америк, Хятад гэж хариулсан байна билээ. Хойч үеийн маань мэдлэг ийм байхад түүхийг үнэн зөвөөр таниулах кино болох учиртай.
-Хуучны кинонууд нэг л сайхан мэдрэмж төрүүлдэг. Хэчнээн үзлээ ч уйддаггүй. Нууц нь юунд байдаг гэж та боддог вэ?
-Киноны амин сүнс бол зохиол, зохиол, зохиол. Сайн кино зохиол, хамт олон, дүрээ мэдэрч тоглодог жүжигчид гээд олон зүйл нөлөөлдөг.
Хамгийн гол нь улсаас кино урлагт зориулан хангалттай мөнгө зарцуулж чаддаг байсных. Кино үйлдвэрээс төрсөн жүжигчид дотор номын дуу сонссон нь тун цөөн. Ихэнх нь амьдралын туршлагаараа, яг л амьдрал дээрх төрхөөрөө тоглож чаддаг. Мөн Соёлын яам, үзэл суртлын хэлтэс зэрэг маш олон шүүлтүүрээр орж байсан нь нөлөөлсөн байх гэж би боддог.
-Зураг авалтын үеэр хөгжилтэй зүйл их тохиолдоно биз?
-“Суварган цэнхэр уулс” киноны үеэр гол дүрийн жүжигчин Ц.Төмөрбаатарын нэг үүдэн шүд уначихдаг юм. Хилийн ангид хиймэл шүд хийх боломжгүй, кино зураг эхлэх гээд байдаг. Тэгээд нэг юм аргалж хийгээд киног дуустал нөгөөх маань ашгүй унасангүй. Найруулагч ч мэдсэнгүй. Тэгээд Ц.Төмөрбаатар кино зураг авалт дуустал хөх туяатай шүдтэй явсан даа.
-Зураач хүн насаараа "ядуу" явсаар дуусдаг гэдэг. Та энэ үгтэй санал нийлэх үү?
-Үнэн. Зураачид чинь их ядуу шүү дээ. Зураг бол хэрэгцээ биш. Хэрэв хэрэгцээтэй байсан бол үйлдвэрлэх л байсан биз. Сэтгэлээрээ л баян
явдаг юм даа. Ганц зураач ч биш, урлагийнхан чинь ядуу шүү дээ. Номын дэлгүүр, зургийн дэлгүүр орохоор хичнээн их сэтгэлээр унадаг
гэж санана. Авахыг хүссэн номоо ч авч чадахгүй байна. Ном ч их үнэтэй болж. Одоог хүртэл би “Сударын чуулган”-г аваад уншчихаж чадахгүй
л явна. Зургийн дэлгүүрт орохоор сайхан зүйл ч их байна, үнэ нь бүр "сайхан" байх юм.
0 Сэтгэгдэл
Zuraach London
Oloon jiliin omno xamtran ajillaj baisan axmad zuraachdaa sain saixanyg xvseie!
2015.10.26