Т.ЖАНЦАН
Манжуур бол Орос, Монгол, Хятад гурван улсын хилийн орчимд байдаг худалдааны боомт хот. Өдрөөс өдөрт өргөжин хөгжиж байгаа энэ хот булган дээл, малгайн үйлдвэрлэлээр алдартай. Нэг ёсондоо булгаар хийсэн бүтээгдэхүүн нь Орос, Монголын хэрэглэгчдэд танил болсон гэсэн үг. Тэгвэл бидний сонирхлыг татах бас нэг брэндтэй боллоо. Энэ бол хаш чулуугаар Чингис хааны түүхийг сийлбэрлэн хийж өгүүлсэн музей юм.
Музей 3500 ам.метр талбайтай. Ханан талдаа дөнгөж төрсөн Тэмүүжинг гар дээрээ өргөсөн Есүхэй, дэргэд нь Өүлэн эх зогсч буй хаш чулуун сийлбэрээс музейн үзмэр эхэлнэ. Ингээд Монголын нууц товчоонд гардаг гол гол үйл явдлаас сэдэвлэн сийлсэн бүтээлүүд хөвөрнө. Тухайлбал, Чингис хаан дүү нартайгаа юм яриад зогсоо харагдана. Мөн эцэг Есүхэй баатарын хамт Хонгириад аймгаас Бөртэ-Үжинг гуйхаар явж буй сийлбэртэй. Бас хатдын хамт Чингис хаан сууж буй нь ч бий. Мөн цэргийн жанжидтайгаа ярилцан зогсоо буй дүрслэл байна. Ингээд тоочоод байвал Чингис хааны амьдарлыг бүрэн өгүүлэх болно. Ийнхүү энд ирсэн жуулчид Чингис хааны түүхтэй танилцахын зэрэгцээ хаш чулуугаар урласан эдлэл худалдан авах боломжтой. Жишээлбэл хаш чулуугаар урласан Чингис хааны хөрөг, энгэрийн зүүлт, ээмэг, бугуйвч, гаанс гээд хүний сонирхол татах бэлэг дурсгалын зүйлс их бий.
Манжуур хотноо “Алтан сарнай хаш чулуу” компанийн Чингис хааны түүхийг харуулсан хаш чулуун сийлбэрийн музей энэ сарын 18-нд албан ёсоор нээлтээ хийсэн юм. Нээлтэд Манжуур хотын гуравдугаар дарга болон Бүх Хятадын хаш соёлын нийгэмлэгийн дарга тэргүүтэй албаныхан мөн Хөх хотын хийдийн лам нар, алдартай жүжигчин, урлаг соёлынхон ирсэн байлаа. Энэ музейн нээлтийг Хятадын төв телевиз болох CCTV, Синхуа хороо, Хонконгийн телевиз, Манжуур хотын телевиз, сэтгүүл, Монгол Улсын үндэсний телевиз, Ардчилал сонин зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслийн сэтгүүлчдийн баг сурвалжлахаар очсон байв. Мөн музейн ажилчдаас гадна монгол үндэсний хувцсаар гоёсон хүмүүс олон байсан билээ.
Хятадын хашийн соёлын нийгэмлэгийн дарга “Хаш чулуун урлалын энэ музей Манжуур хотын соёлын хөгжил, аялал жуулчлалын салбарт чухал нөлөө үзүүлнэ. Музей цаашид улам өргөжиж, Манжуурын соёл түүхийг олон хүнд таниулна гэдэгт бат итгэлтэй байна. Ийм музей байгуулсанд баяртай байна. Манжуур хот бол Өвөрмонголын нэг нэрийн хуудас. Хаш чулуун сийлбэртэй музей байгуулсан нь бахархалтай. Ийм музей байгуулсан бизнес эрхлэгчид, Жоу даргад баяр хүргэе” гэсэн билээ. “Алтан сарнай хаш чулуу” компанийн захирал Жоу Ли Е “Түмэн ажлын дундаас цаг гаргаж манай музейн нээлтэд ирсэн та бүхэнд баярлалаа. Өлзийтэй сайн энэ цаг мөчийг та бүхэнтэй хуваалцаж байгаад баяртай байна. Энэ бол мартагдашгүй өдөр. Музей байгуулахад Манжуур хотын Засгийн газар, Баруун хошууны ард түмэн гээд олон хүний хүч хөдөлмөр, дэмжлэг туслалцаа орсон. Надад дэмжлэг үзүүлсэн хүн бүрт баярлаж талархаж буйгаа илэрхийлье” хэмээн хэлэв.
Жоу Ли Е: Хаш урлалын музейн бүтээл бүрийг гараар сийлсэн
Манжуур хотын “Алтан сарнай хаш чулуу” компанийн захирал
-Хаш чулуугаар Чингис хааны түүхийг өгүүлсэн үзмэрүүд сийлэх, ийм музей байгуулах санаа хэдийд төрөв. Ийм музей байгуулахад хэдий хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулсан бэ?
-Энэ музейг байгуулсан гол зорилго нь Хятад, Монголын найрсаг харилцааг өргөжүүлэхэд оршино. Монгол соёлдоо хайртай Чингис хаанаар бахархдаг хүмүүс Манжуурт ирэхдээ манай музейг үзэж хоёр улсын ард түмний эв найрамдлыг батжуулна гэж бодож байна. Чингис хааны түүхийг өгүүлсэн музейд таван мянган түмэн /50 тэрбум/ юань зарцуулсан. Хөрөнгө оруулалтаа хэдий хугацаанд нөхөх талаар тооцож үзээгүй. Учир нь, гол зорилго нь үндэстний өв соёлыг уламжлах явдал юм.
-Хаш урлалын музейд судалгааны баг бий юу. Нэг хаш бүтээл хийхэд хэдий хугацаа зарцуулдаг вэ?
-Би Монголын нууц товчооноос эхлээд монголчуудын түүх соёлын тухай 30 гаруй ном, судар уншиж судалсан. Мөн манай музейд судалгааны баг ажилладаг. Бүтээл бүрийг гараар сийлсэн. Нэг жижгэвтэр бүтээл сийлэхэд долоо хоног зарцуулдаг. Хашаар бүтээл урладаг 50 гаруй сийлбэрчтэй. Манай музейд 10 өнгийн хаш бий. Эдгээр хаш нь Чингис хааны 19 хатныг төлөөлж байгаа. Өөрөөр хэлбэл хатад бүрийг өөр өөр өнгийн хашаар урласан.
-Хаш чулуугаа хаанаас олборлож байна вэ?
-Энэ музейн үзмэр хийсэн хаш чулуу байгаль дээр судал үүсгэж тогтсон байдаг. Энэ газар нь Хөлөнбуйрын Шинэ Барга баруун хошуунд бий.
Монгол Улстай хиллэдэг газарт байгаа. Бидний үзмэр хийсэн энэ хаш Бөртэ-Үжиний төрсөн Хонгириад аймгийн нутгаас олдсон.
-Энэ музейн нийт үзмэрийг хийхэд хэдэн тонн хаш чулуу орсон бэ?
-Эдгээр үзмэрийг хийхэд 100 тонн хаш чулуу орсон. 490 сийлбэр хийсэн. Чингис хаан, Бөртэ-Үжин гээд хүний хөрөг сийлбэр 390 бий.
-Цаашид ямар ямар сийлбэр хийх санаа байна. Салбар музей нээх үү?
-Монгол шатар, морин хуур, хөхүүр /хөөрөг/ зэрэг Монголын онцлогтой зүйлс хийх бодолтой байна. Салбар үзэсгэлэн гаргах хүсэл бий. Хөх хотод Монголын онцлогыг харуулсан үзэсгэлэнд оролцож байсан.
Шүрэнхуар: Хаш чулуу сийлнэ гэдэг бол амар ажил биш
Өвөрмонголын алдарт жүжигчин
-Та Бөртэ хатны дүрд тоглосон хүн. Энэ музейг үзээд ямар сэтгэгдэл төрж байна вэ?
-Чингис хаан миний өвөг дээд үндэстэн. Миний нутгаас малтаж гаргасан хаш чулуугаар хийсэн Чингис хааны амьдралын түүхийг өгүүлсэн үзмэр бүхий сайхан музей нээгдэж байна. Би энэ ажлыг хийсэн Жоу захиралтай сайн найз. Жоу захирал бол манж үндэстэн. Намайг гурав, дөрвөн жилийн өмнө Баруун хошуунд кино хийхэд дэмжлэг үзүүлсэн. Үүнд ихэд талархдаг. Надаас Чингис хаан, Монгол үндэстний язгуур соёл, зан заншлын тухай асууж лавлаж ярилцдаг. Тэгээд өөрийн санаачлагаар ийм музей байгуулсанд баярлаж нээлтэд нь оролцож байна.
-Та Чингис хааны түүхийг сайн мэднэ. Энэ музейд нэмж хийх ямар ажил байна вэ?
-Энэ сайхан музей болсон байна. Гэхдээ дутуу зүйлс бас ажиглагдлаа. Би дутуу зүйлийг нь нэмж хийх тухай саналаа хэллээ. Цаг тулсан болохоор гүйцээж хийх хэцүү. Мөн хаш чулуу сийлнэ гэдэг бол амар ажил биш. Чингис хааны ажил үйлст Өүлэн ээж болон Бөртэ хатны ач тус их. Иймд энэ хоёр хүний тухай дутуу байна. Бас таван хүүхдээ сургасан сургаалийн тухай өгүүлэмж алга. Энэ музейн гол агуулга нь Чингис хааны амьдралыг өгүүлсэнд оршино. Иймд Чингис хааны том хөрөг байх ёстой гэж бодлоо.
Ч.Гэрэлт: Энэ музейг Манжуурт ирсэн монгол зон заавал үзнэ гэж бодож байна
Бизнес эрхлэгч
-Чингис хааны түүхийг өгүүлсэн хаш чулуун сийлбэртэй музейн нээлт болж байна. Энэ музейн тал ямар сэтгэгдэл төрж байна вэ?
-Чингис хаан бол Монгол зоны бахархал юм. Манжуурт Монголын Чингис хааны түүхийг өгүүлсэн музей нээгдэж байгаад баяртай байна. Энэ музейн бүтээл хийсэн хаш нь Алтан эмээлийн хайрын чулуу. Бөртэ-Үжин Чингис хаанд хайртайгаа баталж хаш чулуу бэлэглэж байсан гэдэг түүхтэй. Энэ музейг Манжуурт ирсэн монгол зон заавал үзнэ гэж бодож байна.
-Музейн бүтээл, ур хийц нь ямар санагдав. Чингис хааны түүхийг сайн мэддэг хүн Өвөрмонголд олон байдаг уу?
-Би Чингис хааны үр сад. Энэ музейн үзмэр их сайхан болж. Хятадад Чингис хааны түүхийн талаар сайн ойлгож мэдэх хүн олон. Өвөрмонголчууд Чингис хааны түүхийг сайн мэдэж, байнга ярьдаг юм.