Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хятадын “TT JV CO” компанийн орших баталгаа нь “Эрдэнэс Тавантолгой”-н ажилчид уу

Б.ШИРНЭН

“Эрдэнэс Тавантолгой” компанийн Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ өөрийн эх сурвалжаар дамжуулан “Эрдэнэс Тавантолгой” болон Хятадын “TT JV CO” компанийн хооронд хийгдэх гадаад хэл дээрх гэрээг олж, албан бус орчуулгатайгаар олон нийтэд түгээв.

Тэрээр гэрээний хуулбар болоод орчуулга баталгаатай гэж үзсэн учраас дээрх үйлдлийг хийжээ. Түүнчлэн компанийн зүгээс дээрх гэрээг Австралийн “Макмахон лимитед” компани Монголоос гарч, оронд нь Зүүн цанхийн оператор компаниар БНХАУ-ын “TT JV CO” компани ажиллах харилцааг зохицуулж байгаа жинхэнэ гэрээний хуулбар гэдгийг бүрэн үгүйсгэж чадахгүй байна. Харин “Эрдэнэс Тавантолгой”-н ажилчид тус компанийг БНХАУ-ын компанитай гэрээ хийх нь гэдгээс илүү, гэрээний заалтууд өөрсдийнх нь эрх ашгийг зөрчихөөр байгааг буруутгаж, өчигдрөөс эхлэн 30 гаруй хүн компанийн үүдэнд суулт зарлав. Ажилчид, уг гэрээнд “Эрдэнэс Тавантолгой” компанийн  захирал Я.Батсууриас хойш өөрчлөлт орсон гэж үзэж байгаа юм байна.

Гэрээнд орсон ямар заалтыг эсэргүүцэв

Тавантолгойн ордын Зүүн цанхийн ажил зогсож, ажилчид сул зогсолтын 60 хувийн цалингаа авч байгаа. Гэвч, цаашид “Эрдэнэс Тавантолгой” компанийн менежмент дээрх байдлаар үргэлжилвэл санхүүгийн эрсдэлд орох учраас 200 ажилтнаа албан ёсоор БНХАУ-ын “TT JV CO” компанид шилжүүлж, Зүүн цанхиас олборлолт явуулахаар зэхжээ.

Харин компани хооронд хийгдэх гэрээнд ажилчдын эрх ашиг зөрчигдөж болох заалт тусгасан байна.
Тухайлбал, Гэрээний 12 дугаар заалт буюу Туслан гүйцэтгэгчийн эрх шилжүүлэх хэсэгт “...Гүйцэтгэгч нь энэ гэрээний дагуу ажлын тодорхой нэг хэсэгтэй холбоотойгоор туслан гүйцэтгэх гэрээ байгуулж болно” гэж заажээ. Үүнийг “Эрдэнэс Тавантолгойн” ажилчид “TT JV CO” компани энэ заалтын дагуу өөрийн улсаас эсвэл өөр улсаас ажилтан оруулж ирэх боломжтой гэж хардаж байна.
Мөн “...Гүйцэтгэгч нь одоо байгаа уурхайн ажилчдыг хавсралт 13-т заасны дагуу өөрийн ажилтнуудын адил цалин тэтгэмжийн түвшинд хамгийн багадаа үйл ажиллагаа эхлэх он сар өдрөөс эхлэн 12 сар авч ажиллуулна” гэжээ. Үүнээс гадна “...Гүйцэтгэгч нь тухайн эхлэх он сар өдрөөс өмнө байсан одоо байгаа аливаа цалин тэтгэмж, бусад эрхэд үүрэг хүлээхгүй” гэсэн хатуу заалт оруулсан байна. Үүнийг “Эрдэнэс Тавантолгой” компанийн ажилчдын байгуулсан хамтын гэрээнд заасан үүргийг биелүүлэхгүй, хүлээн зөвшөөрөхгүй гэсэн утгаар ашиглах боломжтой юм байна. Мөн Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т Аж ахуйн нэгж, байгууллагын харьяалал, удирдлагын бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөгдөх нь хамтын гэрээг цуцлах үндэслэл болохгүй гэж заасан байдаг. Тэд гэрээгээр дээрх хуулийн заалтыг зөрчиж байна гэх үндэслэлтэй гэлээ.

Ямар шаадлага хэлж, суулт зарласан бэ

Ажлын таван өдөр үргэлжлэх суултын үр дүн гарахгүй бол тэмцлийн хурц хэлбэрт (өлсгөлөн) шилжинэ гэсэн ажилчид хоёр шаардлага тавьж байна.
Нэгдүгээрт, БНХАУ-ын “TT JV CO” компанид “Эрдэнэс Тавантолгой” компанийн 200 ажилтанг шилжүүлэхгүй байх.

Хоёрдугаарт, “Эрдэнэс Тавантолгой” компанийн ажилчидтай үйлдвэрчний эвлэлийн хамтын гэрээ хийх.
Дээрх хоёр шаардлагыг хэрэгжүүлэхгүй бол цаашид бусад 400 гаруй ажилтныг ямар нэг байдлаар тараах, халах, цомхотгох зэрэг “хувьчлалын” асуудал эхэлжээ гэж ойлгоно гэж байгаа юм. Тэд компанийн ажил хэвийн үргэлжилж байхад ажилтан шилжүүлэх гэрээ хийж байгааг үндэслэлгүй гэсэн бөгөөд Тавантолгойн ордын ээлжийн мастер Дэлгэрбаяр “10-аад хоногийн өмнө олборлолтын үйл ажиллагаа зогссон. Складад шууд борлуулах боломжтой хоёр сая тонн нүүрс байгаа” гэсэн юм.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 56.2-т Хамтын гэрээгээр тодорхойлсон сул зогсолтын олговрын хэмжээ нь уг ажилтны үндсэн цалингийн 60 хувь, түүнээс дээш байх ба цалин хөлсний доод хэмжээнээс доогуур байж болохгүй гэж заасан байна. Мөн “Эрдэнэс Тавантолгой” компанийн ажилчдын хамтын гэрээнээс гадна Хөдөлмөрийн гэрээнд нь “... ажил олгогч ...ажлаар бүрэн хангана...” гэсэн заалт байгаа аж. Тиймээс 60 хувийн цалин олгож чадахгүй гээд Хятадын компанид биднийг худалдаж байгаа бол эхлээд сарын 15 сая төгрөгийн цалинтай захирлууд цалингаасаа татгалзах ёстой гэж үзэж байна.

Гэрээг өөрчлөхөд хүндрэлтэй гэжээ

Ажилчид өчигдөр 11.00 цагт “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн гишүүдтэй уулзалт хийх байсан ч, оройн 16.00-д цаг товлосон юм. Компанийн зүгээс уулзалтад орохын өмнө тодорхой шаардлага тавьсан бөгөөд “Талуудын зөвшөөрөлгүйгээр хэвлэл мэдээллийг оролцуулах, бичлэг хийхийг хориглоно” зэргээс эхлээд зургаан зүйл дээр тохиролцож, үйлдвэрчний эвлэлтэй уулзахаар болсон юм. Ингээд 16.00 цагт эхэлсэн уулзалт 19.00 цагийн үед өндөрлөж, хамтын гэрээгээ байгуулах ёстой гэж үзсэн байна. Харин БНХАУ-ын “TT JV CO” компанид “Эрдэнэс Тавантолгой” компанийн 200 ажилтанг шилжүүлэхгүй байх шаардлагын дагуу тодорхой тохиролцоонд хүрээгүй байна. ТУЗ-ийн зүгээс гэрээнд өөрчлөлт оруулах нь тийм ч амар биш гэж хэлсэн учраас ажилчид тохиролцоонд хүртэл суултаа үргэлжүүлэхээр болсон юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан