Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Парламент тоглоомын дүрмээ өөрчлөхийг хүсэв

Л.НОМИН

УИХ-аас гарах шийдвэрийг чанаржуулах үүднээс салбарын мэргэшсэн эрдэм шинжилгээний байгууллага, судлаачаар судалгаа хийлгүүлэх, хуралдааны ирц бүрдүүлэх, УИХ-ын үйл ажиллагаа удаашрах, завсарлах, хэлэлцэж байгаа асуудлын ач холбогдол буурах зэргийг зохицуулах хуулийн төсөл парламентад орж ирлээ.

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлд энэ мэтчлэн асуудлыг тусгажээ. Одоогийн хуралдааны дэг хөрсөн дээрээ төдийлэн бууж өгөхгүй, өөрчлөх шаардлагатай болсонд гэдгийг УИХ-ын гишүүд хүлээн зөвшөөрч байна. Парламентад хууль өргөн барих, хэлэлцүүлэх, ямар асуудлыг хэрхэн хэлэлцэж, саналаа ямар байдлаар өгөх гээд тоглоомын дүрэм өөрчлөгдөх нь гэсэн үг. Гишүүд өөрчлөхийг дэмжиж байгаа ч зарим асуудалд өөр өөр байр суурьтай байгаагаа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Д.Лүндээ­жанцан: Үндсэн хуулийн өөрч­лөлтийн асуудал яригдаж байгаа ийм үед хуульд хэлбэрийн төдий өөрчлөлт хийх нь цагаа олоогүй зүйл. Иймээс Үндсэн хуулийн өөрчлөлтийг нэг мөр шийдсэний дараа түүнд зохицуулж органик хуулиудаа өөрчлөх нь зүйтэй. 

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: УИХ-ын үйл ажиллагааг илүү мэргэжлийн болгох хуулийн төсөл боловсруулаад хэлэлцэх гэж байгааг дэмжиж байна. Үндсэн хуульд УИХ Байнгын хороо, чуулганы хуралдаанаар ажиллана гэж тодорхой заасан. Тиймээс Байнгын хорооны эрх мэдлийг булаацалдсан даргын зөвлөл, УИХ-ын дарга гэж байж болохгүй. УИХ-ын дарга хуралдаан зохион байгуулагч л байх ёстой. Хэлэлцэх эсэхийг шийддэг эрх мэдэлтэй байж болохгүй. Байнгын хорооны эрх мэдлийг даргын зөвлөл рүү, даргын зөвлөлөөс УИХ-ын дарга руу шилжүүлсэн нэг ч үзэл санааг дэмжихгүй.   

УИХ-ын гишүүн С.Баярцогт: УИХ-ын тухай хууль, УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийг төгөлдөржүүлэхээр энэ хуулийг боловсруулсан. Засгийн газрын гишүүдийг тусдаа суулгаад мэтгэлцээний зарчим руу оруулахгүй бол хэлбэр төдий өөрчлөлт болох гээд байна. УИХ-ын дарга гэдэг бие даасан институци бий болсон. Хууль санаачлагч өргөн мэдүүлж байвал ямар ч үед хүлээж авах үүрэгтэй. УИХ-аар хэлэлцэж буй асуудал даргын зөвлөлийн хурлаар биш Байнгын хороогоор шийдэгдэх ёстой. Парламент гэдэг тэгш эрхтэй. Гэтэл бид институци бий болгосон байна.    

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Хүн бүхэн кноптоо эзэн болж байж УИХ-ын үйл ажиллагаа цэгцэрнэ. Засгийн газрын гишүүдийг тусад нь суулгаж, УИХ-ын өмнө хариуцлага хүлээлгэе гэдэг нэг хэлбэр байна. Энэ бас зөв зүйл. Засгийн газрын гишүүдийн өмнөөс ярих бүлгийн төлөөлөл байдаг ч юм уу, ямар нэг аргаар зохицуулмаар байгаа юм. Дөрвөн сарын өмнө өргөн барьсан хуулийг бүлгүүд, Байнгын хороод хэлэлцэж чуулганд орж ирэхэд зогсоогоод чимээгүй болчихлоо. Төрийн байгуулалтын байнгын хорооны даргад давхар хэлье. УИХ-ын даргад ч хандсан. УИХ-ын гишүүн хууль санаачлагч байх юм уу, яах юм. УИХ-ын гишүүний хууль санаачлах эрхийг дэмждэг хууль батлана уу гэхээс хянадаг, таслан зогсоодог эрх хаана ч байж болохгүй.

УИХ-ын гишүүн М.Батчимэг: Энэ хуулийн төслийг дэмжсэн учир УИХ-ын даргад хамт өргөн барьсан. Хэлэлцүүлгийн явцад зарим өөрчлөлтийг тусгаад явах боломжтой. УИХ-ын чуулганы дэгийг хуулиар зохицуулах ёстой юм уу гэдгийг бодох хэрэгтэй. Олон улс оронд дэг журам байдлаар зохицуулагдаад явдаг. Хэлэлцэх асуудлын дараалал батлахад маш их маргаан дагуулдаг. Хуулийн төсөл өргөн барихад гишүүдийн эрх тэгш байдлыг хангахад өөрчлөлт оруулах ёстойд санал нэг байна. Одоогийн УИХ-ын чуулганы дэгийн тухай хууль УИХ-ын гишүүдийг нэгтгэх гэхээсээ илүү улам л хувийн тоглолтыг өөгшүүлсэн хэлбэр рүү яваад байгаа нь харагддаг. Мэтгэлцээний зарчмыг хэлбэрийн төдий биш агуулгаар оруулахыг дэмжиж байна. Байнгын хорооны хурал олон улсын жишгээр хаалттай хуралдаад ажил хэрэгч шийдвэр гаргадаг. Камерын өмнө тоглолт хийх биш. Энэ зарчим руу явах ёстой. 

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей: УИХ-ын дарга шийдвэр гаргаад байгаа юм биш. Тухайн асуудлаар судалгаа хийлгэх эсэхийг УИХ-ын гишүүд санал гаргана. Тэр саналыг нь УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хэлэлцээд тухайн эрдэм шинжилгээний байгууллагаар судалгаа хийлгэх эрхтэй болох юм. Ний нуугүй хэлэхэд байхгүй гишүүний өмнөөс кноп дараад хууль хэрэгжүүлж байгаа шүү дээ. Энэ бол буруу. Тиймээс цаг тогтоовол тухайн гишүүн орж ирж саналаа өгөх боломжтой. Энэ бол өнөөдөр, маргааш, дараагийн УИХ-д ч хэрэгтэй зохицуулалт.

УИХ-ын гишүүд хуралдааныг орхин гарах, эсвэл хэн нэгэндээ кноп дарах эрхээ үлдээх, цаашлаад УИХ-ын гишүүний картаа өсч өмнөөсөө санал өгүүлдэг байдал хэвийн үзэгдэл болсон. Үүнийгээ ч ТББХ-ны дарга хүлээн зөвшөөрч буй. Хуулийн төслүүдийн өөрчлөлтөд бусдын өмнөөс санал өгдөг асуудлыг цэгцлэхээр тодорхой цагт цуглаж гишүүд саналаа өгөхийг оруулжээ. Тухайлбал, ээлжит болон ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар пүрэв, баасан гарагийн 12:00 болон 16:00 цагт санал хураалт явуулах аж. Зайлшгүй шаардлагатай гэж үзвэл хуралдаан даргалагч санал хураалтыг бусад өдөр зохион байгуулах юм байна.
Тус Байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.9-д аливаа байгууллага, иргэнээс нэг сарын цалингийн хэмжээнээс дээш төгрөгийн үнэтэй бэлгийн зүйлсийг хувиараа авах”-ыг хориглохоор заажээ. Үүнийг УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг санал гаргаж “зургаан сарын” гэж өөрчлөхөөр тусгасныг төсөл санаачлагч гишүүд төсөлд оруулахыг дэмжсэн байна. Ингэснээр анхны хэлэлцүүлгээр саналыг тусгасан байдлаар оруулах юм байна. Санал хураалтад 13 гишүүн оролцож, найм нь дэмжсэн учир  дээрх 2 хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан