(Зөгнөлт өгүүллэг)
Роберт Шекли
Скаутуудын их наадмын өмнөх сүүлчийн цугларалт байсан болохоор бүх
багууд хүрэлцэн иржээ. “Халигч шонхор” нэртэй 22-р баг сүүдэрт хөндийд
байрлачихсан толгойн харуулын үүргийг гүйцэтгэж байлаа. “Зоригт
бизонууд” нэртэй 31-р багийнхан жижигхэн голын эргээр эргүүл хийж байв.
“Бизонууд” зүгээр ч нэг харуул хийсэнгүй шингэн уух чадвараа сайжруулах
дасгал хийн уух үед төрөх хачин мэдрэмжийг амтлан баясалдан
хөхрөлдөцгөөнө.
“Мирашийн ангуучид” нэртэй 19-р бага харин сурсан зангаараа хоцорч байгаа Дрог нэртэй скаутаа хүлээж байв.
Дрог арван мянган футын өндрөөс салхи исгэрүүлсээр бууж ирээд хатуу биед шилжин скаутуудын бүлэгт яаран нийлэв.
-Пүү гэж тэр ам нээв.-Намайг уучлаарай, эхлээгүй юм байх л гэж бодоод…
Багийн ахлагч түүн рүү хилэнтэй харц чулуудна.
-Дрог, чи дүрэм ёсоор хувцаслаагүй байна.
-Уучлаарай эрхэм ээ гэж хэлээд Дрог гаргахаа мартчихсан байсан тэмтрүүлээ гаргаж ирэв.
Бусад нь үүнийг хараад жигтэй нь аргагүй хөхрөлдөв. Дрог харин
минчийтлээ улайгаад ичсэндээ газрын гаваар ороход ч бэлэн байлаа. Даанч
яг одоо бол тэгэж гаваар ороход тохиромжгүй үе байлаа.
Багийн ахлагч:
-Энэ цугларалтыг би Скаутын тангаргаар эхлэхийг хүсч байна гэж хэлээд
хоолойгоо засаад ийн үргэлжлүүлэв.-Элбонай гарагийн залуу скаутууд бид
энэ нутгийг анх нээсэн өвөг дээдсийн өв их туршлага мэдлэгийг мөнхөд
хадгална хэмээн тангараглаж байна. Энэхүү зорилгодоо хүрэхийн тулд бид
өвөг дээдсийнхээ дүр төрхөд хувилан орж, Элбонайн онгон уудам нутгийг
эзэмшиж байхдаа тэд ямар байсан яг тийм болцгооно. Зөвхөн нэр төртэй
шударга…
Скаут Дрог ахлагчийнхаа нам дууг сайн тусган авахын тулд сонсголынхоо
мэдрэгчүүдийг илүү сайн тохируулаад авлаа. Энэ тангаргыг сонсох болгонд
бие нь зарсхийдэг юм. Тэртээ дээр үед өвөг дээдэс нь гарагаас уяатай юм
шиг байсан гэдэгт итгэж ядна. Одоо үеийн элбонайчууд биеийн жингийнхээ
хамгийн бага хувийг авч үлдээд хорин мянган футын өндөрт нисч, сансрын
туяагаар хооллодог болсон бөгөөд зайлшгүй шаардлага гарсан үед болон Их
наадамд бэлдэх үед л доош бууж ирдэг болчихсон.
-… тэмцэл явуулна гэж бид тангараглаж байна гэсээр ахлагч
үргэлжлүүлэв.-Мөн бид өвөг дээдсийнхээ адил ус ууж, хатуу хоол идэн,
тэдний мэдлэг, ашигтай дадлуудыг аль болох гүн эзэмшинэ гэж тангараглаж
байна.
Тангараг ч дуусч скаутууд ч тал тал тийш бутарцгаалаа. Багийн ахлагч Дрогод ойртов.
-Энэ бол Их наадмын өмнөх сүүлийн цугларалт шүү дээ гэж тэр хэллээ.
Дрог толгой дохиод:
-Би мэдэж байгаа гэв.
-Гэтэл чи өнөөг хүртэл Мирашийн ангуучдын ердөө л хоёрдугаар зэрэглэлийн
скаут байж байдаг. Бусад чинь аль хэдийн нэгдүгээр зэрэглэл авах нь
аваад, чадаагүй нь ядаж л залуу анхлан нээгчийн цол авчихсан явна. Манай
баг муу хэлэгдвэл яана?
Дрог ичсэн байртай хавчигналаа.
-Үүнд би ганцаараа буруутай биш шүү гэж тэр тайлбарлалаа.-Усанд сэлэлт,
бөмбөг бэлтгэлийг хугацаанд нь гүйцэтгэж чадаагүй нь үнэн л дээ. Гэхдээ
би заавал бүгдийг хийж чаддаг байх албагүй. Анхлан нээгчдийн дотор ч
зөвхөн өөрийн нарийн мэргэжлээр дагнасан…
Ахлагч түүний үгийг таслаад:
-Тэгвэл чиний хамгийн сайн чаддаг юм чинь юу юм? гэв.
-Уул, ой хөвч гэж Дрог уухайн тас хариулав. –Би мөр хөөх, ан хийх бүрэн курсийг дүүргэсэн л дээ.
Ахлагч хэсэг зуур түүнийг сонжин ширтлээ. Дараа нь үгээ удаан зөөж:
-Дрог хэрэв чамд нэгдүгээр зэрэглэл аваад зогсохгүй дээр нь Хүндэт
тэмдэгээр шагнуулах сүүлчийн боломж өгвөл чи яах вэ?гэх нь тэр.
-Би бэлэн гэж Дрог хар чадлаараа хариулав.
-Сайн байна гэж ахлагч хэллээ. –Манай баг ямар нэртэй билээ?
-“Мирашийн ангуучид” эрхэм ээ.
-Мираш гэж юуг хэлдэг юм бэ?
-Мираш бол бие томтой догшин араатан гэж Дрог дуржигнуулав.-Эрт дээр үед
мирашууд Элбонайн арвин их газрыг эзлэн амьдардаг байсан бөгөөд манай
өвөг дээдэс тэдэнтэй хатуу ширүүн тэмцдэг байсан. Тэд одоо үхэж үгүй
болсон.
-Яг ч тийм биш л дээ гэж Ахлагч түүнийг засав.-Өмнөд өргөргийн 233
градус, өрнөд уртрагийн 482 градусын байршилтай эндээс хойд зүгт байдаг
ойд тандалт хийгээд гурван тоо толгой бүхийн мирашийн сүргийг илрүүлсэн
байна. Бүгд эрэгчин болохоор тэднийг агнаж болно. Тэгэхээр байна аа,
Дрог чи тэднийг мөшгөж олох хэрэгтэй. Бас дээр нь анхлан нээгчдийн
аргуудыг ашиглан ядаж ганц ч гэсэн мирашийн арьсыг нь олж авах хэрэгтэй
байна. Чадах уу?
-Чадна, эрхэм ээ.
-Тэгвэл яг одоо замд гар гэж ахлагч хэллээ. –Тэгээд мирашийн арьсыг бид
багийнхаа туганд зүүнэ гэдгийг сайн тогтоож аваарай. Ингэж чадвал
биднийг Их наадмын үеэр онцлох нь гарцаагүй.
-Мэдлээ гүйцэтгэе, эрхэм ээ гэчихээд Дрог хамаг хэрэгсэлээ яаран
цуглуулж, дашмагаа шингэнээр дүүргэн, хатуу хоол бүхий өглөөний хоолоо
аваад замд гарлаа.
Ердөө хэдхэн минутын дараа гэхэд л Дрог маань ахлагчийн заасан газрын
дээгүүр эргэлдэн нисч байв. Доор нь цасан оройтой уулзс, хачин хэлбэр
дүрстэй хад асга, уулын хөндийгөөр битүү ургасан давжаа мод, бут сөөг
гээд ер нь их зэрлэг, романтик газар харагдана. Мань Дрог тэвдсэн
байртай эргэн тойрноо харан ниснэ.
Тэрээр багийн ахлагчийн өмнө бага зэрэг залчихсан болохоор арга ч үгүй юм.
Яг үнэнийг хэлэхэд мань Дрог мөр мөшгөх, ан хийхдээ тийм ч сайн биш
байлаа. Юу хамгийн сайн чаддаг вэ гэхээр таван мянган футын өндөрт
мөрөөдөлд умбан бодолд дарагдан үүлсийн дунд хөвөхийг л хамгийн сайн
чаддаг.
Гэтэл нөгөө мирашуудыг олж чадахгүй бол яанаа? Эсвэл бүр нөгөө мирашууд
нь түүнийг эхлээд анзаарчихвал яанаа? Гэвч сүүлийн бодлоо тэр даруй
таягдан хаяв. Аргаа барлаа гэхэд тэр гестибулдчих юм чинь. Хэн ч юу ч
мэдэхгүй.
Мирашийн сулавтар үнэрийг авлаа. Тэр даруйд өөрөөс нь хориод ярдын газар Т хэлбэртэй хачин хадны дэргэд юм хөдлөхийг мэдрэв.
Ийм амархан байсан юм уу гэж Дрог бодлоо. Би ч азтай юм аа. Тэрээр
өнгөлөн далдлалтыг зохих ёсоор нь хийж аваад урагшилж эхэллээ.
***
Уулын жим улам огцом болж эхэллээ. Нар ч хайр найргүй шарж байв.
Пакстон агааржуулалттай комбинзон өмссөн мөртлөө л хөлсөндөө хутгалдаж
явлаа. Тийм ч болохоор цаашид дуулгавартай залуугийн дүрд тоглож
чадахааргүй болжээ.
-Хэдүүлээ эндээс хэзээ арилах юм гэж тэр асуув.
Хариуд нь Эррера мөрөн дээр нь алгадаж тайвшруулаад:
-Чи чинь баяжихийг хүсэхгүй байгаа юм уу даа гэв.
Пакстон:
-Бид аль хэдийн баяжчихаад байна шүү дээ.
Эррера:
-Тэгсэн. Гэхдээ хангалтгүй гээд инээмсэглэхэд нь нь зууван бор царай нь үрчлээсээр дүүрэв.
Хайгуулын багажаа дааж ядан уухилсаар Стилмен дөхөөд ирэв. Ачаагаа жим дээр болгоомжтой буулгачихаад хажууд нь суугаад авлаа.
-Ингэхэд жентельменүүдээ, бага зэрэг амарвал яаж байна аа?
Эррера:
-Бололгүй дээ. Би бол насан туршдаа амарсан ч бэлэн байна гэчихээд Т хэлбэртэй хадыг налан суув.
Стилмен гаансаа нэрж, Эррера комбинзоныхоо халаасны цахилгааныг нээж
байгаад навчин тамхи гаргаад ирэв. Пакстон тэр хоёрыг хэсэг зуур харж
суулаа. Тэгснээ нөгөө асуултаа давтан хэлэв.
-Энэ гарагаас хэзээ зайлах юм бэ? Эсвэл та хоёр энд үлдсэн амьдралаа өнгөрөөхөөр шийдээ юу?
Эррера инээмсэглэснээ чүдэнз зуран тамхиа асаав.
-Хөөе чи муу миний хэлээд байгааг сонсохгүй байна уу? гэж Пакстон хашгичив.
-Зүгээр байлдаа чи гэж Стилмен хэлэв.-Чи ганцаараа шийдчихдэг юм уу. Энэ аялалд бүгд адил тэгш эрхтэй хамтрагчид шүү.
Хариуд нь Пакстон:
-Тэгсэн ч гэлээ миний мөнгөөр зохион байгуулсан биз дээ гэж сануулаад авлаа.
-Тэр ч тийм. Тийм болохоор л чамайг хамтрагчаа болгосон байхгүй юу.
Эррера бол хамгийн туршлагатай алт хайгч. Би онолын мэдлэгтэй, дээр нь
пуужин жолоодож чадна. Харин чи бол мөнгөтэй.
-Тэгээд яагаав ээ. Хөлгөө зайгүй дүүргэчихээ биз дээ гэж Пакстон түүнийг
үгийг таслав.-Ачааны хэсэг зүү орох газаргүй болтлоо дүүрчихсэн. Одоо
тэгээд арай илүү соёлтой газар очиж байгаад тансаглаж болдоггүй юм уу,
айн?
-Эррера бид хоёр чам шиг үрэлгэн хүмүүс биш л дээ гэж Стилмен тэвчээртэй
хэлэв.-Бид хоёр болохоор хөлгийнхөө өнцөг булан, нүх сүв болгоныг
эрдэнсээр дүүргэх гэсэн гэмгүй цагаан бодолтой хүмүүс. Бид хоёр
түлшнийхээ савыг алтаар, хоолны шуудайгаа номин эрдэнээр дүүргэж, шалаа
алмас эрдэнээр бүрхэхийг л хүсч байна. Тэгээд ч тоолж баршгүй их эрдэнэс
энэ гараг дээр намайг аваачээ гэж байгаа юм шиг хаа сайгүй хөглөрч
байгаа биз дээ. Бид хоёр зүүдэнд ч оромгүй баян болохыг хүсч байгаа юм
шүү дээ Пакстон минь, бүр бөөлжис цутгамаар баян. Ойлгож байна уу?
Пакстон яриаг нь сонссон шинж алга. Мань эр жим явсаар тахийсан хэсэгт юуг ч юм бэ нэг зүйлийг анхааралтай ширтэж байснаа:
-Тэр дөнгөж сая байрнаасаа хөдөлчихлөө гэв.
Эррера тас тас хийтэл инээд алдлаа.
-Яасан мангас явж байна уу?
-Тайван байна шүү хөө гэж Стилмен хэллээ. –Жаал минь аан гээд сонсож
бай. Би нас тогтож, жин нэмсэн хүн. Тэгэхээр намайг тийм ч амархан
айлгачихгүй шүү. Бидэнд өчүүхэн төдий аюул заналхийлж байсан бол энд
ингээд сууж байна гэж бодоо юу?
-Тэр хараач. Нөгөөх чинь ахиад хөдөлж байна.
-Хэдүүлээ энэ гарагийг гурван сарын өмнө нэгд нэгэнгүй судалсан биз дээ
гэж Стилмен учирлав. –Тэгэхэд ухаантай амьтад байдаг гэх ямар ч ул мөр,
ямар ч аюултай араатан, хортой ургамал олоогүй. Энд зөвхөн ой, уулс,
нуур, гол мөрөн бас хаа сайгүй хөглөрөх номин эрдэнэ, алмаз эрдэнэ,
алтан гулдмай л байгаа. Үгүй байсан бол бид хэд рүү аль эрт ямар нэгэн
амьтан дайрчихсан байгаа.
-Хөдөлж байхыг нь яах аргагүй харсан гэж хэлээд байхад чинь дээ гэж Пакстон зөрүүдлэв.
Эррера босоод:
-Энэ мод мөн үү? гэж асуув.
-Мөн. Чи өөрөө хар л даа. Бусад модтой адилгүй байгаа биз дээ. Хэлбэр нь шал өөр…
Эррера яах ийхийн зуургүй бластераа хуйнаас нь сугалан гаргаж ирээд мод
руу гурван удаа буудах нь тэр. Агшин зуурын дараа нөгөө мод байсан газар
ч тэр эргэн тойрны арван ярдын газар зөвхөн харлаж нүүрс болсон
ёзоорууд л ёрдойж байв.
-За, ингээд л гүйцээ гэж Эррера хэлэв.
Пакстон эрүүгээ маажлаа.
-Чамайг буудаж байхад тэр мод дуу алдахыг би сонссон шүү.
-Мэдээж шүү дээ. Гэхдээ би одоо тэр модыг чинь буудчихлаа гэж Эррера
аргандгуй хэлэв.-Хэрэв өөр ямар нэг юм хөдөлж эхэлбэл шууд хэлээрэй. Би
дор нь учрыг нь олоод өгнө. Харин одоо бол явж номин эрдэнээ түүцгээе.
Пакстон Стилмен хоёр цүнхээ аваад Эррераг даган жимээр дээш өгслөө.
Пакстон Эррерагийн араас дохиод:
-Мундаг залуу байгаа биз дээ, тийм үү? гэж аяархан хэлэв.
***
Дрог бага багаар ухаан оров. Мирашийн галт зэвсэг түүнийг гэнэдүүлчихэж.
Яаж яваад оногдсоноо ч одоо хүртэл ойлгож ядна. Уг нь бол цаадуул нь
түүнийг урьдчилан үнэрлэж байгаад дараа нь чихээ хулмайлган архирах
ёстой байтал тэгсэнгүй шууд л дайрчихдаг байгаа. Мирашийн эрэгчин урд нь
дайсан байна уу, найз байна уу гэдгийг тодруулах ч гэсэнгүй шууд яах
ийхийн зуургүй буудчихлаа.
Ямар гээчийн аймшигтай араатантай учирснаа Дрог одоо л сайн ойлгож
авлаа. Мирашуудын алхах чимээ намжтал хэсэг хүлээж байгаад Дрог өвдөлтөө
тэвчин байж харааныхаа мэдрэгчдийн ажиллагааг хэвийн болгох гэж
оролдов. Болдоггүй шүү. Дрог айдаст автлаа. Мэдрэлийнх нь систем
гэмтчихсэн бол сөнөлөө л гэсэн үг шүү дээ.
Тэрээр ахин нэг удаа хамаг хүчээ шавхан оролдтол хараа нь сэргэсэн
болохоор санаа нь амарч санаа алдлаа. Гэрэл гялс хийх үед тэрээр
төрөлхийн совингоороо квонддож амжсан тулдаа л амьд үлджээ.
Мирашуудыг мөшгөх ямар ч хүсэлгүй байгаагаа Дрог мэдрэв. Ингэхэд ер нь
тэр тэнэг арьсгүй зүгээр буцаад очвол яадаг юм бэ? Багийн ахлагчид
болохоор мирашууд бүгд эмэгчин байна гээд л хэлчихье. Эмэгчинг агнах
хориотой юм чинь. Скаутын үгэнд хэн ч эргэлздэггүй болохоор хэн ч
түүнийг шалгаж, байцаахгүй. Гэхдээ л Дрог хэзээ ч ийм зүйл хийхгүй
байлаа. Ер нь ийм юм яаж бодож чаддаг байна аа?
Тэгвэл яах вэ, скаутаа больдог юм билүү гэж Дрог бодож үзэв. Ядаргаатай
түүдэг гал, дуу, тоглоом, үерхэл нөхөрлөл энэ тэрийг нэг мөр дуусгах уу.
Тэгэж ч ярихгүй шүү гэж тэр хатуу шийдэв. Өөрийгөө дайчлах хэрэгтэй. Урд
нь мирашуудыг ухамсартай амьтан гэж бодоод ан хийсэн. Гэтэл мирашууд
бол ухамсарт амьтад биш. Тэмтрүүлгүй амьтад ухамсартай байдаггүй. Энэ
бол Этлибийн хууль, харин Этлибийн хууль бол маргашгүй үнэн. Ухамсар ба
араатны араншин хоёрын тэмцэлд ухамсар ямагт ялан дийлдэг. Өөрөөр байх ч
аргагүй. Тэгэхээр шинэ арга сэдэх л үлдэж байна.
Дрог мирашуудын үнэрийг авч байгаад ахин мөшгөж эхэллээ. Ямар зэвсэг
хэрэглэдэг юм билээ гэж тэр бодож байв. Жижигхэн цөмийн бөмбөг яах бол?
Үгүй ээ, арьсыг нь баллаад хаячихана.
Дрог гэнэт зогстусаад тас тас хийтэл хөхөрч гарлаа. Ийм амархан юм
байсаар байтал урд нь сэтгэж байхгүй дээ. Мирашуудтай шууд тулж амь
өрсөх хэрэг юу байна аа. Толгойгоо ажиллуулж байгаад амьтдын сэтгэл зүйн
талаарх мэдлэгээ, өгөөштэй хавх тавих чадвараа ашигладаг хэрэг.
Ингээд Дрог маань мирашуудыг мөшгөхийн оронд шууд л оромжийг нь чиглэв.
Тэнд нь очиж байгаад урхи тавина даа.
***
Агуйг отог болгон сонгосон байв. Мань гурав бүр нар жаргаж байхад отог
дээрээ ирлээ. Хадан цохио хачин сонин сүүдэр хаялжээ. Хөлөг нь отгоос
таван бээрийн цаана, уулын хөндийд байсан бөгөөд гадаргуу нь мөнгөлөг
улаан туяа цацруулан гялалзаж харагдана. Эрдэнэсийн эрэлчин гурван эрийн
цүнхэнд нэг их том биш ч гэлээ гайхалтай өнгөтэй арав гаруй номин
эрдэнэ байлаа.
Яг ийм үед Пакстон тэртээ Огайо дахь жижигхэн хотын цайвар үст бүсгүйн тухай мөрөөдөх дуртай байлаа. Эррера болохоор ухаан сууж фермер болохоосоо өмнө сая сая долларыг яаж үрэн таран хийнээ төсөөлөн инээмсэглэнэ. Харин Стилмен харь гарагийн эрдэсийн орд газрын талаарх ирээдүйн цол хамгаалах ажлаа бодолдоо бичин бувтнана.
Мань гурвын сэтгэл санаа гэж хачин сайхан. Түрүүхэн болж өнгөрсөн дарамттай явдлаас хойш Пакстон аль хэдийн сэхэл авчихсан байсан болохоор одоо гэв гэнэт хагас нүцгэн сайхан хүүхнийг хөөсөн аймшигтай ногоон мангас гараад ирвэл баярлана уу гэхээс айхгүй болсон байлаа.
Гурвуул агуйн үүдэнд дөхөж ирэхэд Стилмен:
-За ингээд гэртээ ирлээ дээ гэж хэлэв. –Ингэхэд оройн хоолон дээрээ бифштекс идвэл яаж байна.
Өнөөдөр мань эрийн тогоо барих ээлж.
-Сонгинотой шүү гэж Пакстон хэлчихээд агуй руу алхалснаа тэр даруй буцаад огил үсрэв.-Юу гээчийн чөтгөрийн юм бэ энэ чинь?
Агуйн амнаас хэдхэн футын наана утаа савсуулсан жижигхэн бифштекстэй
таваг, лонх виски бас дөрвөн ширхэг том алмаз байж байх нь тэр.
-Хачин юм даа гэж Стилмен ам нээв.-Тун ч таагүй бодол төрөөд эхэлж байна шүү.
Алмазуудыг сайн харахаар Пакстоныг тонгойтол Эррера түүнийг түлхээд холдуулчихав.
-Доор нь тэсрэх бөмбөг хийчихсэн ч юм билүү.
-Тэгвэл энд чинь ямар ч утас харагдахгүй байна шүү дээ гэж Пакстон зөрлөө.
Бифштекс, алмаз, вискийг Эррера нэг хэсэгт тас ширтэв. Харц нь тун ч ёозгүй.
-Энэ нэг л бишээ гэж мань эр ам нээв.
-Энэ гараг дээр нутгийн оршин суугчид байдаг юм биш байгаа даа гэж
Стилмен таамаг дэвшүүлэв. –Их аймхай бүрэг оршин суугчид. Тэгээд сайн
санааны тэмдэг болгож энэ бэлгийг явуулсан байх.
-Яг шүү дээ гэж Эррера түүнийг явуулав.-Тэгээд бидний төлөө ганц лонх
“Олд Спейс Рейнжэр” авчрах гээд дэлхий рүү харайлгачихаад ирсэн байна,
тийм ээ?
-Тэгээд одоо яах вэ? гэж Пакстон асуув.
-Чи бага зэрэг холдож бай даа гэж Эррераа тушаалаа. Дараа нь хажуудах
модноос урт гэгч нь мөчир хугалан авч байгаад алмазуудыг чичиж үзэв.
-За тэр, яах ч үгүй л байгаа биз дээ гэж Пакстон хэллээ.
Гэтэл Эррерагийн гишгэлж байсан урт өвс гэнэт шагайгаар нь ороогоод авах нь тэр. Хөрс 15 фут орчим голчтой, зээрэнцэг хэлбэртэй болон сөрдийж байгаад өвс ургамлыг үндсээр нь суга татан эргэлдэж агаарт хөөрч эхэллээ. Эррера үсрэх гэсэн боловч өвснүүд мянга мянган ногоон тэмтрүүл шиг л зуурчихаад тавьсангүй.
-Тэсээрэй хөө гэж Пакстон эмэгтэй хүний хоолойгоор орилонгоо үсэрч зээрэнцэгний ирмэгээс бариад авлаа. Зээрэнцэг огцом хазайж агшин зуур зогссоноо ахиад л дээшилж эхллээ. Эррера харин энэ зуур ангийн хутгаа гаргаж амжаад өвсөн чөдрүүдийг огтолж эхэллээ. Стильмен ч сэхээ авч дээш өлгөгдөн хөөрч эхэлсэн Пакстоны хөлнөөс нь зуурснаар зээрэнцгийн эрчимтэй хөөрөлтийг хэсэг зуур зогсоож дөнгөв.
Энэ хооронд Эррера нэг шагайгаа арай хийж суллаж аваад булчинлаг лагс биеэрээ зээрэнцгээс мултран унжиж орхив. Нөгөө хөлийг нь ороож байсан өвснүүд биеийнх нь хүндийг нэг их удаан барьж дийлсэнгүй. Эррера толгойгоороо доош унаж явах зуураа хамгийн эцсийн мөчид биеэ чангалан эргээд мөрөөрөө газардаж чадлаа. Пакстон ч зээрэнцэгээс зуурч байсан гараа тавиад Стилмений яг гэдсэн дээр унав. Харин өвсөн зээрэнцэг бифштекс, алмаз, лонх вискийн хамт өндөрт хөөрөөд удалгүй бараа нь тасрав.
Нар жаргачихлаа. Мань гурав бластеруудаа бэлэн барьсаар чив чимээгүй
агуйн дотогш орцгоов. Агуйн аман дээр түүдэг асааж, өөрсдөө гүн рүү
явлаа.
-Ээлжлэн манаанд гарцгаана шүү гэж Эррера хэлэв.
Пакстон Стилмен хоёр зөвшөөрч толгой дохилоо.
-Чиний зөв байжээ Пакстон минь гэж Эррера яриагаа үргэлжлүүлэв.-Бид энд хангалттай удсан бололтой.
-Бүр дэндүү удсан гээч гэж Пакстон яриаг нь засав.
Эррера мөрөө хавчаад:
-Үүр цаймагц хөлөг рүүгээ буцаж очоод эндээс арилаад өгцгөөе.
-Хөлөг дээрээ очих тавилантай бол шүү дээ гэж Стилмен ёрлов.
***
Дрог бүр яахаа ч мэдэхээ байчихсан байв. Хавх яаж ажиллаж, мирашууд
хэрхэн тэмцэж, баригдалгүй үлдэж байгааг тэрээр амьсгал даран харж
байсан билээ. Уг нь ч хачин сайхан мираш байсан шүү. Тэр гурвын хамгийн
том нь.
Юун дээр алдаа гаргаснаа Дрог одоо сайн ойлгож байлаа. Хамгийн сайн үр
дүнд хүрэх гэж хэт улайрснаас болоод өгөөшийг хэтрүүлчихэж. Мирашуудын
аймаар дуртай эрдэсүүд дангаараа байхад л хангалттай байсан юм. Гэтэл
анхлан нээгчдийн аргыг сайжруулдаг мундаг амьтан болох гээд хүнсний
цочроогч нэмчихдэг. Мирашууд хар авсанд гайхах зүйл ер алга.
Одоо бол тэд уурлачихсан, их болгоомжтой болчихсон болохоор маш аюултай.
Харин уурласан мираш гэдэг бол Галактикийн хамгийн аюултай амьтдын нэг байдаг.
Элбонайн хоёр саран өрнө зүгт мандахад Дрог үнэхээр ганцаардаж байгаагаа
мэдэрлээ. Агуйн аман дээр мирашуудын асаасан түүдгийг, агуйн гүнд
буугаа барих нуугдсан мирашуудыг ч харж байлаа.
Нэг муу мирашийн арьсны төлөө ингэж зовох хэрэг байна уу даа? Яг одоо
үүлсээр хачин чамин дүрс хийж, мөрөөдөлдөө умбангаа таван мянган футын
өндөрт нисч байвал сайхан байхгүй гэж Дрог бодлоо. Энэ муу балиар хатуу
хүнсийг идэж байхын оронд сансрын туяаг дуртайяа шимэн илчийг нь
авахсан. Ингэхэд ер нь ингэж мөрдөж мөшгөн ан хийх ямар утга байна?
Түүний ард түмэнд бол ямар ч хэрэггүй чадварууд шүү дээ.
Энэ бодолдоо өөрийгөө бараг итгүүлчихээд байтал гэнэт мэргэн арга гялсхийн орж ирэв.
Амьдралын төлөөх тэмцэл, энэ тэмцэлтэй холбоотой бүх аюул осол бол Элбонайн иргэншлийн хувьд аль хэдийн өнгөрсөнд үлдсэн зүйл билээ. Гэвч сансар огторгуй уудам, аюул ослоор дүүрэн. Элбонайчууд ямар шинэ аюул осолтой таарахыг хэн тааж мэдэх билээ? Тэгээд энэ бүх ан хийх дадал, туршлага мартагдчихсан байхад тийм аюул нүүрлэвэл яах болж байна?
Үгүй ээ, өвөг дээсийнхээ мэдлэгийг мартаж болохгүй. Дээдсийн маань өв бол дайсагнасан сансар огторгуй дахь эвийг эрхэмлэсэн ухамсарт амьдрал ямар эмзэг, хэврэг байдгийг байнга сануулсан санамж, жишээ болж байх ёстой.
Дрог одоо нэг бол мирашийн арьсыг хуулна, үгүй бол өөрөө үхнэ.
Хамгийн гол нь тэднийг агуйгаас нь холдуулах хэрэгтэй. Дрогийг анчны зөн
совин нь эргэн сэргэжээ. Мань Дрог дууныхаа холбоосыг маш хурдан бөгөөд
чадварлагаар мирашуудын дуутай адил өнгөөр тохируулан өөрчлөв.
***
-Тэр сонсов уу гэж Пакстон асуув.
-Харин тийм гэж Стилмен хариулав.
Харанхуйгаас гарах чимээг бүгд чих тавин сонслоо.
Нөгөө чимээ ахиад гарав. Хэн нь мэдэгдэхгүй нэг хүн:
-Туслаарай. Туслаарай гэж орилж байлаа.
-Энэ чинь бүсгүй хүний дуу байна гэсээр Пакстон огло харайн босов.
-Энэ бол эмэгтэй хүний дуутай төстэй юм гэж Стилмен тодруулав.
-Туслаарай, гуйж байна. Би тэвчихгүй нь ээ. Хүн байвал туслаач ээ.
Пакстоны цөс нь хөөрөөд эхлэв. Жуулчны эвдэрсэн хөлгийнхөө дэргэд (яаж
тэнэгтэхээрээ ийм хөлгөөр аялдаг юм бол бүү мэд) сэжиг хүрэм ногоон,
нялцгай араатнуудад бүслэгдчихсэн зогсож байгаа туяхан, хөөрхөн бүсгүйг
мань эр агшин төдийд дүрслэн бодлоо.
Дараа нь Пакстон нэмэлт бластераа гаргаж ирээд тун ч тайвнаар:
-Би тийшээ очлоо гэж хэлэв.
-Мал минь наанаа сууж бай гэж Эррера тушаав.
-Бүсгүйн орилж байгааг чи…
-Энэ чинь эмэгтэй хүн байх ямар ч үндэсгүй гэж Эррера хэлэв.-Энэ гараг дээр хаанаасаа хүүхэн гараад ирдэг билээ?
Пакстон хоёрын хоёр бластераа сүрдмээр савчуулж байгаад:
-Харин наадахыг чинь би очиж тодруулах гээд байна гэж Пакстон шийдэмгий хэллээ.
-Суу гэж байна гэж байнаа чамайг гэж Эррера зандарлаа.
-Нээрээ тийм шүү гэж Стилмен ярианд орж Пакстоныг сэнхрүүлэхийг оролдов.
–Тэнд үнэхээр эмэгтэй хүн байлаа гэж бодоход бид хэд очоод туслаж чадна
гэдэг тун ч эргэлзээтэй шүү.
Нөгөө дуу тасалдсангүй.
-Туслаарай, авраарай. Нөгөө амьтан чинь намайг хөөгөөд барьлаа шүү дээ.
-Алив замаас зайл гэж байна шүү гэж Пакстон заналтай хашгирлаа.
-Чи үнэхээр тийшээ явах гээд байгаа юм уу гэж Эррера үл итгэсэн байртай лавлан асуув.
-Тийм ээ. Надад саад болох гэж оролдоод үзээрэй чи.
-За за тэгвэл явж үз гээд Эррера агуйн амны зүг гараараа дохив.
Стилмен айдаст автсан дуугаар:
-Надахаа явуулж болохгүй шүү дээ гэвэл Эррера:
-Би биш наад чинь үхэх юм чинь гэж залхсан байртай хариулав.
-Та хоёр санаа бүү зов гэж Пакстон аргадав.-Ердөө арван таван минутын дараа би эргээд ирнэ. Бүсгүйн хамт шүү.
Ингэж хэлчихээд мань эр өсгийн дээрээ эргэн агуйгаас гарахаар алхав.
Эррера харин үл мэдэг урагш тонгойн тайрдсаар дагзан дундуур нь маш
оновчтой байлгаад авах нь тэр. Гулзайн унах Пактсоныг Стилмен арай л гэж
барьж амжлаа.
Хоёул нийлж байгаад Пакстоныг агуйн гүн рүү чирч оруулчихаад байрандаа эргэн ирлээ.
Хөөрхий азгүй хатагтай ахиад уртаас урт таван цагийн турш тусламж гуйн орилж хашгирлаа..
***
Бороотой бүүдгэр өглөө болоход Дрог агуйгаас зуун ярдын зайнд байж байв.
Мирашууд агуйгаас гарч буугаа бэлэн бариад эргэн тойрноо маш
анхааралтай ширтэн мөр мөрөө нийлүүлэн урагшилж эхлэхийг сайн харж
байлаа.
Яагаад энэ удаад ч гэсэн бүтэлгүйтчихдэг байна аа? Мирашийн эрэгчинг
өдөөн гаргаж ирэх хамгийн найдвартай арга гээд скаутын сурах бичиг дээр
биччихсэн байсан шүү дээ. Орооных нь үе эхлээгүй байсан юм болов уу?
Мирашуудын чиглэж байгаа өндөг хэлбэртэй төмөр сав бол сансраар нисэхэд
зориулагдсан бүдүүлэг төхөөрөмж мөн болохыг Дрог танилаа. Загвар нь
хэдий бүдүүлэг ч гэлээ мирашууд дотор нь ороод авбал яаж ч чадахгүй
болно.
Уг нь бол Дрог тэднийг шууд тревэстлэж чадах байсан ч арай л харгис арга юм даа.
Залуу скаут маань бүх зүйл дээр эртний Элбонайчуудтай адил байхыг
чармайх бөгөөд тэд нар нь харин дайсандаа ямагт өгөөмөр сэтгэл гаргадаг
байсан билээ.
Тэгэхээр ан хийх хамгийн эртний аргуудын нэг болох илтроци л үлдэж.
Харин энэ аргыг ашиглахын тулд Дрог мирашуудад тулж очих ёстой байдаг.
Гэхдээ түүнд бол алдаад байх юм үгүй чинь.
Тэгээд ч цаг уурын байдал ч яг таарамжтай болчихож.
***
Эхэндээ агаарт тунгалаг, хөнгөхөн утаа хөшиглөж байсан юм. Гэвч усархаг
наран саарал тэнгэрт мандаж эхлэхэд манан өтгөрч эхэллээ.
Эррера хараал урсгав.
-Энэ л дутаад байж гэнэ дээ. Мөр мөрөө нийлүүлээрэй. Нэгнээсээ ер холдож болохгүй шүүү.
Одоо бол мань гурав нэг гартаа бластераа барьчихаад нөгөө гараараа нэг нэгнийхээ мөрнөөс барин алхаж эхэллээ.
-Эррера?
-Яав?
-Зөв явж байгаа гэдэгтээ итгэлтэй байна уу?
-Мэдээж. Энэ хараал идсэн мананг буухаас өмнө би луужингаараа чиг авчихсан.
-Луужин чинь эвдэрчихвэл яах уу?
-Тэр талаар бодоод ч хэрэггүй шүү.
Хадан хясааны хэлтэрхий дундуур мань гурав болгоомжтой нь аргагүй зам гарган урагшилсаар.
-Би хөлгөө харах шиг боллоо гэж Пакстон хэлэв.
-Бишээ, арай л болоогүй байгаа гэж Эррера хариулав.
Тэгтэл Стилмен чулуунд тэглээд бүдрэхдээ бластераа унагчихав. Бластераа
газраас аваад мананд дунд тэмтэчсээр Эррерагийн мөрийг олоод цааш
үргэлжлүүлэн явлаа.
-Одоо ойртож байна шүү гэж Эррера хэлэв.
-Тэгмээр дээ гэж Пакстон хариуллаа. –Би бүр залхаж байна шүү.
-Нөгөө хөөрхөн бүсгүй чинь хөлөг дээр хүлээж байгаа гэж бодоо юу?
-Нэг юмаа байн байн ярихаас залхахгүй байна уу чи?
-За за болилоо гэж Эррера хэлэв.-Хөөе Стилмен чи миний мөрөн дээрээс барьсан чинь дээр шүү. Төөрчихвөл баларна шүү.
-Би чиний мөрөн дээрээс бариад л явж байна шүү дээ.
-Бариагүй л байна даа.
-Барьж байна гээд хэлээд байхад.
-Миний мөрөн дээрээс хүн барьж байна уу үгүй юу гэдгийг ялгахтайгаа байна шүү.
-Тэгвэл Пакстон энэ чиний мөр үү?
-Үгүй ээ.
-За баларлаа даа гэж Стилмен үгээ зөөж ядан хэллээ. –Баларлаа.
-Яахаараа балардаг юм?
-Яагаад гэвэл би хэний ч юм бүү мэд мөрнөөс бариад яваад байна за юу.
-Хэвтээд гэж Эррера хар чадлаараа орилоо. –Хурдан хэвтээрэй. Би буудлаа шүү.
Гэвч нэгэнт оройтжээ. Исгэлэн үнэр агаараар тархаад ирэв. Стилмен
Пакстон хоёр түүгээр ганц амьсгалаад л цохиулсан юм шиг нураад уначихав.
Эррера амьсгалахгүй байхыг хичээн урагшаа сохроор харайлгатал бүдрээд
хадны хэлтэрхий дээр унаад босох гэтэл…
Нүд нь харанхуйлаад явчихлаа.
Гэнэт манан сарнин алга болов. Маасайтал инээмсэглэчихсэн Дрог гав
ганцаар зогсож байлаа. Тэгээд урт гэгч нь хутга гаргаж ирээд хамгийн ойр
байгаа мирашийн дээрээс тонгойлоо…
***
Ганцхан хормын дотор бүх хөдөлгүүрээ шатааж мэдэх тийм аймшигтай хурдаар
хөлөг дэлхийг чиглэн нисч байлаа. Эррера удирдлагын самбартай ноцолдож
харагдана. Тэгсээр арай хийж айдсаа даран ердийн тайван, зоригтой хэвээр
болж аваад хурдыг хэвийн болгож өөрчиллөө. Мань эрийн гар нь салгалж,
хөрслөг бор царай нь үнсэн саарал өнгөтэй хэвээр байв.
Цаад талын өрөөнөөс Стилмен гуйвсаар гарч ирээд хоёр дахь нисгэгчийн суудал дээр унаад өгөв.
-Пакстон яаж байна гэж Эррера асуулаа.
-Дрон-3-ыг тарьчихлаа гэж Стилмен хариулав.-Одоо зүгээрээ.
-Уг нь сайн залуу шүү.
-Байдаг л нэг шоконд орсон байх гэж бодож байна. Сэхээ орохоор нь алмаз
тоолуулаад суулгачихъя. Үүнээс илүү эм гэж юу байх билээ.
Эррера мушилзан инээмсэглэж царай нь ахиад яагаараад ирэв.
-Ингээд бүх зүйл нэгэнт өнгөрчихсөн болохоор би ч гэсэн алмаз тоолмоор
болж байх чинь гэж хэлснээ мань эрийн царай гэнэт чухал болж
өөрчлөгдлөө.-Ямар гээч амьтан яах гэж тийм юм хийснийг би ер ойлгож
чадахгүй юм. Ална гэсэн ч ойлгохгүй байна.
***
Скаутуудын их наадам үнэхээр сайхан болж өнгөрлөө. “Халигч шонхор”
нэртэй 22-р баг Элбонайг байлдан дагуулж байгааг харуулсан бяцан үггүй
жүжиг үзүүлэв. “Зоригт бизонууд” нэртэй 31-р баг анхлан нээгчдийн
байлдааны хувцас өмсөж гайхуулав.
Харин “Мирашийн ангуучид” багийн тэргүүнд Дрог алхаж явлаа. Нэгдүгээр
зэрэглэлийн скаут болсон түүний энгэрт Хүндэт тэмтдэг гялалзаж
харагдана. Мань Дрог багийнхаа тугийг барьж явлаа. Харин тугч хийнэ
гэдэг хамгийн эрхэм дээд хүндэтгэл болохоор бүгд түүнийг уухайлан
мэндчилж байлаа.
Яагаад гэвэл тугийн гөхөл дээр жинхэнэ насанд хүрсэн мирашийн арьс хамаг
л цахилгаан, хармаа, товч, бууны хуйгаа нарны гэрэлд хөгжилтэй нь
аргагүй тодоор гялалзуулан санжигнаж байсан юм.