Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Бат-Ундрах: Хотын нутаг дэвсгэрийг зэрэглэлд хуваасан үнэлгээ байхгүй

Нийслэлийн Газрын албаны газар чөлөөлөх хэлтсийн дарга Д.Бат-Ундрахтай ярилцлаа.

 -Энэ жил бүтээн байгуу­лалтын олон ажил хийхээр хот төлөвлөлтөд тусгаад буй. Газар чөлөөлөх а­жил хэдэн хувьтай явж байна вэ?
-Сургууль, цэцэрлэг барих газрын трасст багтсан айлууд газраа чөлөөлж л байна. Энэ жил Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, Захирагчийн ажлын алба, Авто замын газраас зам, барилга гүүр, инженерийн шугам, далангийн 89 ажил хийнэ гэж мэдээлсэн. Үүнээс барилгын ажлын трасст багтсан нэлээд айл бий. Газраа чөлөөлөхгүй гэсэн айл одоогоор байхгүй.

-Газрын үнэлгээг яаж тогтоох уу?
-Нийслэлийн Өмчийн харил­­цааны газраас гаргасан зах зээлийн үнэлгээтэй ойролцоо тогтоосон үнэлгээ байдаг юм.

-Гэхдээ иргэд арилжааны банкны үнэлгээнээс доогуур байна гэдэг шүү дээ?
-Банк бол хувийн, ашгийн байгууллага. Газрын үнэлгээг тооцох арга нь ч өөр. Сангийн яамнаас жил бүр үнэлгээний аргачлал гаргаж ирдэг. Энэ дагуу НӨХГ газрынх нь үнэлгээг тогтоодог.

-Тэгэхээр хотын А,В,С бүсийн үнэлгээг хэн тогтоо­сон болж таарч байна аа. Иргэд хотын А бүсийн газар учраас өндөр үнэлгээтэй байх ёстой гэж ойлгодог?
-Яг өнөөдөр албан ёсоор хотын нутаг дэвсгэрийг зэрэглэлд хуваасан үнэлгээ байдаггүй. Ийм үнэлгээг барилгын компаниуд л гаргаж ирсэн байх.  Барилга, орон сууцаа зарахын тулд л хотын А зэрэглэлд оршдог гэж сурталчилгаагаа явуулдаг. Тэрнээс хотын нутаг дэвсгэрийг өнөөдрийн байдлаар энэ хэсгийг нь А, В, С бүс гэж тогтоосон зүйл алга. Харин газрын төлбөр ногдуулахад хэрэглэдэг үнэлгээний бүсчлэл гэж бий. Түүнээс биш гадуур яриад байгаа шиг А,В,С бүс байхгүй гэдгийг албан ёсоор хэлье.

-Тэгэхээр иргэдтэй хэр­хэн тохиролцож газрыг нь авч байна вэ?
-Төсөв хүрэлцээ муутай шүү дээ. Хүн болгоны хэлсэн үгээр газрыг нь үнэлж авна гэж юу байхав. Тохиролцоно л гэж заасан байдаг болохоор иргэдтэй ярина даа. Oдоогоор НӨХГ-аас гаргасан үнэлгээгээр газраа чөлөөлөхгүй гэсэн хүн алга. Нийтийн эрх ашгийн төлөө, улсын ажил явж байгаа учраас иргэд харин ч сайнаар хүлээн авдаг болсон. Иргэдийн хувьд нөхөн олговорт олгож байгаа мөнгөн дүн нь зах зээлийн ханштай ойролцоо л байвал болж байгаа юм. Тиймээс үл хөдлөхийн сайтуудад тухайн газрынх нь ойролцоо зарагдаж буй газрын үнэлгээг харуулаад тохиролцон газрыг нь авдаг.

-Өнгөрсөн жил Дарь-Эхийн замын трасст орсон айл тоглоомын газар, дэлгүүртэй, байшин барьсан гээд их хэмжээний мөнгө нэхэж байсан. Ийм асуудлыг яаж шийддэг юм бэ?
-Ерөнхийдөө Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй Газрын тухай хуулиар өмчилж авсан газартаа ямарваа нэгэн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа явуулах хориотой. Дарь-Эхийн замын трасст орсон айлын хувьд найман нэрийн хүнсний дэлгүүр, PC гэх мэт 3-4 төрлийн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа явуулж байсан. Тиймээс эндүү ойлголт байсан учраас ойлгуулж, асуудлаа шийдсэн байгаа. Дахин ийм зүйл гараагүй.

-Зарим хүн ажил олж өгвөл газраа чөлөөлье хэмээдэг талаар яриа бий. Энэ үнэн үү?
-Тийм юм бий. Үгүйсгэхгүй. Хуульд зааснаар иргэнтэй харилцан тохиролцоно гэж заасан байдаг. Өнгөрсөн жил ийм хүсэлтийг нэг иргэн тавихад судлая гэсэн хариу өгч байсан. Ер нь, нийтийн эрх ашгийн төлөө газраа чөлөөлсөн өрхийн амьдрал сайжрах учиртай. Учир нь, олон улсын байгууллагын дүг­нэл­тээр нийтийн эрх ашгийн төлөөх нөлөөлөлд өртсөн иргэний амьдрал хоёр жилийн дараа заавал нэг шат ахисан байх ёстой гэсэн шалгуур тавьдаг юм билээ. 300 хүний эрх ашгийн төлөө тэр нөлөөлөлд автсан гурав дөрвөн иргэний амьдралыг яагаад сайжруулж болохгүй гэж…

-Газраа чөлөөлсөн за­рим иргэнд нийслэлээс хол газарт нүүлгэсэн гэж гом­дол­лож байсан?
-Нөхөн олговрыг хоёр хэлбэрээр л олгож байгаа. Газрыг газраар нь солино эсвэл зах зээлийн үнэлгээгээр худалдаж авах. Тухайн иргэн өөрөө хүсээд, тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газрыг авъя гэвэл нээлттэй. Тухайн иргэний л сонголт.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан