Нөөцийн махыг амт муутай, яс ихтэй гэхчлэн гоочилж байсан нийслэлийнхэн өнөөдөр эсрэгээрээ эргэж ам сайтай байх болжээ. Махны үнэ кг нь 6200-гаас дээш гарч, дээд тал нь 8000-9000 төгрөг хүрч байгаа хэдий ч нөөцийн махны ачаар таван оронтоо тоонд арай л шилжчихгүй байна. Үхрийн мах кг нь 3700, хониных 3200, ямааных 2600 төгрөгөөр зарж байхад махны ченжүүд тэгтлээ даварч чадахгүй л болов уу. Харин тэднийг давраахгүйн тулд нөөцийн махаа жилийн жилд тонныг нь ахиулан бэлтгэх шаардлага тулгарч байгаа.
Нийслэлийн хүн амын хэрэгцээнд зориулж, 12 мянган тонн мах бэлтгэснээс өдгөө 7000 тонн хүрэхгүй мах үлдсэн. Үүнийг долдугаар сарын 1 хүртэл хуваарийн дагуу нийлүүлэхээр албаныхан төлөвлөөд байгаа. Цагаан сарын үеэр ахмад настангуудад гулуузаар нь борлуулж баярхсан бол хаврын тарчигхан өдрүүд эхлэхийн цагт нийлүүлэлт нь багасч гомдол дагуулж эхэлсэн. Тиймээс нөөцийн махны нийлүүлэлт хэр байгаа талаар сонирхлоо. Баянзүрх захын нөөцийн мах борлуулдаг тасгаар ороход өглөөнөөс хойш дугаарласан гэх арав гаруй ахмад настан зогсч байлаа.
Өөрийгөө Н.Давааням гэж танилцуулсан нэгэн өвөөгөөс тодруулга авлаа.
-Та хэдэн цагаас хойш хүлээж байна вэ. Хамгийн эхэнд байгааг тань харахад эрт ирсэн бололтой?
-Зах 10 цаг гээд онгойход л орж ирээд зогсч байна.
-Нөөцийн мах долоо хоногийн хэд дэх өдөр ирдэг юм. Тогтмол цагт ирдэг юм уу?
-Баянзүрх зах нэг дэх өдөр амардаг. Тэрнээс бусад ажлын өдөр нөөцийн мах ирдэг дээ. Амралтын өдрүүдэд л ирдэггүй. Гэхдээ өдөр 14 цагаас хойш л ирээд байх шиг. Яг тогтсон цаг байхгүй ээ. Заримдаа 3-4 цаг хүлээж байж махаа авдаг эсвэл их оройтдог. Тиймээс эртхэн ирж дугаарлан зогсч байна даа.
-Зах онгойгоод удаагүй байхад 10 гаруй хүн ирчихэж. Нөөцийн мах ирэхийн үед хүмүүсийн тоо нэмэгдэх үү?
-Заримдаа хүн ихтэй л байдаг. Гэхдээ ерөнхийдөө гайгүй дээ.
-Өдөрт хэчнээн кг мах ирдэг юм бол?
-Одоо бол 5-6 шуудай мах ирэх юм гэсэн. Нөөцийн мах анх худалдаанд гарч эхлэхэд 10-12 шуудай мах ирдэг байсан бол одоо багасчихсан.
-Тэгээд нэг хүнд хэчнээн хэмжээгээр олгох вэ?
- Нэг уутыг л өгнө.
-Тэр нь хэдэн кг юм бол?
-3-4 кг орчим болдог.
-Нөөцийн мах тогтмол худалдаж авдаг уу. Амт чанарын хувьд хэр бол?
-Амт нь гайгүй. Анх цагаандуу өнгөтэй, өөх багатай туранхайвтар, яс ихтэй мах байсан. Одоо бол нөөцийн махнаас сайхан шөл гардаг шүү дээ. Нөөцийн махны ачаар шинэ махны үнэ тэгтлээ нэмэгдэхгүй болов уу. Цаашид нөөцлөх махны хэмжээг нэмэгдүүлбэл сайн л байна.