Нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, гурав, дөрөвдүгээр хороололд байрлах “Баялаг” төвд өчигдөр өглөө гал гарлаа. Тус төвд "Ku"damm" ресторан, "Могул" дэлгүүр, "Гурван ган өд" авто сургууль, "Kenzo 999" караоке, "Best Mother" сургалтын төв, "Shine" билльярдын төв, "I Love Movie" мини кино театр зэрэг үйлчилгээний газар байрладаг юм. Гуравдугаар давхарт нь байрлах "I Love Movie" мини кино театрын өрөөнөөс эхэлж гал гарсан гэнэ. Үүнээс болж барилгын хоёр, дөрөвдүгээр давхарт битүү утаа тархжээ. Гал гарах үед барилга дотор хүн байгаагүй аж.
Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх, урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга тэргүүн ахмад Д.Эрдэнэбаатараас энэ талаар тодрууллаа.
-Гал гарсан тухай дуудлага хэдэн цагийн үед ирсэн бэ?
-Мэдээлэл шуурхай удирдлагын төвд өглөө 10 цаг 22 минутад гал гарсан тухай дуудлага ирсэн. Энэ дагуу очиход гал гарсан барилгын гуравдугаар давхар их утаатай байсан. Гал унтраах хоёр ангийн 30 гаруй албан хаагч, таван машинтай ажиллаж, галыг бүрэн унтраалаа.
-Юунаас болж гал гарсан юм бол. Барилгын хоёр, гуравдугаар давхар тэр чигээрээ шатсан гэх юм?
-Юунаас болж гал гарсныг цагдаагийнхан тогтооно. Барилгын гуравдугаар давхарт гал гарсан учир хоёр, дөрөвдүгээр давхарт утаа их тархсан. Бид шуурхай ажилласны хүчинд бусад давхар галд өртөөгүй. Гуравдугаар давхарын 50 хувь нь шатсан байгаа.
-“Баялаг” төвийн орчим байсан зарим хүн гал командынхан ирчихээд 20 минут орчим ус цацаж, гал унтраахгүй зүгээр байсан. Бас шатгүй учир их хугацаа алдсан гэх мэт зүйл ярьсан. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?
-Иргэд тэгж ярьсан байна билээ. Манай гал командын машинууд хэзээ ч усгүй байдаггүй. Гал гарсан объектод тодорхой хэмжээний хайгуул хийж, галыг нь унтраадаг юм. Хайгуул хийнэ гэдэг нь тухайн байшин, барилга дотор хүн, тэсэрч дэлбэрэх бодис байна уу, үгүй юү гэдгийг эхлээд мэднэ. Тэгж байж гал унтраах журамтай. Тэгээд ч гал гарчихлаа гээд шууд ус цацдаггүй. Мэдээж, энгийн иргэд харснаа л хэлнэ шүү дээ.