Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Элэгний хорт хавдар

Элэгний өмөн буюу хорт хавдар нь манай улсад нэлээд газар аваад байгаа. Иймд элэгний хорт хадвар гэж юу байдаг, ямар төрлийнх байдаг зэрэг асуудлыг бага ч болов тодруулж байна.

Элэгний өмөн нь дотроо олон янз байдаг. Элэгний хучуур эдээс гепатоцеллюляр /элэг эсийн/, холангиоцеллюляр /цөсний замын/, гепато-холангиоцеллюляр /холимог/ өмөн үүснэ. Хучуур бус эдээс гемангиоэндотелиом. Мөн гепатобластом ба карциносарком нь элэгний холимог хорт хавдрын тоонд орно.

Эмнэл зүйн үүднээс элэгний хорт хавдрыг анхдагч ба хоёрдогч /өөр эрхтэнээс ургаж, үсэрхийлсэн/ гэж ялгадаг. Элэгний анхдагч өмөн нь тодорхой зааггүй, цайвардуу өнгийн олон тооны, эсвэл ганцаарчилсан нягт үүсмэл хэлбэртэй байна. Хавдар нь богино хугацаанд судсанд нэвчин орж үсэрхийлэл үүсгэн элгээр тархдаг. Элэгний циррозтой үед үүссэн хорт хавдрын үед хавдар нь зангилаа үүсгэлгүйгээр нэвчсэн хэлбэртэй байх нь цөөнгүй. Үсэрхийлсэн буюу элэгний хоёрдогч өмөн нь өөр эрхтэнд анхлан үүссэн үед үсэрхийлэх байдлаар үүсдэг.

Шалтгаан

Хорт хавдар, түүний дотор элэгний хорт хавдрын үүсэхэд хүргэдэг цаад шалтгаан ба томрох механизмыг одоогоор нарийн тодруулж чадаагүй байгаа. Энэ зорилгоор цаг уур, газар зүйн байрлал, хооллолтын онцлог, эмийн эмчилгээний онцлог зэргийг өмөн үүсэхэд нөлөөлдөг өндөр эрсдэлүүдийг судалж үзсэн байдаг.

Ингэхэд хүнсний бүтээгдэхүүнд афлатоксин / газрын самар буюу арахисийг гэмтээдэг мөөгөнцрийн үрэнцэрийн ялгаруулдаг хорт бодис/ байгаа үед элэгний анхдагч өмөн үүсэх эрсдэл нэмэгддэг болохыг тогтоожээ. Элэгний ангисарком /судас махгар/ үүсэхэд эр бэлгийн анаболик гормонтой нөлөөлдөг гэж үздэг. Үүнээс гадна шимэгчийн өвчин, вирусын өвчин /элэгний В гепатит нь гепатоцеллюляр өмөнгийн 80 үүсгэдэг гэж үздэг/, элэгний цирроз зэрэг нь элэгний анхдагч өмөн үүсэхэд нөлөөлдөг.

Мөн удамшлын гаралтай өмөн үүсэх магадлал өндөртэй тохиолдол гэж байна. Харин архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс үүдэлтэй цирроз нь элэгний анхдагч өмөн үүсэхтэй шууд холбоотой нь батлагдсан гэж үздэг.

Шинж тэмдэг

Элэгний анхдагч өмөнгийн шинж тэмдэг нь тун олон янз. Ингэхдээ гол төлөв хавдрын эмнэлзүйн явцаасаа шалтгаалан хорт хавдрын ерөнхий шинж тэмдэгүүдийн хувилбарууд илэрдэг.

Гол төлөв илэрдэг шинж тэмдэг нь сульдаж ядрах нь нэмэгдэх, хоолны дуршил алдагдах, адинами буюу хүнд өвчний улмаас хөдөлгөөний идэвх алдагдах, бие махбодь бүхэлдээ сульдах, цөөнгүй тохиолдолд дотор муухайрч, бөөлжүүлнэ.

Элэг хэмжээгээр томрох бөгөөд доод хэсэг нь хүйс, түүнээс ч доош хэсэгт байх нь цөөнгүй. Тэмтрэхэд дунд зэргийн хөндүүртэй, нягт, барзгартай, заримдаа тусгаарлагдсан хавдрын зангилааг мэдэрч болдог.

Элэгний циррозын үед үүссэн элэгний өмөнгийн үед гол төлөв хорт хавдрын үед үүсдэг ерөнхий шинж тэмдэгүүд ажиглагддаг. Үүнд: биеийн байдал нь эрчимтэй муудах, элэгний орчим өвдөх нь нэмэгдэх, асцит үүсч нэмэгдэх /хэвлийн хөндийд ус хуримтлагдах/, шарлах, хүчтэй халуурал, хамраас ойр ойр цус гарах, цөөнгүй тохиолдолд арьсны телеангиэктази /арьсны хялгасан судаснууд хөхөвтөр улаан толбо үүсгэн жигд бус томрох/ ажиглагдана.

Элэгний анхдагч өмөнгийн зарим тохиолдолд эмчилгээнд дарагдахгүй өндөр халуурал ажиглагддаг бөгөөд ийм тохиолдолд элэг гэмтэсний шинж тэмдэг нь арай хожуу илэрдэг.

Шинж тэмдэг султай элэгний анхдагч өмөн нь хорт хавдрын үед илэрдэг байнгын бөгөөд илэрхий шинж тэмдэггүйгээр архаг гепатитын хэлбэрээр өрнөх нь олонтаа.

Элэгний хүндрэлийн эмнэл зүйн шинж тэмдэг нь цөсний зам хавдарт дарагдаснаас үүдэлтэй шарлах, асцит /хэвлийн хөндийд ус хуримтлагдах/, хэвлийн хананы арьсан доорх судас томрох, ходоод гэдэснээс цус алдах, хавдар нь аяндаа, эсвэл бага зэрэг гэмтлийн улмаас хагарч тодуур цус алдасны шинж тэмдэг илэрнэ.

Элэгний хорт хавдрын үсэрхийлэл нь дийлэнх тохиолдолд элгэн дотроо илэрдэг. Бусад эрхтэнүүдээс уушиг, хэвлийн хөндий, бөөр, нойр булчирхай, ясанд үсэрхийлдэг.

Оношилгоо

Элэгний хорт хавдрын оношилгоо, ялангуяа эхний шатандаа яваа өмөнгийн оношилгоо нь нэлээд хүндрэлтэй байдаг. Учир нь өвчний онцгой шинж тэмдэг гэхээр зүйл байдаггүй. Иймээс гол төлөв нэлээд хүндэрсэн үедээ илэрдэг. Үзлэгийн асуулгын үр дүн /халуурал, гэдэсний баруун талаар өвдөх, элэг томрох/, эмнэл зүйн үзлэгийн үр дүн /гэдэсний хэмжээ томорч, эсвэл хэлбэр нь өөрчлөгдсөн, гэдэсний дээд хэсгийн судасны торлог нь илэрхий тодорсон, элэгний хэмжээ, хэлбэр нь өөрчлөгдсөн/ чухал ач холбогдолтой.

Лабораторын судалгаагаар гипохром цус багадалт, лейкоцитоз, трансаминаз болон шүлтлэг фосфатазын идэвх нэмэгдсэн г.м. зүйлсийг илрүүлдэг.

Оношилгооны бусад аргуудаас элгийг радиоизотоп болон хэт авиагаар сканердаж харах, компьютер томограф, дурангаар элэгний эд, эсээс дээж авах г.м. аргуудыг ашигладаг.

Үүнтэй зэрэгцэн элэгний өмөн төстэй бусад эмгэгээс ялгах оношилгоог эмч давхар хийдэг.

Эмчилгээ

Одоогоор элэгчний анхдагч өмөнг хослуулсан аргаар эмчилж байна. Эдгээрээс мэс заслын аргыг ба хими эмчилгээтэй хослуулах нь хамгийн түгээмэл хэрэглэгддэг. Гэвч хагалгаа хийх боломж нь таван өвчтөний нэгд нь л байдаг.

Мөн тусгай эмнэлэгүүдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал хийдэг. Одоогийн байдлаар элэг шилжүүлэн суулгахыг хамгийн ирээдүйтэй эмчилгээ гэж үзэж байна.

Мөнхүү одоогоор В гепаптитын эсрэг вакцинжуулалт хийх нь гепатоцеллюляр өмөнгөөс сэргийлэхэд хэр үр дүнтэй байгааг судлах нарийн судалгаа явагдаж байна.

Давтамж

Дэлхий дээр жил болгон 250 мянган хүн элэгний өмөнгөөр өвддөг гэсэн статистик мэдээ байдаг. Ингэхдээ элэгний анхдагч өмөн нь үсэрхийлсэн буюу хоёрдогч өмөнгөөс 30-40 дахин бага тохиолддог. Анхдагч өмөн нь Сенегал, Өмнөд Африк, Хятад, Энэтхэг, Филиппинд хамгийн их тохиолддог. Энэ өвчин нь нас харгалзахгүй үүсдэг дийлэнх тохиолдолд 40 наснаас хойш тохиолддог бөгөөд эрчүүдийн өвчлөл нь эмэгтэйчүүдийнхээс 4 дахин олон байдаг.

Урьдчилан сэргийлэлт

Архи, согтууруулах ундааг хэтрүүлэлгүйгээр зохистой хэрэглэж сурах. Ямар ч өвчин эмгэггүй эрүүл байсан ч жилдээ, нэг удаа нарийн мэргэжлийн эмч нарт үзүүлэн, шаардлагатай шинжилгээ хийлгэж байх нь элэгний өмөнгөөс сэргийлэх, эмчилж болохуйц эхний шатанд нь илрүүлэх боломж юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан