Үндэсний Статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал ямар байгааг эхний таван сарын байдлаар гаргажээ. Тус хорооны Макро эдийн засгийн статистикийн газрын дарга Б.Бадамцэцэгтэй ярилцлаа.
Мах, төмсний үнэ 19 хувиар өсч, сүүний үнэ буурав
-Бараа бүтээгдэхүүний үнэ, инфляцын төвшин ямар байдалтай байна вэ?
-Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн сартай харьцуулахад нэг хувь, өнгөрсөн оны жилийн эцэстэй харьцуулбал 9.2 хувь, яг нэг жилийн өмнөхөөс 15.4 хувиар өссөн байна. Бид гурван төрлийн инфляцыг тооцдог. Тэр ёсоороо тооцоход дээрх тоо гарсан. Энэ нь, он гарснаас хойшхи эхний таван сард инфляцын төвшин нэлээд өндөр байгааг харуулж байна л даа. Үүнд, хүнсний бүтээгдэхүүний үнэ зонхилно. Нэг, хоёр, гуравдугаар сард үнэ харьцангуй өндөр буюу сар бүр дунджаар хоёр гаруй хувийн инфляцтай явж байсан бол дөрөв тавдугаар сард өсөлтийн хурд саарч эхэлсэн. Тухайлбал, тавдугаар сарыг өмнөх сартай харьцуулахад улсын дүнгээр нэг хувийн өсөлттэй байна. Аймгуудын тухайд арай өөр.0.9 хувийн бууралтаас 2.6 хувийн өсөлттэй гэсэн хоёр тоон үзүүлэлтийн хооронд хэлбэлзэж байгаа юм. Говь-Алтайд 0.9 хувиар үнэ буурсан байхад Сэлэнгэ аймагт хамгийн өдөр буюу 2.6 хувиар өссөн байх жишээтэй.
-Улаанбаатар хотын тухайд?
-Улаанбаатар хотод нэг хувийн өсөлттэй байна гэсэн дүн гарсан нь улсын төвшинтэй ижил байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, таван сарын өмнөхтэй харьцуулах юм бол Улаанбаатар хотын хэрэглэгч орон нутгийнхнаас илүү өндөр үнээр бүтээгдэхүүн авч байгаа юм.
-Хөдөө орон нутагт ямар төрлийн бараа бүтээгдэхүүний үнэ өссөн байна вэ?
-Голчлон өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнийн өсөлт зонхилно л доо. Орон нутгийнхны тухайд хамгийн өргөн хэрэглэгддэг бүтээгдэхүүн нь мах, төмс хүнсний ногоо шүү дээ. Махны үнийг аваад үзэхэд нэг сарын дотор дөрвөөс бусад аймагт 18 хүртэл хувиар өссөн байна. Харин төмс, хүнсний ногооны үнэ 11 аймагт 19 хүртэл хувиар өссөн. Энэ нь инфляцад голлон нөлөөлдөг. Нөгөө талаар, зарим бүтээгдэхүүний үнэ буурах хандлагатай байгааг хэлэхгүй орхигдуулж болохгүй. Тухайлбал, сүү сүүн бүтээгдэхүүний үнэ олонхи аймагт буурсан байна. Мал төллөж дууссаны дараа буюу цаашид энэ төрлийн бүтээгдэхүүний үнэ буурах хандлага ч ажиглагдаж эхэлсэн.
Импортын согтууруулах ундааны хэмжээ 50 хувиар нэмэгдэв
-Гадаад худалдааны тэнцэлийн тухайд ямар дүн мэдээ гарав?
-Гадаад худалдаа нь макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтийн нэг. Сүүлийн жилүүдэд манай улсын бусад улстай хийж буй гадаад худалдааны нийт эргэлт харьцангуй өндөр өсөлттэй байгаа. Эхний таван сарын байдлаар гэхэд нийт гадаад худалдааны эргэлт 4.4 тэрбум ам.долларт хүрлээ. Гэхдээ гадаад худалдааны эргэлт өсч байгаа ч экспортоос давах импортын хэмжээ нэлээд нэмэгдэж байна. Энэ нь гадаад худалдааны тэнцэл алдагдалтай гарах үндсэн нөхцөл юм. Тодруулбал, 4.4 тэрбум ам.долларын нийт эргэлтийн 1.7 нь экспорт, 2.7 тэрбум нь импортынх. Тоон үзүүлэлтийг нарийвчилж үзвэл 940 сая ам.доллараар гадаад худалдааны тэнцэл алдагдалтай байна гэсэн дүн гарлаа. Энэ алдагдлын хэмжээ их өндөр л дөө.
-Гадаад худалдааны алдагдал буурах бус харин ч нэмэгдээд байгаа нь юутай холбоотой вэ?
-Гадаад худалдааны нийт эргэлт, үүний дотор импорт нэмэгдэж байгаа нь үйлдвэрлэлийг тэтгэх машин тоног төхөөрөмж, хөрөнгө оруулалтын шинж чанартай импортын хэмжээ нэмэгдэж буйтай холбоотой. Үйлдвэрлэл хөгжих үндэс суурь бий болж байгаа нь сайн хэрэг ч нөгөө талаас нь тэр хэмжээгээр мөнгөний урсгал гадагшилж байна гэсэн үг. Тэгэхээр хүн амын орлогыг нэмэгдүүлэх, амьжиргаанд нэмэр болох мөнгө урсаад байна. Импортын хувьд өөрсдөө үйлдвэрлэдэггүй, гаднаас авдаг шатахуун, тос тослох материал, машин тоног төхөөрөмж тэдгээрийн сэлбэг эд анги гэсэн багц бүтээгдэхүүн голлох байрыг эзэлсээр байна. .
-Экспортын тухайд ямар өөрчлөлт ахиц байна вэ?
-Экпортын хувьд бүтэц хэвээрээ. Уул уурхайн цөөхөн нэр төрлийн бүтээгдэхүүн экспортод гарч байгаа боловч хувийн жин нь өндөр байх хэмжээнд хүрч чадаагүй. Экспортоос олох орлогын хэмжээнд ахиц гарахгүй байгаа хэрэг. Экспортын 80 орчим хувийг нүүрс, зэсийн баяжмал,төмрийн хүдэр гэсэн гуравхан бүтээгдэхүүн эзэлж байна. Ийм гуравхан төрлийн бүтээгдэхүүнээр л манай улсын нүүр царай харагдах болж.
-Экпортын бүтэц хэвээрээ гэлээ. Харин импортын бараа бүтээгдэхүүний дунд анхаарал татахуйц өөрчлөлт гарсан зүйл ажиглагдав уу?
-Нэг зүйлийг онцолмоор байна. Хүнсний бүлгийн бараа бүтээгдэхүүний дотор согтууруулах ундааны импорт нэлээд нэмэгдсэн. Өмнөх оны эхний таван сард зургаан сая литр согтууруулах ундааг манай улс гадаадаас импортоор оруулж ирсэн байдаг. Тэгвэл энэ оны эхний таван сард 8.9 сая литр согтууруулах ундаа оруулж ирсэн байна. Өөрөөр хэлбэл, өмнөх онтой харьцуулахад 50 хувиар нэмэгдсэн үзүүлэлт л дээ. Импортоор оруулж ирэх согтууруулах ундааны ихэнх хувийг пиво эзэлдэг. Энэ дүн манай улсын хүн амд согтууруулах ундааны хэрэглээ нэмэгдэж байна гэсэн дүр зургийг харуулж байгаа юм.
-Манай улс хэчнээн төгрөгийн хадгаламжтай байгаа вэ. Нэг үеэ бодвол хадгаламжийн хэмжээ өссөн гэх юм?
-Манай улс одоогийн байдлаар нийт 4.2 триллон төгрөгийн хадгаламжтай. Үүний 1.2 триллон нь валютынх үлдсэн гурван триллон нь төгрөгийн хадгаламж байдаг л даа. Тавдугаар сард валютынх төгрөгийн хадгаламжаас нэлээд өндөр өссөн. Валютын хадгаламжийг өнгөрсөн сартай харьцуулбал 20 хувиар өссөн байхад төгрөгийн хадгаламж 1.3 орчим хувийн өсөлттэй байгаа юм.
32 мянга гаруй өрх газар тариалан эрхэлж байна
-Хөдөө аж ахуйн тооллогын явц байдлын талаар мэдээлэл өгөхгүй юу?
Хөдөө аж ахуйн тооллого тавдугаар сарын 15-аас зургадугаар сарын 15-ны хооронд болдог. Энэ хугацаанд бид тооллогын үйл ажиллагааг хоёр үе шаттай авч хэрэгжүүлэхээр болсон. Тооллого, түүвэр судалгааны үндсэн мэдээлэл цуглуулах ажлыг зургадугаар сарын 5-ны дотор хийж, харин 5-15-ны хооронд хамрагдаагүй үлдсэн хэсэгтээ анхаарлаа хандуулж ажиллах юм. Өнөөдрийн байдлаар манай улсад тооллогын ажил амжилттай явж, тоологдвол зохих үйл ажиллагаа явуулдаг өрх, байгууллага аж ахуй нэгжийн 99 хувийг хамруулсан дүнтэй байна. Тухайлбал, газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлдэг нийт 32815 өрх, 1707 аж ахуйн нэгж, ойн аж ахуй эрхэлдэг 227 аж ахуйн нэгж, ан агнуур, загасны үйл ажиллагаа эрхэлдэг 10 гаруй аж ахуйн нэгж хамрагдсан байна. Дээр нь малтай 70 мянган өрх тоологдлоо.
-Тооллого дууссан гэж ойлгож болох уу?
-Аймаг, орон нутагт хөдөө аж ахуйн тооллого үндсэндээ дуусах шатандаа орсон. Харин Улаанбаатар хотод 90 гаруй хувьтай явж байна. Үлдсэн хугацаанд нийслэлд анхаарлаа хандуулах болно.
-Статистик мэдээллийг үзэхэд дулааны улирал хэрнээ агаарын бохирдол өссөн үзүүлэлт харагдаж байна. Энэ тухайд?
-Манайх агаарын бохирдлын мэдээллийг холбогдох байгууллагаас нь авч шууд мэдээлдэг. Хэд, хэдэн харуул дээр хэмжилтээ хийж мэдээллийг нэгтгэж гаргадаг юм билээ. Ирүүлсэн мэдээлэл, хандлагыг харьцуулж харахад агаарын бохирдол өвлийн улиралд тогтсон хэм хэмжээтэй байдаг ч заримдаа түүнийг давах тохиолдол олон гардаг. Агаарын бохирдол өнөөдрийн байдлаар өмнөх оныхоос буурсан үзүүлэлт харагдахгүй байна.