Бээжингийн олон улсын кино наадамд Өвөрмонголын уран бүтээлч Баян-Ерөөлийн “Норжмаа” кино “шилдэг үндэстний кино” номинацид тэргүүлжээ. Хятадын энэхүү кино наадмыг “Алтан тахиа ба 100 цэцэг” хэмээн нэрлэдэг бөгөөд дэлхий нийтэд Хятадын Оскар гэдгээрээ алдартай. Өвөрмонголын “Алтан аргамж урлаг” кино компанийн бүтээл “Норжмаа” киноны гол дүрд тоглосон Бадам нь өмнө нь Оросын алдарт найруулагч Н.Михалковын “ Өргөө: хайрын бүс” киноны гол дүрд 1991 онд тоглосон юм.
Норжмаагийн дүрийг бүтээснээр Бадам нь Хятадын Оскарын эзэн боллоо. Түүнтэй шилдэг эмэгтэй дүр номинацад Хятадын жүжигчин Жао Вэй,Тан Вэй, Люй Жүн, Шюй Фань нар өрсөлдсөн билээ. “Норжмаа” кинонд дэлхийн хоёрдугаар дайны үе буюу Чөлөөлөх дайны үеийн Өвөрмонголыг дүрслэжээ. Энгийн малчин бүсгүй Норжмаа хүнд шархадсан хоёр цэрэг олно. Орос цэрэг Василия болон япон цэрэг Асана. Нэг гэрт тэднийг авчирч эмчилж сувилж, хөл дээр нь босгож ирэх ч тэдний бие биенээ үзэн ядах сэтгэл үгүй болохгүй. Гэвч цаг хугацаа өнгөрч, сайхан сэтгэл, хайрын ачаар тэд бие биенээ ах дүү шиг санах болно. Бадам нь Өвөрмонголын Ордос аймгийн Үүшин хошуунд төрсөн бөгөөд “Цэцэнхан”, “Шилийн гол, Вэньчуань”, “Алтан намар ба бугын урамдлага” зэрэг киногоороо хятадын үзэгчдийн танил болсон юм.