Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Аялал жуулчлалын брэндийг зөвхөн алтаар бүтээдэггүй буюу түмпэн нүдэх урлаг

Н.БАТ

Гамбанз, хутга, түмпэн шанага, модон тагш, савх, усны канестр, шүүр гээд гал тогооны өрөөнд байдаг бүхий л хэрэгсэл тайзнаа хөгжмийн зэмсэг болон хувирна. Монголчууд Солонгост маш олноор ажиллаж амьдарч байгаа учраас Солонгосын аялал жуулчлалын нэрийн хуудас болсон “Нанта” шоу үзсэн л байх. Тогооч, туслах ажилтан гэх хөгжилтэй дөрвөн залуугийн хүлээн авалтын хоол хэрхэн бэлтгэж буй тухай өгүүлэх нэг цагийн жижигхэн шоу. Ногоо хөшиглөх хутганы чимээ, түмпэнд гурил хутгах дуу гээд л нарийн сонсвол нээрээ хөгжим шиг... НАНТА шоуны тайз хийгээд заал тийм ч том биш. Энэ шоуг үзэхэд нас, хэл ус үл харгалзах. Үггүй, хориотой хэсгүүд үгүй. Монгол, Солонгос, Тайвань, Хятад, Англи, Америк, Африкаас ирсэн жуулчид нулимсаа гартал инээж, зарим шоунд өөрийн биеэр ч оролцов.

Солонгосын тайзнаа анх 1997 онд тавигдсан шоуг, 1999 онд Эдинбургийн “Фриндж” олон улсын фестивалийн үеэр олон нийтэд үзүүлжээ. Үүнээс хойш “Нанта” шоу дэлхий даяар алдартай болж, 2004 онд Нью-Йоркийн Бродвейн театрын тайзнаа тавигдсан Азийн анхны шоу тоглолт болсон юм. Солонгосын урлагийн түүхэн дэх хамгийн тод өнгө төрх нь болсон ч гэж үзэж болох.  Өнөөдөр тус шоуг дэлхийн 8,7 сая хүн үзсэн гэсэн статистик бий. Сөүл болон Солонгосын бусад хотод тоглогддог сүлжээ шоуг жилд 750 гаруй жуулчин үздэг гэнэ. 2009 онд “НАНТА”-г хотын шилдэг шоу хэмээн өргөмжилсөн бөгөөд Солонгосын аялал жуулчлалын хөтөлбөрт зайлшгүй ордог нэгээхэн том үзүүлбэр болсон билээ.
“Нанта” бол гайхамшигтай эрч хүч ритмийг сонирхолтой өгүүлэмжээр холбосон шоу юм.  Солонгосын бөмбөрийн алдарт Пхунак ритм үндсэндээ “Нанта” шоуны цөм. Энгийн нэг рестораны гал тогоог тайзнаа засч, үзэгчдийн анхаарлыг татна. Үзэгчидтэй хамт банш хийж, хуримын ёслол үйлдэнэ. Сөүлийн Чондон, Каннам дүүрэг мөн Чежү арал гээд аялал жуулчлалын бүс нутгуудад нь олон. Тус шоу нь олон нийтийн анхаарлыг жилээс жилд татаж байгаагийн баталгаа нь Бродвейд өөрийн гэсэн театраа нээснээр нь баталгаажуулж болно. “Нанта”-г үзсэнээ би ирээд бусдад дуулгана. Сөүл орвол зорьж очоод үзмээр зүйл байна билээ гэж зөвлөнө. Олон хүн л ингэж хандана гэдэгт итгэж байна.

Энэ бол урлагийг хэрхэн орчин үежүүлж бас даяаршуулж бас байлдан дагуулж болдгийг баталсан аялал жуулчлалын томоохон брэнд юм. Тэгвэл бидэнд ийм брэнд бий юу. Уг нь язгуур урлагаар бид Солонгосоос хол давуу гэж хаана ч онгирч болох. Азийг байтугай дэлхийг байлдан дагуулах чадал бий гэдгийг саяхан “Авьяаслаг Азиуд” шоуны хоёрдугаар байрт шалгарсан манай Хөсөгтөн хамтлагийнхан баталсан. Тэдний тоглолтыг үзэхийн тулд монгол хэлтэй бас насанд хүрсэн байх шаардлагагүй. Нүүдэлчний гэх гайхамшигт салхи л тэдний үзүүлбэр бүрээс мэдрэгдэж байлаа.

Гол нь Солонгосоос суралцах зүйл нь гуулийг алт болгох ухаан. Бүтээгдэхүүнээ хэрхэн брэнд болгон үйлдвэрлэж, дэлхий нийтэд таниулж болохыг бид тэднээс суралцах хэрэгтэйг алхам бүртээ мэдэрч байлаа.

Гуулин улсад аялсан сэтгүүлчдийн багийнхныг хөтөч маань зорин байж дагуулж очсон өөр нэг газар бол Кёнжу дахь эртний уламжлалт хэв шинжээ хадгалж үлдсэн тосгон. Гаднаас нь үзэсгэлэнт байгаль дахь хуучны хэдэн модон байшин. Зарим байшинд өнөөдөр ч хүн амьдардаг учраас гаднаа чинжүүгээ хатааж, элдэв төрлийн хачир энэ тэрээ том том шавар вааранд даржээ.

Өөрөөр хэлбэл, Солонгосын түүхэн кинонд гардаг нэг л хэв шинэ. Байшингуудын заримыг нь хамгаалалтад авч, битүүмжлэн хаасан харагдана. Төрийн цэргийн болоод бичгийн түшмэд тэдний албат голдуу амьдарч байсан энэ тосгон Солонгос улстай танилцах аялалд багтдаг бас нэг онцгой брэнд. Байнгын дайн байлдааны хөлд өртөж байсан энэ улс 400-500 жилийн түүхтэй эд өлгийн зүйлсээ өнөөдөр нандигнан хамгаалж, сэргээн босгож байна. Энэ нь аялал жуулчлалын чухал брэнд учраас тэр. Хамгаалалт бүхий энэ бүсээр явахад чинжүүний жижиг талбай, илжгэн чихний мод, зарим байшингийн гадаа анар ургасан ч харагдана.  
Өөрийн эрхгүй монгол гэр, нүүдэлчин соёл, ахуй маань хэдэн зуун жилээр бидэнд өнөөдөр уламжлагдан үлдэж, хайрлан хамгаалаагүй байхад үеэс үедээ болж байхад бид аялал жуулчлалын бүтээгдэхүүн алга хэмээн толгой сэгсэрсээр суугаа шүү дээ гэх бодол төрнө. Бид өдрөөс өдөрт даяаршиж, хөгжил цэцэглэлт рүү тэмүүлж байна. Гэхдээ аялал жуулчлал гэх мөнгө олох томоохон “хэрэгсэл” мөнхөд байх нь тодорхой учраас бид байгаагаа тордож, мэдэрч сурах л чухал бололтой.

Монголын шөнийн тэнгэрт түм түмээрээ түгэн гялалзах од хүртэл аялал жуулчлалын брэнд гэдгийг бидэнтэй уулзсан Солонгосын эрдэмтэн онцлон хэлж билээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан