Хүмүүс сүүлийн үед компанийн засаглал хэмээн их ярих болж. Учир нь, Монгол Улсын иргэн бүр “Эрдэнэс Таван толгой” ХХК-ийн 1072 ширхэг хувьцаа эзэмшигч болсон. Монголын компаниуд олон улсын хөрөнгийн зах зээл дээрээс мөнгө босгох болсон гээд олон хүчин зүйлийн нөлөөгөөр компанийн засаглалын асуудал олны анхаарлыг татаж эхэллээ. Энэ сэдвээр Компанийн засаглалын хөгжлийн төвийн ерөнхий нарийн бичгийн дарга Т.Цэнд-Аюуштай ярилцлаа.
-Саяхныг хүртэл бидний үгсийн санд компанийн засаглал гэдэг үг байдаггүй байлаа. Харин сүүлийн үед бодлого боловсруулагчид, дарга нар энэ талаар их ярих болж. Ер нь, компанийн засаглал гэж юуг хэлээд байна вэ. Энгийнээр тайлбарлаж өгнө үү?
-Манай орны хувьд компанийн засаглалын талаар ярих нөхцөл, цаг хугацаа бүрдсэн учраас л энэ талаар хүмүүс их ярих болсон байна. Компанийн засаглал гэдгийг компанийн үр ашигтайгаар оршин тогтох тогтолцоо, оролцогч талуудын харилцаа гэж товчхон тодорхойлж болно. Компанийн эзэн буюу хөрөнгө оруулагч, компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан явуулдаг гүйцэтгэх удирдлага, эздийн өмнөөс гүйцэтгэх удирдлагыг хянадаг, урамшуулдаг, чиглүүлдэг Төлөөлөн Удирдах Зөвлөл гэдэг гол оролцогчдын зөв зохистой харилцаан дээр сайн засаглал тогтдог. Өнөөдөр манайд уул уурхайн чиглэлийн компаниуд олон улсын зах зээл дээр гарах хэрэгцээ шаардлагын улмаас компанийн засаглалын тогтолцоогоо дэлхийн жишигт хүргэх шаардлагатай нүүр тулгараад байна. Энэ тал дээр манай компаниуд төдийгүй, төр засаг нийгэм, эдийн засгийн институцийн тал дээр бэлэн биш байснаас болж бидэнд яаралтай шийдвэрлэх шаардлагатай хүндрэлтэй олон асуудал тулгарч байна. Гадаадаас уул уурхайг даган орж ирсэн хөрөнгө оруулалтын өгөөжийг буцааж алдахгүйгээр өөрийн оронд шингээж үлдэх бодлого нэн даруй боловсруулах хэрэгтэй болоод байна.
-Өнгөрсөн онд Компанийн тухай хуулийг шинэчлэн найруулж баталсан. Хууль батлагдаад ямар үр дүн гарч ирж байна вэ?
-Компанийн тухай шинэ хуульд компанийн засаглалын талаар тодорхой заалтууд нэмэгдэж орсон байгаа. Ямар ч байсан компанийн засаглалын мэдлэг олгох сургалтад компанийн удирдлагууд идэвхтэй сууж эхэлсэн. Энэ хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах тал дээр сайн анхаарч чадвал Монгол Улсын компанийн засаглалын хөгжилд ихээхэн түлхэц болохоор байгаа нь ажиглагдаж байна. ТУЗ-ийн гишүүд заавал компанийн засаглалын сургалтанд хамрагдаж, мэдлэгтэй болсон байх, хувьцаат компаниуд хараат бус гишүүдтэй байх, ТУЗ нь нарийн бичгийн даргатай байх гээд олон улсын тэргүүн туршлагыг тусгасан олон сайн заалтууд орсон.
-Манай улс Хөгжлийн банк байгуулахдаа БНСУ-аас туршлага судалж байсан. Компанийн засаглалыг аль улсын туршлагад үндэслэн хөгжүүлэх гэж байна вэ?
-Компанийн засаглал нь тухайн улсын нийгэм эдийн засгийн институцийн тогтолцоо, соёл уламжлалаасаа шалтгаалаад олон хэлбэртэй хөгжсөн байдаг. Манайх нэг талаар Азийн улс, нөгөө талаар шилжилтийн эдийн засагтай боловч компанийн засаглалын загваруудаас Англи, АНУ-ынхыг илүү барьж хөгжиж байна гэж хэлж болно. Үүнийг Компанийн тухай шинэ хууль, Монгол Улсын компанийн засаглалын кодексыг үндэслэн хэлж байна. Хуулийнхаа дагуу манайх нэг шатлалтай ТУЗ-тэй, ТУЗ нь ХК бол есөөс доошгүй гишүүнтэй, үүний гурав нь хараат бус гишүүн байх ёстой. Хараат бус гишүүд нь цалин хөлс, аудит, нэр дэвшүүлэх гэсэн гурван хороонд орж ажиллах ёстой гэж заасан байгаа. Компанийн засаглалын хөгжлийн хандлагад сүүлийн үед ихээхэн өөрчлөлт орж байна. Тухайлбал, компаниудыг богино хугацааны ашигт хэтэрхий төвлөрч, зөвхөн хувьцаа эзэмшигчдийн төлөө ажиллаж нийгмийн хариуцлага гэдгийг умартаад байна хэмээн шүүмжлэх болсон. Компанийн гол зорилго нь, хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах явдал гэж үзсэнээр захирлууд зөвхөн хувьцааны үнээр хөөцөлдөх болж, тэдний ажлын үзүүлэлтийг ч хувьцааны үнийн өсөлтөөр хэмжих болсон нь эргээд хувьцааны үнийн хиймэл хөөс үүсэх үр дагаварт хүргэж байна гэж дэлхийн олон судлаачид үзэж байна. Энэ богино хугацааны ашиг нь эргээд эдийн засгийн хямралын гол шалтгаан болж, том компаниудыг дампуурахад хүргэж байна гэж үздэг хүмүүсийг оролцогч талуудын онолыг баримтлагчид гэж нэрлэдэг юм. Тэдний үзэж байгаагаар бол компаниуд нийгмийн хариуцлагатаа илүүтэй анхаарч, компанитай холбоотой бүхий л талуудын эрх ашгийг хувьцаа эзэмшигчийнхтэй адилхнаар дээдлэн ажилласнаар урт хугацаанд тогтвортой хөгжинө. Үүнийг дагаад эдийн засгийн хямралын үечлэл ч холдох юм.
-Тэгвэл эдийн засгийн хөгжилд засаглалын бүтэц ямар байвал сайн байдаг юм бол?
-Засаглал нийгэм буюу хувь хүмүүс, компаниуд, төр засаг гэсэн гурван хэсгээс бүрддэг. Энэ гурвын хоорондын уялдааг сайжруулах хэрэгтэй. Компанийн засаглал гэдэг зөвхөн компаниудад хамааралтай асуудал биш. Эдийн засаг компаниудын нуруун дээр байдаг. Энэ утгаараа эдийн засаг хүн бүрт хамаатай. Үндэсний компаниуд сайн ажиллаж чадвал эдийн засаг хараат бус байна. Засаглал гэхээр бие биенийгээ захирах, яаж үйл ажиллагаагаа явуулж байгааг нь хянах тогтолцоо. Компани гэдэг нэг талаасаа нийгмийн, нөгөө талаас эдийн засгийн байгууллага. Учир нь, ашиг олохын төлөө явж байгаа гэдгээрээ эдийн засгийн талтай ч, тэнд хүн ажиллаж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг нь хүн хэрэглэнэ гэдэг утгаараа нийгмийн байгуулага юм. Хувьцаа эзэмшигчид, хөрөнгө оруулагчид нь компанийн засаглалын талаар сайн мэдлэгтэй байгаад компаниудаас юу шаардахаа, тэднийг хэрхэн үнэлэхээ мэддэг байвал мөнгө хөрөнгө зөв компани руу л урсах болно. Ингэснээр эдийн засагт буруу үйл ажиллагаатай компаниуд шахагдах үйл явц аяндаа явагдана. Нөгөө талаар компаниуд ч гэсэн хямд хөрөнгө оруулалтыг татахын тулд мэдээллээ үнэн зөв, нээлттэй байлгах шаардлагатай болно. Энэ бүх үйл явц аль болох амар хялбар, түргэн шуурхай явагдах нөхцөлийг төрөөс бодлого, хууль журмаар дэмжээд өгвөл Монголын компанийн засаглалын хөгжил аяндаа л хурдацтай урагшлах болно. Учир нь, үүний ард зах зээлийн хууль үйлчилж байгаа юм.
-Засаглалыг хөгжүүлэхэд бэрхшээлтэй асуудал их байдаг байх?
-Өнөөгийн байдлаар манайд компанийн засаглалын практик хэрэглээ нь судалгаанаасаа түрүүлчихээд байна. Ер нь, практик ямагт л судалгаанаасаа түрүүлж явдаг жамтай л даа. Гэхдээ манай орны хувьд компанийн засаглалын асуудалд энэ хоёрын хоорондох зай хэт холдчихоод байна. Манай орны хувьд уул уурхайтай холбоотойгоор компанийн засаглалын дэлхийн стандартыг хэрэгжүүлэх шаардлага гэнэт шахуу л тулгарчихаад байна. Нэг талаас манайд орж ирж байгаа гадаадын компаниуд, нөгөө талаар манай компаниуд гадаадын хөрөнгийн бирж дээр гарч байгаа үйл явц нь практикт хол тасран түрүүлэх үр дагаварт хүргээд байна. Уул уурхайгаас гадна компанийн засаглалыг шаардсан бас нэг нөхцөл үүсээд байгаа нь манай компаниудын насжилтын асуудал юм. Анхлан зах зээлийн системд шилжээд, хувийн компаниа байгуулж байсан манай бизнесмэнүүд маань өнөөдөр маш томорсон компаниа ганцаараа удирдаад явж дийлэхээ байсан. Тэдний нас талаасаа ч, компанийх нь хэмжээ талаасаа ч энэ асуудал боломжгүй болчихоод байна. Тэд компанийн засаглалын сайн тогтолцоог бүрдүүлснээр өөрийгөө өдөр тутмын гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас чөлөөлөх боломжтой болж, улмаар үр хүүхэддээ ч сайн засаглалтай ирээдүйтэй компани үлдээх юм гэдгээ ойлгож эхлээд байна.
Тэдний өмнө нэг хувь хүнээс шалтгаалдаггүй сайн тогтолцоог бий болгох, залгамж халаагаа бэлтгэх, гүйцэтгэх удирдлагыг зөв чиглүүлэн ажиллуулах гээд компанийн засаглалын олон асуудал тулгардаг.
-Компанийн засаглалыг Монголд хэрхэн сайжруулах вэ. Засаглалыг сайжруулснаар муу нь шахагдан гарч үндэсний хүчирхэг компаниуд үлдэх болов уу?
-Ер нь, компанийн засаглалыг сайжруулахын тулд улс орны хэмжээнд гол гурван зүйлд анхаарлаа хандуулах ёстой. Нэгд, хувьцаа эзэмшигчдийг зохих мэдлэгтэй болгох. Хоёрт, мэдлэгтэй болсон хүмүүсийг компанийн талаар үнэн зөв мэдээллээр цаг тухай бүрт нь тэгш хангах, гуравт нь энэ бүх нөхцөлийг хууль эрхзүй, бизнесийн орчин талаас нь хангаж өгөх. Ийм боломжийг л бий болгож чадвал үр ашиггүй, худал хуурмаг үйл ажиллагаа хийдэг муу засаглалтай компаниуд зах зээлээс шахагдана. Бизнесийн орчинд авлига цэцэглэх үндэс суурь тасрах юм.