Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Г.Ганхүү: Хотод цоо шинэ менежмент, удирдлага хэрэгтэй

“Үүргэвчтэй аялал”-аар биднийг дэлхий ертөнцтэй холбож, хөгжилтэй орнуудын олон авууштай санааг бидэнд өгдөг хөтлөгч Г.Ганхүүтэй ярилцлаа. Тэр НИТХ-д ИЗНН-аас нэр дэвшиж байгаа учраас энэ удаа зөвхөн хотын хөгжлийн талаар ярилцсан юм.   
-Танаас очиж үзээгүй нийслэл бий юу гэж асуувал бараг болох байх. Сая Ерөнхийлөгчийн айлчлалын багт орж Ри Де Жанейро ороод ирсэн гэсэн. Энэ таны очиж үзсэн хэд дэх хот вэ?
-Тийм ээ. Сая Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын багт орж гайхамшигт Бразил улсын Рио Де Жанейро хотод очоод ирлээ. Энэ маань миний очсон 105 дахь орон болсон. Очсон улс болгоныхоо нийслэлд нь очиж үзсэн л дээ. Гэхдээ Рио Де Жанейро бол Бразилийн нийслэл биш л дээ. 1960 он хүртэл Рио Де Жанейро нь Бразилийн нийслэл байснаа Бразилиа гэдэг хотоо нийслэлээ болгон өөрчилсөн юм билээ. Гэхдээ очиж үзсэн том хотын тоонд зүй ёсоор багтана.
-Аливаа улсын нийслэлд очих болгондоо Улаанбаатараа бодож, харьцуулж явсан байх. Багцаагаар бодвол Улаанбаатар маань хөгжлөөрөө таны очсон 105 нийслэлийн аль хавиар нь жагсах бол?
-Монгол хүн хаашаа ч явсан Монголоо бодож, харьцуулж бодож явдаг. Дээр хэлсэн 105 нийслэл дотор буурай, өндөр хөгжилтэй янз бүрийн л нийслэл багтана. Үнэхээр дуу алдам гоё хотууд ч бий, Африкийн буурай орны ядуу хотууд ч бий. Улаанбаатар маань хөгжлөөрөө дундуур жагсана шүү. Замын түгжрэл, утаа гэх мэтээр хойш татах зүйл байдаг ч бусад сайшаах зүйл бас бий шүү дээ. Би бол гоё хотод очихоороо үүнийг нь аваад Улаанбаатартаа бий болгочих юмсан гээд ярьж л явдаг юм.
-Улаанбаатартаа авчирмаар олон соёл харагдсан байх л даа. Гэхдээ түүн дотроос хамгийн чухал нь юу байв?
-2003 онд анх би Улаанбаатар хотын нийтийн тээвэр тойрсон бэрхшээлийг шийдэх хамгийн зөв арга бол метро байгуулах юм байна гэж нийтлэл бичиж байсан. Тэр үед “мөрөөдлийн нийтлэл”, төсөөлшгүй гэх мэтээр намайг шүүмжилж л байсан. Гэтэл өнөөдөр бүх намын мөрийн хөтөлбөрт “метро байгуулах” гэдэг өгүүлбэр багтжээ. Үүгээр бахархаж л явна. Анх адлагдан гаргаж байсан санааг маань өнөөдөр л намууд ухаараад, хийх ёстой юм байна гэж бодох болж. Мөн Улаанбаатарын утааг багасгахаар бүх нам санаа зовниж байна л даа.
-Гэхдээ энэ нэг л засрахаас өнгөрсөн мэтээр залуус бидэнд бодогдох болсон.  Харин танд бол юу гэж бодогдож байна вэ?
-1960 оныг хүртэл Лондон бас яг манай Улаанбаатар шиг утаатай  хот байсан. Үүнээс гарсан арга нь ердөө л орон сууцжуулалт. Үүний жишээг бид ч бас хэрэгжүүлэх л хэрэгтэй. Үүнээс гадна улсын бүх нийслэл төв талбайтай. Тэр талбай нь бүгд л амьд, үзвэр, үйлчилгээний газрууд нь төвлөрчихсөн, улс үндэстнийхээ соёлын гайхамшгийг дэлгэсэн байдаг. Гэвч манай Сүхбаатарын талбай нэг л амьд биш юм аа.
-Хааяа нэг жагсаал, цуглаан л болох юм даа..
-Харин тийм. Жижигхэн юм шиг боловч авууштай зүйл маш олон. Амстердам гээд гайхамшигтай хотын тухай яримаар байна. Тэр хотын хоёр сая иргэний нэг сая нь дугуй унадаг. Машины зам гэхээсээ илүүтэйгээр дугуйны замд маш их анхаарлаа хандуулдаг хот юм билээ. Эрүүл мэнд, замын түгжрэл, утаа униар гээд олон асуудлыг давхар шийдсэн алхам гэж бодсон. Мэдээж, манай орон эрс тэс уур амьсгалтай учраас ийм болгоход хэцүү санагдаж болох л доо. Гэхдээ дулааны улирал нь хүйтнийхээсээ урт шүү дээ. Ядаж дулааны улиралдаа хүмүүс нь дугуй унаж болох л юм шиг санагдсан. Гэтэл Улаанбаатарт хүмүүст дугуй унах боломж нь байгаа боловч явах зам байдаггүй шүү дээ. Уг нь дугуйны зам нь автомашиныхаас хамаагүй хямд юм л даа. Амстердамд зун болмогц парламентын гишүүдээсээ эхлээд Ерөнхий сайд нь хүртэл иргэдтэйгээ зэрэгцээд дугуй унаад л явдаг юм билээ.
-Бас л хол сонстоод байх юм. Үнэхээр боломжтой юу?
-Үгүй дээ, хэцүү зүйл биш. Маш амархан. Дугуйны замыг бол хот төлөвлөлтөд заавал оруулж өгөх л ёстой. Үүнээс гадна дугуйны зогсоол, хулгайлахаас хамгаалсан гинжин холбоосуудыг заавал хийх ёстой. 1992 онд дэлгүүрт ороход давснаас өөр зүйл байгаагүй ээ. Тэр үед барууны гоё дэлгүүр шиг болгоно гээд яривал хүмүүс итгэж өгөхгүй байх. Гэтэл өнөөдөр манай дэлгүүрт ороод лангуун дээрх барааны нэр төрлийг тоолж дийлэхээргүй болж. Үйлчилгээ нь ч гоё, хүндээ ойрхон болчихсон. Аливаа хөгжил маш хурдацтай өрнөдөг учраас энэ бол хол зүйл биш. Бид өнөөдөр л эхлүүлж чадвал тав, зургаан жилийн дараа бий болчихно. 1995 онд гар утас тансаг хэрэглээ байсан биз дээ. Тэр үед “Номин талст”-ынхан Ганхүү ах аа, гар утсаа өгөөч. Бид Сүхбаатарын талбайгаар бариад жаахан өөрсдийгөө рекламдаадахъя гэдэг л байсан. Гэтэл өнөөдөр бүх хүн гар утас хэрэглэж байна шүү дээ. Хүн зүтгээд, бий болгоё л гэж бодвол болохгүй зүйл үгүй. Тэгээд ч Монголын мөнгөний урсгал ихэсчихсэн энэ үед боломжтой. Дугуйны зам барихад том хэмжээний хөрөнгө оруулалт шаардахгүй. Зөвхөн менежмент, хот төлөвлөлтийн ганцхан алхам юм л даа.
-Тэгвэл дөрвөн жилийн дараа бид метротой, дугуйн замтай болох нь, тийм үү?
-Хэрвээ МАН ялбал бид үүнийг хийж чадахгүй ээ. Яагаад гэвэл тэд хэт хуучинсаг менежментээр явж ирлээ. МАН бол зөвхөн албан тушаал дагасан бөөгнөрөл шүү дээ. Төр л данхайгаад байдаг. Тэгсэн хэрнээ хийсэн ажил юу ч байхгүй. Тэд авлигалжсан тогтолцооноос ангижирч чадахгүй хүмүүс. Тиймээс одоо хотыг цоо шинэ хүмүүс удирдах ёстой. Хотын даргыг улстөрчид томилдог биш иргэд өөрсдөө сонгодог болох ёстой. Тэгж л чадвал бид дөрвөн жилийн дараа сайхан хоттой болж чадна.   

Б.Мөнхзаяа          

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан