Б.ШИРНЭН
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Өршөөлийн хуульд хориг тавьж, гишүүдийн 1/3-ийн дэмжлэгийг хүсч байна. АН-ын бүлгийн болоод “Шударга ёс” эвслийн эсрэг багаар бодоход 26.6 санал цуглуулж, хориг тавиулахад одоогийн улс төрийн нөхцөл байдал хүндээр нөлөөлж байгаа энэ мөчид Ерөнхийлөгч ИЗНН-ын дэмжлэгийг авах нь тодорхой боллоо.
Тус нам УИХ-д хоёр суудалтай. Дангаараа Засгийн газар бүрдүүлэх боломжгүй УИХ-ын үр дүнгээс шалтгаалан хоёр гэдэг нь нэг сайдын квоттой тэнцэнэ. Гэвч дийлэнх олонх АН Засгийн газарт сул байгаа зургаан сайдын суудлаас ИЗНН-д санал болгоогүй л байна. Үүний цаана Өршөөлийн хуулийг батлахад гол дэмжлэг үзүүлсэн МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл зургаан сайдын дөрвийг эвсэлдээ авах сонирхлын зөрчил бий. Энэ нь бие даагч гишүүд сайдын суудалд очихгүй нь тодорхой болсон учраас ИЗНН Засгийн газарт орох байх гэсэн таамгийг талаар болгож байгаа гэсэнтэй ижил. Өөрөөр хэлбэл, өнөөдрийг хүртэл ИЗНН-д АН-ын зүгээс сайдын суудал санал болгохгүй байгаа нь АН “Шударга ёс” эвслийн эрх ашиг болоод улс төрийн бодлого хүчтэй нөлөөлж байгааг гэрчилнэ. Тиймээс аль нэг талд эрх ашгаа шингээгээгүй байсан ИЗНН шийдвэрээ гаргаж, Ерөнхийлөгчийн талд зогсохоор шийдсэн нь энэ бололтой. Энэ цэгээс харвал, Ерөнхийлөгчийн хоригийг Өршөөлийн хуулийг хүчтэй эсэргүүцэж байгаа гэх МАН-ын 26 суудал+ИЗНН хоёр гишүүн гэж тооцоолж болох юм. Гэвч МАН-ынхан нийгэмд хандаж, харагдаж байгаа шигээ кнопдох уу, гэдэг нь бас л эрх ашгийн зөрчил дагуулна. Тиймээс хориг хүлээн авах эсэх нь улс төр хэр их бохирдсон бэ гэдгийг бага сага гэрчлэх байх. Юутай ч, С.Оюун болоод С.Дэмбэрэл Өршөөлийн хуулийн хоригийг дэмжихээр болов.
Өршөөлийн хууль хэлэлцэх явцад ИЗНН ямар кноп дарсан бэ
ИЗНН-ын удирдлагын зөвлөл гэдэгт тус намын гурван дарга буюу С.Оюун, С.Дэмбэрэл, Ц.Ганхуяг, Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Хүдэр-Ян болон Бодлогын таван хорооны дарга нар багтдаг юм байна. Тэд хуралдаж ИЗНН-ыг төлөөлж байгаа хоёр гишүүн Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зөв гэж үзжээ. Харин Удирдлагын зөвлөл нь Өршөөлийн хуулийг хэлэлцэх явцад мөн хуралдаж, хуулийн төслийн зарим заалтыг зөвшөөрч, заримыг нь зөвшөөрөхгүй байхаар тогтсон юм байна. Гэхдээ хэлэлцэж санал өгөх үед С.Оюун, С.Дэмбэрэл нарын бүрэн эрхэд ямар нэг байдлаар саад болох ёсгүй гэж үзсэн байна. Гэхдээ нэгэнт нам Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зөв гэж үзсэн учраас УИХ дахь төлөөллийг дээрх шийдвэрийг биелүүлнэ гэж үзсэн байна.
Түүнчлэн Өршөөлийн хууль батлагдсанаар төсөл тендерээр мөнгө угаасан нөхөд ялаас мултрах боломжтой болсон нь амьдрал дээр биеллээ олж байгаа тухай жишээ татлаа. Тухайлбал, Баянгол дүүргийн ИЗНН-ын даргын тендертэй холбоотой хоёр ч нэхэмжлэл Өршөөлийн хууль батлагдсанаар нэхэмжлэлийн шаардлага хангахгүй болсон байна. Тиймээс Баянгол дүүргийн зургаан хороонд 661 сая төгрөгөөр камер тавьсан ч 10 метр дотор хүний царай, автомашины дугаар танихгүй, үр дүн гараагүй байгаа гэх нэг гомдол, тус дүүргийн XIV хороонд өнгөрсөн жилийн зургадугаар сард хүлээлгэн өгсөн автомашины зогсоолыг нийслэлийн төсвөөр долдугаар сарын 23-наас эхлэн ухаж, дахин шинээр тавьж эхэлсэн бас нэг гомдлыг хариуцах эзэн олдохгүй байгаа аж.
“АТГ бүрэн эрхийнхээ хүрээнд ажиллах ёстой”
ИЗНН-ын Удирдлагын зөвлөл ийм шийдвэр гаргасанд албан ёсоор дөрвөн учир, шалтгаан нэрлэж болох юм байна. Нэгдүгээрт, Авлигын эсрэг хуулийг санаачлан батлуулсан улс төрийн хүчин тул үзэл баримтлалаасаа ухрахгүй байх. Хоёрдугаарт, албан тушаалын эрх мэдлийг хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн хөлжсөн хувь хүн, бүлэглэлийг Өршөөлийн хуулиар өөгшүүлснээр Үндэсний аюулгүй байдал бөгөөд эрх зүйт төрийн үйл ажиллагаанд хохирол учирна. Мөн дараагийн Өршөөлийн хуульд буруу жишиг тогтох. Гуравдугаарт, хууль батлагчид Авлигын эсрэг НҮБ-ын конвенцед нэгдэхдээ хүлээн зөвшөөрсөн үндсэн зорилгоосоо ухарч, хуулийн хүрээнд хариуцлага хүлээлгэх гэсэн амлалтаа умартаж буйг буруушаан, гэрээ хэлэлцээртээ үнэнч байхыг шаардах. Дөрөвдүгээрт, Авлигын эсрэг хууль зөрчин АТГ-ын үйл ажиллагаанд улс төр, эдийн засгийн бүлэглэлийн нөлөөг тогтоосон үйл ажиллагааг явуулж буйг илт эсэргүүцэх юм байна.
Тиймээс цаашид авлига, хээл хахууль, албан тушаалын хэргүүдийг АТГ болон холбогдох хууль, шүүхийн байгууллагууд өөрийн хараат бус эрх мэдлийн хүрээнд мөрдөн шалгаж, шүүн тогтоож байх ёстой гэж ИЗНН үзжээ. Гэхдээ тэд АТГ-ын гол үүрэг болох Соён гэгээрүүлэх ажилд сайн дүн тавихгүй байна. Тиймээс цаашид авлигатай тэмцэж байгаа байгууллагуудын эрх зүйн орчинг бодлогын хувьд өөрчлөх шаардлагатай гэж үзэж байгаа аж.