Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ду Вон Чанг: “Forever 21” бол Америкт юу ч үгүй ирсэн хүнд итгэл найдвар болдог


Солонгосоос АНУ-д цагаачлан ирсэн Ду Вон Чанг болон түүний эхнэр хямд хувцасны бизнесийнхээ ачаар өнөөдөр 5 тэрбум ам.долларын хөрөнгөтэй хэмээн дэлхийн тэрбумтнуудын жагсаалтанд бичигдэх болжээ. Загварын ертөнцөөс хол хөндий амьдарч байсан солонгос эр 30 жилийн өмнө жижигхэн дэлгүүр нээж, жилээс жилд өргөжүүлснээр өнөөдөр дэлхийн олон орны залуусыг хувцаслаж буй юм. 1954 онд дундаж амьдралтай Солонгос  гэр бүлд төрсөн Ду Вон Чанг  амьдралдаа хүрэлцэхүйц мөнгө олохын тулд Сөүлд анх өөрийн кофе шоф нээсэн байдаг. Хөдөлмөрч эрд эндээс олж байгаа мөнгө нь хангалттай санагдахгүй байлаа. Тэр тухайн үеийн залуусын нэгэн адил Америкт очиж мөнгөтэй болох мөрөөдөл тээсээр 1981 онд эхнэр Жин Сукийн хамт Америк руу цагаачлав.
Амжилтанд хүрсэн Чанг СNN өгсөн ярилцлагадаа “Америкт ирээд кафед  зөөгч, автобаазад засварчин хийж байлаа. Шөнө нь цэвэрлэгчээр ажиллаж, загварын ертөнцөд хөл тавих тухай төсөөлж ч байсангүй” гэжээ. Гэхдээ Дун Вон Чанг түүний засварын газарт хандаж байгаа үнэтэй машины эзэд ихэвчлэн хувцас загварын бизнес эрхлэгчид болохыг анзаарч байлаа. Тиймээс л оёдлын бизнес эрхлэх тухай цагаач хосууд бодож эхэлсэн гэдэг. Гурван жилийн турш цуглуулсан мөнгөөрөө хосууд 1984 онд Лос-Анжелосын жижигхэн дүүрэгт 80 ам.метр талбай бүхий дэлгүүр түрээслэв.  Энэхүү дэлгүүрийн өмнөх зургаан ч түрээслэгч нь ихдээ гурван жил болоод бизнесээ хаасан тухай тэд сонссон ч өөрсөддөө л итгэж байв. Бараг л үйлчлүүлэгчгүй дэлгүүрт хүмүүсийг татахын тулд орж ирсэн хүн бүрт тохирсон чанартай бараа санал болгох ёстой. Чанг “Би тэдний хүсч байгаа зүйлийг санал болгохын төлөө хичээн суралцаж байлаа. Ялангуяа хүссэн үнээр нь худалдах нь хамгийн чухал байсан юм” гэдэг. Тэрээр эхлээд өөрийн брэндийг Fashion 21 нэрээр гаргажээ.

Насанд хүрэгсэд 21 насандаа очихыг, хүүхдүүд бушуухан 21 настай болохыг мөрөөддөг гэдгийг Чанг анзаарсан учраас энэ санаандаа түшиглэн загвар гаргаж, хямд үнэтэй хувцсыг өөрийн брэнд болгон үйлдвэрлэж эхлэв. Эхлээд түүний худалдан авагчид голцуу Солонгосоос ирсэн цагаачид байлаа.
 “Өөрийгөө мөнгөгүй учраас дэлгүүрт орох шаардлагагүй гэж боддог хэсэг бүлэг хүмүүсийг би үнэ, загвар чанараар өөртөө татаж чадна гэж итгэж байлаа. Тиймээс миний гол зорилго бол тохиромжтой үнэ” хэмээн Чанг өөрийн бизнесийн стратегийг тодорхойлжээ. Эхлээд тэр өдөрт 100 ам. долларын орлого л олж байсан учраас жилийн дараа 30 мянган ам.доллар  л гэсэн тооцоо гарсан ч шантарсангүй. Гэсэн ч жилийн орлого маань 700 мянгад хүрэхэд би энэ чигээрээ үргэлжлүүлээд байвал бизнес маань амжилттай өсөх нь гэдэгт итгэж эхэлсэн. Дараа жилийн орлого нь 900 мянган ам.долларт хүрсэн учраас амжилтанд хүрнэ гэдэгтээ бүрэн итгэлтэй болж, брэндийнхээ нэрийг “Forever 21” болгов. 2001 онд хилийн чанад дахь анхны дэлгүүрээ Канадад нээлээ.

Хоёр жилийн дараа Чанг онлайнаар худалдаа хийж, зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан бүтээгдэхүүн гаргаж байснаа 2006 оноос эрэгтэй хувцас үйлдвэрлэх болов. 2009 оноос “Forever 21” өөрийн үнэнч худалдан авагчдад зориулан гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэв. 2010 онд Англид өөрийн нэрийн дэлгүүрийг нээлээ. Өнөөдөр “Forever 21” компанийн дэлгүүрийн дундаж талбай 3,5 мянган ам.метр бөгөөд хамгийн том талбайтай дэлгүүр нь 15 мянган ам.метр хэмжээтэй юм байна. Томоохон дэлгүүрүүд нь зөвхөн өөрийн гэлгүй өөр өөр брэндийн хэсэгтэй. / Компанийн хувьд ердөө 21 барааны тэмдэгт эзэмшдэг/. Гэхдээ хамгийн анхны дэлгүүр нь өнөөдөр ч хуучны нэртэйгээ ажиллаж байгаа гэнэ. “Би энэ дэлгүүртэйгээ мөнхийн холбоотой байдаг юм. Нэгдүгээрт энэ бол миний өөрийн гараараа босгосон анхны бизнес. Хоёрдугаарт энэ л газраас миний амжилт эхэлсэн. Тиймээс үүнийгээ хадгалахыг хүсдэг” хэмээн Чанг CNN-д ярьжээ. Тус компани бүтээгдэхүүнийхээ 60 хувийг Хятадад үйлдвэрлэдэг бөгөөд дэлхийн 40 оронд өөрийн брэндийн дэлгүүрүүдээ ажиллуулж байна. Ирэх гурван жил тус компани дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж байгаа дэлгүүрийнхээ тоог 600-д хүргэхээр төлөвлөжээ.Өнөөдрийн байдлаар 550 дэлгүүр ажиллаж байгаа юм. 2013 оны мэдээгээр тус компанид 30 мянган хүн ажиллаж, ойролцоогоор  3,8 тэрбумын орлого олсон бол  2017 онд Чанг 8 тэрбумын ашигтай ажиллана гэж итгэж байгаа юм байна.

 Одоо тус компани нь зөвхөн гэр бүлийн бизнес дээр оршин тогтнодог гэж хэлж болно.  Учир нь үүсгэн байгуулагчийн  том охин Линда нь маркетингийн менежерээр ажилладаг бол бага охин Эстер нь дотоод үйл ажиллагаа хариуцсан захирал.

“Охид маань эхнэр бид хоёрын туулсан бизнесийн адармаатай ертөнцөөс түвэгшээлгүй шамдан суралцаж байгаад би үнэхээр баяртай байгаа. Миний сонирхлыг хөгжүүлж чадах хүн гэр бүлээс минь өөр хэн байх билээ” хэмээн тэрээр “Los Angeles Times”-т ярьсан аж. “Цаашдаа ч манай компани манай гэр бүлийн хувийн бизнес хэвээр үлдэх байх. Үүнийхээ ачаар бид шийдвэрийг маш хурдан гаргаж чаддаг.  Хэрвээ хэрэгтэй гэж үзвэл бид нэг л өдрийн дотор шийдвэр гаргаж чадна” гэдэг. 30 жилийн хугацаанд Ду Вон Чанг үнэтэй автомашин худалдаж аваад зогсохгүй Беверли Хиллзэд 16,5 саяар үнэлэгдэх эдлэнтэй болжээ.  Мэдээж олон цагаач ийм  эд хөрөнгийн эзэн болж чадсан ч түүний бизнесийн түүх бусдад сайхан үлгэр дууриал болдог юм.

“Forever 21 бол энд юу ч үгүй ирсэн хүнд итгэл найдвар өгдөг юм” хэмээн тэр хэлэх дуртай. Чанг маш үнэнчээр христийн шашин шүтэгч. Өглөө бүр эхнэртэйгээ хамт христийн сүмд очиж мөргөл үйлддэг. Тэр өөрөө амжилтанд хүрсэн учраас одоо бусдад туслах цаг нь болсон гэдэг.  “ Би өөрийнхөө амьдрал, бизнесийн төлөө бурханд залбирдаг. Би бурхантай яг бусадтай ярилцаж байгаа мэт ярьдаг” хэмээн CNN-д өгсөн яриандаа дурссан байдаг.

Гэхдээ түүний бизнес үргэлж дардан замаар яваад байсан гэвэл андуурал болно.Тус компанийг зохиогчийн эрх зөрчсөн хэргээр нэг бус удаа хуулийн байгууллагад дуудаж байсан. 2001 онд хөдөлмөрчдийн эрх ашгийг хамгаалах байгууллагын өмгөөлөгчийн зүгээс тус компанийг 19 ажилтандаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бага цалин өгсөн хэргээр шүүхэд дуудаж, хуулийн дагуу 4 сая ам.долларын өрөнд орж байсан аж.  Мөн энэ жилдээ тус компанид ажиллагсдынхаа ажиллах орчинг яаралтай сайжруулахыг тухайн үйлдвэрлэл явуулж буй бүс нутгийн засаг захиргааны зүгээс шахан шаардаж байсан юм.  2012 оны нэгдүгээр сард ахин таван ажилтан  хөдөлмөрийн хууль зөрчиж ажлын бус цагаар ажиллуулсан гэдэг үндэслэлээр шүүхэд хандсан боловч энэ удаад хэрэг компанийн талд шийдэгджээ. Тэд зохиогчийн эрх зөрчсөн хэргээр 50 гаруй удаа шүүхэд дуудагдсан бөгөөд 2007 онд Диана фон Фюрстенберг  өөрийнх нь даашинзны загварыг хулгай хийсэн гэж “Forever 21” компанитай заргалджээ.  Мөн алдарт Анна Сүй ч тэдэнтэй зарга үүсгэсэн байдаг. Anthropologie сүлжээ дэлгүүрийнхэн тэднийг загварынх нь 10 деталийг хуулбарласан гэж заргалдаж байж.

 Гэсэн ч “Forever 21” хэзээ ч шүүх дээр ялагдаж, буруутан болж байгаагүй юм. АНУ-ын оюуны өмчийн хуулиар хувцасны загварыг бүрэн хамгаалаагүй цагт “Forever 21” гэх мэт компаниуд үргэлжлүүлэн ямар нэгэн деталийг ч болтугай хуулсаар байх болно хэмээн энэ асуудлаар судалгаа хийдэг Сьюзан Скэфиди шүүмжлэн бичсэн байдаг юм.

Хэдийгээр шүүхээр буруутгагдаагүй ч Чанг оюуны өмчийн хэрүүл гарах бүрт өөрийн зүгээс уучлал гуйдаг.

Зөвхөн өөрсдөө ийм асуудалд ороод зогсохгүй “Forever 21” бидний загварыг хуулбарласан хэмээн хэд хэдэн сүлжээ дэлгүүрийг эзэнтэй нь заргад дуудсан аж.

Өнгөрсөн жил гэхэд л Gala Fashion Corp., Pro Off Price, In & Out Fashion зэрэг хэд хэдэн компанийг загвар хуулбарласан хэргээр шүүхэд өгчээ.

“Forever 21” компани бол хувийн өмч гэж өмнө нь өгүүлсэн. Эзэн нь бурханд итгэн залбирдаг учраас заримдаа бүтээгдэхүүнд нь ч энэ байдал нь ажиглагддаг байна. Хэвлэл мэдээллийнхнийг ч үүнийхээ ачаар маш ихээр татаж чаддаг.  2011 онд “Хайр, энхтайван, итгэл, найдвар Исүс” , “Бурхан”, “Итгэ надад, үүрд таны бурхан” гэх зэрэг бичигтэй богино цамцнууд гаргаж, хүмүүсийн анхаарлыг татаж байжээ. Хэвлэлийнхэн болоод шүүмжлэгчид энэ нь хэтэрхий  өөрийнхөө шашин шүтлэгийг тулгах гэсэн орлого ч гэж буруутгаж байв. Заримдаа уутан дээрээ ч Библи дээрх номлолыг бичдэг гэнэ. Гэхдээ энэ бүхнээс илүү олны анхаарлыг татсан зүйл бол охидын богино цамцан дээр бичсэн “ Allergic to Algebra” гэсэн бичиг. “Алгебрийг үзэн ядаж байна” гэдэг бичиг нь олны дургүйцлийг маш ихээр хүргэсэн учраас компанийн зүгээс маш хурдан сайтнаасаа авч, уучлал хүсээд боловсролыг буруутгаж, эсэргүүцсэндээ ийм бүтээгдэхүүн санал болгоогүй юм шүү гэсэн тайлбар хийсэн байдаг.

 Гэсэн ч “Forever 21” бол дэлхийн олон орны залуусын сонголт хэвээр байгаа цагт Чангийн гэр бүлийн хэтэвч зузаарсаар байх нь ойлгомжтой.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан