Сүүлийн жил хагасын хугацаанд тэрээр амьдралын маш хурдан хэмнэлдээ дасан зохицжээ. “Prismatic World Tour” аялан тоглолтынхоо хугацаанд тэрээр 10 гаруй томоохон цэнгэлдэх хүрээлэнд тоглолт хийж, 118,5 сая үзэгч цуглуулсан статистик мэдээлэл байна. Намрын турш Өмнөд Америкт тоглож, дараа нь Бразильд 100 мянган үзэгчтэй Риогийн Рок нэртэй фестивалийг хааж, үнэндээ тэрээр гэрлийн хурдаар энэ бүх ажлын ард гарсаар байлаа. 2014 оны зургадугаар сараас 2015 оны зургадугаар сард хүртэл түүний олсон орлогыг” Forbes” 135 сая ам.доллар гэж тооцжээ. Энэ нь Тейлор Свифт, Рианна, Майла Сайрус нарынхаас ч өндөр. Энэ хугацаанд түүнтэй эн зэрэгцэж орлого олсон хүнээр зууны тулааны эзэд болох боксчин Флойд Мэйуэзер, Мэнни Пакьяо нарыг нэрлэж буй юм.
Кэтти энгийн харагдахаас хэзээ ч ичдэггүй. “Би өөрөө өөрийнхөө босс байж, өөрөө машинаа жолоодож, өөрийн байгуулсан компаниа удирдаж байгаадаа өөрөөрөө бахархдаг. Би бол ажил олгогч бас удирдагч гэгдэж амжилтаараа бахархах дуртай” гэж ярьдаг. Кэти бол хил хязгаарыг үл мэдэгч. Жилийн хугацаанд 124 тоглолт хийхдээ 75 нь Америк тивийг тойрсон аялан тоглолт байв. Түүний хит дуунууд нь богинохон, тодорхой, энгийн үгтэй. Уран бүтээл нь үдэшлэг, хайр сэтгэл, аз жаргал гээд аль ч орны залуусын амьдралд ойр байдаг ерөнхий сэдэвтэй ч хурц тод өнгийн клипүүд нь чимэг болдог. Хамгийн сүүлд “Dark Horse” болон “Roar” клип нь You Tube-ийн түүхэн амжилтыг эвдэж 2 сая үзэгчийн байлдан дагуулсан байдаг.
Түүний шоунд залуус хил хязгаар үл харгалзан шунан дунджаар 20 ам.доллар зарцуулдаг. Харин америкчууд үүнээс 60 хувиар илүүг зарцуулдаг.
“Тэр бол нийтийг байлдан дагуулж чаддаг гайхамшигтай авьяастай. Түүний дууны сэдэв нас хүйс үл харгалзан хүрч чаддаг” хэмээн The Rolling Stones-ий хөгжимчин Чак Ливелл ярьсан байдаг. Дууны хөгжим үг нь хоорондоо маш сайн зохицож, бөмбөрцгийн ямар ч хүний чихэнд наалдаж чаддаг учраас тэр бол дэлхийн дуучин хэмээн мөн тодотгожээ. 15 жил тэрээр тайзнаа амьдрахдаа хуулбартайгаа нийлбэл бараг 785 сая диск дэлхий даяар борлуулжээ. Кэти Перри Spotify –ийн шүүмжлэгчидтэй санал нэгдэхээсээ өмнө цаг хугацаанд л итгэдэг байв. Spotify “Хөгжим өөрчлөгдлөө. Дуучин л мөрөө хавчиж байна. Цомог гэдэг ил талбай руу шилжлээ. Өөрөөр хэлбэл хүмүүс цомгоос биш амьдаар нь үзэж, сонсохыг илүүд үзэх болж” гэж дүгнэсэн нь түүний загатнасан газрыг нь маажсан мэт болсон гэдэг.
Зөвхөн Кэти төдийгүй олон дуучны хувьд цомгийн бизнес нь аялан тоглолт руу шилжжээ. Ibisworld компаниас гаргасан судалгаагаар сүүлийн жилд тоглолтын бизнес дунджаар 4,7 хувиар нэмэгдэж, зөвхөн АНУ-д 25 тэрбум ам.долларт эргэлдэх болсон байна. Гэхдээ дэлхий дээрх зөвхөн улс орноо тойрон аялан тоглолт хийж байгаа дуучдын нийт статистик мэдээг нэгтгэнэ гэвэл замбараагүй их тоо гарах нь мэдээж. Форбесийн жагсаалтын эхний 40 уран бүтээлч л гэхэд сүүлийн нэг жилд дунджаар 10 гаруй улсад аялан тоглолт хийсэн байна. Кэти Перри ч мөнгөтэй хамт л шинэ бизнес, шинэ чанар, үйлчилгээ бий болж байна хэмээн онцолж буй. Олон нийтийн томоохон арга хэмжээг зохион байгуулдгаараа тэргүүлэх болсон “Live Natoin болон AEG”-гийн зүгээс дуучдад аялан тоглолтоо мэргэжлийн төвшинд зохион байгуулахад нь бүхий л талын тусламж үзүүлэн, үзэгчдийн хууран мэхлэгдэх эрсдэлээс сэргийлэх болсон байна. Мөн тоглолт хийх боломж, хил хязгаар улам өргөжсөөр байгаа билээ. 1990 онд Берлиний хана нуран унаснаас хойш Европын зах зээл төдийгүй, Азийн зах зээл ч илүү нээлттэй болсон гэж үздэг.
Өнөөдөр Европ, Азийн үзэгчид фэнүүд дэлхийн хэмжээний оддын тоглолтыг үзэхийн тулд хэдийг ч төлөхөд бэлэн байдаг гэхэд хилсдэхгүй. Өнөөдөр Парагвайд ч “Aerosmith”-ийн тоглолтыг зохион байгуулж болно хэмээн ажиглагчид хэлж байлаа. Мэдээж өмнө нь энэ тухай ярих төлөвлөх байтугай төсөөлөхөд ч бэрх байлаа шүү дээ.
Чөтгөрийн өндөг хагалах нь уу
Кэти Перри хэмээх бизнесийн их ертөнцийн хөдөлгөгч хүч нь британи эр Мартин Киркап бол америк эр Брэдфорд Кобб ба Стив Женсен нар маркетинг гэх их хариуцлагыг нь үүрч явдаг. Кэти тэдэнтэйгээ байнга зөвлөлдөж аливаа асуудлын ард гарна. Дуучин бүсгүй зар сурталчилгаанд тоглох бүтээгдэхүүнээ заавал өөрөө хэрэглэж үздэг. “Өөрийнхөө иддэг, уудаг бас өмсдөг зүйлийг сурталчлахад надад илүү дөхөм байдаг юм.
Би надад зар сурталчилгаанд нь тоглох хүсэлт тавьсан компанид ч ийм л хариу өгдөг. Бизнесийн ертөнцөд би Кэтерин Хадсон” хэмээн Кэти хэлдэг. Хадсон бол Перригийн жинхэнэ овог нь. Калифорнийн Санта Барбарагаас гаралтай энэ бүсгүй урлагийн ертөнцөд хөл тавихдаа ээжийнхээ хүүхэд байхын овог Перриг авсан аж. Учир нь тэр өөрийн овгоор бол Холливудын жүжигчин Кейт Хадсонтай андуурагдахаар. Түүний эцэг эх христийн номлогчид болоод итгэгчид байсан учраас үргэлж л сүмээс сүм дамжин номлол үйлдэнэ. Гэр бүл нь үнэндээ ядуухан амьдралтай байж. Перригийн дурссанаар тэдний гэр бүл хүмүүнлэгийн тусламж, дэмжлэгийн зүйлсээр амьдралаа болгож байсан гэнэ. Эцэг эх нь чөтгөрийн сүнсийг сэрээнэ, чөтгөрийн өндгийг хагалах нь уу гээд охиндоо гэртээ чанга дуу гаргахыг огт зөвшөөрдөггүй байсан аж. Харин өнөөдөр Перригийн хэтэрхий ил задгай имижтэй дууны клипийг эцэг эх нь дургүйхэн ч хүлээн зөвшөөрдөг бөгөөд охиноо бүхий л талаар дэмжиж тусладаг гэнэ. Кэти “Манай гэр бүлийн хүн бүр өөрийн үзэл бодолдоо үнэнч хэвээр байгаа ч бид бие биенээ маш сайн ойлгодог” гэжээ.
Бизнесийн хэл
Тэр есөн настай байхаасаа дуулж, дөрвөн жилийн дараа гитар тоглож сурсан байна. Удалгүй охин өөрөө дуугаа зохиож нэгэн фермерийн үзэсгэлэн худалдааны үеэр жижигхэн тайзнаа дуулж, 20 ам.долларын урамшуулал авав. Охин дуулсаар. Нэгэн удаа түүний эцэг эхийн номлодог сүмд ирсэн христэд итгэгч хөгжмийн бүлгэмийн төлөөлөгч авьяаслаг охиныг анзаарчээ. 2001 онд Кэти Хадсон нэрээр анхны бие даасан цомгоо хэвлүүлэв. Хэдийгээр төдийлөн олон нийтэд нэр алдар нь түгээгүй ч христийн сүмд явагсад түүний цомгийг “ энэ бол христийн рок” хэмээн хүлээн авч байв. Удалгүй христэд итгэгчдийн хөгжмийн бүлгэм нь хаагдаж, Кэти ч шашны дуу хөгжим дэх өөрийн карьертээ цэг тавив. Кэтигийн аав бяцхан охиноо тайзнаа дуулаасай гэж хүсч байлаа. Тиймээс хөгжмийн продюссэр Баллардын Лос Анжелос дахь эдлэнд дагуулан ирж, түүнтэй уулзах хүсэлт тавихаар машиндаа орхин явжээ. Харин охин энэ хойгуур нь Баллардтай өөрөө танилцан гитар тоглож дуулж сонирхуулсан гэнэ. Баллард “Би чамайг аль эртнээс хайж байсан юм байна шүү” хэмээн уулга алдсан аж. “Яг л энэ чинь шүү дээ” гэх ер бусын мэдрэмж намайг сэрээсэн хэмээн сүүлд ярьсан байдаг. Тэрээр охинтой гэрээ байгуулан сард 1000 долларын цалин санал болгож, Лос Анжелост ирж амьдрахыг хүссэн байна. Эцэг эх нь охиныг тэдний танил сүмийн найрал дууны дуучин эмэгтэйтэй хамт амьдрахыг зөвшөөрвөл түүний болзлыг хүлээн авахад бэлэн гэжээ. Тэд удалгүй шинэ дуунууд хийж эхлэв. Продюсер нь Кэтиг дагуулан Парис,Токио, Хонгконгоор яван загварын шоунууд дээр дуулуулж эхлэв. “Хилийн чанадад биднийг гэрээс минь илүүтэйгээр дотно сайхан хүлээж авч байсан юм шүү” хэмээн Баллард ярьдаг. Лос Анжелост ирээд Кэти өдрийн цагаар нэгэн дэлгүүрт худалдагчаар ажиллаж оройд нь зочид буудалд дуулна. Зочид буудалд дуулж буй залуухан сэргэлэн бүсгүйг анзаарсан Кобб өөрийн офист урив. Кобб болон түүний хамтрагчид Кэтигийн менежер болохоор шийдсэн байлаа.
“Тэр бидэнтэй уулзахаар ирэхдээ л алмайруулж чадсан. Миний өрөөний үүдэнд шпагат суугаад хоёр гараа өргөн “Сайн байцгаана уу, би Кэти байна” хэмээн чанга хэлээд инээмсэглэж билээ” хэмээн Киркап дурсдаг.
Мэдээж ахиад бүхнийг шинээр эхлүүлэх нь Кэтигийн хувьд амаргүй байв. Дуучин хоолныхоо мөнгийг арай ядан залгуулж байх хооронд банкны өр нь өссөөр бүүр унаж явсан машинаа хүртэл зээлийн барьцаагаа төлж чадахгүйн улмаас хураалгаж үзэв. Менежер нь дуучны байрны түрээсийг төлж эхлэв.
Байнгын санхүүгийн хүндрэл, шоу бизнесийн ертөнцөд хэрхэн амь зуух ёстой вэ гэдгийг бүсгүй өдөр ирэх тусам улам сайн мэдэрдэг болов. Менежерүүдийнхээ дэмжлэгтэйгээр өөрийн бүтээлийн эрхийг хамгаалах гэрээ байгуулж, тоглолтын нарийн төлөвлөгөө гарган, орлогоо хянах болсон байна. Тэрээр өөрийн цомгийн оюуны өмчийн эрхийн төлөө зургаан оронтой мөнгөнөөс ч татгалзаж байв. Ийнхүү 2009 онд “I Kissed a Girl” синглээ гаргав. Дууг цацсан даруйд олон нийт түүнийг ижил хүйстнийг дэмжсэн, хэтэрхий ил задгай байна хэмээн шүүмжилж, эцэг эх нь ч энэ шүүмжийг байнга сонсоход хүрчээ.
“ Энэ бол ердөө л цаг хугацааны зүйл гэдгийг би мэдэж байлаа. Бусдын ярихыг сонсоод үүнийг дуундаа ашиглаж болох эсэх тухай л бодож байсан. Би ямар ч хаалгыг онгойлгож болох байсан. Гэхдээ бүх зүйл үүгээр хязгаарлагдахгүй гэдэгт итгэлтэй байлаа.” хэмээн Перри энэ тухай дурссан байдаг.
Ингээд үүнийхээ араас арав гаруй дуу, цомгоо гаргав. 2010 онд “Teenage Dream” нэртэй хоёр дахь цомгоо хэвлүүлж, түүний таван ч дуу чартуудыг тэргүүлж эхлэв. Цомог нь зургаан сая хувь борлогдож, алдарт Майкл Жексоны амжилтанд хүрэв. Удалгүй аялан тоглолтоо ч зохион байгуулж эхэллээ. Анхны томоохон аялан тоглолт нь Лос Анжелосын Nokia театраас эхлэв. Ингээд Европ Австралиар үргэлжилж, Лос Анжелост хаалтаа хийв. 2012 онд өөрийн “Part of Me” аялан тоглолтын тухай баримтат киног хийн тоглолтынхоо үеэр том дэлгэцээр олон нийтэд үзүүлэв. Тоглолт нь зургаан саяыг олох төлөвлөгөөтэй байсан ч баримтат киноны ачаар 33 саяыг олсон байна.
Перри зар сурталчилгааны мангасуудын хамгийн хайртай моделийн нэг болон түүнд долоон оронтой тоогоор хэмжигдэх шан амласаар байлаа. Тэр өөрт нь таалагддаг гоо сайхны Proactiv боло Covergirl –ээс эхлээд спортын Adidas хүртэл өөрийнхөө байнга хэрэглэдэг маш олон бүтээгдэхүүнтэй хамтран ажиллаж нүүр царай нь болох гэрээ хийжээ.
Мөн өөрийн нэрийн үнэртэн үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд энэ жилийн сүүлээр худалдаанд гаргах гэнэ. Орлого нь энэ бүхнээр хязгаарлагдсангүй. 2014 онд арваннэгдүгээр сард тэрээр Австралиас ирээд 23 шоунд оролцож, 40 гаруй саяыг халаасалжээ. Мөн дэлхийн хамгийн том зах зээл болсон Хятадад тоглолт хийв.
“Хүмүүс тэднийг зорин ирж байгаа хүнийг маш өндрөөр үнэлдэг. Учир нь тэд энэ нь ямар хэцүү алхам болохыг маш сайн ойлгодог юм” хэмээн Перри ярьдаг. БНХАУ-ын төв телевиз түүний тоглолтыг дамжуулж, Хятадын үндэсний оркестр “Roar” дууг нь тоглов. Энэхүү шоуг шууд дамжуулахад тэрбум гаруй хүн үзсэн гэсэн статистик ч бий.
Олон дуучны хувьд аялан тоглолт гэдэг ядаргаа, хүндрэл дагуулдаг бол Перригийн хувьд эсрэгээрээ. 15 настай дунд сургуулиа төгсөөд л өөрийн мэдлэгийг дээшлүүлж чадаагүй учраас тэрээр аялан тоглолт бүрээрээ шинийг хайж, Ромын Колизейд очиж, Английн музейгээр орж, Флоренцид Ренессансын гайхамшигтай танилцаж, өдөржин өөрийгөө завгүй байлгаж чаддаг. “Би бол зочид буудлын өрөөнд шигдэх дуртай хүн биш” хэмээн дуучин бүсгүй хэлдэг бол түүний менежер Кобб “ тэр үргэлж шинэ мэдлэг олж авахын төлөө гүйдэг. Эргэн тойрныхон нь түүнийг элдвээр хэлэхээс огт эмээдэггүй хүн дээ” гэнэ. Өөрийнхөө мэдлэгийг тэлэхийн тулд ажил хэрэгч уулзалт, улстөрийн лекцэнд ч очиж суудаг. Хэдийгээр гадна өнгөн дээр тогтворгүй, хурц зан араншинтай нэгэн мэт санагдавч тэр бол жинхэнэ ажил хэрэгч бүсгүй. Бас бизнес эрхлэгч бүсгүй. Хамгийн сүүлд тэрээр Moschino брэндийн нүүр царайгаар тодорсон төдийгүй Toyota брэндийн шинэ сурталчилгаанд Тайландад тогложээ.
“Би карьерийг юу юугүй хагарах гэж байгаа хөөсөн бөмбөг шиг хэврэг гэж хардаггүй. Гэхдээ би мөнхөд шоу бизнесийн ертөнцөд амьдарна гэж боддоггүй. Надад өөрийн гэсэн зам бий” хэмээн Кэти Перри хэлжээ. Тэрээр аялан тоглолтоо дуусмагц нэг хэсэгтээ энгийн амьдралаар амьдарч, шинэ шинэ хөгжим зохиохыг хүсч байгаа гэнэ.