Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирээдүйд хаана ямар хот босох вэ

Монгол-Майдар Эко хот

Дэлхийн хамгийн том хөшөөг нэрлэе. Олон мянган жуулчныг соронзон мэт татдаг  Нью-Йоркийн эрх чөлөөний хөшөө 46 метр өндөртэй. Бразиль гэхээр Есүс Христийн гараа алдалсан хөшөө хамгийн түрүүнд нүдэнд буудаг. Тэнгэр баганадсан энэ хөшөө 39 метр өндөртэй. Харин гаднаас ирсэн хэн бүхэнд үзүүлж нүүр тахлах болсон манай Чингисийн морьт хөшөө 40 метр өндөр. Аварга, сүрлэг, бахдам. Харин удахгүй энэ бүгдээс том 54 метр өндөртэй “ИХ МАЙДАР” заларна.

Сайн сайхан бүхний эхлэл хэмээн буддын шашинд өргөмжилдөг ИХ МАЙДАР бурхныг бүтээн босгоод бурханы цогцолборт түшиглэн 300 мянган хүнтэй эко хот буй болно.

Монгол, Герман, Английн архитектор, инженерийн багийн хамтран ажиллаж буй “Майдар эко хот” төсөлд ХБНГУ-ын Барилгын тогтвортой хөгжлийн нийгэмлэгээс Ази тивийн анхны Эко хот хэмээн баталгаажуулан гэрчилгээ, алтан медалийг өнгөрсөн зургадугаар сард олгосон юм.

Майдар хотыг орчин үеийн болон эртний загвар шийдлийг хослуулсан, аялал жуулчлал, аж үйлдвэр хөгжсөн,  байгаль экологид ээлтэй байдлаар дэд бүтцийн асуудлыг шийдсэн,  усан хангамж, зам тээвэр, эрчим хүчийг нь экологийн эрүүл шийдлээр төлөвлөсөн хэмээн мэргэжлийнхэн онцолж буй билээ.
 
Бурхны цогцолбор нь Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт Богд уулын өвөрт Улаанбаатар хотоос 50 км зайд орших Өгөөмөрийн ам буюу Зүрх уулын энгэрт 108 га талбайд  спорт амралтын төв, амьтны хүрээлэн, худалдаа үйлчилгээний төв, сүм хийд, боловсрол танин мэдэхүйн өргөө, таван одтой зочид буудал бүхий байх юм.

Энэхүү цогцолбороо түшиглэн босох “Майдар эко сити” буюу Ирээдүйн хот 300 мянган хүн амтай, нүүрстөрөгчийн ялгарал багатай, байгаль орчинд ээлтэй, нийгмийн сайн сайхны төлөө хот байх аж. 21 дүгээр зууны Монголын хот байгуулалтын нүүр царай, монголчуудын соёл, үнэт зүйл өвийг шингээсэн байгаль орчинд ээлтэй Азидаа жишиг хот болох энэ их бүтээн байгуулалтын эхний хөрөнгө оруулалт хийгээд төлөвлөлт, барилгын ажлууд хийгдэж буй билээ. 2040 он хүртэл үргэлжлэх их хотын төслөөр 2020 он гэхэд бурхны цогцолбор ашиглалтанд орж, эхний оршин суугчдаа хүлээж авах хэмжээнд бүтээн байгуулалтын ажил хийхээр төлөвлөжээ. Эхний хоёр жилд цахилгаан станц, цэвэрлэх байгууламж, хогны үйлдвэр болон газар доогуурх шугам сүлжээг барих бөгөөд үүнд Германаас хөрөнгө орулах санал тавьсан байна. Майдар эко хот нь үндсэндээ гадна дотны хөрөнгө оруулалтаар буй болох их бүтээн байгуулалт юм.

Хятад-Усан дээрх хөвдөг хот

Энэхүү гайхамшигт хотыг Номхон далайн дунд барихаар төлөвлөж буй гэнэ. Төсөл дээр хятадын болон английн архитекторууд ажиллаж байна. Төслийн танилцуулгад одоогийн байдлаар далайн дунд 1000 га хиймэл гадаргуу дээр барьж байгуулахаар төлөвлөж байна гэжээ. Энэхүү төслийн автор нь Англи Хятадын “КБ АТ Design Office” юм. Төслийг “Floating City” хэмээн нэрлэсэн бөгөөд  тэнгэр баганадсан офиссын барилгуудаас гадна хувийн хотхон, ресторан дэлгүүр, засаг захиргааны төв, зочид буудал зэрэг хүний хэрэгцээт бүхий л үйлчилгээ, соёлын төв, хотын дэд бүтэц гэх зэрэг орчин үеийн хот байхаар төлөвлөжээ.

Усан доторх аварга том хиймэл арал дээрхи хотын нийтийн тээвэр, автотээвэр нь усан замынх байх аж. Энэхүү далайн хотод автомашин биш моторт завь, дарвуулт завь зэрэг усны хүлгүүд тээврийн үүрэг гүйцэтгэнэ. Төсөл ёсоор усан дээр болон усан доогуур хоёр томоохон цэцэрлэгт хүрээлэн байгуулах санал дэвшүүлсэн байгаа юм. Цэнгэг агаарт амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх, спортоор хичээллэхийг хүсвэл гадаргуу дээрх цэцэрлэгт хүрээлэнг зорих бол эрүүл уур амьсгал экологийн цэвэр орчинд байхыг хүсвэл усан доорх цэцэрлэгт хүрээлэнд очиж болох юм. Усан цогцолборт аварга том хоолойгоор агаарыг дамжуулан шахах бөгөөд хөвөгч хотод агааржуулалт төвлөрсөн байх юм.

Япон-2050 онд Сансрын цахилгаан шат бүтээнэ

Сансар гаригийг эзэмших гэсэн хүний хязгааргүй мөрөөдөл өнөөдрийг хүртэл байсаар байна. Гэвч сансар огторгүйг үзэхийн тулд та хэдэн тэрбумын үнэтэй сансрын хөлгөөр нисэх ёстой. Харамсалтай нь энэ хөлөгөөр нисэхийн тулд таны бүх эрхтэн эрүүл байх хэрэгтэй. Энэ боломж хүн бүрт олдоно гэж үү. Сансрын хөлөг болон пуужингаас өөр сансар огторгуйд зочлох боломж бий бил үү. Японы эрдэмтэд сансрын станцыг дэлхийтэй холбосон аварга тросс маягтай цахилгаан шат байж болох юм гэсэн төсөл буй болгож дэлхий нийтэд танилцуулж байгаа юм. Дэлхий болон сансрын станцыг холбох цахилгаан шатны эхний автор нь Оросын эрдэмтэн  Константин Циопковский бөгөөд бүүр 1895 онд энэ санааг гаргасан байдаг. Тэрээр дэлхийн гадаргуугаас тойрог зам хүрсэн цамхаг барих санаа дэвшүүлжээ. Гэвч тэр үеэс хойш энэ санаа нь шинжлэх ухааны төрөл бүрийн уран зөгнөл төдий яригдсаар зохиол бүтээлд л тусч байв. Түүнээс биш сансрын тойрог зам руу орох зам буюу цахилгаан шат байж болох юм гэдгийг бодит байдал дээр үгүйсгэсээр иржээ. Харин НАСА санхүүжүүлэн Баруун Виржинигийн их сургуулийн онолын физикийн эрдэмтэн Леонард Голубович, Стивен Кнудсен нарын хийсэн судалгаагаар онолын болоод судалгааны үүднээс авч үзвэл бодит байдал дээр ийм төхөөрөмж хийж болох юм гэсэн дүгнэлт гарсан байна. Эрдэмтэд сансрын цахилгаан шат нь эргүүлэг дүрстэй, зууван хэлбэртэй, уян хатан эргэлтийн систем маягтай хийгдэх ёстой гэсэн ойлголтод нэгдсэн байна.

Гэсэн хэдий ч өнөөдөр сансрын цахилгаан шатыг барих технологийн хангалттай дэвшилд хүрч чадаагүй гэж эрдэмтэд үзсэн бөгөөд одоогоор зөгнөл хэвээр байна гэжээ. Эрдэмтдийн маш олон баг дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж,  энэхүү технологийг ойрын ирээдүйд буй болгож чадна гэж үзэж буй юм. Зарим томоохон компанийн хувьд сансрын лифтийн барилгын ажлыг эхлэхээр төлөвлөсөн аж.

Тэдний нэг нь Японы барилга угсралтын  Obayashi компани. Тус компанийн төлөөлөгч 2050 он гэхэд сансрын цахилгаан шат барихаа дэлхий нийтэд зарласан юм. Урьдчилсан төслөөр сансрын цахилгаан шат нь 96 мянган км урттай үргэлжлэн байрлах юм. Мэдээж энэ урт замыг туулахад хөдөлгөөний хангалттай бага хурд шаардлаа гэхэд сансрын аялалд 7 хоног зарцуулах юм байна. Сансрын аялал хийх пуужинд тохь тухтай аюулгүй нөхцөлийг бүрдүүлснээр жирийн хүмүүс ч аялах боломжийг бий болгоно гэжээ. Эдийн засгийн үүднээс авч үзвэл уламжлалт аргаар пуужин хөөргөж сансар огторгуйг судлахаас хамаагүй бага зардал гарна гэж үзсэн байна.

Гэсэн ч дээр дурдсанчлан бодит байдал дээр сансрын цахилгаан шатыг буй болгоход шаардлагатай технологийн шийдлүүд хангалттай биш байгааг эрдэмтэд хүлээн зөвшөөрч байна. Хамгийн гол нь тэрхүү дэлхийг сансар огторгуйтай холбох урт хоолой нь ямар материалаар бүтсэн байх хийгээд хэрхэн тасралтгүй уртаар нь тогтоох тухай нарийн технологийг олон нийтэд танилцуулаагүй байгаа юм.Харин нанотехнологийн хувьсгал, нүүрстөрөгчийн материал боловсруулах  гэх зэрэг олон нээлт Obayashi компанийн төслийг бодит болгох боломж буйг илтгэж буй хэмээн шинжээчид үзэж байгаа юм.

“Гангаас зуу дахин бат бөх, хүчтэй, харьцангуй бага жинтэй шинэ материалаа бид аль хэдийнэ гаргаж аваад байна” хэмээн Obayashi компанийн судалгааны багийн ахлагч Ежи Ишикава хэлээд “Одоогийн технологиор бид карбон нано хоолойг гурван см хүртэл бүтээгээд байгаа ч үүнээс уртыг гаргаж авч чадахгүй байна. Гэхдээ 2030 он гэхэд энэхүү технологийг бий болгоно. Бидний төсөл бодит болно  гэж итгэж ажиллаж байна” гэжээ.

Япон-Усан доорх хот

Японы инженерүүд таван мянган хүн амтай усан доогуурх хот барихаар төслөө танилцуулжээ.  “Ocean Spiral” нэртэй төсөл 2035 он гэхэд хэрэгжиж дуусах бөгөөд энэ хотын иргэд ашигт малтмал олборлох, судалгааны ажил хийх гэнэ.

Япончууд үүнд 26 тэрбум ам.доллар зарцуулахад бэлэн байгаа аж. Хот 500 метрийн диаметртэй ороомог хэлбэртэй баригдах бөгөөд төв нь 75 давхар орон сууц, амралт, судалгаа шинжилгээний хүрээлэн бүхий барилга байх юм байна. Барилгуудыг эргүүлэг маягтай замаар холбож далайн төвшнөөс 3-4 мянган метрийн гүнд байгуулах юм байна. Усан доогуурх хот нь бүрэн бие даасан засаг захиргаатай байх нь. Усны температур гүнгээс шалтгаалан цахилгааны хэрэглээг тодорхойлох юм.  Мөн агаар ус цэвэршүүлэх өөрийн гэсэн системтэй байна. Төслийн санаачлагчид энэ нь усны төвшин байнга нэмэгдэж, хүмүүсийг яаралтай шилжүүлэх үйл ажиллагаанд маш дөхөмтэй байх болно хэмээн үзэж буй юм.

Азербайжан- Хамгийн өндөр барилга

Сүүлийн жилүүдэд газрын баялгаар асар их  мөнгө олж байгаа дэлхийн улс гүрнүүд өөрийн нутаг дэвсгэрт хамгийн өндөр барилга босгох гэж хичээж байна.  Жишээ нь АНЭУ-ын дэлхийд гайхагдсан Бурж Халиф цогцолбор гэхэд 828 метр бол Суадын Аравийн Kingdom Tower-ийн өндөр км-ээр хэмжигддэг.

Тэгвэл нефтийн эх орны нэг болоод буй Азербайжанчууд тэдэнтэй өрсөлдөхөөр шийджээ.  Тус хотод барихаар төлөвлөөд буй уран барилга нь цилиндр хэлбэртэй бөгөөд 1050 метр өндөр гэнэ. Энэхүү аварга бүтээн байгуулалт Каспийн тэнгист хүний гараар буй болсон Хазар арал дээр босох юм. Дэлхийд байхгүй хэмээн тодорхойлогдож буй энэ барилга 100 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байна. Үүнийг тойрон жижиг 41 хиймэл арал дээр бүтээн байгуулалтын ажил хийгдэх гэнэ. Шинэ хотод ойролцоогоор нэг сая орчим хүн амьдарна.  Бүтээн байгуулалтын ажил 2022 онд дуусах бөгөөд 150 сургууль, 50 тэргүүлэх технологи бүхий эмнэлгийн цогцолбор баригдах гэнэ. Төслийн багийнхны ярьснаар энэхүү өндөр барилга газар хөдлөлийн 9 баллд тэнцвэртэй байх юм байна. Бүтээн байгуулалтын ажил ирэх жилээс эхэлж, 2019 он гэхэд тэнгэр баганадсан гол барилгын ажил дуусахаар төлөвлөжээ.

Америк-Хөвдөг хот

Америкийн “Freedom Ship International Inc” компани дэлхий дээрх хамгийн анхны хөвдөг хотын төслөө танилцууллаа. Freedom Ship нэртэй энэхүү аварга хот уртаашаа 1 км өргөөшөө 300 метр байх аж. 25 давхар тавцан бүхий аварга хотод 50 мянган хүн байнга амьдарч дунджаар 30 мянган жуулчин тогтмол хүлээж авч байх юм. Мэдээж хотын аюулгүй байдлыг хангах ажилчид тогтмол ажиллана. Эмнэлэг, сургууль, цэцэрлэгт хүрээлэн, музей, дэлгүүр гээд хүний хэрэгцээт бүхнийг бүтээн босгох нь. Мөн хамгийн дээд тавцанд нь нисэх буудал байх аж.  Ойролцоогоор үүнд 10 тэрбум ам.доллар зарцуулна хэмээн төсөл санаачлагчид бичжээ.

Саудын Арави-Хамгийн том зочид буудал

Олон мянган мусульманчуудын жил бүр зорин очиж мөргөл үйлддэг ариун Мекке хотод  дэлхийн хамгийн том зочид буудлын цогцолборыг байгуулахаар төслийн ажлаа эхэлжээ.

Саудын Аравийн “Сабк” сонинд бичсэнээр зочид буудлын цогцолборын барилгын ажил 2017 оноос эхэлнэ. Цогцолбор зочид буудлын 12 байшингаас бүрдэх бөгөөд 10 мянган өрөөтэй, 70 ресторантай, мөн хурлын заал, дэлхийн томоохон брэндийн дэлгүүрүүдтэй байна. Түүнээс гадна дэлхийн хамгийн өндөр бөмбөгөн хэлбэрт буудал байх бөгөөд таван одтой буудлаас гадна хааны өрөөтэй байх юм. Зочид буудлын дээвэр дээр онгоц буух талбай ч барихаар төлөвлөж. Жил бүр ариун Рамадан сараар тус хотод сая гаруй мөргөлчид цугладаг билээ.

0 Сэтгэгдэл
manaihn tun bolomjiin sonsogdoj bn!hurdan bariasai
Хүн үйлдвэр барьдаг бол монголд хөшөө барьж тэнэгтэх мөн ч хийтэй ард түмэн бид Тусгаар тогтнолоо алдсан өдрөө сэргээж наадам хийж тэнэгтэх. мУХАР СҮСЭГТ ОРЖ духаа дов болтол мөргөснөө бахархах Юутай гунигтай булай тэнэг улс вэ БИД
Хамгийн их уншсан