Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бетон блокны хэрэгцээнийхээ 60 хувийг дотоодоос хангадаг боллоо

Т.ЭРДМАА

Манай улс хүнс, бараа, барилгын материал гээд бараг бүхий л зүйлээ импортоор авдаг байсан цаг саяхан. Сүүлийн жилүүдэд эдийн засгийн бүтцийн өөрчлөлт хийх, үйлдвэрлэл хөгжүүлэх талаар төрөөс нэлээд анхаарах болсон. Тухайлбал, манай улс жилд 650 мянган шоо метр бетон блок урд хөршөөс худалдан авдаг судалгаа бий. Тэгвл энэ хэрэгцээг бараг бүрэн хангах хоёр үйлдвэр ашиглалтад ороод байгаа билээ. Хамгийн эхэнд Улаанбаатар хотод “Дорнын цас” компанийн бетон блокны үйлдвэр ашиглалтад орсон. Уг  үйлдвэр жилд 250 мянган шоо метр бетон блок үйлдвэрлэх хүчин чадалтай. Тус компани Монголбанк, Засгийн газрын хамтарсан “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн “Дотоодын барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих дэд хөтөлбөр”-т хамрагдаж, 1.5 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авчээ.

Тэгвэл Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт Налайхын ойролцоо “МАК” компанийн “Хийт бетон блок”-ны үйлдвэр ашиглалтад орж өнгөрсөн баасан гарагт нээлтээ хийлээ. Энэ үйлдвэр жилд 270 мянган шоо метр бетон блок зах зээлд нийлүүлэх хүчин чадалтай бөгөөд ХБНГУ-ын “Топверк” группийн “Хесс ААС Системс” технологи ашигладаг. Тус үйлдвэрийн блок нь дулаан хадгалах чадвар өндөр, хэрэглэгч өөрийн хүслээр хөрөөдөн ашиглаж болох, гал, ус чийгт тэсвэртэй, хөнгөн бүтээгдэхүүн.

Бүтээгдэхүүний урт 600, өндөр нь 250 мм. Өргөнийг нь хэрэглэгчийн захиалгаар 100-500 мм-тэй зүсч өгөх боломжтой ажээ. Лабораторын шинжилгээгээр дулаан хадгалах чадвар нь тоосгоноос 3-5 дахин өндөр учир халаалт, хөргөлтийн зардлыг хэмнэнэ.  Өөрөөр хэлбэл, манай оронд зөвхөн дулааны улиралд бүтээн байгуулдаг,  эрс тэс уур амьсгалтай гэдгээрээ бусдаас онцлогтой. Иймд уг бетон блокны хэмжээ том учир барилгын өртөг зардлыг бууруулахаас гадна цаг хугацаа хэмнэнэ хэмээн үзэж буй юм. “МАК” компанийн “Хийт бетон блок”-ны  үйлдвэрийн нээлтийн үеэр Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар” МАК, Дорнын цас компани манай улсын хөнгөн бетон блокны хэрэгцээний 60 гаруй хувийг хангана.  Энэ бол маш том алхам. Барилгын материалын үйлдвэрлэл хөгжсөнөөр хэрэглэгчдэд очих орон сууцны үнэ хямдрах, тогтворжиход чухал нөлөө үзүүлэх юм. Нөгөө талаар энэ хэмжээгээр импортод урсах гадаад валют манай улсад шингэж үлдэнэ гэсэн үг. Мөн барилгын материалын салбарт европын технологи нэвтэрч байгаагийн нэг илрэл болж байна” хэмээн хэллээ. 

Мөн ХБНГУ-ын “Тopwerk” группийн гүйцэтгэх захирал Рини Клоппер “Материалын үйлдвэрлэлээр дулаан алдалтыг бууруулна гэдэг нь барилгын өртгийг багасгаж байна гэсэн үг. Манай групп бүтээгдэхүүнээ олон улсад нийлүүлдэг. Тухайлбал, Энэтхэг болон Зүүн өмнөд Азийн орнуудыг дурдаж болно. Олон улс орон, компаниудаас бүтээгдэхүүнийг маань авах санал ирсээр байна. Улс орнууд өнөөдрийг хүртэл барилгын материалын өөр өөр технологи ашиглаж ирсэн. Гэвч манай технологи болох хийжүүлсэн бетон блокыг сүүлийн үед өргөнөөр ашиглаж буй. Энэ нь дэлхий нийтэд барилгын салбарын технологи өөрчлөгдөж байгааг илэрхийлдэг юм.

Дэлхийн барилгын салбарт олон янзын стандарт байдаг. Орчин үеийн технологитой хийн бетоны үйлдвэрийг Монголд барьж чадсан нь шинэ дэвшил. Бид Европ-Ази хойд болон Өмнөд Америкийн 40 гаруй улсад үйлдвэрийн шугамыг суурилуулж нэвтрүүлсэн туршлагатай. Энэхүү технологи нь хаягдал түүхий эдийг дахин боловсруулдгаараа байгальд ээлтэй” гэлээ.
 

М.Энхсайхан: Манай үйлдвэр бетон блокны хэрэгцээний 20-30 хувийг хангана

/ “МАК” хийт бетон блокны үйлдвэрийн ерөнхий инженер/

-Танай үйлдвэр дотоо­дын хэрэгцээний хэдэн хувийг хангах, ямар хүчин чадалтай баригдсан бэ?
-Манай үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллавал дотоодын хэрэгцээний 20-30 хувийг хангана. Хоногт 900 шоо метр хөнгөн бетон блок үйлдвэрлэх хүчин чадалтай. Одоогоор үйлдвэрийн туршилт тохируулга нь дуусч үйл ажиллагаа жигдэрч байна. Манай үйлдвэрт одоогоор 154 хүн ажиллаж байгаа.

-Бүтээгдэхүүний бат бэх чанар, стандартын хувьд юу амлах вэ. Борлуулалт, захиалга авч эхэлсэн үү?
-Евро стандартаар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байгаа. Өөрөөр хэлбэл, хөнгөн жинтэй, бат бэх, дулаан дамжуулалт бага учир галд тэсвэртэй, захиалагчийн хүссэн хэмжээгээр зүсч өгч болдог. Бүрэн автомат тохируулагатай үйлдвэр тул блокны урт, өргөн, өндрийн  хүлцэх алдаа нь нэг мм. Өөрөөр хэлбэл, хүний хүчин зүйлийн хамаарал бага болохоор алдаа гарахгүй гэсэн үг. Бат бэхийн чанар 3.5 ньютон шоо метр үзүүлэлттэй. Манай улсын стандарт 2.5 байдаг. Нэг блок нь 100 тонн жин даах чадвартай юм.

-Тэгэхээр даац сайтай блок гэж ойлгож болох нь. Энэ блокоо дангаар нь ашиглаж байшин барьж болох уу?
-Гурван давхар хаусыг карказ босголгүй өөрөөр нь барьж болно.  Мөн олон давхар барилгын ханын дүүргэлтэд ашиглах боломжтой. Одоогоор бүтээгдэхүүнээ нийлүүлэх гэрээ хэлцэл хийж байна. Захиалгаар хүргүүлэх, үйлдвэрээс ирж авах гээд борлуулалтын бүхий л сувгийг ашиглаж байгаа.

-Сүүлийн үед хүний биед сөрөг нөлөөгүй барилгын материал ашиглах  тухай хүмүүс их ярих болсон. Тэгэхээр бүтээгдэхүүний орц найрлагын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
-Бидний үйлдвэрлэж буй хийт хөнгөн бетон блокны орцонд элс, гөлтгөнө, шохой, цемент, хөнгөн цагааны нунтаг, ус гэсэн түүхий эд ордог. Эдгээр түүхий эдийн орц найрлагыг нарийвчлан тодорхойлбол элс 60 хувь, цемент 20 хувь, шохой 15 хувь, гөлтгөнө 5 хувь, хөнгөн цагаан 0.15 хувь эзэлдэг юм. Түүхий эдээ бид өөрийн ордоос татан авна. Тухайлбал, элсээ Налайхын Дэнжийн элсний ордоосоо авдаг. Манай компанийн цемент, шохойн үйлдвэр энэ онд ашиглалтад орно.  Мөн Дорноговь аймгийн Дэлгэрхангайд гөлтгөний орд бий.

-Танай үйлдвэрийн хөнгөн бетон блок ямар үнэтэй байна вэ?
-Манай бүтээгдэхүүний нэг шоо метр нь 145 мянган төгрөг. Үүнд НӨАТ орсон байгаа. Манай зах зээл дээр нэг шоо метр хөнгөн бетон блок 135-145 мянган төгрөгийн үнэтэй байдаг. Бид бүтээгдэхүүнээ битүү савлаад, хаяг шошготой борлуулдаг.

0 Сэтгэгдэл
mak kompanii lawlah utas bnu
ene mak kompanii lawlah dugarr gj bnuu
Хамгийн их уншсан