Нийслэлийн зарим хэсэгт хэрэглээний халуун ус тасраад удаж байна. Товлосон хугацаандаа халуун ус өгсөнгүй хэмээн гомдоллох хүн ч цөөнгүй. Дулааны шугам сүлжээний засвар ямар явцтай болон айлуудын халуун усыг яагаад өгөхгүй удааж буй шалтгааныг албаны хүнээс тодруулсан юм. “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн Шуурхай зохицуулалт горим тохируулгын албаны дарга А.Эрбараас дараахь асуултад хариу авлаа.
-Энэ зун дулааны хэр олон шугамд засвар үйлчилгээний ажил хийх вэ?
-Нийтдээ 138 километр дулааны шугам байдаг. Үүнийгээ арван хэсэг болгон шахалт хийгээд, даралтын туршилтад оруулсныхаа дараа зогсоож засдаг. Дулааны шугамын зогсолт нь тухайн шугам дээр хийх ажлын хүрээ, ашиглалтад орсон он, ашиглалтын байдал зэргээс хамаараад 2-14 хоног байхаар төлөвлөгддөг юм. Гэхдээ 300, 600, 1400 метр урт гэхчлэн томоохон хэмжээний шугамын засварыг улсын төсвийн хөрөнгөөр тендер зарлаж, компаниудаар гүйцэтгүүлж байгаа. Өөрөөр хэлбэл, тендерт шалгарсан компанийн ажлын төлөвлөгөөнөөс харахад нэг, хоёр сараар халуун ус хязгаарлах газар бий л дээ.
-Тухайлбал хаана?
-2-Г, 2-Д магистраль буюу Кино үйлдвэрээс Офицеруудын ордон хүртэлх 200-гийн диаметртэй шугамыг 400-гийн диаметртэй болгож өргөтгөх ажил долдугаар сарын 1-нээс эхлэхээр төлөвлөгөөнд тусгагдсан боловч одоогоор тодорхой шийд гараагүй байна. Учир нь, улсын төсвийн хөрөнгөөр хийх болохоор төсвийн тодотгол хийхийг хүлээж байна. Хэрэв хөрөнгө нь шийдэгдээд ажил нь эхэлбэл долдугаар сарын 1-нээс наймдугаар сарын 25 хүртэл үргэлжилж, тэр хавийн айлууд эл хугацаанд хэрэглээний халуун ус авч чадахгүй гэсэн үг.
-Үүнээс гадна урт хугацаагаар хэрэглээний халуун ус хязгаарлах шаардлагатай газар бий юү?
-Яг одоо 200-гийн диаметртэй зургаа, дөрөв 4 дүгээр магистраль шугамыг зогсоож, 400-гийн диаметртэй болгон өргөтгөөд, хооронд нь холбох ажил хийж байна. Тавдугаар сарын 15-нд эхэлсэн энэ ажил долдугаар сарын 15-нд дуусна. Гэхдээ эндээс халуун усаар хангагддаг орон сууц харьцангуй цөөхөн л дөө. “Хурд” хотхоны тав, зургаан байшинд халуун усны хязгаарлалт хийсэн.
-Одоогийн байдлаар хаана халуун усны хязгаарлалт хийгээд байна?
-2-Б,В,Г,Д магистраль, 5-Б,В,Г,Д, магистраль шугамд засвар хийж байна. Санхүү эдийн засгийн дээд сургуулиас Офицеруудын ордон хүртэлх төв замын хойд, урт талын хэсэг, 15 дугаар хороолол тэр чигтээ, Замын цагдаагаас Бөхийн өргөө хүртэлх айлуудыг халуун усаар хангах боломжгүй тул хязгаарлачихаад байна.
-Энэ хэсгийн айлуудын халуун усыг зургадугаар сарын 3-нд өгнө гэсэн боловч одоог хүртэл ирээгүй байна гэх юм?
-Тавдугаар сарын 28-нд халуун усыг нь хаах ёстой байсан ч тодорхой шалтгаанаар гурав хоног хойшилсон. Өмнө нь зогсоосон шугамаа залгаж, амжаагүйгээс тавдугаар сарын 31-нд халуун усыг нь хаасан. Тэгэхээр залгах ажил ч мөн гурав хоногоор хойшилно. Өөрөөр хэлбэл, зургадугаар сарын 4-нд залгах ёстой байсан бол 7-нд залгана гэсэн үг.
-Дээр дурдсан хэсгийн айлын халуун усыг нэг өдөр өгөх үү?
-Үгүй. өөр өөр. Энэ ажлыг зургадугаар сарын 11-нд дуусгахаар төлөвлөсөн. Түүнчлэн засвар дуусч, халуун ус өгөхөд Жуковын музейн төв замын баруун, зүүн талаар байдаг дулаан дамжуулах тав, зургаа, долдугаар төвийн шугам залгагдахгүй. Учир нь, энэ төвийг хангадаг 5-Ж магистраль дээр зургаан зуун метр шугам солих ажил хийнэ. Тэгэхээр энэ хэсэгт долдугаар сарын 1 хүртэл халуун ус өгөхгүй.
-Нэгдүгээр хорооллын айлууд халуун усны бараа хараагүй удаж байгаа гэсэн байх аа?
-Энэ нь наймдугаар магистраль шугамын засвартай холбоотой. Уг шугамын засварын ажил дуусч, зургадугаар сарын 4-нд халуун ус өгөх ёстой байсан. Гэвч засвар нь дууссан боловч шугамд гэмтэл гарсан учраас баруун талын хэсгийнх нь усыг өгч, Саппорогоос Цамбагарав хүртэлх хэрэглэгчдийн халуун усыг буцаагаад хаасан байгаа.
-Шугамын гэмтлийг нь хэзээ засч дуусах вэ?
-Шугам залгах үед буюу өчигдөр /уржигдар/ гэмтэл гарсан. Өнөөдөр ашиглалтын албаныхан очиж, хаана ямар гэмтэл гарсныг тогтоохоор ажиллаж байгаа. Одоогоор гэмтлээ олоогүй учраас хугацаа хэлэх боломжгүй байна.
-Ер нь, энэ зун хийх засварын ажил хэдэн хувьтай явж байна вэ?
-Одоогоор дээрх арван хэсэг ажлын хоёр нь бүрэн дууссан. Тэгэхээр засварын ажил 25 орчим хувьтай байна гэж ойлгож болно. Засварын сүүлийн хугацаа наймдугаар сарын 31. Тэр өдөр бүх шугам залгагдсан байх ёстой.