11 дүгээр хорооллын “Миний дэлгүүр”-ийн өмнөх авто зогсоол, вокзал, хорооллын эцсийн буудал гээд хотын төвийн олигтой, өөдтэй, өнгөтэйхэн зогсоол бүр төлбөртэй болсон гэхэд хилсдэхгүй. Учир нь, дайны хажуугаар дажин гэгчээр авто замын түгжрэл гэдэг овжин нэгнийх нь ашиг орлогын үүдийг нээдэг бололтой. Тэр дундаа нийтийн эзэмшлийн зам талбайг төлбөртэй зогсоол болгогсдод дээрх үг маш их хамаатай. Энэ нь, нэг бол хувь хүний төлбөртэй зогсоол эсвэл албан байгууллагынх байх жишээтэй. Хэзээнээс албан байгууллагад зогсоол өмчлүүлдэг болчихсон юм бэ гэхээр манайх өөрийн хөрөнгөөс засч тохижуулсан юм хэмээнэ. Харин хувь хүмүүсийнх нь хувьд ”Би өөрөө машиныг нь харж өгдөг юм” гэв.
Гэтэл өнөөх нүдний гэм болоод буй зогсоолынх нь төлбөр хоногоор бус цагаар хэмжигдэнэ. Тухайлбал, нэг цаг машинаа тавьбал 500, 1000 төгрөг хэмээнэ. Цагийн иймэрхүү зогсоол нь авто зам дагуу цэцэглэн, замын түгжрэлд нэрмээс болох нь энүүхэнд. Энэ талаар нэгэн танил эгч маань “Уг нь хүрэх газартаа ойрхон ирсэн бол бөглөрч байхаар машинаа тавиад алхчихвал амар байдаг юм. Даанч машинаа тавих гэхээр зогсоол олддоггүй. Байгаа хэдэн зогсоол нь цагаар төлбөр нь үржигдэнэ. Бөглөрөл үүсч байгаан нэг шалтгаан нь олигтой зогсоолгүйгээс л болж байгаа шүү дээ” хэмээн ярьсан юм. Харин төлбөртэй зогсоол байгуулах эрхийг хаанаас, яаж авдаг талаар Нийслэлийн газрын албаны ахлах мэргэжилтэн Т.Соёлхүүгээс тодруулахад ”Одоогоор манайх төлбөртэй зогсоолын газрыг хувьчилж, өмчлөх эрхийг олгоогүй. Энэ бол хууль бус” хэмээв. Тэгвэл хууль бус үйлдэл хийж, түүгээр ч барахгүй дарин дээр давс гэгчээр хотын бөглөрөлд нэрмээс болж буй төлбөртэй зогсоолоор бизнес хийгчдэд хэн хариуцлага тооцох вэ.
Түүнчлэн зарим албан байгууллага ойр орчмоор нь зогсоол олдохгүй байхад байгууллагынхаа урд талын талбайг эзэгнэн зөвхөн байгууллагын машин тавьж болно хэмээн пайз өлгөсөн харагддаг. Уг нь ч бүтээн байгуулалтыг дэмжье л гэж байгаа. Албан байгууллагынхаа урдах зогсоолыг засч тохижуулан хотын өнгө үзэмжинд хувь нэмэр оруулж байгааг нь үнэлэх хэрэгтэй л дээ. Гэхдээ хэдхэн хүний эрх ашгийн төлөө нийтийн эрхийг орхигдуулж болохгүй биз ээ. Үнэндээ НИТХ-ын тогтоолын дагуу байгуулагдсан төлбөртэй зогсоол нийслэлд гурав бий. Энэ нь, Драмын театр, Хангарьд ордон, Спортын төвийн ордны өмнөх зогсоол. Энэхүү тогтоолоос сүүхэйтэй нэг нь санаа авч өөрийн төлбөртэй зогсоол байгуулан цэцэглүүлж орхисон нь энэ. Цаашдаа төлбөртэй зогсоолуудыг цэгцлэхгүй бол ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр энэ бизнес гаарсны дараа цэгцлэх гэж бөөн юм болох вий дээ.
Т.Соёлхүү: Долоон байршилд газар доогуур гараш барина
Нийслэлийн хүн ам өсөн нэмэгдэхийн хэрээр сөөм газар ч үнэд орох болсон. Тиймээс нийслэлээс хуучин гарашуудыг буулгаж, тухайн газарт газар доогуурхи төлбөртэй гараш байгуулахаар болсон. Энэ талаар Нийслэлийн газрын албаны ахлах мэргэжилтэн Т.Соёлхүүгээс тодрууллаа.
-Газар доорхи төлбөртэй гараш байгуулах ажил эхэлсэн гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юү?
-Өнгөрсөн оны есдүгээр сарын 21-ны өдөр нийслэлийн Засаг даргын 683 дугаар захирамжаар орчны нэгдсэн гараш бүхий авто зогсоолын байршлыг тогтоож, газар эзэмших асуудлыг шийдвэрлэхээр болсон. Энэ дагуу нийтдээ 30 гарашийн байрлалыг тогтоож, 19 зогсоол гаргасан юм. Ер нь, Улаанбаатар хотын төв хэсэг буюу орон сууцны хороолол дунд эмх замбараагүй гараш их байгаа. Тиймээс эдгээр гарашийг цэгцлэн, газар доор байршуулан дээр нь хүүхдийн тоглоомын талбай байгуулах юм.
-Одоогоор ажил нь ямар шатандаа явна. Бэлтгэлээ хангасан уу?
-2012 онд сонгон шалгаруулалт явуулж, долоон компани шалгарсан. Нийслэлийн Засаг даргын А -365 дугаар захирамжаар хотын төвийн хэсгийн долоон байршилд газар доогуур гараш барих эрх олгосон байгаа.
-Сонгон шалгаруулалтыг хэрхэн явуулсан вэ?
-Нийслэлийн Засаг даргын захирамжаар газрын албаны даргаар ахлуулсан комисс байгуулагддаг. Комисст 50 гаруй материал ирж, 20 гаруй байрлалд санал ирсэн. Үүнээс дээрх долоон компани шалгарч, газар эзэмших эрхээ авсан хэрэг.
-Газар доогуурхи гарашуудыг хаана барихаар төлөвлөсөн бэ. Хэзээ ажил нь эхлэх бол?
-Баянгол дүүргийн наймдугаар хорооны долдугаар байрны зүүн талд 0.24 га, мөн дүүргийн зургадугаар хороо 14 дүгээр байрны 0.16 га, Баянзүрхийн тавдугаар хороо нэгдүгээр байрны зүүн талд, мөн 16 дугаар хорооны 74 дүгээр байрны хойд талд 0.1 га газарт газар доогуурхи гараш барихаар болсон. Түүнчлэн Сонгинохайрханы 13 дугаар хороо наймдугаар байрны хойд талд баригдах юм. Одоогоор газар шорооны ажил нь эхлээгүй. Эдгээр компани зураг төслөө Нийслэлийн барилга, хот байгуулалт төлөвлөлтийн газраар батлуулна.
-Төсөлд сонгон шалгарсан компаниуд хуучин гарашийн эзэдтэй хэрхэн тохиролцох бол?
-Сонгон шалгаруулалтад ялсан компани гарашаа өөрсдийн хөрөнгөөр барина. Тэгэхдээ тухайн байршилд байсан гарашийн эзэд мөн тэр орчимд амьдарч буй оршин суугчидтай тохиролцож гэрээ хийх ёстой. Ямар гараш барих юм гэдгээ эзэмшигч нартай нь, орчны тохижилт хүүхдийн тоглоомын талаар СӨХ-уудтай гэрээ хийсний дараа эхлэх ёстой л доо.