БНСУ-ын Эмэгтэйчүүд, гэр бүлийн яамны санаачилгаар Вьетнам, Филиппин, Камбож, Балба болон Монгол Улсын гадаад иргэдтэй гэр бүл болсон иргэдийн бүртгэлийн асуудлаар сургалт болжээ. Сөүл хотноо болж буй сургалтад УБЕГ-ын улсын бүртгэгчид оролцон олон соёлт гэр бүлийн талаар баримталж буй бодлого, хууль эрх зүйн талаар мэдээлэлтэй болжээ. Манай улсын хувьд гадаадад бэрээр очиж буй охид эмэгтэйчүүдийн дийлэнх нь солонгос хүнтэй гэр бүл болдог. Тиймээс монгол эмэгтэйчүүдээ эх орноосоо гарахын өмнө БНСУ-ын хууль зүй болон соёлын тухай тодорхой ойлголт өгөхөд анхаарч эхэлж буй бололтой. Харин БНСУ-ын Эмэгтэйчүүд, гэр бүлийн яамнаас солонгос иргэдтэй гэр бүл болж байгаа эмэгтэйчүүдэд өөрийн орны ёс заншил, амьдралын хэв маягийн талаар мэдээлэл, ойлголт өгөх, хэлний сургалтад хамруулах зэргээр дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.