Манай улсын 80 гол мөрөн, 13 нуурын усанд хийсэн шинжилгээгээр 88 хувь нь цэвэр, найман хувь нь бага зэрэг бохирдолтой, нэг хувь нь бохирдолтой, гурван хувь нь маш их бохирдсон гэсэн дүн гарчээ. Цаг уур, орчны хяналт шинжилгээний газрын улсын хэмжээн дэх сүлжээ цэгүүдээр хийсэн мониторингийн шинжилгээгээр ийм дүн гарсан байна. Хэдийгээр бохир буюу маш бохир гэсэн ангилалд гол мөрний гурван хувь нь л хамрагдаж байгаа ч ерөнхийдөө усны чанар ихээхэн доройтож байгаа юм. Ялангуяа, Улаанбаатараас доош хэсэгт Туул голын усны хүчилтөрөгчийн горим алдагдаж, биологийн хэрэгцээт хүчилтөрөгчийн бохирдол жилээс жилд нэмэгджээ. Энэ нь 2011 онд дээд цэгтээ хүрч, усны чанарын стандартаас 134 дахин давж, онцгой ихээр бохирдсоныг судалгаа харуулж байна.